| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000037 |
| Дугаар | 2024/ДШМ/43 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/43
Б.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э
Шүүгдэгч: Б.Н
Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э, шүүгдэгч Б.Н нар эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Нт холбогдох 2412000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 100 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, ээж, дүүгийн хамт А аймгийн Ц сумын А багийн Өвөр хужирт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Бийн Н/РД₮000000/
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-нд А аймгийн Э сумын 3 дугаар баг “Н” бааранд хохирогч Т.Г өөрийн эзэмшлийн виза картыг хаяж гээгдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан тухайн картаас 1.400.000 төгрөг авч завшсан,
2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дүгээр багт хохирогч Ц.Цийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хана, эсгий зэргийг эвдэж, нэвтрэн тэжээлийн өвсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 587.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0-р багт байрлах “Б" зочид буудлын 30 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Самсунг Галакси А-21 эс, Самсунг Галакси А-31 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Нт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Х овогт Бийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ныг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож 30/гуч/ хоног буюу 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2024 оны 10 дугаар 10-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шүүгдэгч Б.Нт холбогдох шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал миний бие эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.
Гомдол гаргах учир нь: Тус тогтоолоор ... ХХ-т авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар баг “ Н” бааранд хохирогч Т.Г өөрийн эзэмшлийн виза картыг хаяж гээгдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан тухайн картнаас 1.400.000 төгрөг авч завшсан, 2024 оны 01 дүгээр сарын 13-14нд шилжих шөнө А аймгийн Э сумын 2-р багт байрлах “Б” зочид буудлын 30 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Самсунг галакси А-21, Самсунг галакси А-31 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. ...,... Шүүгдэгч Б.Н нь байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу “ Б” зочид буудлын өрөөнд хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүй сэм нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр,нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна... гэж дүгнэн А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1 дэх хэсэг, 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ныг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, мөн гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Хавтаст хэрэгт цугласан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтыг анхан шатны шүүх зөрүүгүй гэж дүгнэж байгаа талаар шийтгэх тогтоолд дурьджээ. Гэтэл хавтаст хэрэгт цугласан нотлох баримт үүн дотор 2024 оны 01 дүгээр сарын 13-14нд шилжих шөнийн “ Б” зочид буудлын хяналтын камерын бичлэг, эд мөрийн баримт, Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ын 25 хуудас/хохирогч Ч.Дын мэдүүлэг/ХХ-ын 12-14 хуудас, гэрч Ч.Эы мэдүүлэг/ХХ-ын 17-19/зэрэг баримтаас дүгнэхэд тухайн 2024 оны 01 сарын 13-14нд шилжих шөнийн 03 цагаас эхлүүлэн шүүгдэгч Б.Н, хохирогч Ч.Д, гэрч Ч.Э нар танилцан өрөө дамжин орж гаран согтууруулах ундааны зүйл хэрэглэн яриа өрнүүлсэн үйл баримт тогтоогддог. Мөн тухайн өдрийн өглөөний 7 цаг 58 минутад шүүгдэгч Б.Н нь хохирогч Ч.Д, Ч.Э нарын байрлаж байсан 30 тоот өрөөнд дахин орсон бөгөөд түүнийг өрөөнд орж ирснийг мэдэж байсан талаараа хохирогч Ч.Д, гэрч Ч.Э нар мэдүүлдэг.
/ХХ-ын 12-14 хохирогч Ч.Дын мэдүүлэгт/ ...шөнө өрөөнд орж ирээд би Ц сумынийн Н гэдэг хүн байна гээд танилцан ярьж сууж байгаад гарсан залуу дахин өглөө 08 цагийн үед өрөөнд орж ирсэн... гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ч.Эы ...шөнө орж ирээд танилцсан залуу өглөө ганцаараа дахин орж ирсэн... гэж мэдүүлсэн. Хохирогч болон гэрч хоёул Б.Ныг өрөөнд нь орж ирснийг мэдсэн, мэдсэн атлаа ямар нэг хориглосон, дургүйцсэн байдал гаргасан байдал тогтоогдоогүй. ӨХ: өрөөндөө орж ирэхийг зөвшөөрсөн байх нөхцөл байдалтай, хэвийн л үйл явдал шиг хүлээж авсан байдал тогтоогдож байна гэж үзэх үндэстэй. Энэ байдал нь камерын бичлэгээр мөн давхар нотлогддог.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болох талаар УДШ-ийн 2019.10.30-ний өдрийн 570 дугаартай тогтоолд заасан.
Хохирогч Ч.Дын шүүгдэгч Б.Бийг танихгүй, төрөл садан болон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй гэх мэдүүлгийг үндэслэн Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч Б.Ныг 2024 оны 01 дүгээр сарын 13-14-ны шилжих шөнө “ Б”зочид буудлын 30 тоот өрөөнд сэм нэвтэрсэн гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэсэн сэм нэвтэрсэн гэх үйл явдал нь хохирогч болон гэрч нарын шүүгдэгч Б.Нын орж ирснийг мэдсэн талаар өгсөн мэдүүлгээр няцаагддаг. Мөн хохирогч болон гэрч нар хэн аль нь тухайн шөнө шүүгдэгчтэй танилцан тухайн үйл явдлаас үүдэн өрөөнд орж ирэхэд нь хориглоогүй, ямар нэг байдлаар өрөөнд нэвтэрч орж ирэхийг зөвшөөрөөгүй байдал тогтоогдоогүй, тухайн өрөөний үүд хаалган дээр нэвтрэхийг хориглосон ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, хориг саадыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байтал түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсныг үндэслэн шүүгдэгч Б.Нын 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0-р багт байрлах “Б” зочид буудлын 30 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн нэвтрэлттэй үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо ... А аймгийн Ц сумын иргэн Б.Н миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд холбогдон шүүхээс 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Миний бие А аймгийн Ц сумын А 4-р багт ээжийн хамт амьдардаг. Одоо ам бүл хоёулаа, төрсөн дүү маань энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. Намайг хоригдож байгаа энэ хугацаанд ээж маань ор ганцаараа байгаа. Миний ээж Б аймгийн харъяат хүн байгаа юм. А аймагт төрсөн, ах, дүү төрөл садан байхгүй. Ээж маань эрүүл мэндийн байдал тун тааруу зүрхний өвчтэй, эмч эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Миний ээж Батчимэг нь хөдөө мал дээрээ ганцаараа сэтгэл санаа тогтворгүй, биеийн байдал тун тааруу байна. Миний бие гэмт хэрэгт холбогдон бусдад хохирол учруулсан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг бүгдийг бүрэн нөхөн төлсөн байгаа. Би дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ ... Шүүгдэгч Б.Ныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.Н мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байдаг. Хоёрдугаарт хохирогч болон шүүгдэгч нар шөнө 3 цагийн үед танилцдаг. Энэ хүн өглөө 8 цагийн үед дахин 30 тоот өрөө рүү орох зөвшөөрөл олгосон гэж үзэх нөхцөл байдлыг бий болгохгүй. Б зочид буудлын 30 тоот өрөө нь нийтийн орчин биш. Тухайн үед хохирогч Д болон гэрч Э нар Б зочид буудлын 30 тоот өрөөний төлбөрөө төлөөд тухайн өрөөнд байрлаж байгаа нь тэр хүмүүсийн эзэмшилд шилжиж байгаа. Тэгэхээр тухайн өрөө рүү нэвтрэхэд Д болон Э нарын зөвшөөрөл шаардлагатай. Түүнээс биш нийтийн орчин биш учраас хэн нэгний зөвшөөрөлгүйгээр хүн бүхэн орж гарах боломжгүй. Саад бүхий тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй гэж байна. Бичлэгээр хаалга онгойлгоод орж байна. Хаалга гэдэг нь ямар нэгэн зүйлийг орохыг хориглож байгаа, нэвтрэхийг хааж буй зүйл юм. Б.Ныг тухайн өрөөнд нэвтрэх үед хохирогч нар унтаж байсан. Тухайн үед болсон процессыг бүрэн ойлгох чадваргүй, хоёулаа унтаж байсан учраас нууц далд аргаар хулгайлах гэмт хэргийг хангаж байна гэж дүгнэсэн юм. Мөн өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шилжүүлж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байгаа тул хулгайлгах гэмт хэрэг үйлдсэн дээрээ маргахгүй, харин хууль бусаар нэвтэрсэн гэдэгт маргаж байгаа юм байна. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа. Хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд зааснаар нэвтэрсэн гэдгийг онгорхой байхад нь сэм орох бусад аргаар нэвтрэх орохыг ойлгоно гэж байгаа. Нэвтрэх гэдэг нь эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр тухайн орон байр агуулах саванд нэвтэрч буй үйлдлийг хэлнэ. Тиймээс шөнийн 3 цагийн үед орж танилцаад удаагүй гараад явсан гэж хохирогч болон гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгдөг. Орж танилцаад уулзаж байгаа нь өглөө 8 цагийн үед дахин тухайн өрөө рүү нэвтрэх эрхийг бий болгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгч Б.Нын 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дугаар багт байрлах Б зочид буудлын 30 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирогч Дд 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн нэвтрэлтийн шинж тогтоогдсон гэдэгт эргэлзээтэй нөхцөл байдал төрж байгааг харгалзан үзэж энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. Түүний үйлдсэн хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ төлөгдсөн байгаа байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж гэмшиж байгаа байдал, түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж уг зүйлчлэлийг зөвтгөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Прокурорын санал, дүгнэлтийг сонсоход хохирогч болон гэрч нарыг тухайн 30 тоот өрөөнд унтаж байсан, тухайн үед болсон үйл явдлыг ойлгох чадваргүй байсан мэтээр тайлбарлалаа. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийг шөнө орж ирсэн гэдгийг хоёулаа мэдсэн байгаа байдлаар мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн материалд хэд хэдэн удаа өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Сэм нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогддоггүй. Тухайн үед болсон үйл явдлыг ямар нэгэн байдпаар эсэргүүцэж, зөвшөөрөөгүй үйл явдал тогтоогддоггүй ийм нөхцөл байдал байдаг ... гэв.
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний ар гэрийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ныг 2024 оны 01 дүгээр сарын 03-нд А аймгийн Э сумын 3 дугаар баг “Н” бааранд хохирогч Т.Г өөрийн эзэмшлийн виза картыг хаяж гээгдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан тухайн картаас 1.400.000 төгрөг авч завшсан, 2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр багт хохирогч Ц.Цийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хана, эсгий зэргийг эвдэж, нэвтрэн тэжээлийн өвсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 587.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 2-р багт байрлах “Б" зочид буудлын 30 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Самсунг Галакси А-21 эс, Самсунг Галакси А-31 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-нд А аймгийн Э сумын 0 дугаар баг “Н” бааранд хохирогч Т.Гийн картыг олж, улмаар уг картыг АТМ-д уншуулан 1.400.000 төгрөг авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Прокурор шүүгдэгч Б.Нт холбогдох дээрх үйлдэлд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг хаяж гээгдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад, анхан шатны шүүх алдааг зөвтгөхгүй улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүр мөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр уг картыг АТМ машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцах дансанд хууль бусаар нэвтэрч, улмаар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэж үзнэ.
Прокурор Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж ирүүлснийг шүүх зөвтгөхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Нт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Нт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Нт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Б.Б