| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/17152/И |
| Дугаар | 197/ШШ2025/11367 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/11367
|
| 197/ШШ2025/11367
|
|
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Дамбадаржаа ** тоотод оршин суух, *** овогтой Ч /РД: *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт, *** дүгээр баг, *** гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух, Б овогтой Т /РД:***********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол төлбөрт 2,519,984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Б.Т нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Чын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-өд холбогдох 2,519,984 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ... 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд цайзын алтан овооны зам дээр Иргэн Б.Т-ийн машинтай манай хоёр хүүхэд мөргөлдсөн. Манай хоёр хүүхэд хөнгөн зэргийн гэмтэл авсан. Энэ хугацааны эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилсэн. Манай том хүүхэд 16 нас хүрсэн учраас хичээлийнхээ хажуугаар ажил эрхэлдэг. Би хариуцагчаас ямар нэгэн зардал мөнгө нэхэж байгаагүй. Би байцаагч дээр хамт байж байтал таньдаг хүнээрээ яриулсан байсан. Хариуцагчаас эмчилгээний зардал, хүүхдийнхээ олох ёстой байсан орлого, бусад зардлууд нь нийлээд 2,519,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би тавилга хийдэг. Тэр өдөр ажилгүй байсан учраас таксинд явж таараад, хажуу тийшээ эргэхдээ дугуйтай хоёр хүүхэд мөргөсөн. Тухайн үед ойрхон эмнэлэгт хүргэж өгсөн. Би цагдаа ахаас зөвлөгөө л авсан. Учиргүй таниад хүмүүст нөлөөлсөн зүйл байхгүй. Надад ч бас машины хохирол байгаа. Өөрөө хохирсон ч гэсэн энэ хүнээс мөнгө хүсээгүй. Хүүхдийн эрүүл мэнд чухал. Шүүх шинжилгээ, гэмтлийн эмнэлэг рүү хамт явж байлцсан. Нэхэмжлэгчид 200,000 төгрөг өгч байсан. Одоо бол эмчилгээний зардлыг төлж болно. Бусад төлбөрийг нь төлөх боломжгүй. Тухайн үед нь эмчилгээний зардлыг нь төлье гэсэн чинь хүүхдээ үзүүлж байгаад болно гээд мөнгө аваагүй. гэв.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Шинжээчийн дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, төлбөрийн баримт, тодорхойлолт зэрэг баримт,
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан бөгөөд 2025 оны 4 сарын 29-ний өдөр хариуцагч Б.Т-ийн буруутай үйл ажиллгаанаас шалтгаалж зам тээврийн осол гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. хариуцагч Б.Т нь нэхэмжлэгчид 1,984,377 төгрөгний хохирол учируулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч Б.Чын хоол хүнсний зардалыг тухайн осолоос шалтгаалан гарсан зардал гэж үзэхээгүй байх ба тул хоол хүнсний зардал болох 535,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Иймд хариуцагч Б.Т-өөс 1,984,377 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 535,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35,749.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Б овогтой Т /РД:*******/-өөс 1,984,377 төгрөгийг гаргуулж Б овогтой Ч /РД:**********/-д олгож, нэхэмжлэлээс 535,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35,749.4 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ