Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/ШШ2026/0013

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Сангийн сайд

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Д

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Б.Г

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.Н

Иргэдийн төлөөлөгч Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

Хэргийн индекс: 221/2026/0008/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус холбогдуулан Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Бидний гаргасан нэхэмжлэл Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 5/** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 2.1 болон 6.3 дугаар зүйл өөр хоорондоо зөрчилдсөн тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д заасан Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагад “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” гэж заасан байна. Бидний зүгээс тус заалтууд нь өөр хоорондоо зөрчилдсөн гэж үзэж үндсэн нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тусгасан болно. Мөн журмын 6.3, 6.4 дүгээр зүйл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасныг зөрчсөн, их орлоготой даатгалын компанид ашигтай, бага орлоготойг нь тус зах зээлээс шахан гаргахад чиглэсэн байх тухай нэхэмжлэл гаргасан.

Тайлант жилийн эцэст тус журмын дагуу Ү ХК-тай даатгалын компаниуд тооцоо нийлдэг бөгөөд 2024 оны даатгагчдад хуваарилагдах хөрөнгийн хэмжээ бүхий баримтаас хамгийн бага орлоготой компани буюу манай “Х” ХХК болон бусад даатгалын компаниудын орлогын харьцааг харах боломжтой. Тус баримтын 15 дахь хэсэгт Чөлөөт үлдэгдэл буюу орлогын хэмжээг “Х” ХХК 120,939,198 төгрөг, нийт Даатгалын компаниудын үлдэгдэл 1,676,300,935 төгрөг гэсэн ба 18 дахь хэсэгт “Х” ХХК-ийн дээрх үлдэгдлээс журмын дагуу 80 хувийг буюу 96,751,358 төгрөгийг хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх тухай дурдсан. Харин нийт даатгалын компаниудын хувьд 677,259,512 төгрөгийг санд хуримтлуулахаар байх ба энэ нь ердөө дунджаар 40 орчим хувьд хүрэхээр байна.

Аливаа татвар, хураамж, шимтгэл, сан нь тухайн этгээдийн ашиг орлоготой уялдаатай, орлогоосоо тооцсон хувиар бүгд эрх тэгш байдлаар санг төвлөрүүлдэг байх ёстой гэж үзэж байна. Дээрхийг энгийнээр тайлбарлавал бид 2024 онд 120,939,198 төгрөгийн ажил хийж, үйлчилгээ үзүүлсэн боловч 96,751,358 (80%) төгрөгийг бусад даатгалын компаниудын дундын эрсдэлийн, буцаан олгогдохгүй нөхцөлтэй санд үлдээсэн. Харин бусад даатгалын компаниуд 1,676,300,935 төгрөгийн олсон ашгаасаа 677,259,512 (40% дунджаар) төгрөгийг тус санд хуримтлуулсан байна. Энэ нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, цаашид ч зөрчигдөж болзошгүйг нотлоход хангалттай үйл баримт юм.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчих нь тодорхой болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу тус хэм хэмжээний актын 6.3, 6.4 дүгээр зүйлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Б.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Журмын 2 дугаар зүйлд хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, зарцуулахад баримтлах зарчмыг тусгасан бөгөөд 2.1 дэх заалтаар хамтын эрсдэлийн санг актуар тооцоололд үндэслэн жил бүр бүрдүүлэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл уг заалтаар хамтын эрсдэлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зарчмыг тогтоосон. Харин журмын 6 дугаар зүйлд хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдлийг хэрхэн хуваарилах, ашиглахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Уур амьсгалын өөрчлөлт, зуд зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэхийн хэрээр даатгалын тохиолдол үүсэх эрсдэл нэмэгдэхтэй холбогдуулан даатгуулагчдад олгох нөхөн төлбөрийн нөөц санг нэмэгдүүлэх, мөн даатгагчдын эрсдэл даах чадварыг бэхжүүлэх зорилгоор даатгагчид ногдох хөрөнгийн тодорхой хэсгийг санд үлдээхээр зохицуулсан болно.

Тодруулбал журмын 6.3 дахь заалтад “... даатгагчид ногдох хөрөнгийн 80 (наян) хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх ба энэхүү хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэнэ” гэж заасан. Тус зохицуулалтын дагуу хамтын эрсдэлийн санд үлдээсэн хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэх бөгөөд энэ нь даатгагчийн хөрөнгөд бүртгэгдэх боловч зөвхөн даатгуулагчдад нөхөн төлбөр олгох зорилгоор ашиглагдах зориулалттай байна. Иймд журмын 2.1 болон 6.3 дахь заалтууд нь өөр өөр харилцааг зохицуулж байгаа бөгөөд нэг нь хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, нөгөө нь сангийн хөрөнгийн үлдэгдлийг хуваарилах, ашиглах асуудлыг тус тус зохицуулсан зохицуулалт юм.

Журмын 6.3 дахь заалтад заасан хамгийн бага хөрөнгийн үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн 80 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн санд үлдээх зохицуулалт нь даатгуулагчдад олгох нөхөн төлбөрийн нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, мөн даатгагчдын эрсдэл даах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.Тус зохицуулалтын дагуу хамтын эрсдэлийн санд үлдээж буй хөрөнгө нь тухайн даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдэх бөгөөд тухайн даатгалын компанийн хөрөнгө хэвээр хадгалагдана. Тодруулбал санд үлдээх хөрөнгө нь зөвхөн даатгуулагчдад нөхөн төлбөр олгох зориулалтаар ашиглагдах бөгөөд бусад даатгагчид шилжих, эсхүл дахин хуваарилагдахгүй, тухайн даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдэн хадгалагдах зохицуулалттай байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгалын төслийг анх 2006 оноос 4 аймагт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2010 онд тохиосон зудын дараагаас төслийн хамрах хүрээг өргөтгөж, нийт 21 аймагт хэрэгжүүлэх болсон. Улмаар Улсын Их Хурлаас 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг баталж, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Малын индексжүүлсэн даатгалын сан нь дараах төрөлтэй байна”, 25.1.1-д “даатгагчдын Хамтын эрсдэлийн сан”, 25.1.2-т “давхар даатгалын компанийн сан”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална” гэж тус тус заасан.

Ийнхүү Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдсантай холбоотойгоор хуулийн 26.2-т заасны дагуу Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 91/*** тоот хамтарсан тушаалаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг анх баталсан. Тус журам нь хамтын эрсдэлийн санг удирдах, сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх, нөхөн төлбөр төлөх, хөрөнгийг зарцуулах ажиллагааг зохицуулах зорилготой бөгөөд журамд тусгагдсан гол зохицуулалт нь нөөц сан байгуулах буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын 6.3 дахь хэсэг юм.

Өөрөөр хэлбэл, МИД төсөл хэрэгжиж байсан хугацаанд дундын сан буюу хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгосны дараах үлдэгдлийг даатгагч нарт ногдол ашгаар хуваарилдаг байсан бол тус журмаар даатгагч нар сангаас хуваарилагдсан үлдэгдлийн тодорхой хэсгээр хуримтлал үүсгэж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн улмаас учрах томоохон хэмжээний хохирлыг барагдуулах нөөц хөрөнгийг бий болгох зохицуулалт юм. Улмаар Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр хамтарсан тушаалаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг дахин баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаарт бүртгүүлсэн. Ингэхдээ журмын 6.3 дахь хэсэгт зохицуулалтын өөрчлөлт ороогүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 62.1, 62.2-т тус тус заасны дагуу журмын төсөлд даатгалын салбарын мэргэжлийн оролцогчид болон олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудаст 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй байршуулан санал авсан. Үүний дагуу, “Ү” ХК-аас холбогдох саналыг ирүүлсэн. Түүнчлэн, журмын төсөлд санал авахаар Хорооны 2018.02.07-ны өдрийн 6/*** тоот албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамнаас 2018.03.02-ны өдрийн 8-1/**** тоот албан бичгээр холбогдох саналыг ирүүлсэн болно. Өөрөөр хэлбэл тус журмын төслийг батлахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгээс санал авсан, тус саналыг маргаан бүхий хэм хэмжээний актад тусгасан, эсхүл тусгаагүй талаар танилцуулга бүхий мэдээллийг бэлтгэж хэм хэмжээний актын төслийг боловсруулж, баталж, эрх бүхий байгууллагад хүргүүлж, хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн болно. Энэхүү хариу тайлбарын хавсралтаар холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан.

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Журмын 2.1 болон 6.3 дахь хэсэг өөр хоорондоо зөрчилдөөгүй талаар; Санхүүгийн зохицуулах хороо нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгалын зах зээлд оролцогчдын эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалын үйлчилгээ үзүүлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагад зохицуулалтын шаардлага тавих хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлж, зохицуулдаг.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд тус даатгалын эрсдэлийг бага, дунд, дээд гэсэн түвшинд ангилан, бага түвшинд гарсан эрсдэлийг малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр, дунд түвшинд гарсан эрсдэлийг даатгагч нар хамтын эрсдэлийн санд оруулсан хөрөнгөөр, дээд түвшинд гарсан эрсдэлийг давхар даатгалын компани холбогдох сангийн хөрөнгөөр хариуцахаар тус тус тусгасан байдаг. Иймд даатгалын тохиолдол болсон үед Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 8.1.2-т заасан дунд түвшний эрсдэлийг даатгагч нар хариуцан, эрсдэлийг хуваах, нөхөн төлбөр олгох зорилгоор “хамтын эрсдэлийн сан”-г даатгагчид хамтран бүрдүүлдэг. Тус санг тайлант хугацааны эхэнд даатгалын эрсдэлийн хураамжаас тооцож хөрөнгө төвлөрүүлэн бүрдүүлж, даатгагчид хамтран удирддаг бол тайлант хугацааны эцэст сангийн үлдэгдэл хөрөнгийг хуваарилан, өгөөж хүртдэг онцлог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, журмын 2.1 дэх хэсгээр хөрөнгө төвлөрүүлэх, харин 6.3 дахь хэсгээр хуваарилагдсан үлдэгдэл хөрөнгөөс нөөц сан бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг тул журмын 2.1 болон 6.3 дахь хэсэг өөр хоорондоо зөрчилдөөгүй болно.

Хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, хөрөнгийг зарцуулах үйл ажиллагаа дараах хэлбэрээр явагддаг: Хөрөнгө төвлөрүүлэх: “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу даатгагчид хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг даатгалын эрсдэлийн хураамжаас актуар тооцооллоор тооцож, жил бүр төвлөрүүлдэг. Ингэхдээ журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу даатгагчид хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийг даатгалын борлуулалтын улирал дууссанаас хойш хуанлийн 60 хоногийн дотор тус санд шилжүүлэх зохицуулалттай. Санг удирдах: Журмын 3 дугаар зүйлд заасны дагуу Хамтын эрсдэлийн санг оролцогч даатгагчид хамтарч томилсон 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба удирддаг. Сангийн хөрөнгийг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26.1-д заасны дагуу тусгайлсан дансанд байршуулах бөгөөд тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах тухай даатгагчдын хамтарсан шийдвэрийг үндэслэн давхар даатгагчийн гүйцэтгэх захирал тусгайлсан данснаас зарцуулалт хийнэ. Журмын 4, 5 дугаар зүйлд заасны дагуу даатгагчид хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, мөн тус сангаас нөхөн төлбөр олгодог.

Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдэл: Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө нь даатгагч бүрээс төвлөрүүлсэн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын орлогын нийлбэртэй тэнцүү байх бөгөөд сангийн хөрөнгийн үлдэгдэл нь тус сангийн хөрөнгөөс олгосон болон олгохоор тооцсон нөхөн төлбөр, ажлын албаны зардлыг хассан дүнтэй тэнцүү байдаг. Тайлант хугацааны эцэст буюу тухайн жилийн нөхөн төлбөрийг олгосны дараа сангийн үлдэгдлийг даатгагчдын тус санд оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилдаг. Нөөц сан: Тус журмын 6.3 дахь хэсэгт заасны дагуу тайлант жилийн эцэст хамтын эрсдэлийн сангаас хамгийн бага хөрөнгийн үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн 80 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх ба энэхүү хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд хуримтлуулах зохицуулалттай. Ингэснээр хохирол багатай буюу нөхөн төлбөр бага олгогдсон жилүүдэд нөөц сангийн хуримтлалыг бий болгох, гамшгийн эрсдэл тохиолдох үед хохирол барагдуулах чадавх болон салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Даатгалын гэрээний явцад үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангах, ирээдүйд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөхөд зориулан байгуулж буй нөөц санг хангалттай, хүрэлцэхүйц хэмжээгээр байгуулаагүйгээс нэг талаас, даатгагчийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх, нөгөө талаас, даатгуулагч нөхөн төлбөр авч чадахгүй байх, даатгуулагчийн эрх ашиг хохирох эрсдэлийг дагуулдаг. Гамшгийн эрсдэл буюу газар хөдлөлт, үер, ган, зуд зэрэг гамшигт үзэгдэл тохиох тохиолдолд түүний улмаас учрах хохирлын хэмжээ маш өндөр байдаг тул даатгалын компаниуд хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний нөөц санг байгуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, 2023 онд даатгалын компаниуд 35,703 малчин өрхийн 7 сая толгой малыг Малын индексжүүлсэн даатгалд хамруулж, 4.9 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг төвлөрүүлсэн бол 2023-2024 онд тохиосон зудын гамшгийн улмаас хохирсон 22,034 даатгуулагчид нийт 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна.

Мөн журмын 6.3, 6.4-р зүйл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасныг зөрчөөгүй талаар; Малын индексжүүлсэн даатгал нь даатгуулагчид учирсан бодит хохиролд үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгодог уламжлалт даатгалын бүтээгдэхүүнээс ялгаатай буюу даатгалын гэрээний хугацаанд сумын хэмжээнд гарсан том малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан бүх даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог онцлогтой индексжүүлсэн даатгал юм.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчид хохирол учраагүй байсан ч тухайн сумын хорогдол босго үзүүлэлтээс давсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой байдгаараа онцлогтой бөгөөд тус даатгал нь малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдийн мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлийн улмаас үүсэж болзошгүй гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилго бүхий чухал ач холбогдолтой даатгалын бүтээгдэхүүн юм.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр хамтарсан тушаалаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг баталсан. Тус журмаар хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх, нөхөн төлбөр төлөх, хөрөнгийг зарцуулах ажиллагааг зохицуулдаг бөгөөд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 13.1-д заасан шаардлага хангасан, хамтын эрсдэлийн санд оролцогч даатгагч нар мөрдөж ажиллах юм. Журмын 6.3, 6.4 дүгээр хэсэгт заасан зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш 11 жилийн хугацаанд тус журмын хэрэгжилттэй холбоотой аливаа гомдол, маргаан гарч байгаагүй.

Журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дүгээр хэсэг нь хамтын эрсдэлийн санд хөрөнгө хуримтлуулах буюу нөөц сан байгуулах зохицуулалт бөгөөд тайлант хугацааны эхэнд оролцогч даатгагчид бүгд ижил дүнгээр санд хуримтлал үүсгэдэг. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хамтын эрсдэлийн санд шинээр нэгдэн орох даатгагч нь өмнөх тайлант жилийн эцэст даатгагч бүрийн хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээсэн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгалын борлуулалтын улирал эхлэхээс өмнө тус санд төвлөрүүлдэг болно.

Нөгөөтээгүүр Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хянан үзэж, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр хамтарсан тушаалаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам” нь хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам” нь холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үүсээд байгаа бодит нөхцөл нь манай улсад нийт 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний давхар даатгалаас ирүүлсэн 2020-2025 оны  хамтын эрсдэлийн санд  оруулсан хөрөнгийн санхүүгийн баримтаас үзэхэд анх журам батлагдах үе буюу 2020 онд зах зээлд 10 даатгалын компани үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч 3 жилийн дараа буюу 2023 онд Т даатгал, М даатгал, Н даатгал зэрэг даатгалын компаниуд энэ зах зээлээс шахагдан гарсан. 2026 онд нэг ч даатгалын компани нэмэгдээгүй. Зөвхөн өрсөлдөгч даатгалын компаниуд хасагдах зарчмаар явсан. Н даатгал 2020 онд хамгийн бага ашигтай ажиллаад 2021 онд тус зах зээлээс гарсан. Т даатгал, М даатгал ХХК тус зах, зээлээс гарсан нь хэргийн 186, 206 талд авагдсан баримтаар нотлогдоно. Т даатгал, М даатгал нар 2022 онд хамгийн бага ашигтай ажилласан бөгөөд 2023 онд тус зах зээлээс гарсан. Манай байгууллагын хувьд 80 хувийг үлдээдэг зохицуулалтаас болж энэ зах зээлээс гарах нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Дээрхээс үзэхэд хамгийн бага ашигтай ажилласан компаниуд нь дараа жил нь зах зээлээс гарах эсвэл 2 жил тэсээд гарч байна. Даатгалын компаниудын тоо эрс буурч байгаа нь зах зээлийн орчин эрүүл бус байгааг харуулж байна.

Анхнаасаа журам батлахдаа эрх ашиг нь хөндөгдөх бүлэгт ямар хор, хохирол учирч болох талаарх судалгааг төрийн байгууллага сайн хийсэн юм уу. Санхүүгийн зохицуулах хорооны ерөнхий чиг үүрэг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ нь Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг нь зах зээлийн тогтвортой байдлыг хангах юм. Гэтэл батлагдсан байгаа хэм, хэмжээний актаас харахаар энэ нь тогтвортой байдлыг хангах бус илүү ашиг орлоготой том даатгалын байгууллагуудад боломж олгосон хэм, хэмжээний акт баталж, өөрийн үндсэн чиг үүргээ зөрчиж акт баталсан. Даатгуулагчийн даатгагчаа сонгох боломжийг энэхүү хэм, хэмжээний актаар хязгаарлаж байгаа. 2023 онд 3 даатгагч компани зах зээлээс хасагдсан, 2026 онд дахиад нь хэд нь хасагдахыг мэдэхгүй байна. Хөдөө орон нутагт малын индексжүүлсэн даатгалыг сонгож хэрэглэсэн малчдад даатгагчаас сонгох боломж хязгаарлагдаж байна. Хөвсгөл аймагт Тэнгэр даатгал, Монре даатгал үйл ажиллагаа явуулдаг юм уу, мэдэхгүй байна. Гэтэл хөдөө орон нутаг байгаа даатгагч компани зах зээлд давамгай даатгагч компаниас илүү боломжийн нөхцөл, боломжийн хураамжийг даатгуулагч нарт санал болгохыг үгүйсгэхгүй. Үүнийг хэм, хэмжээний актын 3.4 дэх заалтаар хязгаарлаж байна. Хэм, хэмжээний актаар даатгагчид давхар даатгалдаа 37.5 хувийн эрсдэлийг давхар даатгуулж байхад дахин эрсдэлийн санд эрсдэлийн хуримтлал гээд 80 хувийн үлдэгдэл үлдээгээд байна. Эрсдэлийн сан юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь бид эрсдэлээ давхар даатгалд 37.5 хувиар жил бүр актуар тооцооллоор өөр, өөр хувиар даатгуулж байгаа. Сангийн сайд хариу тайлбартаа журамдаа тус зохицуулалтын дагуу хамтын эрсдэлийн санд үлдээж буй хөрөнгө нь тухайн даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдэх бөгөөд даатгалын компанийн хөрөнгө хэвээр хадгалагдана гэсэн байдаг. Гэхдээ энэ бол манай компанийн хөрөнгө биш шүү дээ, журмын 6.4-д зааснаар даатгагчид хуваарилагдсан хөрөнгийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдсэн хөрөнгөөс бусад буюу бид санд мөнгөө хийснээс бусад нь бидний мөнгө болж байгаа болохоос биш санд байгаа мөнгө даатгалын компанийн хөрөнгө биш юм. Санхүүгийн зохицуулах хорооны хариу тайлбараас харахад журмын 6.3, 6.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш 11 жилийн хугацаанд тус журмын хэрэгжилттэй холбоотой аливаа гомдол маргаан гарч байгаагүй гэсэн байна. Бодит нөхцөл байдал дээр даатгалын компани олон болоод зах зээл нь хуваагдаа ирэхээр гомдол гарах нь ойлгомжтой, харин үүнийг яаж зохицуулах вэ гэдэг нь асуудал болж байгаа юм. Мөн  журмын 6.3, 6.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хамтын эрсдэлийн санд хөрөнгө хуримтлуулах буюу нөөц санг байгуулах зохицуулалт бөгөөд тайлант хугацааны эхэнд оролцогч, даатгагчид ижил дүнгээр хуримтлал үүсгэнэ гэж заасан. 80 хувьд гэдэг хүн 80 хувь гэдэг ижил дүн боловч хураамжийн орлогоосоо тооцож үзэхээр өөр дүн юм. Хамгийн бага орлоготой даатгалын компанийн 80 хувийг хуримтлалын санд  үлдээж байгаа нь хамгийн их орлоготой даатгалын компанийн 3 хувь байгаа.

Санхүүгийн зохицуулах хороо даатгагч нарыг зах зээлд ижил түвшинтэй оролцох гэж байна. Хамгийн бага орлоготой даатгагчийн 80 хувийг санд төвлөрүүлэх нь ижил тэгш байдал биш юм. Бид 80 хувьтай маргаж байгаа, яагаад 80 хувь гэж тогтоосон талаар шүүгч асуухаар хариулахгүй байна. Актуар тооцоолол нь ирээдүйд учирч болох эрсдэлийг тооцоолдог. Жил бүр эрсдэл өөрчлөгдөж байхад сүүлийн 10 гаруй жил 80 хувийг баримталсан юм бэ. 80 хувийг өөрчлөх боломжтой бол өөрчлөх ёстой. Давхар даатгалд эрсдэлээ даатгуулсан атлаа дахин эрсдэлийн санд мөнгө хуримтлуулна гэж байгаа нь даатгалын үйл ажиллагаа хэдий сайн дурынх ч гэсэн даатгалын бүтээгдэхүүнийг борлуулахад хүндрэлтэй байна. Хэрэв ижил тэгш гэж байгаа бол бүгдийнх нь оруулсан хураамжийн орлогоос адилхан 80 хувийг байршуулах ёстой. Ямар ч малчин даатгуулахдаа мэддэг хэдэн даатгалаа хэлнэ. Цаана нь олон даатгагч компани байгаа. Даатгалын бүтээгдэхүүнийг банк борлуулж байгаа. Сурталчилгаа сайн хийсэн компани 80 хувийг харьцангуй багаар биелүүлэх боломжтой болж байна” гэв.

6. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Б.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Журмын тодорхой 2 заалт хоорондоо зөрчигдсөн гэдэг тайлбар гаргаж байна. Журмын 2.1 дэх зохицуулалт нь хөрөнгийг санд хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг зохицуулсан зарчмын заалт байгаа. Журмын 6.3 дахь заалт нь нөхөн төлбөр олгосны дараа үлдэгдэл хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэгтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Журмын 6.3 дахь заалтад заасны дагуу 80 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч тус бүр хуримтлалын дансанд үлдээдэг. Хуримтлалын дансанд үлдээхдээ учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгддэг. Давхар даатгалын компанитай жил бүр алдагдал зогсоох давхар даатгалын гэрээ байгуулдаг. Уг гэрээг даатгалын компани зөвшөөрсний үндсэн дээр байгуулдаг. Анх санг бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан. Журмын 6.3-д заасан байгаа хөрөнгө нь даатгалын компанийн хөрөнгө хэвээрээ үлдэх зохицуулалт нь тус журмын 6.4, 6.5-д зааснаар зохицуулагдсан. Ердийн даатгалын нөөц сангийн хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмийн дагуу хөрөнгийг зарцуулна. Хэрэв даатгалын компани тухайн борлуулалтаас гараад дахин борлуулалт хийхгүй тохиолдолд тухайн хөрөнгө нь даатгалын компанийн хөрөнгө болж буцаж даатгалын компанидаа очих зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

7. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг нь зах зээлийн тогтвортой байдлыг хангах юм. Даатгалын салбарын зах зээлд даатгалын компани болон даатгуулагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Даатгалын зах зээлд орж ирж байгаа компаниуд нөөц сантай байхгүй бол хохирол болоход даатгуулагч иргэн хохирч үлдэх гээд байгаа. Малын индексжүүлсэн тогтолцоо нь олон жил болж байгаа бөгөөд цаашид үүнийг авч үлдэх үүднээс уг журмын зохицуулалт хэрэгжиж байгаа. Уг даатгал нь сайн дурынх учраас ямар нэгэн байдлаар шахах субьектив харилцаа байхгүй. Хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Иргэдийн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “2015 онд хамтын эрсдэлийн сангийн үйл ажиллагааны хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг үр дүнд хэрэгжүүлсэнд талархаж байна. Гэхдээ малын индексжүүлсэн даатгалын санд 80 хувийг үлдээх зохицуулалт нь ашиг багатай байгууллагуудад Санхүүгийн ачаалал үүсгэж, өрсөлдөх чадварыг бууруулах эрсдэлтэй байна. Иймд энэхүү хувь хэмжээг дахин судалж, байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан зохицуулах шаардлагатай” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн үйл баримтын тухайд:

2. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу хариуцагч Сангийн сайд болон Санхүүгийн зохицуулах хороонд “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам”-ыг батлах эрх хэмжээ олгогдсон бөгөөд “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам” нь хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх, нөхөн төлбөр төлөх, хөрөнгийг зарцуулах ажиллагааг зохицуулах зорилготой.

3. Анх Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 91/*** дугаар тушаалын хавсралтаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг баталж, мөрдөж байжээ.

4. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр тушаалын хавсралтаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгчээс энэхүү журмын 6.3, 6.4 дэх хэсэгтэй холбоотой маргаж байна.

5. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 5/** дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан дээр журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн * дугаарт нийлэгдэж хүчин төгөлдөр мөрдөгджээ.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

6. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “ "Хамтын эрсдэлийн сан" гэж даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хамтран хариуцахаар хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуулийн дагуу байгуулсан санг”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Малын индексжүүлсэн даатгалын сан дараах төрөлтэй байна”, 25.1.1-д “даатгагчдын Хамтын эрсдэлийн сан”, 25.1.2-т “давхар даатгалын компанийн сан”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна”, 26.2-т “Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална” гэж тус тус заасан.

7. “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам”-ын 2.1-д “Хамтын эрсдэлийн санд оролцогч даатгагчдын хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг даатгалын эрсдэлийн хураамжаас актуар тооцооллоор тооцож, жил бүр төвлөрүүлнэ”, Зургаа. Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдэл, түүнийг хуваарилах, 6.3-д “Тайлант жилийн эцэст хамтын эрсдэлийн сангаас хамгийн бага хөрөнгийн үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн 80 (наян) хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх ба энэхүү хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэнэ”, 6.4-д “Даатгагчдад хуваарилагдсан хөрөнгийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдсэн хөрөнгөөс бусад хэсэг нь даатгагчийн ашиг байна” гэж тус тус журамлажээ.

8. Дээрх хууль болон журмын заалтуудаас үзэхэд, даатгалын компаниуд  Хамтын эрсдэлийн санд мөнгөн хөрөнгө (оруулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ харилцан адилгүй) төвлөрүүлэх бөгөөд тайлант жилийн эцэст хамгийн бага хөрөнгийн үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн санд үлдээж, улмаар даатгагч нар Хамтын эрсдэлийн санд (80 хувь) хуримтлал үүсгэдэг, даатгуулагчдад олгох нөхөн төлбөрийн нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, учирч болох эрсдэлийн улмаас хохирлыг барагдуулах нөөц хөрөнгийг бий болгох зохицуулалттай байна.

9. Хариуцагч нараас  “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам”-ыг шинэчлэн батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/*** дугаар тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу төсөл бэлтгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний  танилцуулга, төслийн танилцуулга, даатгалын зах зээлд оролцогчид, мэргэжлийн холбоод болон олон нийтээс цахим хэлбэрээр санал авах ажиллагааг тус тус хийсэн баримтуудаар тогтоогдож байна.

10. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 6/*** дугаар албан бичгээр Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журмын төсөлд санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн байна. Улмаар Сангийн яамны 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8-1/**** дугаар албан бичиг, “Х” ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03/** дугаар албан бичгээр тус тус Журмын төсөлд санал өгчээ.

11. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Журмын төслийн танилцуулгад “Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өмнөх журамд заасан нэр томьёотой холбогдох болон хуулиар эрх олгоогүй харилцааг зохицуулсан заалтуудыг хассан, Холбогдох заалтуудыг хассантай холбоотой журмын заалтуудаар тодорхойлсон. Тухайлбал төслийн 1.2, 1.3 дахь заалтуудыг нэмсэн, мөн Сангийн яам, “Х” ХК-ийн саналын дагуу холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн төслийн 4.4, 4.5.2, 4.7.2, 6.5, 8.1 гэх мэт зарим заалтуудыг өөрчилж найруулсан. Журмын төсөлд Сангийн яамнаас холбогдох саналыг авсан, Даатгалын зах зээлд оролцогчид, мэргэжлийн холбоод болон олон нийтээс цахим хэлбэрээр санал авахаар Хорооны цахим хуудаст 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байршуулж санал авсан. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-иас холбогдох санал ирүүлсэн бөгөөд тус компанийн төлөөллүүдтэй уулзалт, ярилцлага хийсэн” гэж журмыг шинэчлэн батлах эрх зүйн үндэслэл бүрдсэн талаар дурдсан байна.

12. Мөн Журмын төсөлд хийсэн Нөлөөллийн шинжилгээний танилцуулгад “...Журмын төсөлд өмнөх журамд заасан нэр томьёотой холбогдох болон хуулиар эрх олгоогүй харилцааг зохицуулсан заалтуудыг хасаж, үүнтэй холбоотой нэр томьёог томьёолохгүйгээр журмын заалтуудаар нэмж тодорхойлсон” гэжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

14. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

15. Дээрхээс үзэхэд, “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан буюу хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн, захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, актын төсөлд санал авах, актыг баталж, хүргүүлэх журмыг үндэслэн баталсан болох нь тогтоогдож байна.

16. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...манай улсад нийт 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Анх журам батлагдах үе буюу 2020 онд зах зээлд 10 даатгалын компани үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч 3 жилийн дараа буюу 2023 онд Т даатгал, М даатгал, Н даатгал зэрэг даатгалын компаниуд энэ зах зээлээс шахагдан гарсан. Манай байгууллагын хувьд 80 хувийг үлдээдэг зохицуулалтаас болж энэ зах зээлээс гарах нь цаг хугацааны асуудал болоод байна” гэж тайлбарладаг.

17. “Ү” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/***, 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/*** дугаар албан бичгээр ирүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухайн онд даатгагч тус бүрийн борлуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн болон Хамтын эрсдэлийн сангийн даатгагчдад хуваарилах хөрөнгийн хэмжээг тооцоолж баталгаажуулсан 2019-2025 онуудын баримтуудаас үзэхэд “Х” ХХК нь Малын даатгалын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаагаар бодитой орлого олж байгаа ба Журмын дагуу тайлант жилийн эцэст Хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээж буй хөрөнгө бүх даатгагчдад адил хуваарилагдсан байна.

            18.  Даатгалын зах зээлд 2015 оноос хойш мөрдөж буй уг Журмын 6.3, 6.4 дэх хэсэгт анх батлагдсанаас хойш одоог хүртэл нэмэлт, өөрчлөлт ороогүй байх бөгөөд хариуцагчаас хуульд заасны дагуу даатгалын зах зээлд оролцогчид, мэргэжлийн холбоод болон олон нийтээс цахим хэлбэрээр санал авахаар Хорооны цахим хуудаст байршуулсан, нэхэмжлэгчээс тухайн үед уг хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлтгэх явцад одоо маргаж буй заалтуудтай холбоотойгоор ямар нэгэн санал хүргүүлж оролцоогүй атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “…тухайн үед манайх уг зах зээлийн хамгийн бага орлоготой нь байгаагүй, дундаж компани байсан. Сүүлийн жилүүдэд бусадтай харьцуулахад манайх ашгаасаа их хөрөнгийг эрсдэлийн санд төвлөрүүлээд, хамгийн багатай ашигтай үлдэж байна...” гэж тайлбарлаж байгаачлан сүүлийн жилүүдэд борлуулалтын орлого нь буурсан учраас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

            19. Тодруулбал, анх Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 91/*** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам”-ыг баталж, Журмын 6.3-д “Тайлант жилийн эцэст хамтын эрсдэлийн сангаас хамгийн бага чөлөөт үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн наян хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх ба энэхүү хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэнэ” гэж заасан байсан байна.

            20. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 91/*** дугаар (анх баталсан), 2020 оны 5/** дүгээр (шинэчлэн баталсан) тушаалуулаар тус тус “даатгагчид ногдох хөрөнгийн наян хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг Хамтын эрсдэлийн санд үлдээх”-ээр зохицуулсан буюу нэхэмжлэгч нь 2015 онд батлагдсан журмын уг заалттай маргаж байгаагүй, 11 жил даатгалын үйл ажиллагаа эрхэлж байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан, улмаар уг журмын маргаж буй зохицуулалтыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

21. Иргэдийн төлөөлөгчийн “2015 онд хамтын эрсдэлийн сангийн үйл ажиллагааны хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг үр дүнд хэрэгжүүлсэнд талархаж байна. Гэхдээ малын индексжүүлсэн даатгалын санд 80 хувийг үлдээх зохицуулалт нь ашиг багатай байгууллагуудад санхүүгийн ачаалал үүсгэж, өрсөлдөх чадварыг бууруулах эрсдэлтэй байна. Иймд энэхүү хувь хэмжээг дахин судалж, байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан зохицуулах шаардлагатай” гэх дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

22. Иймд Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсэг нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан “Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсгийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА

                                     ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

              ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ