Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0210/з |
Дугаар | 370 |
Огноо | 2019-11-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 370
Л.П-ын нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0386 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 4 дүгээр зүйлийн 4.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.П-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0386 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 4 дүгээр зүйлийн 4.5” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн болон өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэл хуулийн дагуу бүртгэсэн эсэхэд дүгнэлт хийдэг байтал эсрэгээрээ хэн өмчлөгч болох, тухайн өмчлөгчийн хүсэлтээр бүртгэл хийсэн нь бүртгэлийн хуульд нийцсэн эсэх буюу бүртгэл хийх журамд нь илүүтэй анхаарал хандуулж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн.
4. Маргаан бүхий үйл баримт болсон үед үйлчилж байсан Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн дагуу төрийн өмчтэй холбоотой зөвхөн барьцааны эрх, түрээс, узуфрукт гэсэн тодорхой хэдэн төрлийн эд хөрөнгийн эрхийг л бүртгэж байсан, гэтэл төрийн өмчийн өмчлөх эрхийг бүртгэх зохицуулалт байхгүй байсаар атал түүнийг бүртгэсэн улсын бүртгэлийн үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөхдөө зөвхөн бүртгэгдэх эрх мөн үү гэдэг талаас нь бүрдүүлсэн баримтыг анхаарч, бүртгэл хуульд нийцсэн гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нь өмчлөх эрх, эзэмшилтэй холбож дүгнэсэн нь шүүхийн харьяалал зөрчсөн, уг бүртгэлийн үйлдэл хуульд нийцсэн эсэхэд хууль, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
5. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдэх эсэх хөрөнгийн эрхийн талаар дүгнэлт хийхдээ ерөнхий болон нарийвчилсан зохицуулалттай хуулийг зөв хэрэглээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн зохицуулалтыг зөрчсөн, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтад нийцээгүй, хууль бус, үндэслэлгүй болсон.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн хуулийг хэрэглэнэ” гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай тухайлсан хууль байсаар байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хамаарах заалтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай.
7.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.5-д “өмчийг хэлбэр харгалзахгүй эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийхээр заасан” нь ерөнхий зохицуулалт болж байна. Харин Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн (2003 он) 3-р зүйлийн 3.3 дэх хэсэгт “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж нарийвчлан зохицуулаад, зөвхөн төрийн өмчийн барьцааны эрх болон узуфруктын эрхийг бүртгэхээр 3.4 дэх заалтаар зохицуулсан.
8. Шүүх дүгнэхдээ, “У т з” ХНН ямар баримт бичгийг бүрдүүлэн, ямар этгээдийг томилон маргаж байгаа бүртгэлийг хийлгэсэнд анхаарал хандуулан, улмаар бүртгэлийн хуулийн 13.1, 14.1 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй тул хуулийн олон заалтыг зөрчсөн. “У т з” ХНН зохих баримтыг бүрдүүлэн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад, эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулж байсан хуулийнхаа 3.3 дахь заалтаа баримтлан бүртгэхээс татгалзсан, гэтэл дараа нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч бүртгэхдээ, нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиа бус харин ерөнхий зохицуулалттай хуулийг баримтлан бүртгэснийг хуульд нийцсэн гэж шүүх зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь заалтыг илэрхий зөрчсөн юм. Захиргааны шүүх нь захиргааны үйл ажиллагаа, үйлдэл, акт хуульд нийцэж байгаа эсэхийг шүүдэг, хянадаг эрх бүхий байгууллага хирнээ энэхүү практикт гарч байгаа хуулийн зөрчил, хариуцагчийн хэлсэнчлэн “дээд байгууллагаас чиглэл авсан” гэх үндэслэлээр бүртгэснийг нягтлахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
9. Мөн “У т з” ХНН-ээс бүрдүүлэн эд хөрөнгийн эрхийг бүртгэх байгууллагад өгсөн баримтын гол үндэс болж байгаа акт болох Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолыг үндэслэн хариуцагч байгууллага бүртгэх баримтын бүрдэл болж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Үндсэндээ энэ нотлох баримт нь Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3.4-д “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2.1-3.2.4-д заасан эрхийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасантай нийцэж байгаа гэж үзсэн. Харин шүүх тухайн нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй.
10. Тухайн бүртгэл иргэн Л.П-ын эрхийг хөндөхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаж, өмчлөх эрх үүссэн, шилжсэн, эсэх тухай маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд бүртгэлийг хянуулах боломжтой гэж магадлалд дүгнэсэн байдаг. Өмнө нь хуулийн дагуу бүртгэх ёсгүй байсан өмчлөх эрхийг бүртгүүлсэн “У т з” ХНН-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн ба үүнд шүүх дүгнэхдээ улсын бүртгэлд бүртгэсэн өмчлөх эрх, бүртгэл үнэн зөв байх Иргэний хуулийн зохицуулалтад үндэслэн шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр өмчлөх эрхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээд байхад бүртгэлийн асуудлыг хуулийн хүрээнд дүгнэхгүй байна. Уг бүртгэл “У т з” ХНН-ийн Замын дарга байсан Л.П-ын байрны асуудлыг шийдэх үндэс болсон болох нь Улсын Дээд Шүүхийн 001\ХТ2018\01274 дугаар бүхий тогтоолоос тодорхой харагддаг.
11. Иймээс зөвхөн хуульд зааснаар үүсдэг эд хөрөнгийн эрхийг хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийн, хуульд бүртгэхээр заагаагүй байхад бүртгэх үндэстэй гэж үзсэн анхан болон давах шатны шүүхийн шийдвэрийг хянан, хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
13. “У т з” М З-ийн хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Цэцээ гүн хотхон 41/5 тоотод байрлах 370 мкв орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр холбогдох баримтуудыг хавсарган мэдүүлэг гаргаж, өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн байх ба нэхэмжлэгчээс уг бүртгэлийг эс зөвшөөрч “контракт гэрээ дуусгавар болоход надад өмчлөх эрх үүсэх байсан, төрийн өмчийн байгууллага өмчлөгчөөр бүртгэгдэх эрх зүйн үндэслэл байхгүй, нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглээгүй” гэж маргасан байна.
14. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 13 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах харилцааг журамласан бөгөөд 13 дугаар зүйлийн 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг мэдүүлэгт хавсаргахаар, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгөхөөр тус тус заажээ.
15. Тухайн тохиолдолд гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн болон бусад холбогдох баримтыг бүрэн бүрдүүлэн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргасныг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулийг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
16. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасан, энэ тохиолдолд маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Цэцээ гүн хотхон 41/5 тоотод байрлах, 370 мкв орон сууцыг “төрийн өмч” гэж, “У т з” М З-ийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг “төрийн байгууллага” гэж тус тус үзэх эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн маргах эрхийн гол үндэслэл болгож буй дээрх зохицуулалт нь уг маргааны үйл баримтад хамааралгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөлтэй, тухайн тохиолдолд дурдсан орон сууцыг “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд бүртгэснээр нэхэмжлэгчийн эрх хөндөгдөхгүй, учир нь нэхэмжлэгч тухайн орон сууцыг өмчлөх эрхгүй болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.
18. “У т з” ХНН-ийн нэхэмжлэлтэй, Л.П-т холбогдох “орон сууцнаас чөлөөлүүлэх” шаардлага болон Л.П-аас “...өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах” сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1274 дүгээр тогтоолоор тус тус шийдвэрлэж, “У т з” ХНН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.П-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.
19. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд эзэмшүүлж байсан орон сууц нь Хан-Уул дүүрэгт байршилтай, контракт гэрээнд нэрлэн заасан орон сууц биш, орон сууцыг эзэмших эзэмшил дуусгавар болсон” гэх зэргээр дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн “улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцын өмчлөх эрхийг бүртгэснээс “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.П-ын байрны асуудлыг шийдэх үндэс болсон болох нь шүүхийн тогтоолоос тодорхой харагддаг” гэх гомдол үндэслэлгүй, иргэний хэргийн шүүх нь “орон сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн” гэх агуулгаар дүгнэлт хийгээгүй, харин маргаан бүхий байрны өмчлөгчийг тогтоож шийдвэрлэсэн байна.
20. Энэ тохиолдолд, Л.П-ын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу Л.П-ыг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй, “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо нотолсон орон сууц захиалан бариулах гэрээ, Төрийн өмчийн хорооны “улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн” тогтоол зэрэг баримтыг хавсарган мэдүүлгээ гаргасан тул бүртгэлийн байгууллагаас мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн “бүртгэл өмчлөх эрхийг бүртгэх нарийвчилсан хуульд нийцсэн” тухай дүгнэлт зөв юм.
21. Нэхэмжлэгчийн “өмчлөх эрх, эзэмшилтэй холбож дүгнэсэн нь шүүхийн харьяалал зөрчсөн” тухайн дүгнэлт үндэслэлгүй, захиргааны шүүх нь маргаан бүхий бүртгэл хуульд нийцсэн эсэхийг хянахдаа нарийвчилсан хуулиар зохицуулсан “захиргааны байгууллага өмчлөгч болохыг баттай нотолсон баримтыг үндэслэж өмчлөгчөөр бүртгэх” хуулийн урьдчилсан нөхцлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг “шүүхийн харьяалал зөрчсөн” гэж үзэхгүй.
22. Түүнчлэн “хариуцагч өмнө нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг баримтлан бүртгэл хийхээс татгалзаж байсан атлаа дээд байгууллагаас чиглэл авч бүртгэл хийсэн” гэх агуулгатай гомдлын хувьд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж зааснаар дээд шатны захиргааны байгууллагаас доод шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг баталгаажуулсан учир мөн гомдлыг хангах боломжгүй байна.
23. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ