| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000000136 |
| Дугаар | 2024/ДШМ/34 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/34
Д.П-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.П-д холбогдох, 2435000000136 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр У аймгийн Х суманд төрсөн, .. настай, дээд боловсролтой, .........мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт У аймгийн Х сумын .. дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э ургийн овогт Д-гийн П (Регистрийн дугаар: .........).
1.Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сард У аймгийн Ү сумын нутаг “Х ч” гэх газарт бэлчээрлэж байсан Б.Л-гийн сартай хүрэн зүсмийн гүү, хар хүрэн зүсмийн гүү, нийт 2 тооны адууг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
- шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар дугаар зүйлийн 1-т заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.П-д зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.П нь эрх бүхий байгууллагын хяналтад байж Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
- шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
- шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүхээс Д.П-д холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчилж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж, эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1. Шүүхээс шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө: “...шүүгдэгч Д.П нь бусдын олон тооны малыг өөрийн адуунд бэлчээрээр нийлж ирсэн гэж мэдүүлдэг, хохирогч болон гэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө, шүүгдэгчийг 2 тооны бод малыг хулгайлсан гэдгийг шууд, баттай нотолж мэдүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, хохирогч Б.Л-гийн 2 тооны адуу нь 2023 оны 4 дүгээр сард Увс аймгийн Ү сумын нутаг Х ч гэх газарт бэлчээрлэж байгаад хулгайлагдсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд энэ талаар хохирогч Б.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой мэдүүлдэг бөгөөд алга болсон 2 тооны адуугаа хайж, бусдад захиж байсан нь гэрч Б.Б, П.Л, Б.Ө, О.Д нарын мэдүүлгээр нотлогддог.
Мөн шүүгдэгч Д.П нь хохирогч Б.Л-гийн 1 тооны адууг гэрч Э.Н-эд 2023 оны 9 дүгээр сард зарсан, мөн 1 тооны гүүнд 2023 оны 10 дугаар сард өөрийн тамгаа зарсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх шүүгдэгч Д.П нь хохирогч Б.Л-гийн 2 тооны адууг хулгайлсан гэх шууд нотлох баримт байхгүй байна, харин бэлчээрээр нийлсэн байна дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө шүүгдэгчийн тухайн бэлчээрээр нийлсэн гэх 2 тооны адууг холбогдох байгууллага албан тушаалтанд мэдэгдсэн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийн зүйчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Д.П-гийн адуунд хохирогчийн 2 тооны адуу нийлснээс хойш 5 сарын сарын дараа 1 тооны адууг нь бусдад зарсан, 1 тооны адуунд нь өөрийнхөө сартай чандмань тамгаа дарсан байх бөгөөд шүүгдэгч Д.П нь тухайн 2 тооны адуу нь өөрийнх нь адуунд ирж нийлсэн талаар бусдад мэдэгдэх хангалттай цаг хугацаа байсан боловч тэрээр төрийн байгууллага, орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй, тодруулбал, ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг адууны талаар шүүгдэгч Д.П нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” байсан боловч үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа шүүгдэгч Д.П нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн адууг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй 2 тооны адууг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг /бусдад худалдсан, өөрийн тамгаа дарсан/ шүүх алдуул мал завших гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. 2023 оны 4 дүгээр сард хохирогч Б.Л өөрийн хоёр тооны адууг У аймгийн Ү сумын нутаг “Х ч” гэх газраас хулгайд алдсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогддог.
Шүүх тухайн цаг үед Ү суманд хохирогчийн адуу байсан гэх газарт шүүгдэгч Д.П-гийн адуу байсан бөгөөд түүнд адуунд хохирогчийн адуу нийлснийг өөрийн болгож захиран зарцуулж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг биш, бусдын алдуул мал завших гэмт хэрэг байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа.
Учир нь 2023 оны 4 дүгээр сард хохирогч 2 тооны адуугаа алдаад, хайж сураглаад нутгийн иргэд, малчдад “сураг гарвал хэлээрэй” гээд захиад явж байсан. Д.П-гийн хувьд тухайн адууг хулгайлж авсныхаа дараа 2023 оны 9 дүгээр сард 1 тооны адууг бусдад зарж, 1 тооны адуун дээр өөрийнхөө адууны тамгыг дарсан гэх үйл баримтууд тогтоогдоод байгаа.
Д.П хээр талд байсан 2 тооны адууг өөрийнхөө малд нийлсэн болохыг мэдсэний дараа орон нутгийн байгууллага, цагдаагийн байгууллагад хандаж “эзэнгүй адуу байна” гэдэг талаар мэдэгдэх үйлдэл хийгээгүй. Өөрийн эзэмшилд байлгаж байгаад өөрийн адуу мэт цааш нь захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа. Шүүх дүгнэхдээ шүүгдэгч Д.П-г хохирогчийн 2 тооны адууг авсан гэх шууд нотлох баримт байхгүй гэж үзсэн. Шүүгдэгч Д.П өөрийнхөө адуунуудыг Ч.Ш гэх хүнээр маллуулж байсан гэх үйл баримт байдаг. Ч.Ш-гийн адуутай ойролцоо хохирогчийн адуу байсан. Гэтэл хохирогчийн адуу бэлчээрлэж байсан газраас Д.П өөрийнхөө адуунуудыг авахдаа тухайн цаг хугацаанд хохирогчийн бэлчээрлэж байсан 2 тооны адууг өөрийнхөө адуунд нийлүүлээд аваад явсан болох нь хавтаст хэргийн хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүх үүнийг хохирогчийн 2 тооны адуу эзэнгүй явж байгаад Д.П-гийн малд өөрөө ирж нийлээд, дараа нь захиран зарцуулсан мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл болон 17.5 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэлийн хувьд хууль хэрэглээний хувьд практик тогтсон. Энэ хоёр гэмт хэргийг ялган зүйлчлэх, шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд тухайн малыг авсан субъектийн хувьд хэрхэн яаж хандсанаас хамаарч энэ гэмт хэргийн зүйлчлэл хангагддаг. Д.П-гийн хувьд малыг авснаас хойш 5 сарын дараа Завхан аймаг руу зарсан. Мөн 6 сарын дараа өөрийнхөө адууны тамгыг дарсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Улсын яллагч “Х ч” гэх газраас Б.Л-гийн 2 тооны адууг Д.П өөрийнхөө адуунд нийлүүлж аваад явсан гэх хангалттай баримт байгаа гэж хэлсэн. Гэрч Ч.Ш-гийн мэдүүлэгт “5 азарга адуунаас 4 нь гүйгээд явчихсан, үлдсэн 1 азарга адууг нь хүлээлгэж өгсөн бөгөөд хүлээлгэж өгөхдөө хохирогч Б.Л-гийн төрсөн ах Б.Н-гийн гэрийн гадна өгсөн. Энэ үед Б.Л-гийн 2 гүү нийлж яваагүй” гэсэн байна. Ч.Ш танихгүй байлаа гэхэд Б.Н төрсөн дүүгийнхээ адууг танилгүй яахав. Үүгээр Д.П 1 азарга адууг Х ч гэх газраас урагшаа Х нуруу давуулж авч явахдаа тухайн 2 адууг авч явсан гэсэн прокурорын дүгнэлт няцаагдаж байна гэж үзэж байгаа.
Б.Л-гийн 2 тооны гүү Х нурууны ар Х ч гэх газраас алдагдаад Д.П-гийн адуунд байсан үйл явдал тогтоогдож байгаа. Д.П тухайн 2 гүүг шүүхийн тогтоолд дурдсан шиг арга хэрэгслээр аваад адуундаа нийлүүлсэн зүйл байдаггүй. Ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу алдуул малыг завших гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргээс юугаар ялган зүйлчлэх талаар Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 449 дүгээр тогтоолд тайлбарласан, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж шамшигдуулан захиран зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Х ч гэх газраас 2 гүүг өөрийнхөө адуунд оруулсан, нийлүүлсэн, авсан энэ хэсэгт Д.П-гийн идэвхтэй үйлдэл байгаа эсэхийг нотолсон зүйл хавтаст хэрэг дотор нэг ч нотлох баримт байхгүй. Сүүлд Улсын дээд шүүхийн бас 1 тогтоол гарсан, 2 тогтоол хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй болсон.
Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хүний мал малд нийлээд ирвэл засаг захиргаа, цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж заасан. Ер нь Иргэний хуулийн 117 дугаар зүйл нь шударга өмчлөгчийн асуудлыг зохицуулах харилцаа бөгөөд мэдэгдээд 1 жилийн дараа өөрөө авч ашиглаж болохоор заасан харилцаа юм. Чиний адуунд хүрээд ирсэн адууг мэдэгдэхгүйгээр завшиж байгаа нь хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хууль бус юм. Хулгайлах гэмт хэрэг, алдуул малыг завших гэмт хэрэг ч гэсэн шунахайн сэдэлттэй, бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж авдаг. Ганц ялгаа нь өөрийнхөө эзэмшилд орж ирэхэд хулгайн аргаар, нууц далд аргаар, идэвхтэй үйлдлээр аваад ирсэн юм уу гэдгээрээ ялгагдана.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад зөв дүгнэлт өгсөн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Хэрэв энэ үүргээ биелүүлээд хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаад тогтоосон бол одоо таамаглал дэвшүүлж хүнийг яллахгүй байсан. Нотлох баримтыг шинжлэн судлах, хэргийн үйл баримтыг тогтоох үйл ажиллагаанууд дээр прокурор эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй, эргэлзээ үүссэн тул шүүх шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй байна гэж миний зүгээс харж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.П-д холбогдох, 2435000000136 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Д.П-д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
2.1. Энэ гэмт хэргийн хохирогч Б.Л-гийн 2 тооны адуу 2023 оны 4 дүгээр сард У аймгийн Ү сумын нутаг “Х ч” гэх газарт бэлчээрлэж байгаад алга болсон, хохирогч тухайн цаг хугацаанд тэр хавийн бэлчээр нутгаар адуугаа эрж хайж, сураг тавиад олохгүй байж байгаад 2024 оны 2 сарын сүүлчээр, түүний алга болсон 2 тооны адууны нэг болох хүрэн зүсмийн гүү нь Х сумын Д багийн иргэн Д.П-гийн адуун сүрэгт байгаа талаар тус сумын иргэн Б.Б гэгчээс сураг сонсож, улмаар 2024 оны 3 дугаар сард Х суманд очиж, Д.П-гийн эзэмшил /гэрийн гаднаа тэжээж байсан/-д байсан 1 тооны гүүгээ нь буцаан авсан, уг гүүнд шинээр Д.П-гийн өөрийн адуундаа дардаг “карант” тамга дарсан байсан, мөн хохирогчийн алдсан бор хээр зүсмийн, 1 тооны гүүг Д.П нь З аймгийн С сумын иргэн Э.Н-эд худалдан борлуулсан зэрэг үйл баримт тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
2.2. Шүүгдэгч Д.П нь хохирогчийн 2 тооны адууны нэгийг өөр орон нутаг буюу З аймгийн С сум руу зарж борлуулсан, үлдсэн 1 тооны адууг өөрийн өмчлөлийн адуун сүргийн тамгаар тамгалж, өөрийн өмчийн адил эзэмшсэн, захиран зарцуулсан идэвхтэй үйлдэл хийсэн байхад анхан шатны шүүх “шүүгдэгчийг 2 тооны адуу хулгайлан авсныг нь хохирогч, гэрчүүд шууд зааж, мэдүүлээгүй” гэх үндэслэл дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан Алдуул мал завших гэмт хэргээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны хавар 4 сарын эхээр манайх Ү сумын нутгаас Х суманд гүйж ирсэн адуугаа олж авахад уг 2 тооны гүү хамт байсан” гэж мэдүүлснээс өөрөөр, хэрэгт хохирогч Б.Л-гийн 2 тооны адуу өөрийн хөлөөр буюу хэн нэгний оролцоогүйгээр шүүгдэгчийн адуун сүрэгт нийлсэн байсан гэдгийг нотолсон баримт авагдаагүй, тодруулбал уг 2 тооны адууг алдуул байсан гэдгийг нотолсон нотолгоо хэрэгт авагдаагүйг шүүх анхаараагүй байна.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Д.П нь эзэнгүй буюу эзэмшигч өмчлөгч нь мэдэгдэхгүй, 2 тооны адуу өөрийнх нь адуун сүрэгт нийлсэн байсан бол тэрээр уг адууны өмчлөгч, эзэмшигч нь хэн болохыг тодруулахаар нутгийн малчин иргэдээс асууж сураглах, нийтэд зар түгээх, улмаар цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх зэрэг арга хэмжээ авах үүрэгтэй.
Тухайлбал, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т: Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 117.2-т: Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн хугацаанд эзэн нь тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус заасан ба хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар, алдуул мал олсон этгээд зохих байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлснээс хойш нэг жилийн дотор өөртөө хэрэглэх болон зарж борлуулах зэргээр захиран зарцуулах эрхгүй.
Хэрэв алдуул малын талаар зохих байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлснээс хойш нэг жилийн дотор тухайн малыг өөртөө ашиглах болон зарж борлуулах зэргээр захиран зарцуулсан бол алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл болно.
Гэтэл хэргийн баримтаар, шүүгдэгч нь нууцаар, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын өмчлөлийн 2 тооны адууг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдэл хийсэн нь хангалттай нотлогдсон байхад анхан шатны хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН