| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0466/Э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч С.Цэрэндорж,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тайж нар овогт ААт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0349 20499 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .....
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
А.А нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-108 тоотод Н.Анударьтай хардсаны улмаас Д.А нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар үнэн зөв ярьсан тул дахин ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д.Аын: …2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз дүү болох Анударь тушаал дэвшсэн гээд дуудсан бөгөөд би түүний 13-р хороололын 84-р сургуулийн урагшаа байрлах байранд очсон, Би тус байрны хороо, байрны дугаар, тоотыг нь мэдэхгүй байна. Ингээд тэдний гэрт дөнгөж ороод удаагүй, 5-10 минут болоод байж байтал гаднаас хаалгыг нь нүдсэн. Анударийнд өөр хүн байгаагүй бөгөөд аав юмуу ахыгаа байж магадгүй, буруу сэтгэгдэл төрүүлчих вий гээд намайг жижиг өрөөндөө оруулсан. Тэгээд хаалгаа тайлахад нэг залуу орж ирээд жижиг өрөөнд нь дайраад ороод ирсэн. Би сууж байтал тэр залуу намайг заамдаж аваад чи хэн юм гээд Анударьд би нөгөө хэдийгээ дуудаж оруулж ирээд энийг чинь ална аа гэсэн. Би түүнийг заамдахад нь босоод гарыг нь хориглоод бариад байж байтал тэр миний нүүр рүү цохисон, би оймстой байсан учир халтираад унасан, тэр залуу миний дээрээс унасан. Ингээд тэр намайг нүүр, ам руу цохиж, үснээс зулгааж хана, шал руу толгойгоор савсан, өрөөний буланд таарсан учир хананд толгой савсан. Би гарыг нь хориглож бариад ярилцъя гээд боссон, тэгтэл тэр залуу гараад яваад өгсөн. Ингээд би шууд цагдаад дуудлага өгсөн юм. Анудариас ямар учиртай залуу болохыг асуухад хуучин найз залуу, салаад өчнөөн удаж байгаа, нэрийг нь А.А гэж хэлсэн. Тэгээд мөн утасны дугаарыг нь аваад А.А руу залгаад цагдаад өгөхөөс өмнө учраа олъё гэж бодоод залгасан боловч утсаа аваагүй, мессеж бичээд холбогдоогүй. Тухайн үед миний уруул хавдсан, зүүн нүд, шанаа хавдсан, хамар, уруулнаас цус гарсан, цээжин дээр өвдөглөсөн учраас хавирга хөндүүрлэж өвдөөд байсан, хавирга хугарсан байж магадгүй гэж бодоод зураг авахуулахад гайгүй байсан. Тэгээд өвдөг, тохой шалбарсан, боосноос болоод хүзүү, хоолой улайж ором гарсан байсан. А.Аыг урьд нь таньж мэдэхгүй, түүнийг огт мэдэхгүй, ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй. Би толгойн болон цээжний томографын зураг авахуулсан, эмчийн бичиж өгсөн эм тариа, тос зэргийг авч хэрэглэсэн, одоо тодорхой санахгүй байна. Эмчилгээ хийлгэсэн баримтууд гэрт байгаа, мөн би өөрөө “Люмино” хамтлагийн гишүүн бөгөөд 2 удаагийн тоглолтонд оролцож чадаагүйгээс орлогоо алдсан. Эдгээр хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Хохирлын талаар баримтыг гаргаж өгнө. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлье…
…Уг хэрэг нилээн удааширч цаг хугацаа өнгөрсөн бөгөөд би гэрт байгаа эмчилгээний баримтууд болох “Мед траума” болон “Люкс мед” эмнэлэгт томографын зураг авахуулахад 135.000 төгрөгийн баримт байна, өөр бусад эм тариа хэрэглэсэн баримтууд нь олдохгүй байна. Үүнээс гадна би өөрөө урлагийн хүн бөгөөд уг үйл явдал болсны дараа нийт 4.500.000 төгрөгийн хөлстэй 2 байгууллагын арга хэмжээнд оролцож чадаагүй, учир нь нүүр ам хөхөрч, хавдсан, ярьж, дуулахад эрүү хөндүүртэй болсон байсан. Уг мөнгөө нэхэмжилмээр байна. Тоглолтын талаар ямар нэгэн баримт байхгүй бөгөөд амаараа ярилцаж тохиролцсон байсан юм. Үүнээс гадна А.А нь надтай огт холбогдоогүй, уучлалт хүсээгүй, болсон асуудалд гэмшээгүй юм шиг байна лээ…гэх мэдүүлэг /хх-ийн 22-26, 46-47 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Анударийн: …А.А бид хоёр 2016 оны 04 дүгээр сараас эхэлж үерхсэн бөгөөд энэ оны 03 дугаар сард салсан боловч хааяа нэг уулздаг юм. А.А ер нь их түргэн ууртай, их хартай юм. Бид хоёр салсан ч гэсэн найз нөхдийн хувиар хоорондоо харилцдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед миний таньдаг ах болох Д.А ах манай гэрт надад баяр хүргэх гэж ирсэн юм. Д.А ах манайд орж ирээд 10 орчим минут болж байтал хаалга хүчтэй тогшихоор нь би онгойлгохгүй хэсэг байж байгаад очиж онгойлгосон. Д.А энэ үед унтлагын өрөөний үүдэнд зогсож байсан юм. Тэгтэл А.А гэрт орж ирээд Д.Аыг чи хэн юм бэ, яах гэж байгаа юм гээд тэр хоёр өөд өөдөөсөө тулж зогсоод духаа нийлүүлээд байсан. Тэгээд харилцан нэгнийгээ заамдаж аваад ноцолдоод газарт унацгаасан. Д.А А.Аын доор орж унасан бөгөөд А.Аыг доороос нь өшиглөхөд А.А зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгэхэд нь би А.Аыг чи юу ч мэдэхгүй байж яаж байгаа юм бэ гээд салгасан. А.А миний үгэнд ороод шууд гараад явсан. Тэгээд Д.А ариун цэврийн өрөөнд орж нүүр гараа угаагаад цагдаа дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн А.Аын: …2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 21 цагийн үед Анударь руу юу хийж байна гэж мессеж бичихэд ээж ирчихсэн асуудалтай байна гэж хариу ирэхээр нь би утас руу нь залгахад цаана нь “I phone” утасны хонх дуугараад Анударийн яриа сэжигтэй байхаар нь би Анударь эрэгтэй хүнтэй хамт гэртээ байгаа юм байна гэж бодоод гэрт нь очиж хаалгыг нь тогшиход Анударь гадуур хувцасаа өмсөөд гараад ирэхээр нь би зөрөөд гэр рүү нь ороход жижиг өрөөнд нь үл таних эрэгтэй хүн сууж байсан. Тэгэхээр нь би чи хэн юм бэ гэхэд тэр залуу босч ирээд чи өөрөө хэн юм гээд духаараа нүүр рүү тулаад бид хоёр харилцан заамдалцаад нэгнийгээ унагаах гэж оролдсон. Тэгээд би тэр Д.А гэх залууг газарт унагахад Д.А миний хэвлий хэсэг рүү жийхээр нь би дээрээс нь нүүр рүү нь хоёр удаа цохиход Анударь чи одоо болиоч ээ гэхээр нь би шууд хаяад яваад өгчихсөн юм. Тэгээд би найзынх руугаа явж байтал 9999999999 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь би авахгүй байтал залгаж байгаа дээр утсаа ав гөлөг минь, үгүй бол яахаа мэдэж байна уу чи гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би хариу бичээгүй бөгөөд уг дугаарыг нь фэйсбүүк дээр хайж үзэхэд “” хамтлагийн дуучин эгч болохыг нь мэдсэн. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Д.Аыг 2 удаа нүүрэн тус газарт нь цохисон юм…гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн А.Аын: …Би тогтоолыг уншиж танилцлаа, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14032 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Д.Аын биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цохонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстанд цус хуралт, язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч А.Бат-Очирын: …А.А нь найз нөхөд болон ажил төрөлдөө нэр хүндтэй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, архи огт хэрэглэдэггүй, зан аашны хувьд төлөв даруу, томоотой, сахилга баттай хүн. Ах маань урьд өмнө цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж ял шийтгэл авч байгаагүй, биеийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл зүйн асуудалд орж байгаагүй бөгөөд энэ төрлөөр эмчилгээ хийлгэж байгаагүй. Одоо бид нэг гэрт амьдардаг бөгөөд аав Андрей, манай эхнэр, хүүхдийн хамт тавуулаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 101 дүгээр байрны 77 тоотод амьдардаг. Ах маань цэргийн алба хааж байгаагүй, 2013 онд байх “Монголын Залуучуудын Холбоо”-ны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 50 дугаар тал/,
- Шүүгдэгч А.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 15 дугаар тал/,
- Шүүгдэгч А.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 дугаар тал/,
- Шүүгдэгч А.Аын ажлын газрын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-108 тоотод Н.Анударьтай хардсаны улмаас Д.Д.Аын нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул А.Ат холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч А.А нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-108 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Н.Анударьтай хардсаны улмаас Д.Д.Аын нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Д.Д.А нь хохирол болох 15.000 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Аоос уг мөнгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 50 дугаар тал/,
Хохирогч Д.Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 4.500.000 төгрөг болон 135.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа боловч түүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж нар овогт ААг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ААг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Аоос 15.000 /арван таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д.Ат /РД: / олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Д.Д.А нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ