| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/04160/И |
| Дугаар | 210/МА2022/00662 |
| Огноо | 2022-04-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2022/00662
“БММ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00372 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “БММ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “АБ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17,501,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, хариуцагчийн төлөөлөгч Э.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч М.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “БММ” ХХК болон “АБ” ХХК-иуд №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 18,501,800 төгрөгийн үнэтэй 2,342 кг үхрийн гулууз мах нийлүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 4.2-т зааснаар барааг хүлээн авснаас хойш 3-5 хоногийн дотор төлбөрийг гүйцэтгэх байсан ч хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр хийгээгүй. Иймд хариуцагчаас үлдэх 17,501,800 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид барааны үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа болно. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд манай компанийн тамга дарагдсан. Гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийн дагуу С.Б гэж хүн байгуулсан. Энэ нь ямар ч хууль зөрчөөгүй. Бид хэрэгт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл уг баримтын эх буюу нэг хувь нь хариуцагчид байдаг. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь н.хүү гэж хүнээс 1,200,000 төгрөг аваад бидэн рүү 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь ахиж 100,000 төгрөг аваад уг мөнгөө шилжүүлэхгүй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Энэ байдал нь өөрөө хариуцагчийг бараа хүлээж авсан, бараагаа бусдаар дамжуулан авсан гэдгийг давхар нотолж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “АБ” ХХК нь жижиглэнгээр мах бэлтгэж, хоолны газруудад түгээлт хийдэг. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Б.Х гэж хүнээр дамжуулж “БММ” ХХК-ийн менежер гэх хүмүүстэй уулзсан. Ингээд манай компани “БММ” ХХК-аас мах худалдан авахаар тохирч 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээ байгуулахад гэрээний гол нөхцөл тодорхой бус байсан. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс над руу утасдаад ...ирж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зур, гэрээний дагуу х гэж хүн ирээд барааг аваад явсан гэж хэлсэн. Би гэрээний дагуу бараа аваагүй учир гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Ингээд би х рүү ярьж “авсан барааны төлбөрөө төл” гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Хүчит шонхор зах дээр очиж хүүтэй уулзаж “дансанд байгаа мөнгөө өг, би цаашаа нэхэмжлэгч рүү төлбөр төлнө” гэж хэлсэн. Ингээд түүнээс 1,000,000 төгрөгийг аваад нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. хүүгээс авсан мөнгийг шилжүүлсэн явдлыг нэхэмжлэгч тал буруу ойлгоод нэхэмжлэл гаргасан байна. Би Б.Х гэж хүнээс нийтдээ 1,300,000 төгрөгийг авсан. Гэхдээ бидний хооронд өөр тооцоо байсан учир би 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлээд үлдэх хэсгийг өөрөө авсан. Хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтын нэг хувь буюу хорон хувь нь надад байгаа нь үнэн. Уг баримт нь Б.Хд байсан бөгөөд би түүнээс 1,000,000 төгрөгийг шилжүүлж авахдаа давхар авсан. Одоо уг баримтаа үндэслэж түүнийг эрүүгийн журмаар шалгуулсан. Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг нэхэмжлэгч талаас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан. Нэхэмжлэгч компанийн бүртгэлийн гэрчилгээнд уг гэрээг байгуулсан С.Б гэж хүн байхгүй. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АБ ХХК-иас 17,501,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БММ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АБ ХХК-иас 245,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БММ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Манай байгууллагатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг “БММ” ХХК-ийн ажилчид 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмнө нь манай байгууллагад ганц нэг удаа бэлэн мөнгөөр мах нийлүүлж байсан Б.Х гэдэг хүнийг дагуулж ирж санал тавин 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тухайн байгууллагын гүйцэтгэх захирал гэх С.Бтэй гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан захирал нь “БММ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь бичигдээгүй байдаг. Иймд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх этгээдтэй хүчин төгөлдөр гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэйг шүүх дүгнэж үзээгүй, байгууллагын тамга дарагдсан болохоор гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Мөн “БММ” ХХК-ийн хүмүүстэй анх Б.Х нь ирж санал тавьсан гэдгийг шүүх хуралдаанд хэлсээр байтал “АБ” ХХК-д ямар ч хамааралгүй Б.Х гэдэг хүний авч явсан махыг манай байгууллага хүлээн авсан гэж дүгнэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “БММ” ХХК-ийн санхүүгээс мах хүлээж авсан баримт дээр гарын үсэг зураарай гэснээр махыг Б.Х авч явсныг мэдсэн бөгөөд “Хүчит шонхор” зах дээр очиж өөрийн дансаар дамжуулан өөрт нь байсан 1 сая төгрөгийг шилжүүлж өгснөөр манай байгууллагыг тухайн бараа буюу махыг хүлээн авсан мэтээр дүгнэж хариуцагчаар тогтоож шийдвэрлэсэн. Тухайн махны барааг ч хараагүй байтал “БММ” ХХК-ийн тамгыг үндэслэж манай байгууллагаас нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн “тооцооны үлдэгдэлийн баталгаа” баримтад “АБ” ХХК-ийн нягтлан бодогч Б.Х гэж бичсэнийг манай байгууллагын ажилтан хэмээн шууд дүгнэн шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.
1. Нэхэмжлэгч “БММ” ХХК нь хариуцагч “АБ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17,501,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнийг бодитой хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтад хамааралтай дүгнэлт нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасантай нийцээгүй байна.
Учир нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд эсхүл худалдах-худалдан авах гэрээнд заасан этгээдэд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн эсэх нөхцөл байдлын хувьд хэргийн 9 дэх талд авагдсан зарлагын баримтад “АБ” ХХК-ийн нэр бичигдсэн боловч Хэнмэдхэв гэх хүн “АБ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх, эсхүл “АБ” ХХК-ийн өмнөөс бараа бүтээгдэхүүн хүлээн авах эрхтэй этгээд мөн эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.
3. Хариуцагчийн зүгээс “Б.Хг гэрчээр асуулгах” тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан байна. /хх-21,60-62/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.
4. Түүнчлэн, хэргийн оролцогч нэг тал нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд нөгөө тал түүнийг иш татах эрхтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Хг гэрчээр оролцуулах эсхүл гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай эсэх нөхцөл байдлын талаар талуудаас тодруулсаны дараа хэргийг шийдвэрлэх боломжтой. /4/
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,459 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ