| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0255/Э |
| Дугаар | 843 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 15.5.2., 23.2.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,
шүүгдэгч Х.Л, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
......
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хорлоогийн Лхагвасүрэнд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төмөрсүхийн Алтанцэцэг нарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1859 дугаартай 105/2017/0255/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Т.Ань Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Ганзулын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
Х.Лнь Т.АБаянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Ганзулын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Амэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Лмэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйл байхгүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн Г.Ганзулын:… Би 09 цагийн үед эгч Э.Мөнхзултай хамт Алтанцэцэг эгч дээр очсон. Эмнэлэгт нь ороод үтрээндээ эм тавиулсан. Уг эмийг 2-3 минутын хугацаатай хийсэн бөгөөд тухайн эм нь савны амсар нээх үйлчилгээтэй эм гэж хэлсэн. Эм тавьж дууссаны дараа Алтанцэцэг эгч маргааш өглөө 09 цагийн үеэр ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Маргааш нь 09 цагийн үед би эмнэлэг дээр ганцаараа очсон. Өчигдөр үтрээнд хийсэн эмнээсээ 2 ширхэгийг үтрээнд хийгээд өнөө орой гэхэд ураг чинь гарчихна гэж хэлсэн. Надад хэлэхдээ сайн алхаад бай тэгвэл хурдан гарна гэж хэлсэн. Тэгээд орой болоход өвдөлт өгөхгүй доороос юм гарахгүй болохоор нь эгч 21 цагийн үед Алтанцэцэг эмч рүү эгч залгаад ямар ч өөрчлөлт өвдөлт алга байна яах ёстой вэ гэж асуухад Алтанцэцэг эгч маргааш явуулчих ЭХО-д хараад үзье гэж хэлсэн. Маргааш өдөр нь 12 цагийн үед би эгч Оюунчимэгтэй Алтанцэцэг эмч дээр очиж ЭХО-д харуулсан. Алтанцэцэг эмч нь ЭХО-д харсаныхаа дараа хүүхэд доошоо байрлалд орсон байна, нэг дэх өдөр хүрээд ир гэж хэлсэн. Зарим хэлсэн үгсийг нь сайн санахгүй байна. Би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед эмч дээр очсон. Алтанцэцэг эмч нь намайг ЭХО-д хараад доогуур үзлэг хийгээд савны амсар нэг хуруу талтай нээгдсэн байна гарах болоогүй байна гэж хэлсэн. Анх тавьсан эмээ үтрээнд дахиад тавьсан тэгээд мезопростол нэртэй 3 ширхэг эм өгөөд энэ эмийг 3 цагийн зайтай 1 ширхэгээр нь уу гэж хэлсэн. Тухайн эмийн үйлчилгээ нь базлуулж өвтгөдөг гэсэн. Надад эмчийн жороор мезопростал гэдэг нэртэй эм 3 ширхэгийг аваарай, маргааш уугаад над дээр ирээрэй гэж хэлсэн....эмч Алтанцэцэг нь хурлаас орж ирээд ЭХО-д хараад хүүхэд амьгүй болсон байна ихэс түрүүлсэн байна гаргаж чадахгүй, Эх нялхасын эмнэлэгт оч би маягт бичээд өгье гээд эгч Э.Мөнхзул руу утсаар дүү чинь жаахан цус алдсан, Эх нялхас руу хэвтэх бичиг хийгээд өгье ирээд дүүгээ ав гэж хэлсэн.....би орой 22 цагийн үед хагалгаанд орсон санагдаж байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 20-21 дүгээр тал/
...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад Лхагвасүрэн гэж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн цэвэрлэгч ажилтай эгч 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр надтай Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсийн үүдэнд уулзаад эгчийгээ уучлаарай эгч нь үнэхээр худал мэдүүлэг өгөх гэсэн санаа зорилго, ямар нэгэн ашиг хонжоо харсан зүйл байхгүй юм шүү, Алтанцэцэг эгч л өрхийн эмнэлгийн байранд ямар нэгэн байдлаар үр хөндсөн асуудал болоогүй гэж хэлээд мэдүүлээд өгөөч гэж хэлээд гуйгаад байхаар нь л би тэгээд хэлчихсэн юм шүү эгчийгээ уучлаарай, одоо үүнээс хойш би болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр нь ярьж хэлж байх болно гэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Мөнхзулын: ...Г.Ганзул нь ихэр бөгөөд эгч Г.Ганзулын найз Зулаа нь 4 сартай байхдаа эмч дээр очиж эм уугаад хүүхдээ гаргуулж байсан гэж надад хэлсэн. Тухайн эмч нь Алтанцэцэг гэгч эмч байсан. Бид нар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед очсон санагдаж байна эхлээд Зулаа орж уулзчихаад Г.Ганзулыг дуудсан. Хэсэг хугацааны дараа хаалга онгойлгоод Г.Ганзул намайг дуудахаар нь би яваад орсон. Ороход 180.000 төгрөгөөр үтрээнд эм тавьж гарах юм байна гэж хэлсэн. Би доошоо буулгачихаач гэж хэлэхэд Алтанцэцэг эмч харин ч би хямдхан хийж байна доош буулгах ямар ч боломжгүй тэр эмийг нь олоход хэцүү хэрвээ олдох юм бол би маргааш өглөө хэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө яаж өгөх вэ надад бэлэн мөнгө алга байна, мобайль банкаар шилжүүлж болох уу гэж хэлэхэд болно гэж хэлээд “ХААН” банкны дансны дугаар цаасан дээр бичиж өгөөд би тэр мөнгийг 180.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ тэр данс нь өөрийнх нь данс биш хүний данс байсан байх хүн рүү залгаад 180.000 төгрөг орсон уу гэж асууж байсан.....эмч Алтанцэцэг нь над руу 14 цаг өнгөрч байхад залгаад өмд аваад ир гэж хэлсэн. Дүү Оюунчимэг өмд аваад Дарь-Эхийн өрхийн эмнэлэг рүү явсан. 17 цагийн үед Оюунчимэг над руу залгаад Ганзул цус алдаад байна Эх нялхас руу аваад явж байна гэж хэлэхээр нь би Алтанцэцэг эмч рүү залгаад юу болоод байгаа юм бэ гэхэд зүгээрээ жаахан цус гарсан юм би 13 /А/ маягт бичээд эх нялхас руу явуулсан гэж хариулсан. Би эмнэлэг дээр очоод гутал гадуур хувцасыг нь авахад гутал нь цус, өмд нь битүү цус, нөж болсон байсан. Би эмч рүү нь залгаад юу болсон юм бэ яагаад ийм их цус алдсан юм та хэлэхгүй яасан юм гэхэд эгчийгээ уучлаарай гэж хэлсэн. Тэгээд Эх нялхас дээр байлгаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдөр хагалгаанд орж саваа авахуулсан. Эх нялхасын эмч нарын ярьж байгаагаар ус гараад удсан, сав нь бактертэй байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 22-23 дугаар тал/
Мөрдөн байцаалтанд иргэний хариуцагч Т.Аваргын: Манай эмнэлэг үр хөндөлт хийх эрхгүй. Т.Аийн ажлын байрны тодорхойлолт нь жирэмсэн эхийг хяналтанд авч эмчилгээ хийх, эмэгтэйчүүдийн үзлэг хийх үүрэгтэй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар тал/
- Гар утасны ярианы лавлагаа /1-р хх-н 179-181 дүгээр тал/
- ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-нн 225 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шинжээчийн №192 тоот дүгнэлтэнд:
Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 844 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.Ганзул нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЭХЭМҮТ-д хэвтээд мэс засал хийлгэх хугацаанд үрэвсэл, халдварын эсрэг шингэн сэлбэх эмчилгээ хийгдсэн байна.
2. Г.Ганзулыг хүлээж авсан даруй шууд хагалгаанд орох боломжгүй бөгөөд хагалгаанд өвчтөнийг бэлтгэх, биеийн байдлыг үнэлэх шинжилгээ зэргийг бүрдүүлэх шаардлагатай байдаг бөгөөд ЭХЭМҮТ-д хийгдсэн эмчилгээ үйлчилгээ зохих журмын дагуу хийгдсэн байна.
3. Г.Ганзулд хийгдсэн эмчилгээ мэс засал цаг хугацаандаа зохих журмын дагуу хийгдсэн байна. Мэс засал хийгдэх зайлшгүй заалттай байсан байна.
4. Хүлэээх тактик гэдэг нь эмчилгээний нэг арга хэлбэр юм. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл хүлээх тактик барьж эмчилгээ явуулж болно.
5. Жирэмслэлт таслах оролдлого хууль бус аргаар хийснээс хүндрэл үүсч умай тайрах мэс засал хийгдсэн байна. Энэ нь ШЭГЗТЖ-ын 3.5.3-д заасан хүнд зэргийн гэмтэл болно. Шинжээч эмч Ч.Эрдэнэболор, Ц.Бадрал, Д.Мөнхцэцэг, Ж.Энхцэцэг гэх дүгнэлт /2-р хх-ийн 181-182 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Лхагвасүрэнгийн: … Үгүй, хийгээгүй энэ өрөөнд дусал хийх боломж байхгүй, тариа хийдэг тусдаа өрөө байгаа гэх мэдүүлэг /2-р хх-н 1 дүгээр тал/
… Би Ганболд овогтой Ганзул гэж эмэгтэйг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Ачит-Сайхан” Өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгчийн өрөөнд тухайн үед бол би нэрийг нь мэдэхгүй байсан. Одоо сүүлд өнөөдөр нэрийг нь сонсож мэдэхэд Ганболд овогтой Ганзул гэх эмэгтэйг Алтанцэцэг эмч дагуулж орж ирээд танай өрөөнд энэ эмэгтэйд дусал залгачихъя гэж хэлэхээр нь би энэ өрөөнд дусал залгаж болохгүй шүү дээ гэж хэлэхэд Алтанцэцэг эмч за яах вэ, яах вэ яаралтай хийх шаардлагатай байгаа юм гэж хэлээд Ганзулыг цонхны хажууд сандал тавьж суулгаад дуслын шингэнийг цонхноос гялгар уутанд хийж уяад дуслын системийг Ганзулд залгачихаад Алтанцэцэг эмч өөрөө өрөөндөө орохоор яваад намайг энэ хүнийг харж байгаарай гэж хэлж захиж үлдээгээд явсан. Тэгээд дусал талдаа орж байх үед Ганзул надад та Алтанцэцэг эмчийг дуудаад өгөөч гэж хэлэхээр нь дээд 2 давхарт орж Алтанцэцэг эмчид манай өрөөнд сууж байгаа охин таныг дуудаад өгөөч гэж хэлүүлж байна гэхэд Алтанцэцэг эмч за одоо очлоо гэсэн. Тухайн үед Ганзулын биенээс доош шингэн зүйл гараад өмсөж явсан өмд нь норсон байсан тул Алтанцэцэг эмч намайг дэлгүүр яваад пампирс аваад ир гэж хэлэхээр нь би Ганзулын өгсөн 5000 төгрөгийг аваад дэлгүүр явж 2 ширхэг том хүний пампирс авчирч өгсөн. Тэгээд цайны цаг буюу 12 цаг 30 минут болж байх үед өрхийн эмнэлэгт байсан гадны хүмүүсийг гаргаж явуулаад хаалгаа хааж түгжсэн. Тухайн үед Ганзул нь өрхийн эмнэлгийн гадаа хашаан дотор тойроод л алхаад байгаа харагдаж байсан. Тэгээд 13 цаг 30 минутанд цайны цаг дуусгаад би өрхийн эмнэлгийн гадна хаалгыг нээсэн. Тэгээд Ганзул гаднаас орж ирээд дахин манай өрөөнд орж үргэлжлүүлэн дуслаа залгуулаад Алтанцэцэг эмч өрөөндөө орохоор явсан. Тэгээд удалгүй Ганзул нь доошоо цустай юм гараад уналаа та Алтанцэцэг эмчийг дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би 2 давхарт гарч Алтанцэцэг эмчийг дуудаж өгсөн. Тэгээд Алтанцэцэг эмч Ганзулыг дагуулаад өөрийнхөө өрөө рүү явсан. Энэ явдлаас хойш ямар асуудал болсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Алтанцэцэг эмч чи дусал хийсэн талаар мэдэхгүй, би ерөөсөө энэ хүнийг өмнө нь харж байгаагүй гэж хэлээд мэдүүлэг өгөөрэй гээд байхаар нь л би тэгээд хэлчихсэн юм... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 188-189 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Оюунчимэгийн: … тэгээд тэр өдөр нь над руу Алтанцэцэг эмч залгаад хурдан хүрээд ир, дүүдээ сольж өмсөх өмд аваад ирээрэй доошоогоо жаахан цус гарсан, ус нь бас гарсан гэж хэлэхээр нь би сольж өмсөх өмд аваад очиход эмч Алтанцэцэгийн өгсөн өмд гэж хэлээд цэнхэр өнгийн даавуун өмд өмсчихсөн зогсож байхаар нь хувцасыг нь сольж өмсүүлээд Эх нялхасын эмнэлэгт дүүгээ хүргэж өгсөн. Тухайн үед Алтанцэцэг эмч надад хэлэхдээ эм тариа хэрэглэсэн талаар юу ч хэлж болохгүй шүү, гэртээ байж байгаад л гэнэт ус нь гарчихлаа гэж хэлээрэй гэж хэлэхээр нь би Алтанцэцэг эмчийн зааж өгсөн үгийг нь хэлээд очсон... гэх мэдүүлэг /2-р хх-н 181 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Д.Мөнхцэцэгийн: Хүлээх тактик гэдэг нь эмчилгээний нэг арга хэлбэр юм. Тухайлбал төрөлтийн үйл ажиллагаа эхэлсний дараа хүлээж төрөх замаар өөрөөр нь төрүүлдэгтэй адил ажилбар хийхээс өмнө бэлтгэл эмчилгээ хийх шаардлага гардаг юм. Хэрэв шууд ажилбар хийхэд амь насанд өндөр эрсдэлтэй үед хэдэн цагаас хэдэн өдрөөр ч хүлээх аргыг хэрэглэнэ. Хохирогч Г.Ганзул нь өөрийн эрүүл мэндийн боловсрол муу, бусдын үгэнд итгэж хууль бус аргаар жирэмслэлтийг таслуулах оролдлого хийлгэж удсанаас өгсөх замын халдвар болж хүндрэл үүсч умайг тайрах мэс ажилбар хийгдсэн байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207-208 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Т.Ань Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит Сайхан” Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Ганзулын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас хохирогч Г.Ганзул умай тайруулах хагалгаанд орж умайгаа авахуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, Х.Л нь хамт ажиллаж байсан эмч Т.Аийн энэ үйлдлийг мэдэж байсан атлаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Т.Ань Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит Сайхан” Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Ганзулын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримуудаар,
Шүүгдэгч Х.Лнь Т.АБаянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Ганзулын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Т.Аийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Лгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Т.Аийн эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй боловч эмч эмнэлэгийн бус нөхцөлд үр хөндсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Х.Л нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Прокуророос шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл ангийг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.А, Х.Л нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт… гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Л нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн байх ба 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр буюу түүнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.А, Х.Л нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Хохирогч Г.Ганзул нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтас хэрэгт ирүүлээгүй боловч Т.А нь:
2.000.000+45.000+200.000+100.000+40.000=нийт 2.385.000 /хоёр сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгч Т.Аийг хохирогч Г.Ганзулд одоогоор бичгийн нотлох баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв . /3-р хх-н 27-32 дугаар тал/
Хохирогч Г.Ганзул нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.А, Х.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн нас болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 36. 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөний улмаас хохирогчид хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг, Х.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Лхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Т.Алтацэцэгийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.А нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Хохирогч Г.Ганзул нь цаашид гарах зардлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж Т.Алтанцэцэг, Х.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.А, Х.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ