| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000180 |
| Дугаар | 2024/ДШМ/44 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/44
2024/ДШМ/44
О.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Т
Шүүгдэгч: О.Б
Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Бид холбогдох 2412000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 0, эхнэр хүүхдүүдийн хамт А аймгийн И сумын Э багийн Х гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Оын Б /РД:000000000/
Шүүгдэгч О.Б нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Х гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлний суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас О.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч Б овогт Оын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 эгнээ сүлжсэн 130 см урттай 7,5 см өргөн суран бүс 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Тулга би, О.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 169 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд О.Бид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн зүйлчлэл тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч О.Б нь өөрийн эхнэр Н.Цыг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас үүссэн хохирогчийн буруутай үйлдлийн улмаас буюу өмсөж байсан тавчикаа авч шидэж, суран бүсээр нөхрийгөө ороолгосноос болж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд хооронд үүссэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй. Иймд хэргийн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Прокуророос шүүгдэгч О.Бийг эхнэр Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу Эрүүгийн туулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт, “жирэмсэн гэдгийг мэдсээр байж” буюу Эрүүгийн туулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн бөгөөд хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн туулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа нөхцөл байдлыг тайлбарласан боловч Эрүүгийн туулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “жирэмсэн гэдгийг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна. Хэдийгээр анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бид холбогдох хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг үгүйсгэж байгаа нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч түүний “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” зодсон үйлдэл нотлогдож байхад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал үгүйсгэгдсэнээр түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл болохгүй юм. Хохирогч Н.Цын хувьд 6 сартай жирэмсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн хувьд эхнэр Н.Цыг 6 сартай жирэмсэн болохыг мэдэх боломжтой байхад шүүхээс хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгч О.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнийг анхан шатны шүүх гэр бүлийн харилцан хамааралтай маргаан бүхнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж дүгнэх боломжгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан, мөн хүндрүүлж үзэх хоёр шинж дурдсан байхад нэг шинжийг нь үгүйсгэсэн няцаасан нөхцөл байдалд тайлбар хийгээгүй. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй үндэслэл бүхий бус байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бийг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Х гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлний суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд хооронд үүссэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Прокурорын газраас О.Бид холбогдох хэргийг ... жирэмсэн гэдгийг мэдсээр байж, ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ... гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт ...эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга ... ыг тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилжээ.
Гэтэл дээрх хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүний нэгийг нь хэрэгсэхгүй болгосон талаарх дүгнэлтээ шийтгэх тогтоолд, харин жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрхсэн тухайгаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Бид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын
хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Б.Б