Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00878

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00617 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК, Б.М- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 140 794 652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдуулан ажлын үр дүнгийн доголдолд 50 000 000 төгрөг гаргуулах тухай “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагч “Д” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь “Д” ХХК-тай 2016 он 06 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Э” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн суманд Худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн А блок 972 м.кв, Б блок 216 м.кв нийт 1,180 м.кв талбайд барилгын дотор болон гадна заслын ажил гүйцэтгэх, захиалагч “Д” ХХК нь ажлын хөлс 362 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

“Э” ХХК гэрээнд заасны дагуу ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд нэмэлт зардал гаргаж барилгын заслын ажлыг хийсэн.

Орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн барилгын зургаар цонхнууд нь хойшоо харсан, салхины аманд тохиромжгүй байна гэж үзээд өрлөг өрж багасгах, мөн фасадны төмөр хаалтыг хийх нь барилга өнгө үзэмжтэй болох, салхины хүчийг сааруулах зорилгоор гүйцэтгэх нөхцөл байдал гарсан. Мөн ашигтай талбайг тооцоогүй, цэвэр, бохир сантехникийн шугам шаардлагагүй хэсэгт зардал өндөр тооцоолууртай шийдсэн байсныг өөрчлөх, ариун цэврийн өрөөг бүрэн ашиглах зорилгоор угаалгын өрөөтэй нь хамт зохион байгуулах, 1 давхар VIР караоке нэмж гаргах зэрэг олон дутагдалтай асуудлуудыг өөрчлөн гүйцэтгэх шаардлагатай болсон. Гадна шугамын дулаалгатай, уг бетон лоткины тагийг бид өөрсдөө цутгаж хийсэн. Блок зургаараа бол автомашин засварын газар байсан ба уг ажил хийгдээд 60 хувьтай явж байхад захиалагч гараашийн зориулалттай байсан Б блокийг саун, душны зориулалттай болгож өөрчлөх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг үндэслэн нэмэлт зардал гаргаж саун душийг хийж гүйцэтгэсэн. Гадна гэрэлтүүлгийн ажлыг мөн гүйцэтгэж, гадна худгийн байгууламж барьж өгсөн. Генераторын байгууламж түүнтэй холбосон авто зам, автомашины явган гүйдэг хаалгануудыг хийж гүйцэтгэсэн. Барилгын гадна хашааны суурь цутгаж, гүйцэтгэх ажил дээр нэмэлтээр гагнуурын ажил хийлгэсэн. Уг хашааг бэлэн бэлдэц худалдан авч өөр компаниар суурилуулах байсан юм. Түүнчлэн төв зам руу холбосон замыг усны шуудууны хамт тавьж өгсөн ба нэмэлт ажлуудыг тухайн үед нь “Д” ХХК-ийн захирал Б.М-т мэдэгдэж явсан.

Тэрээр нэмэлт ажил гарах бүрт гүйцэтгээд өгчих, дараа нь нэмэлт ажлын хөлсөө төлнө гэдэг байсан. Манай компани үнэхээр сэтгэл гарган уг ажлыг нэмэлт зардал гарах бүрийд нь зохицуулж, өөрсдийн хөрөнгөөр чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 33 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Б.Мөнхцэцэгийн гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон байдаг. Зарим бэлэн мөнгөний баримтууд давхацсан гэж үзэж байгаа. Өмнө өгсөн мөнгөн дээр давхар бэлэн мөнгөний зарлагын баримт шаардлагатай гээд гарын үсэг зуруулж байсан гэдэг. Тухайн үед хийж гүйцэтгэсэн ажил доголдол байгаа бол засаж, янзлах, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрөө авах, тооцоо нийлж акт үйлдэх талаар хүсэлтүүдийг гаргасан боловч хариуцагчийн зүгээс ямар ч хариу өгөөгүй. Хариуцагч Б.М-ийн данснаас зарим төлбөрийг шилжүүлж байсан үүнийг үндэслээд гэрээний үүргийг Б.М-ээс гаргуулахаар шаардаж байгаа.

Дээрх ажлын гүйцэтгэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлын комисс хүлээн авсан. “Д” ХХК нь гэрээний үндсэн төлбөр болох 362 000 000 төгрөгөөс автомашин /23 000 000 төгрөг/, оролцуулан нийт 261 573 100 төгрөгийг төлж, үлдэх 100 426 900 төгрөгийг төлөөгүй. Мөн нэмэлт ажлын зардал 40 367 752 төгрөг болсон ба мөн төлөөгүй тул нийт 140 794 652 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь ямар нэгэн доголдолгүй учраас улсын комисс хүлээн авсан нь хэрэгт байгаа гэрэл зураг болон улсын комиссын хүлээн авсан актаар тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь “Э” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээгээр Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн А блок 972 м.кв болон Б блок 216 м.кв, нийт 1,180 м.кв талбай бүхий барилгын дотор болон гадна засал талбайн бүрэн тохижуулалтын ажил /дээвэр, салхивч, сантехник угсралт, цахилгаан холболт, өрлөг, шавар, засал чимэглэл, хана таазны угсралт, плита чулууны гүйцэтгэл гадна фасадны гүйцэтгэл, мөн гадна талбайн цутгалт, явган зам хашлага, ногоон байгууламж, хашаа хайсын гүйцэтгэл, хог тээвэрлэлт/-ыг хийхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй ба гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар удаа дараа хэлсэн боловч огт засаж сайжруулаагүй, ажлын үр дүнгийн доголдлыг дахин шинээр гүйцэтгэхээс өөр боломжгүй болсон.

Ажил гүйцэтгэгч болох “Э” ХХК нь гэрээнд заасан ажлыг биет байдлын доголдолтой гүйцэтгэсэн байх тул ажлын үр дүнгийн доголдолд 50 000 000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулах сөрөг шаардлагыг гаргаж байна.

Тухайлбал, салхивч, агаар солилцоо байхгүйн улмаас өрөөнүүдийн халуун дулаан агаар огт солигдохгүй, цахилгааны холболтыг зохих журмын дагуу хийгээгүй ба үүнии улмаас цахилгаан хэрэгслүүд байнга шатах /цахилгаан шүүгээ, плитка, ус буцалгагч, хөргөгч, сауна, богино долгионы печь, розеткууд/, гадны тохижилтод хийсэн ажлын шавардлага нурж унах зэргээр гүйцэтгэсэн ажлын чанарт их хэмжээний доголдол гарсан. Мөн гадна, дотно фасадны шавар, будаг зэрэг хуурч унасан, сантехникийн холболтууд болон бохирын хоолой зэргийг стандартын бус налуутай хийснээр байнга бохир халих, цахилгааны утас шугамыг ил орхисон зэрэг доголдлууд гарсан тул бусад байгууллагуудаар эдгээр доголдлыг засч засварлуулсан болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан гол хаалга, цонхнууд, үүдний өрөө зэрэг ажлыг гүйцэтгэгч хийж гүйцэтгээгүй тул захиалагчийн зүгээс дээрх ажлуудыг бусад компаниудаар хийж гүйцэтгүүлсэн юм. Иймд дээрх ажлын төлбөрийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт гүйцэтгэх ажлын хүрээг тодорхойлсон ба нэхэмжлэлд дурдаад буй нэмэлтээр гүйцэтгэсэн гэх ажлууд нь тус гэрээний 2.1-т заасан ажилд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн зүгээс нэмэлтээр ямар нэгэн ажил гүйцэтгээгүй ба захиалагчийн зүгээс нэмэлт ажлыг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч гүйцэтгүүлсэн тохиолдол байхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээ хийхээс өмнө заслын ажлыг 1 кв.м-г 6,000-15,000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ хэмээн ярьж гэрээ хийхээр тохиролцож байсан боловч 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд заасан 1 м.кв ажлын хэмжээг 306,780 төгрөгөөр тооцон гэрээнд оруулсан, гэрээний үнэ нь зах зээлийн үнээс хавьгүй өндөр байсныг хожим нь мэдсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс авсан мөнгөө аваагүй мэтээр тайлбарлаж, хариуцагчаас 100 гаруй сая төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

“Д” ХХК-ийн зүгээс “Э" ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй атал гэрээний төлбөрт 100 426 900 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 2.1-д тохирсон ажлыг нэмэлт ажлын зардал гарсан гэдэг байдлаар төсөвчний гарсан төсвийн тооцооллоор 40 367 752 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Б блок гараашийн зориулалтаар барьж байсан боловч гүйцэтгэгч талтай ярилцаад саун, душний зориулалтаар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Гэнэт өөрчлөгдөөд нэмэлт ажил гарсан асуудал байхгүй.

Иймд “Э” ХХК-аас манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ажлын доголдолд 50 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч шинжээчийн дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэлийг шаардлагаа багасгасан ба “Э” ХХК-аас 25 113 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анхны шаардлагаас үлдэх хэсгийг татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.М- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр “Д” ХХК-ийн Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн барилгын дотор болон гадна засал, талбайн тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээтэй холбогдуулан Б.М-ийг хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Б.М- миний бие нэхэмжлэгч “Э” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй.

Иймд “Э” ХХК-аас Б.М-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 43 672 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 97 122 052 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.М-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас 17 616 400 төгрөг гаргуулж хариуцагч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25 113 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861 923 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг тус тус орлогод үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246 032 төгрөг гаргуулж хариуцагч “Д” ХХК-д, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 376 313 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ маргааны бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж үзэлгүй шийдвэрлэсэн.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээний 2.1-д гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн тоочиж бичсэн байдаг. Гэвч гүйцэтгэгчийн зүгээс талуудын хооронд гэрээгээр тохиролцсон ажлаас илүү хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.М-тэй сайн харилцаатай байсан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулалгүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Талууд хэдийгээр нэмэлт ажлын хөлсийг тохиролцож гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. Иймд гүйцэтгэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг гаргаж мэргэжлийн төсөвчинөөр төсөв гаргуулсан ба уг төсөвт үндэслэж нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх үндэслэлгүйгээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс маргаан бүхий нэмэлт ажлыг нэхэмжлэгч компаниар гүйцэтгүүлэх үедээ төлбөрийг нь дараа тооцоод төлөх учир ажлыг хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг нэмэлт ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч шүүхээс хууль буруу хэрэглэн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй нэмэлт ажлын зардал 40 367 752 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан бэлэн мөнгөний баримт дунд давхардсан гүйлгээ бүхий баримт, он сарыг буруу бичсэн, мөнгөн дүнгээ буруу бичсэн гэх зэргээр дахин бичүүлсэн баримтууд хэд хэд байсан бөгөөд шүүх уг баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж дүгнэж чадалгүй нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын нэмэлт ажлын зардал 40 367 752 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Д” ХХК, Б.М- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 140 794 652 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Д” ХХК гэрээний үүрэгт 25 113 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.М- нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

“Э” ХХК болон “Д” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “Э” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн суманд худалдаа, үйлчилгээний цогцолбор төвийн А блок 972 м.кв, Б блок 216 м.кв нийт 1 180 м.кв барилгын дотор болон гадна засал, талбайн бүрэн тохижуулалт гүйцэтгэлийн ажилд: дээвэр, салхивч, сантехник угсралт, цахилгаан холболт, өрлөг, шавар, засал чимэглэл, хана таазны угсралт, плита чулууны гүйцэтгэл, гадна фасад, гадна талбайн цутгалт, явган зам хашлага, ногоон байгууламж, хашаа хайсын гүйцэтгэл, хог тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх, захиалагч буюу “Д” ХХК ажлын хөлсөнд 362 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх5-6/ Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Э” ХХК нь ажлын хөлсөнд 261 573 100 төгрөг хүлээн авсан гэж, “Д” ХХК нь гэрээний үүрэгт 323 365 800 төгрөгийг төлсөн гэж тус тус тайлбар гаргаж маргажээ.

 

Хариуцагч гэрээний хөлсөнд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансаар 108 000 000 төгрөг, “Хаан банк” ХХК-ийн дансаар 56 900 000 төгрөг, биет эд хөрөнгөөр 35 000 000 төгрөг нийт 199 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүх талуудын гаргасан нотлох баримт, тайлбарыг үндэслэн хариуцагч нь ажлын хөлсөнд 318 327 400 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэмэлт ажлын хөлс 40 367 752 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ хариуцагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргажээ. Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт ажлын талаар тохиролцоогүй гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан тохиолдолд нэхэмжлэгч уг тохиролцоо байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн сумын “Худалдаа үйлчилгээний төв”-ийн барилгын нэмэлт ажлын ажиллах хүчний зардлын тооцоо гэх баримтыг гаргаж өгсөн. Уг зардлын тооцоог мэргэшсэн төсөвчин 2018 онд гаргасан тул 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт төсөв гэж дүгнэхэд учир дутагдалтай. Түүнчлэн уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарсан байна. Иймд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэхэд ажил гүйцэтгэгч төсөв зохиож болох боловч мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт  зааснаар ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Уг үүргээ хэрэгжүүлсэн талаар баримтгүй, хожим зохиосон төсвийг гэрээний дагуу талууд харилцан тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй юм.

Талууд ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулаагүй, захиалагчийн саналын дагуу нэмэлт ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 тоот шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь гэрээгээр тохирсон ажлаас зарим ажлын гүйцэтгэлийг засварлах шаардлагатай гэж дүгнэж уг доголдлыг засварлах зардлын хэмжээг тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэн ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлын үр дүнд гарсан доголдлыг нийт 17 616 400 төгрөгөөр тогтоож Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргуулж хариуцагч “Д” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч “Д” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох хөлсийг Б.М- өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлснийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359 790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА