Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 910

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Ц.Р*******гийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдох “20******* дугаартай гэрчилгээнд Б******* дүүргийн ******* хороолол, ******* байрны 2 дугаар орцын 0 тоот байрыг 5 дугаар контор гэж бичсэнийг 6 дугаар контор гэж засч бичихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 5 дугаар контор гэснийг 6 дугаар контор гэж гэрчилгээнд бичүүлэхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ц.Р*******д 20******* дугаартай эрхийн гэрчилгээг 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бичиж олгохдоо конторын дугаарыг буруу бичиж тухайн үед иргэнд олгосон байх нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичгээс харагдаж байх тул конторын дугаарыг зөв болгож өгөхөд татгалзах зүйлгүй. Конторын дугаарыг 5 гэж бичсэнийг 6 гэж бичихийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасан байна. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*******т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгожээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд хэргийн оролцогчид зөвшөөрсөн болно. 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ц.Р*******гийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдуулан гаргасан “20******* дугаартай гэрчилгээнд Б******* дүүргийн ******* хороолол, ******* байрны 2 дугаар орцын 0 тоот байрыг 5 дугаар контор гэж бичсэнийг 6 дугаар контор гэж засч бичихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 5 дугаар контор гэснийг 6 дугаар контор гэж гэрчилгээнд бичүүлэхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд даалгах” шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулан иргэн Ц.Р*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ