| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0836/Э |
| Дугаар | 886 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч К.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,
хохирогч Б.Ариунтөгс, Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
....
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0082 30716 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
К.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгээс “Солонгос улс руу байнгын зорчдог виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт,
Мөн энэ аргаар 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Гүнгэрэгээс 2.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт,
Мөн энэ аргаар 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Ариунтөгсөөс 1.123.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хохирогч нарт хохирлыг нь төлж барагдуулна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунтөгс мэдүүлэхдээ: Энэ хүн манай эхнэрийн найзын лангуунд ажилд орохоор ирэхдээ Солонгосоос ирсэн, эргээд хүмүүс авч явна гэж хэлж байсан учир итгэж мөнгө өгсөн. Тухайн үед эхнэрээсээ салж байгаа, хэрэг шийдэгдэхээр Солонгос улс руу буцаж явна, буцаж явахдаа хүмүүсийг авч явна, тэдгээр хүмүүстэй багтааж авч явна гэж хэлсэн учир мөнгө өгсөн. Эхлээд 1.050.000 төгрөг өгсөн. Тэгээд хоолонд оруулсан болон бусад бензиний мөнгөтэй нийлээд 1.123.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эхэндээ мөнгө нэхэхэд өгнө гэж хэлдэг байсан боловч сүүлд цагдаагаар яв гэж хэлсэн. Энэ хүнээс миний мөнгөөр юу хийсэн бэ гэж асуухад найзуудтайгаа мөрийтэй тоглосон, тийм зүйлд орсон хүн хэцүү байдаг, би ёндоорох юм бол өнөөдөр ч чиний мөнгийг олж өгч чадна гэж хэлж байсан бичлэг нь байгаа. Бид нарыг нисэх рүү авч явж бичиг баримтыг авч итгүүлсэн учир итгээд мөнгө өгсөн. Анх ажилд орохдоо л залилах гэж орж ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунчимэг мэдүүлэхдээ: Энэ хүн Солонгос улсад 8 жил ажиллаад ирсэн. Манай эхнэр миний хамаг мөнгө, мөн байрыг маань авсан гэж хэлж байсан. Би хүүхдээ өөр дээрээ аваад, манай ээж дээр маань хүүхэд байх юм. Би эхнэрээсээ сална, манай эгч Солонгос нөхөртэй Солонгос компанитай гэж хэлсэн. Тухайн үед манай хүүхэд Япон улс руу явах гэж 3 сарын хугацаатай сургалтанд сууж байсан. Энэ хүнд итгэж сурч байсан сургалтаа хаяж Солонгос улс руу явахаар болж хүүхдийнхээ визийг гаргуулна гэж 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Намсрайн Отгонжаргал гэж хүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Н.Отгонжаргалыг хамтран амьдрагч гэж хэлсэн боловч гэр бүлийн хүн нь байсан. Н.Отгонжаргал миний данс руу мөнгө орсныг мэдээгүй гэж хэлсэн. Энэ хүн манай ах нас барсан, байнгын ногоон виз гэж байдаг юм. Та 3.000.000 төгрөг өгөөд тэр визийг авчих, би тэр виз гаргах хүнд нь 3.000.000 төгрөг өгөөд хэлээд байнгын сар бүр явж болдог виз гаргаж өгье гэж хэлээд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг авсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Намсрайн Отгонжаргал гэж хүний данс руу 1.500.000 төгрөг дахин шилжүүлсэн. Ингээд нийт 5.000.000 төгрөгөөр хохирсон байна. Визээ гаргаад өгөх юм бол хурдан өг гэхэд А4 хэмжээтэй цаасан дээр Солонгос хэлээр бичсэн зүйл өгсөн. Та надад гадаад паспортаа өгчих, би 100 айл дээр очоод өөрөө асуудлыг шийднэ. Гурван хүний оршуулга болоод аймаар их завгүй явж байна, та хурдан мөнгөө өгөөдөх гэж хэлээд надаас мөнгө авсан. 2.000.000 төгрөг нь Д.Гүнгэрэг буюу манай хүүгийн мөнгө юм. Мөнгөө авъя гэхэд дандаа худал хэлдэг. Энэ хүн 4.500.000 төгрөг авч өгнө гэж хэлж байгаад итгэхгүй байна. Шүүх хурал дээр ингэж хэлж байгааг ойлгохгүй байна. Эхнэр нь хар машин унасан хүн явж байдаг. Надад хамаагүй, та нар өөртэй нь уулз гэж хэлдэг. Сүүлд мөнгөө нэхэхэд “би ямаа самнаж байна, ямаа самнасан мөнгөө аваачиж өгнө” гэж худал хэлсэн. Би группэд байдаг, хараа муутай өдөр бүр нүдэндээ эм дусааж, байнга эмнэлэгт үзүүлдэг. Миний машиныг унаж, хүүхдийг дагуулж олон газраар явсан. Би сэтгэл санаагаар хохирсон тул гомдолтой байна. Нэхэмжлэх юм бол дахин мөнгө нэхэмжилмээр зүйлүүд байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Оюунчимэгийн: ...Миний төрсөн дүү Эрдэнэзаяагийн нөхөр болох Нарандэлгэрийн лангуун дээр ажилладаг К.Эын талаар надад анх хэлсэн юм. Солонгос улс руу байнга зорчдог виз байдаг, энэ визийг эзэмшдэг хүргэн ах маань нас барсан учраас өөр хүн рүү шилжүүлэхгүй бол устах гээд байна гэхээр нь яаралтай 3.000.000 төгрөгийг хоёр хувааж талыг нь 5058007843 гэсэн дансанд хийж, талыг нь бэлнээр өгсөн. Тэгээд одоог хүртэл виз гараагүй, мөнгөө авъя гэхээр байхгүй гээд байгаа. Ийм учраас цагдаад хандах болсон. Одоогоор 3.000.000 төгрөгийг тэр хүнд өгсөн байгаа, сэтгэл санаагаар хохироод явж байна. Гомдолтой байна. Мөнгөө эргүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Гүнгэрэгийн: ...Миний ээжийн төрсөн дүү Эрдэнэзаяа болон эхнэр болох Нарандэлгэрийн лангуун дээр ажилладаг К.Э манай ах, эгч хоёрт Солонгос улс руу 25-34 насны хүмүүсийг найдвартай гаргана гэж хэлсэн байсан. Тэгээд миний нас хүрэхгүй гэсэн чинь зүгээр ээ, би яриад зохицуулчихна гэхээр нь виз гаргуулахаар 2.000.000 төгрөг 5058007843 тоот дансанд хийсэн, ярилцлаганд орохгүйгээр тэнцүүлээд өгнө, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ниснэ, битгий санаа зов гэж ярьсанд нь итгэсэн. Би 01 дүгээр сарын 16-ны өдөр өөртэй нь уулзаад мөнгөө авъя гэж хэлэхэд надад мөнгө байхгүй, 4 сараас өгөх боломжтой гэсэн. Ингээд залилуулснаа мэдээд цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ариунтөгсийн: ...Сайн танихгүй, манай эхнэр “Нарантуул” олон улсын худалдааны төвд лангуу түрээсэлдэг юм. Тэгээд хамт ажилладаг А.Нарандэлгэр гэх эмэгтэйн лангууны туслах ажилтан К.Э гэдэг хүн Солонгос улс руу виз гаргаж өгдөг юм байна гэж ярьсан. Визний материал бүрдүүлж өгөхдөө анх танилцсан. Ингэхдээ 8 жил Солонгос улсад ажилласан миний төрсөн эгч Отгонжаргал Солонгос хүнтэй гэрлэсэн. Нөхөр нь дотоод засал чимэглэлийн компанитай, гаднаас ажилчид авдаг, цалин нь олон улсын жишгээр буюу доллараар /135 доллар/ цалинждаг гэж хэлсэн. Мөн 1.123.000 төгрөгийг виз болон орчуулгын мөнгө бусад зардлыг очихоор нь цалингаас тодорхой хувийг авна гэсэн таатай санал тавьсан учраас итгээд зөвшөөрсөн юм. Одоогоор 1.123.000 төгрөгийг бэлнээр тэр хүнд өгсөн байгаа. Бэлэн бусаар машины бензин шатахуун, сэтгэл санаагаар хохироод явж байна. Гомдолтой байна, мөнгөө эргүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Цэлмэнтуяагийн:...Би “Нарантуул” олон улсын худалдааны төвд лангуун дээр зогсдог байсан юм. Тэр үедээ Нарандэлгэр гэх эмэгтэй надад Эрдэнэбаатарыг Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө гэж байна гэж надад хэлээд нөхөр бид хоёр виз гаргуулахаар мөнгө өгсөн юм. Тэрнээс өөрөөр нөхөр бид хоёр Эрдэнэбаатарыг танихгүй. Би Эрдэнэбаатарт хулхидуулж Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасны дагуу миний 4.483.000 төгрөгөөс гомдлыг барагдуулж, одоо 483.000 төгрөг үлдсэн байгаа юм. Манай нөхөр тус хэлтэст өргөдөл өгөхдөө 1.123.000 төгрөг гэсэн байгаа. Үүнээс 73.000 төгрөгийг нь миний хохирлын мөнгөн дээр барагдуулсан байгаа ба одоо 1.050.000 төгрөг Эрдэнэбаатараас авна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Нарандэлгэрийн: ...К.Э нь визний материал бүрдүүлэхэд хэрэгтэй гээд нөхөр бид хоёроос 90.000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “ХААН” банкны салбараас 5058007843 дугаартай данс руу шилжүүлж байсан юм. Мөн дахиад мөнгө дутлаа гээд 40.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14-р хороо “Нарантуул” олон улсын худалдааны төв дотор бэлнээр авсан байсан юм. Тэгээд Эрдэнэбаатар ар гэрт гачигдал гарлаа гээд 5011390387 дугаартай данс руу 50.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг 11-р хороо ТЭЦ-ийн 4-3 тоотод гэрээсээ цахим банкаар шилжүүлж хийлгүүлж авч байсан юм. Гэхдээ би одоо Эрдэнэбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй, ийм учраас миний хүсэлтийг харгалзаж өгнө үү. Би цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 124 дугаартай дүгнэлтэнд:
1. К.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
2. К.Э нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. К.Э нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. К.Э нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна.
4. К.Э нь хэрэг хариуцах чадвартай байна.
Комиссын дарга Н.Оюунчимэг, гишүүг Н.Одончимэг, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар тал/,
- Хохирлын тооцоо /ххийн 77 дугаар тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 88-89 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар К.Эын: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Нарантуул” Олон улсын худалдааны төвд иргэн Нарандэлгэрийн лангуун дээр худалдагч хийхээр ажилд орсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус зах дээр наймаа эрхэлдэг Оюунчимэг эгчээс 2.000.000 төгрөгийг эхнэр болох Отгонжаргалын 5058007843 дугаартай “ХААН” банкны дансаар, Оюунчимэг эгчийн хүү болох Гүнгэрэгээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо” Баялаг-Ундраа” худалдааны төв дотор, маргааш нь мөн 5058007843 дансаар 1.500.000 төгрөг, мөн Оюунчимэг эгчийн танил болох Ариунтөгс гэх залуугаас 1.050.000 төгрөг бэлнээр авч Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн авсан...Би найз Ариунбаяртай утсаар Солонгос явах талаар ярьж байхыг Нарандэлгэр сонсоод надаас Солонгос улс руу хэрхэн яаж явах талаар асуусан юм. Тэгэхээр нь би манай ах Солонгос улс руу гаргаж өгч чадна гэж хэлээд дундаас нь мөнгө унагах санаатай эдгээр хүмүүсийг Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж итгүүлж мөнгийг нь авсан юм. Нарандэлгэр, Оюунчимэг, Гүнгэрэг, Ариунтөгс нар хамаатнууд гэсэн. Тэгээд бие биендээ дамжуулж Солонгос улс руу явах талаар надаас асуусан юм. Манай найз Ариунбаяр одоо Солонгос улсад амьдарч байгаа, би учруулсан хохирлоо төлнө, одоогоор боломжгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр тал/,
- Мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга /хх-ийн 13, 14, 18, 19 дүгээр тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад К.Эт мөнгө хүлээлгэн өгсөн талаарх гэрэл зургууд /хх-ийн 10, 15 дугаар тал/,
- Шүүгдэгч К.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 62 дугаар тал/
- Шүүгдэгч К.Эын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 61-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд К.Э нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Ариунтөгсөөс 1.123.000 төгрөгийг,
мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Гүнгэрэгээс 2.000.000 төгрөгийг,
мөн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгээс “Солонгос улс руу байнгын зорчдог виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг залилан авсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч К.Э нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Ариунтөгсөөс 1.123.000 төгрөгийг,
2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Гүнгэрэгээс 2.000.000 төгрөгийг,
мөн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгээс “Солонгос улс руу байнгын зорчдог виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нар болон гэрчийн мэдүүлэг, дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос К.Эын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч К.Э нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Ариунтөгсөөс 1.123.000 төгрөгийг,
мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Гүнгэрэгээс 2.000.000 төгрөгийг,
мөн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгээс “Солонгос улс руу байнгын зорчдог виз гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг залилсан гэм буруугийн санаатай үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос К.Эын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр К.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч К.Э урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 62 дугаар тал/
Шүүгдэгч К.Э нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч К.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. К.Эбусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Э500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар К.Эыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар К.Эаас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Дариагийн Оюунчимэгт /РД:ПБ76052561/, 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Дариагийн Гүнгэрэгт /РД:ПБ98090136/, 1.050.000 төгрөг гаргуулж хохирогч Батдэлгэрийн Ариунтөгсөд /РД:ЕА93100511/ тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагпдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, К.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж К.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, К.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ