Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/ШШ2026/0011

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Д

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор С.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Иргэдийн төлөөлөгч Д.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

Хэргийн индекс: 221/2026/0004/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д-ээс Монгол Улсын Ерөнхий аудитор С.М-д холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит Сонгуулийн Зургаадугаар тойрог /Хэнтий аймаг, Д аймаг, Сүхбаатар аймаг/-т .... намаас нэр дэвшсэн. Миний бие Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, холбогдох журмыг чанд сахин ажилласан. Хуульд зөвшөөрөгдсөний дагуу өөрийн сонгогч, дэмжигчдээс сонгуулийн дансаараа 6,900,000 гаруй төгрөгийн хандив авч, нэр дэвших үйл ажиллагаандаа захиран зарцуулсан. Сонгуулийн хууль, журмын дагуу сонгуулийн хандивын тайлан гаргаж, “П” ХХК-иар хөндлөнгийн үнэлгээ хийлгэн, хуульд заасан хугацаанд, аудит хийлгэсэн тайланг Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн.

2024 оны 12 дугаар сард Д**** аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч Г.А утсаар холбогдон “Татварын Ерөнхий газрын 06/**** дугаар албан бичгээр ирсэн гомдлын дагуу танд зөрчлийн хэрэг үүсгэлээ. Прокуророос хэрэг нээх зөвшөөрөл өгсөн. Д аймагт ирж байцаалт өгнө үү” гэж мэдэгдсэн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын байцаагч Г. А “Монгол улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 24-ний А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” буюу нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын 11.1.1-д заасныг үндэслэн, Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дүгээр зүйлийн дагуу ******* дугаар Шийтгэлийн хуудсаар намайг 10000 нэгжээр торгож шийтгэсэн.

Миний бие ****** дугаар Шийтгэлийн хуудсыг үл зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д аймаг дахь Захиргааны хэргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ** шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчдийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иргэн миний бие дээрх 3 шатны шүүхийн шийдвэр болон нэр дэвшигч намайг торгосон Шийтгэлийн хуудас, торгох үндэслэл болсон Ерөнхий Аудиторын 2024 оны 06 сарын 24-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журам, хэрхэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны “Нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл”-д бүртгэгдсэн зэргийг судлан, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон хууль, эрх зүйн орчныг жишин үзэхэд доорх нөхцөл байдал үүсээд байна. Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар заалтад заагдсан Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага болох Үндэсний аудитын газрын дарга бөгөөд Монгол улсын Ерөнхий аудиторын 2024 оны А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журам нь Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын нэг буюу Захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны А/** дүгээр тушаал нь Монгол Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай” гэсэн санал авах өдрөөс 24 хоногийн өмнө батлагдсан тул Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Төрийн аудитын зарчимд тусгагдсан Төрийн аудитад хууль дээдлэх зарчим баримтлах болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйл “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

Энэ бүх үйл явцыг дэс дарааллаар нь нягтлан үзвээс Монгол Улсын Их хурлын Сонгуулийн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч миний бие Д аймгийн Татварын Улсын байцаагч Г.А-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4-д “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан заалт, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж, батлагдсан нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Сонгуулийн хуулийг зөрчих”, 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт нь мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 2020 оны ээлжит сонгууль болох тухай Монгол Улсын ИХ хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолд заасан 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоосон Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит санал авах товын хугацааны нэг жилийн дотор өөрчлөлт орж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн заалтаар 10000 нэгжээр торгосон. Мөн иргэн миний 10000 нэгжийн торгууль Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43.1 дүгээр зүйл болон 43.3 дугаар зүйлийн дагуу 15000 нэгж болсон байх магадлалтай байна.

Эцэст нь дүгнэн үзэхэд Монгол Улсын Их Хурлын ээлжит 2016 он, 2020 он, 2024 оны Сонгуульд нэг нам дараалан ялалт байгуулж, Монгол Улсын Их хуралд олонх болж, Төрийн эрхийг гартаа авсан энэ үед Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7 дугаар зүйлд заагдсан агентлагийн дарга, Нэгдүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” болон Хорин нэгдүгээр зүйлийн 4-д заасныг зөрчсөн, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 82.1 дүгээр заалтыг давхар зөрчсөн журам баталсан. Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага буюу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, Үндсэн хууль болон Их хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн журмыг “Нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний акт”-ын бүртгэлд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаарт бүртгэсэн. Монгол улсын Их хурал Монгол Улсын Үндсэн хуулийн 21.4 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 24-нд Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль болохоос 6 сарын өмнө Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн, 5 сарын өмнө 17.1 дүгээр зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин нэгдүгээр зүйлийн 4-д заасныг зөрчиж, хууль баталсан байна.

Дээрх 3 үйлдлээс үүдэн Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан эрхийн дагуу Монгол Улсын Их хурлын 2020 оны болон 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Монгол Улсын Их хуралд суудалтай болон суудалгүй намын гишүүдийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу татварын Улсын байцаагч нар 10,000 нэгж эсвэл 20,000 нэгжээр торгож, торгуулиа төлөөгүй тохиолдолд хүү, алданги 50 хувиар тооцон, Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт торгуулийн өрийг хүлээлгэн өгч, банкны харилцах дансыг царцаах, эд хөрөнгийг хураалгах зэргээр шийтгэн, хашрааж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1 дүгээр зүйлийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд Төрийн аудитын дээд байгууллагын сонгуулийн зардлын тайлангийн талаар хэрэгжүүлэх эрх үүргийг тусгаж, мөн зүйлийн 58.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалаар “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг шинэчлэн баталж, улмаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн **** дугаарт бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаал нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай” гэсэн санал авах өдрөөс 24 хоногийн өмнө батлагдсан тул Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг ноцтой зөрчиж байна” хэмээн тайлбарлажээ. Хууль тогтоомжид дээрх журмыг батлан гаргахтай холбоотой хугацааны шаардлага тавигдаагүй бөгөөд сонгуулийн зардлын тайлан гаргах, түүнд аудит хийх, дүнг нийтэд мэдээлэх үйл ажиллагаа нь журмыг баталснаас хойших хугацаанд хамааралтай тул аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалаар баталсан журам нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, туунд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж байна хэмээн тайлбарлаж буй бөгөөд хуульд тавигдах хязгаарлалтыг тус журамд хамааруулан авч үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Төрийн аудитын байгууллагаас тус журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагаас тухайн журмыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх”, 65 дугаар зүйлийн 65.1.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн гэж үзэж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна.

Иймд иргэн Д.Д-ийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндэсний аудитын газраас баталсан журам нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан төрийн аудит хийх бүрэн эрх бүхий байгууллага бөгөөд аливаа дүрэм, журам, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг батлахдаа Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах үүрэгтэй. Гэтэл маргаан бүхий журмыг батлахдаа Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн. Уг журмын улмаас нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож буй олон иргэнд хүндрэл учирсан.

Тиймээс Үндэсний аудитын газар нь хуульд нийцээгүй журам баталсан, улмаар иргэдийн эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын байгууллагын эрх, үүргийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлээр тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал, тус хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5-д сонгуулийн зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягтыг батлах эрх, үүргийг Төрийн аудитын байгууллагад олгосон. Энэ эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ** дүгээр тушаалаар “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг шинэчлэн баталсан.

Нэхэмжлэгчийн зүгээс уг журам нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолоор баталсан сонгуулийн санал авах өдрөөс нэг жилийн өмнөх хугацаанд батлагдсан тул Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч хариуцагчийн зүгээс энэ үндэслэлийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь сонгуулийн зардлын тайлан гаргах, аудит хийх, дүнг нийтэд мэдээлэхтэй холбоотой журмыг батлах хугацааны талаар хуульд тусгайлан хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд уг журам нь батлагдсанаас хойших харилцаанд үйлчлэх зохицуулалттай тул аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуульд заасан “санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг энэхүү журамд хамааруулан тайлбарлаж байгаа нь буруу. Учир нь тухайн зохицуулалт нь хууль тогтоомжид хамаарах бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой захиргааны хэм хэмжээний актад шууд хамаарахгүй. Мөн Төрийн аудитын байгууллагаас уг журмыг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжийг баримталж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна. Иймд Төрийн аудитын байгууллага нь хуульд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам баталсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “Нэхэмжлэгч нь өөрөө сонгуулийн хандивын тухай журмаа сайн уншиж судлах хэрэгтэй байсан. Нам нь бас нэр дэвшигчдэдээ мэдээлэл сайн өгөх хэрэгтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн үйл баримтын тухайд:

2. Нэхэмжлэгч Д.Д нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд .............. намаас 6 дугаар тойрог буюу Х, Д, С аймагт нэр дэвшсэн байх бөгөөд сонгуулийн хандивтай холбоотойгоор Д аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ********* дугаар Шийтгэлийн хуудсаар Д.Д-д ...хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй зарцуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

3. Улмаар Д.Д нь Д аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч Г.А-д холбогдуулан “татварын Улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар магадлалаар Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,

3.2 Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор Д.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс “...дээрх 3 шатны шүүхийн шийдвэр болон нэр дэвшигч намайг торгосон Шийтгэлийн хуудас, торгох үндэслэл болсон Ерөнхий Аудиторын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журам нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4-д “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно”, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж байна” гэж маргасан.

5. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралтаар “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг баталжээ.

6. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны А/** дүгээр тушаалаар батлагдсан дээрх журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаарт нийтлэгдсэн байна.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ”, 58 дугаар зүйл ”Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал”, 58.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” гэж тус тус зохицуулсан.

8. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно”, 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив” гэж тус тус журамлажээ.

9. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд сонгуульд нэр дэвшигчид хандив өгөхийг дээрх хууль, журмаар хориглоогүй бөгөөд гагцхүү хандив өгөгч этгээд нь өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаар банкны гүйлгээний баримтад (гүйлгээний утга дээр) бүрэн дүүрэн, тодорхой тусгаагүй тохиолдолд хандив хүлээн авагч уг хандивыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

10. Хариуцагчаас “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг батлахдаа хуульд заасны дагуу холбогдох судалгаа, нөлөөллийн шинжилгээг тус тус хийжээ.

11. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/** дугаар тушаалаар баталсан журам, маягт, загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулгаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн наймдугаар “Сонгуулийн зардал” бүлэгт Төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргах, аудит хийх үйл ажиллагаанд харгалзвал зохих дараах нэмэлт, өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл “Сонгуулийн зардлын данс”, 53 дугаар зүйл “Сонгуулийн хандив”, 54 дүгээр зүйл “Мөнгөн хандив” 58 дугаар зүйл “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэж заасны дагуу харгалзах заалтуудад хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл бүрдсэн талаар танилцуулга гаргасан байна.

12. Улмаар Үндэсний аудитын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/**** дүгээр албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”, “Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах маягт” болон “аудитын хуулийн этгээдийн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланд өгөх аудитын дүгнэлтийн загвар”-ын төсөлд санал авах тухай албан бичгийг Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, бие даан нэр дэвшигч болон аудитын хуулийн этгээдүүдэд хүргүүлжээ.

13.  Журмын нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний танилцуулгад “...Үндэсний аудитын газрын албан ёсны цахим хуудас www.audit.mn сайтад нам, эвсэл, нэр дэвшигчдээс санал авахаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд байршуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 03/**** дүгээр албан бичгээр журмын төсөлд санал авах тухай нам, эвсэлд мэдэгдсэн. Үндэсний аудитын газрын дотоод газар, нэгжээс нийт 12 санал ирүүлснээс 11 саналыг хүлээн авч журмын төсөлд тусгасан бөгөөд 1 саналыг аваагүй болно, ...Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Тусгай зорилгын үзэл баримтлалын дагуу бэлтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд боловсруулагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4-д заасан нөхцөл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

15. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

16. Дээрхээс үзэхэд, “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-д нэмэлт, өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан буюу хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн, захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, актын төсөлд санал авах, актыг баталж, хүргүүлэх журмыг үндэслэн баталсан болох нь тогтоогдож байна.

17. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хууль тогтоомжид дээрх журмыг батлан гаргахтай холбоотой хугацааны шаардлага тавигдаагүй бөгөөд сонгуулийн зардлын тайлан гаргах, түүнд аудит хийх, дүнг нийтэд мэдээлэх үйл ажиллагаа нь журмыг баталснаас хойших хугацаанд хамааралтай тул аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

18. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4-д “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан нь Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахаас өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох агуулгатай байна.

19. Харин нэхэмжлэгчээс “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-тай маргаж буй бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хуулиудад тавигдах хязгаарлалтыг тус журамд (бүхэлд нь) хамааруулан маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

20. Иргэдийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь өөрөө сонгуулийн хандивын тухай журмаа сайн уншиж судлах хэрэгтэй байсан. Нам нь бас нэр дэвшигчдэдээ мэдээлэл сайн өгөх хэрэгтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж бодож байна” гэх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын улмаас нэхэмжлэгч Д.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 58 дугаар зүйлийн 58.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА

                                     ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

              ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН