Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00625

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00625

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум * дугаар баг, Мн-*, ** тоотод оршин суух Ц овогт Т Т-Э,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Д байрлалтай Д аймгийн нэгдсэн эмнэлэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нэгдсэн эмнэлгийн эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Т-Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Э, Ц.О, Б.Э-А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Т-Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2023 оны 02 дугаар сард Д аймгийн нийгмийн бодлогын хэлтсээс Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж ажиллана уу гэсэн хүсэлтийг тавьсан. Тухайн хүсэлтийн дагуу өөрийнхөө төрж өссөн буюу аавынхаа орон нутагт ирж эрүүл мэндийн салбарт өөрийнхөө мэддэг, чаддаг туршлагадаа үндэслэн үр дүнтэй ажиллах чин сэтгэл зорилго өвөртлөн ирсэн. Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б** дугаартай тушаалаар Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч даргаар томилогдсон. Намайг ирэхэд Д аймгийн Нэгдсэн эмнэлэг сүүлийн 10 жил өртэй, санхүү доголдсон, тусламж үйлчилгээний чанар хүртээмж муу, асуудалтай, хамт олон удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй, эв нэгдэлгүй байсан учраас орон нутгийн удирдлагаас эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн хамт олонч байдлыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж өгнө үү гэдэг байдлаар гэрээ хийсэн. Ирсэн цагаасаа эхлээд Нэгдсэн эмнэлгийн даатгалын санхүүжилт сайжруулахад түлхүү ажилласан. Мөн тусламж үйлчилгээг сайжруулах, хамт олонч байдлыг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагаас өгсөн 2,2 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах шаардлагатай гэсэн санал, хүсэлт, үүргийн дагуу анхаарч ажилласан. Нэгдсэн эмнэлэг нь 340 гаруй орон тоотой боловч одоогийн байдлаар 298 ажилтан 14 тасаг, 6 албатай үйл ажиллагаа явуулдаг. Эмчилгээ эрхэлсэн орлогчийн албан тушаалын тодорхойлолтод заасан үүрэг чиглэлийг үр дүнтэйгээр хангалттай зохион байгуулж байсан. 2023 оны 12 дугаар сард 2020, 2021, 2022 онд хуримтлагдсан байсан өрийг бүрэн барагдуулж дууссан. Үүнээс гадна даатгалын санхүүжилт авах үйл ажиллагааг хэвийн болгож ажилласан. 2024 онд мөн адил үүрэг чиглэлийнхээ дагуу сайн ажиллаж, өмнөө тавьсан зорилгодоо хүрсэн. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 96%-тай байсан. Манай байгууллага өргүй болсноор 2024 оны 12 дугаар сард нийт ажилчдадаа бүтээмжийн урамшуулал олгосон. Э мийн газраас Н эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг чанарын үзүүлэлтээр дүгнэсэн. 2022 онд 78%-тай үнэлэгдэж байсан, 2023 он буюу намайг ажил авсан жил 80%-тай үнэлэгдэж, 2024 онд 82%-тай буюу хангалттай сайн үнэлэгдсэн. 2022 онд С байсан үнэлгээг 2024 оны В үнэлгээнд үргэж хангалттай сайн ажилласан. 2024 оны үйл ажиллагаа сайн явж байсан. 2024 оны үнэлгээ Э мн газраас 2025 оны эхэнд ирсэн. Гэтэл 2025 оны 1 дүгээр улиралд эмнэлгийн тусламжийн чанарын үзүүлэлтүүд буурч, зорилтод түвшиндээ хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үнэлгээтэй гарсан тул хариуцлага тооцох албан тоот 2025 оны 05 дугаар сард ирсэн. Н эмнэлгийн чанарын үзүүлэлт буурсан, үйл ажиллагаа хангалттай сайн үзүүлээгүй гэх шалтгаанаар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/***дугаартай тушаалаар миний албан тушаалыг бууруулж мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн эмчээр томилсон. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй буюу Д аймгийн Н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д аймгийн Н эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн маргаан хэлэлцэх 3 талт хорооны комиссын хурлаар орж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч Нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөөгүй гэв.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар Д аймгийн Н эмнэлэг болон Н эмнэлгийн даргаар ажиллаж байсан У.Э гэсэн хүнийг тодорхойлсон байгаа. Байгууллага болон хувь хүнийг хариуцагчаар тодорхойлсон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагчаа тодорхойлсон. Шүүх хуралдаан болох гэж байгаа учраас хариуцагчаар Д аймгийн н эмнэлгийг тодорхойлж, У.Э нь хариуцагч биш тул хариуцагчаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Д аймгийн Н эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Т.Т-Эийг Д аймгийн Н эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, бусад нэхэмжлэлийн шаардлага болох цалин нөхөн олговор гаргуулах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Т.Т-Э нь энэ хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байгаа, шаардлагатай тохиолдолд дараа нь жич нэхэмжлэх байр суурьтай байна.

Хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Маргаан бүхий тушаал болох Дь аймгийн Н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл ерөнхий заалт буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж заасан байна. Энэ зүйлийн аль хэсгээр нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй, тааж ойлгож болохоор байна. Уг тушаалын хууль зүйн үндэслэлийг Д аймгийн Э м газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** тоот хариуцлага тооцох хариутай бичгийг үндэслэсэн гэж маргаан бүхий тушаалдаа дурдсан байдаг. Албан бичгийг үндэслэн хүнд хариуцлага тооцох боломжгүй. Дээд шатны байгууллагаас ирсэн албан бичгээр ажилтан хариуцлага алдсан, алдаа дутагдал зөрчил гаргасан гэдгийг шууд тогтоох боломжгүй. Энэ бичгийн агуулга нь санал зөвлөмжийн шинжтэй албан бичиг байсан. Шийдвэрийг зөвхөн эрх бүхий этгээд буюу эмнэлгийн дарга зөрчлийг шалгаж тогтоох ёстой байсан. Уг албан бичгийн агуулга нь 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл болон 2025 оны 1 дүгээр улирлын эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын үзүүлэлтийг хооронд нь харьцуулсан. Чанарын үзүүлэлт өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтод түвшиндээ хүрээгүй, улс аймгийн дунджаас муу гарсан байна гэсэн асуудлыг тодруулж гаргасан. Уг харьцуулалтын арга нь өөрөө буруу байна. Учир нь 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтийг дараа оны 1 дүгээр улирлын хэдхэн үзүүлэлттэй харьцуулж үүнээс түвшин буурсан гэж дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Уг харьцуулалт нь бодитой бус, аргачлал буруу гэж үзэж байна. Байгууллага жилийн эцэст ажлаа дүгнэдэг үзүүлэлт нь 60 гаруй ажлыг дүгнэдэг. Харин хариуцлага тооцох тухай албан бичигт 13 үзүүлэлтийг түүвэрлэж авч гаргасан байна. Энэ асуудал нь үндэслэлгүй, аргачлалын алдаатай, бодитой дүгнэлт хийх боломжгүй байна. ...Шалгаж тогтоосон бол хэн хэзээ, яаж шалгаж тогтоосон, хэний буруу болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. 10 дугаар зүйлд заасан Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн төлөвлөгөөт шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 70 зөрчил илэрсэн гэх зүйл байна. Энэ нь цаг хугацааны хувьд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шалгалт хийж, албан шаардлагыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн. Үүнийг үндэслэж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гаргах боломжгүй байна. Хөдөлмөрийн хуульд заасан зөрчил байгаа бол уг зөрчил нь миний үйлчлүүлэгч Т.Т-Эд хамааралтай, холбоотой гэж үзэж байгаа юм уу. Уг албан шаардлагаар хэн нэгэнд хариуцлага тооцсон эсхүл хэн нэгэнд үнэлгээ тогтоогоогүй, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан. Иймд Д аймгийн Э м газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** дугаартай албан бичгээр ажилтныг шууд дүгнэх үндэслэл байхгүй. Тушаалын нэг хууль зүйн үндэслэл болох Эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дугаар зүйлийн 9.3.4-т заасныг иш татсан. Үүнд төлөвлөгөөт болон цаг үеийн үзлэг, шалгалт, хөндлөнгийн хяналт шалгалтаар хариуцсан үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдэх гэсэн зүйлийг дурдсан. Аль хяналт шалгалтаар яагаад, хэзээ хангалтгүй гэсэн үнэлгээг Т.Т-Э авсан нь тодорхойгүй байна. ... Эрүүл мэндийн яамнаас баталсан эмнэлгийн үзүүлэлт, стандарт байдаг. Үүнд 123 үзүүлэлтээр бүтэн жилээр нь дүгнэдэг болохоос биш тайлангийн жилийн дараа оны улиралтай харьцуулан дүгнэлт гаргах боломжгүй. ... Хэрэв ажилтандаа сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа бол энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан үндэслэл байх ёстой. ... Гэтэл хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд огт заагаагүй, зөвхөн ажилдаа хариуцлагагүй хандсан, эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлт бууруулсан гэх томьёоллоор ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Д аймгийн Н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, Т.Т-Эийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж өгнө үү гэв.

3.Хариуцагч Д н эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ажил олгогчийн зүгээс сонсох, тайлбар авах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу явуулахыг зорьж, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нийт 3 удаа оролцогчид шууд хүргүүлсэн ба энэ бүх тохиолдолд Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т-Э нь Би наадахад чинь оролцохүй, та нар намайг халах тушаалаа гаргачихаарай, баахан мэргэжлийн бус хүмүүс суулгачихаад гэх мэтээр ёс бус харьцдаг байсан. Үүнийг тухай бүр хүний нөөцийн менежер мэдэгдэх хуудаст баримтжуулсан байдаг. ... Түүнчлэн ажил олгогчийн зүгээс тухайн ажилтныг халах сахилгын шийтгэл ногдуулаагүй, хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу цуцлаагүй, мөн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга болон Мэдээгүйжүүлгийн эмч гэсэн хоёр албан тушаал нь Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-д зааснаар адилхан TYЭМ-7 зэрэглэлд хамаарч байна. Иймд дээрх тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймгийн Н эмнэлгийн даргын албан тушаалд би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Ч гэх хүн ажиллаж байсан. Энэ үед эмнэлгийн санхүүгийн байдал эрсдэлтэй, ковидын дараах үйлчилгээний чанар хүртээмж сул байсан нь үнэн. ... Ажиллаж байх хугацаанд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн хүнд үетэй тулгарч байсан. Удирдлагын багийг бэхжүүлэх зорилгоор удирдлагын зөвлөлийг бүрдүүлэхэд маш хэцүү цаг үе байсан. ... Маш олон үйл ажиллагаа зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй, сэтгэл ханамжтай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч төвтэй ажиллахыг зорьж байсан. ...Удирдлагын зөвлөлийн ажлыг шинээр эхлүүлж, 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 2022 онд 78%, 2023 онд 80%, 2024 онд 82%-тайгаар 68 шалгуур үзүүлэлтээр үнэлэгдэж ирсэн. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн үнэлгээгээр 75,6%-тай үнэлэгдэж санхүүжилт хангалтгүй байна гэсэн үнэлгээг авч байсан. ...Т.Т-Э дарга 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр томилогдож, хөдөөгийн сэргэлтээр эмч, багш нарын орон сууцжуулах 5 жилийн гэрээгээр орж ирсэн гэдгийг онцолж хэлмээр байна. Ажиллаж байх хугацаандаа бидний ажил шат шатаар дээшилсэн нь үнэн. Эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан гэрээгээр 68 шалгуур үзүүлэлт байдаг. Уг үзүүлэлт нь хагас болон бүтэн жилээр үнэлэгдэж байдаг. Уг шалгуур үзүүлэлт нь нэг хүний ажил биш, багийн ажил байдаг. Бүгдээрээ зүтгэж байж 2, 2 оноогоор ахиж байсан гэдгийг хэлмээр байна. Эмнэл зүй эрхэлсэн орлогч даргын хувьд 68 үзүүлэлтээс өөрийнх нь ажлаас болоод 13 үзүүлэлт нь буурсан. Эмнэлгийг тусламж үйлчилгээг чанаргүй үзүүлж байна, тусламж үйлчилгээ алдагдаж, эрсдэлтэй байна гэдгийг Эрүүл мэндийн газраас тогтоож, хариуцлага тооцох албан бичигт удирдлагын зөвлөлөөрөө хэлэлцэж миний бие өөрөө, чанарын албаны дарга Г, эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга бид 3 гурвуулаа албан тушаал буурсан байгаа. Миний бие өөрийнхөө мэргэжлийн дагуу эмчээр, Гантуяа мэргэжлийнхээ дагуу хүүхдийн эмчээр, Т.Т-Э эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байгаа боловч Т.Т-Э өнөөдрийг хүртэл листтэй явж байна. Үүнийг тодруулах шаардлагатай. ... Т.Т-Э даргын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэл зүйгээ хариуцан ажилладаг. Энэ 68 үзүүлэлтээс 13 үзүүлэлт нь буурсан гэдгийг дахин хэлмээр байна. 2022, 2023, 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн нийт үнэлгээ өссөн юм шиг харагдаж байгаа боловч доторх үзүүлэлт нь буурсан. Э м газар Н эмнэлэгт хяналт тавихаас гадна эрүүл мэндийн даатгалын газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээг дүгнэдэг. Э мэндийн үйлчилгээ 75%-иас бага байвал Э м газраас хяналт шинжилгээ хийнэ гэж зөвлөсөн байдаг. ... Мэргэжлийн зүгээс тайлбарлавал эх, хүүхдийн нярайн хүндрэл, эхийн хүндрэл, төрөх үеийн гэмтэл нэмэгдсэн. 2025 оны 1 дүгээр улиралд дөнгөж төрсөн 11 нярайн эгэм хугарсан бүртгэл бүртгэгдсэн. Үүнд ямар ч арга хэмжээ, удирдлагын менежментийг зохион байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, даргад мэдээлэл байдаггүй, нууж өнгөрүүлсэн байсан. ...Удирдлага хүний хамгийн гол зүйл нь ёс зүйн харилцаа байдаг. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй харилцахдаа ялгаварлан гадуурхдаг, бүдүүлэг үг хэллэг ашигладаг, дарамтлах, байгууллагын групп чатад удирдлага болон хамт олноо доромжлох, эсэргүүцлийг удаа дараа гаргадаг байсан. Мөн удирдлагын өмнөөс дур мэдэн шийдвэр гаргаж, ажилчдад чөлөө олгох, өдрийн эмчилгээний ажилчдыг хуулиас дээгүүр мэдэл гаргаж лист олгохгүй байдаг. Гэтэл Т.Т-Э дарга өөрөө өдрийн эмчилгээний лист бичүүлээд явсан. Ийм тэгш бус байдлыг үүсгэж, зарим ажилчдад давуу эрх олгодог зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргасан. Тэр ч байтугай чөлөөний хүсэлт өгөөгүй, ажлаа хаяад явсан зарим ажилчдын өргөдлийг нөхөж авах, хугацааг засварлах гэх мэтчилэн дутагдалтай үйлдлүүдийг их гаргасан. Дур мэдэн шийдвэр гаргасан хууль бус үйлдлүүдийг дурдвал албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашигласан, иргэдэд болон эмнэлэгт хэрэгцээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл татан авсан болох нь дотоод хяналт шалгалтаар илэрсэн. ... Удирдлагын зүгээс шаардлага тавихад доромжилсон, дарамталсан бөгс ухлаа гэх доромж үгээр удирдлагын нэр хүндэд халддаг. Удирдлагын өрөөнд нөхрөө 2 удаа оруулж ирж дарамталж, сүрдүүлүүлсэн. Удирдлагуудыг эр, эмээр нь олон нийтийн сүлжээнд эрэгчин, эмэгчнээр нь дуудаж зар тавьсан. Би энэ болгонд нь эмэгтэй хүн болохоор нь чимээгүй байдаг байсан нь миний алдаа байсан. Шийдвэрийн хууль ёсны үндэслэл нь удирдлагын зөвлөл дээрх нөхцөл байдлыг тухайн шийдвэр гаргахдаа харгалзсан гэж үзэж байгаа. Тийм учраас олонхын саналаар албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан. Тушаал гаргах үед олон удаа өрөөндөө уулзаж, сануулга өгч алдаа засах боломж олгосон боловч үр дүн гараагүй. Аргадаж үзсэн, шагнаж үзсэн. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д аймгийн Н эмнэлэгт эхийн эндэгдэл буюу эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой тохиолдол гарсан. Эхийн эндэгдэл гарна гэдэг нь байж болохгүй асуудал. Үүнд эмчийн ёс зүйгээ бодож дуугүй хариуцлага хүлээж, ухамсартайгаар чаддагт нь ажлаа өгөх ёстой гэж боддог учраас би өөрөө ажлаа өгсөн. Эхийн эндэгдэл дээр эмч ажилчдадаа удирдлагын арга зүйн зөвлөгөө өгч, арга хэмжээ авч ажиллах ёстой байхад хуурамчаар үзлэг оношилгооны материал бүрдүүлсэн нь илэрсэн. Одоогийн байдлаар Т.Т-Э листтэй байгаа учраас тухайн асуудалд арга хэмжээ авагдаагүй байгаа. Эмч, эх баригч нартаа арга хэмжээ авхуулаад өөрөө лист бичүүлж, сандал суудлын хойноос хөөцөлдөж байгаа нь төрийн албаны зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байгаа нь зохимжгүй байна. Хүн өвдөж болно, өвдөхийг үгүйсгэхгүй. Би өөрөө сахарын 2 дугаар тимптэй боловч ажлаа тасалдаггүй. Гэрээрээ эмчилгээ хийлгээд ажлаа хийгээд явж байна. ... Эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга сайн зохион байгуулсан тохиолдолд иргэд олон нийтэд чанартай, хүртээмжтэй, сэтгэл ханамжид нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрддэг. Иймд шүүгч та Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн албан тушаал бууруулах шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Харилцаа хандлагынх нь талаар Э м газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд гомдол гаргасан байгаа. Хүн амьдралынхаа ихэнх цагийн буюу дор хаяж 8 цагийн ажил дээрээ өнгөрүүлдэг. Эерэг уур амьсгалтай орчинд бүтээмж сайтай ажилладаг. Миний хувьд ажлын бүтээмж 100 хувь муудсан байсан. ...байгууллагын дотоод чатад хүнийг янз бүрийн үг хэллэгээр доромжилж, сөрөг уур амьсгал байнга үүсгэдэг. ... 06 дугаар сарын 10-наас хойш манай байгууллагын дотоод чатад ямар нэгэн байдлаар сөрөг чат нэг ч байхгүй. Өнөөдрийг хүртэл тайван байдалтай ажил явагдаж байна. Д аймгийн Н эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаартай хурал хийхийн өмнө хүний нөөцийн менежер миний бие 3 удаа мэдэгдэх хуудас өөрт нь өгсөн. Тодруулга авах гээд 3 удаа мэдэгдэх хуудас өгөхөд би наад хуралд чинь оролцож чадахгүй. Та нар хурлаа хийгээд намайг ажлаас халаарай гэсэн тайлбар өгсөн. Удирдлагын зөвлөлийн хурлаас тухайн өдөр зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т.Т-Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Н эмнэлэг дээр гарсан бүх алдаа зөрчлийг зөвхөн эмнэл зүй эрхэлсэн орлогч даргын алдаа зөрчил мэтээр үзсэн гэсэн гомдол гаргасан. Д аймгийн э м газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** тоот албан бичгийн үндэслэн Н эмнэлгийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээ, 2024 оны жилийн эцсийн болон 2025 оны 1 дүгээр улирлын чанарын үзүүлэлтийг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Н эмнэлэгт гарсан бүх дутагдал зөрчлийг зөвхөн эмнэл зүй эрхэлсэн орлогч даргын алдаа зөрчил мэтээр үзэж сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна гэсэн нь үндэслэлгүй байна. У.Э даргын дурдсан албан бичигт Н эмнэлгийн дарга, эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргад гэж ирүүлсэн. ... Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Т.Т-Э нь хөдөлмөрийн чадвар алдсан буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл листтэй байсан. Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу сонсох ажиллагаа болон тайлбар авах ажиллагааг явуулаагүй. Ажил олгогчийн зүгээс сонсох тайлбар авах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу явуулахыг зорьсон. 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийт 3 удаа шууд хүргүүлэх хэлбэрээр хүргүүлсэн. Мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсний дараа Н эмнэлгийн даргын өрөөнд орж ирээд гэр бүлийнхээ хүнээр дарамтлуулах үйлдэл гаргаж байсан. Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга нь сонсох ажиллагаанд оролцож тайлбар, саналаа өгөхгүйгээ илэрхийлсэн байх тул ажил олгогчийн зүгээс тусламж үйлчилгээ тасралтгүй хэвийн явуулах зорилгоор удирдлагын зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцэж эмнэл зүй эрхэлсэн орлогч даргад сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. ... Б/*** дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хүний эрхийн зөрчилтэй акт байна гэсэн байсан. ... Энэ нь Э м тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих гэж заасан. Хяналт тавих гэдэг үгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа дурдаж байна. 4** тоот албан бичиг нь үндэслэлгүй гэж ярьж байна. Энэ нь энэ заалтаар үгүйсгэгдэж байна. Эрүүл мэндийн тухай хуульд Э м газрын бүрэн эрхийг зааж, хуульчилж өгсөн. Харьяалах нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад хяналт тавих чиг үүрэгтэй. Иймд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хангагдсан байна гэж үзэж байна. ... Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан 70 зөрчил улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэж ажил олгогч хариуцлага тооцоогүй. 4** тоот албан бичигт дурдсан үйл баримтаа үндэслэл болгосон. Тухайн 70 зөрчилтэй дүгнэлтийг үндэслээгүй гэдгийг хэлмээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох үйл ажиллагааг явуулахгүй байхыг хуульчилж өгсөн. Гэвч бид нар ажилтныхаа эрх ашгийг тэргүүнд тавьж шат дарааллаар шийдвэр гаргах ажиллагааг явуулсан. Шийдвэр гаргах үйл ажиллагааг баримтжуулж хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан. ...ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зааснаар хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.4-т заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. ... Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн дүгнэлтээс үзэхэд тухайн тушаал нь хуульд нийцсэн. Тооцооны болон бичилтийн алдаатай байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэсэн байна гэж ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд албан тушаал бууруулах, ажлаас халах гэх мэт сахилгын шийтгэлийн төрлийг тусгаж өгөөгүй. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулах бүхий л зохицуулалтыг зохицуулж өгсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. ... Иймд ажилтан, ажил олгогч хоёрын хоорондын харилцааг зохицуулж байгаа баримт бичиг болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.4-т зааж өгсөн байгаа. ... Цалин нөхөн олговор гаргуулах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тайлбар хэлэхгүйгээр орхиё. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөдөлмөрийн маргаан таслах комиссын 3 талт шийдвэрийг дурдаж байна. ... Тушаалдаа Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Албан тушаал бууруулах тухай сахилгын шийтгэл оногдуулж байгаа учраас ямар албан тушаалд ажиллуулахаа зааж өгөх нь зүйтэй. Иймд Засгийн газраас баталсан албан тушаал, цалин хөлс, нэмэгдэл хөлсийг тогтоосон тогтоолыг үндэслэх хэсэгтээ оруулсан. Иймд Д аймгийн Н эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул уг тушаалыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хариуцлага тооцоход үндэслэл болгосон Эрүүл мэндийн газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** тоот албан бичигт 2024 оны жилийн эцэс, 2025 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны үзүүлэлтийг дурдсан. Тэгэхээр н эмнэлгээс хүргүүлсэн болон Э м газраас ирүүлсэн баримтуудаас тухайн маргаан бүхий хугацаанд үл хамаарах баримтууд болох 2022, 2023 оны баримтуудыг нотлох баримаас хасуулах хүсэлтэй байна. Мөн С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтад ... 155.1.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй: 155.1.1.хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх; 155.1.2.хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах; 155.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхтэй гэж заасан байна. Үүнээс үзэхэд аливаа байгууллагын тушаал шийдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийн хуулийн болон стандартын зөрчлийг хянах, дүгнэх эрхгүй гэж үзэж байна. Иймд тухайн гурван талт хорооны хурлын шийдвэрийг мөн нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна гэв.

7.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт, Д аймгийн н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаартай тушаал, итгэмжлэл, Д аймгийн С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, өмгөөлөгчтэй оролцох болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт, өмгөөлөгч Р.Мы хүсэлт, хавсралт, хариуцагч У.Э гэснээс, цалин нөхөн олговор, эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх зэргээс татгалзаж байгаа тухай гараар бичсэн хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

8.Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн хувийн хэргийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3** дугаартай тогтоолын хуулбар, Монгол Улсын засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2** дугаартай тогтоолын хуулбар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаартай тушаалын хуулбар, Т.Т-Эийн мэргэжлийн дипломын хуулбар, Д аймгийн н эмнэлгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1** дугаартай тушаалын хуулбар, Д аймгийн н эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаартай хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, журмын хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, мэдээлэл хүргүүлэх тухай гэсэн дотоод чатын хуулбар, Төрийн албаны зөвлөлийн Д аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн ** тоот албан бичгийн хуулбар, Д аймгийн Э м газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4** тоот албан бичгийн хуулбар, Д аймгийн н эмнэлгийн ёс зүй хороонд болон захиргаанд гаргасан гар өргөдөл, гомдол, хүсэлт, фэйсбүүк чатын чаталсан бичвэрийн хуулбар, Д аймгийн э м газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** тоот албан бичиг, хавсралт баримтууд, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

9.Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Д аймгийн н эмнэлэг, Д аймгийн Э м газруудаас нотлох баримт цуглуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

11.154.5.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно.

12.154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

13.158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Т.Т-Э нэхэмжлэлтэй хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэлээ.

14.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагаас болон хариуцагч У.Эаас татгалзсан тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-А Э м газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** тоот албан бичигт 2024 оны жилийн эцэс, 2025 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны үзүүлэлтийг дурдсан. Тэгэхээр н эмнэлгээс хүргүүлсэн болон Э м газраас ирүүлсэн баримтуудаас тухайн маргаан бүхий хугацаанд үл хамаарах баримтууд болох 2022, 2023 оны баримтууд болон С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг нотлох баримаас хасуулах хүсэлт гаргасан. Дээрх нотлох баримтууд нь хуурамч, хууль бусаар цуглуулсан бүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

16.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

17.Нэхэмжлэгч Т.Т-Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а. Д аймгийн н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр Т Т-Эд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаал хөдөлмөрийн тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчсөн үндэслэлгүй гэж,

18.Хариуцагч Д аймгийн н эмнэлэг татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Д аймгийн н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр Т Т-Э сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журамд нийцсэн гэж маргаж байна.

19.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

20.Д аймгийн Э м газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10-**-01/0**/** дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлагаар Н эмнэлгийн үйл ажиллагаанд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийж 70 төрлийн алдаа дутагдлыг илрүүлэн дээрх алдаа дутагдлыг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор засах,

21.2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10-21-**/0**/** дүгээр Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай Өсвөр үеийн кабинтетын үзүүлж буй тусламж үйлчилгээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж 14 алдаа зөрчил илрүүлж дээрх алдаа зөрчлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор арилгахыг даалгаж албан шаардлагыг Д аймгийн Н эмнэлгийн даргад тус тус хүргүүлжээ. (1-р хавтас 77-94 хуудас),

22.Д аймгийн Э м газраас Аймгийн н эмнэлгийн дарга У.Э 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** дугаар Хариуцлага тооцох тухай албан бичгээр

23.Д аймгийн Н эмнэлгийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний үнэлгээгээр 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл, 2025 оны 01 дүгээр улирлын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар-ын үзүүлэлтэд 13 үзүүлэлт өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшиндээ хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлт гаргасан,

24.2024 оны 12 сард хүүхдийн нарийн мэргэжлийн эмч болон түргэн тусламжийн эмч нарын ажлын хариуцлагаас сэргийлж болох эндэгдлээр хүүхэд эндсэн, 2025 оны эхний 1-р улиралд эмнэлэгт 17 нас баралт бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь хоног болоогүй эндсэн. Хоног болоогүй эндэгдлээс 5 тохиолдлын 100 хувь нь 8-24 цагт эндсэн. Эмнэлгийн нас баралтыг оношоор нь авч үзэхэд Үжил, Зүрхний шигдээс, Тархинд цус харвалт өвчний улмаас нас барсан тохиолдол 35,3 хувийг эзэлсэн,

25.2025 оны 01-р улиралд 161 эх төрснөөс 11 нярай эгэм хугарсан, Эх барихын тусламж үйлчилгээнд ЭБЭ-ээс өвчний түүхийг буруу кодолж, улсын мэдээ зөрүүлсэн, Нярайн эндэгдлийн эмгэг судлалын хурлын дүгнэлт, шийдвэр хугацаандаа ирдэггүй, хурлын шийдвэрийн хэрэгжилт тооцдоггүй, алдаа дахин давтагддаг, Түргэн тусламжийн дуудлагаар явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эмч иргэдэд тусламж үзүүлсэн, Амбулаторийн эмч нар ажлын цаг ашиглалт, үйлчлүүлэгчтэй харьцах харилцаа хандлага, хүлээгдэл чирэгдлийн талаар иргэдээс удаа дараа гомдол ирсэн, Яаралтай тусламж үйлчилгээ, тасаг нэгжүүдэд үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нараас хяналтад байх, хэвтэн эмчлүүлэх хугацаандаа хүндрэл өгсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн, 2025 оны эхний 4 сарын байдлаар Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвд эмч мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой нийт 8 гомдол ирсэн, Э м газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын төлөвлөгөөт шалгалтаар тусламж үйлчилгээтэй холбоотой 70 зөрчил, дутагдал илэрсэн зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт буурч байгаад онцгой анхаарал хандуулж, үйл ажиллагааг сайжруулах, удирдлагын багаар асуудлыг хэлэлцэж, нийт албан хаагчдыг үүрэгжүүлж ажиллах шаардлагатай.

26.Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан аймгийн Н эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцох тушаалыг хүргүүлэх ба эмнэлгийн удирдлагаас Чанарын албаны дарга (Г.Г), Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга (Т.Т-Э) нарт хариуцлага тооцон албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ. (1-р хавтас 43-44 хуудас),

27.Дээрх мэдэгдлийн хүрээнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах зорилгоор Т.Т-Э сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 14, 19, 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд өгч байжээ. (1-р хавтас 95-97 хуудас),

28.Д аймгийн Н эмнэлгийн удирдлагын зөвлөл 2025 оны 06 сарын 03-ны өдөр хуралдаж Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Т.Т-Эн Н эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн алдаа зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дахь заалт, 9.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж, мэргэшлийн чиглэлээр мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмчээр ажиллуулж, Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлыг ҮАЭОДарга М.Ч ажлын хэсэг томилон хүлээлцүүлэхээр шийдвэрлэжээ. (1-р хавтас 98-105 хуудас),

29.Уг шийдвэрийг үндэслэн Д аймгийн н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр Тын Т-Эд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл, Монгол Улсын засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоол, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3.5.1, 3.14 дахь заалт, Д Э м газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** тоот Хариуцлага тооцох тухай хариутай албан бичиг, Н эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.3.4 дэх заалт, Н эмнэлгийн удирдлагын зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай хурлын тэмдэглэлийг удирдлага болгон

30.Н эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж дүгнэн Т.Т-Эийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулж Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр томилжээ.

31.Үүнээс гадна Д аймгийн Н эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/1** дугаар тушаалаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга Т.Г Н эмнэлгийн Эмчилгээ үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Хүүхдийн эмчээр томилсон, (1-р хавтас 145 хуудас),

32.Н эмнэлгийн дарга У.Эыг хүсэлтийнх нь дагуу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаар тушаалаар даргын албан тушаалаас чөлөөлж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/** дугаар тушаалаар У.Э эмнэлгийн даргаар томилсон үйл баримт тогтоогдож байна. (1-р хавтас 106-110 хуудас),

33.Нэхэмжлэгч Т.Т-Э нь 2023 оноос Д аймгийн Н эмнэлгийн эмнэлзүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан, тэдний хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" үүссэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

34.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ. 122.2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй.Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заахаар, 123 дугаар зүйлийн 123.1.Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор 123.3.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргахаар хуульчилсан.

35.Нэхэмжлэгч Т.Т-Э хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахдаа тус эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан Төлөвлөгөөт болон цаг үеийн үзлэг, шалгалт болон хөндлөнгийн хяналт шалгалтаар хариуцан ажиллаж буй үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах эсхүл Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан заалт болон (1-р хавтас 146-171, 215-240),

36.Д аймгийн Э м газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4** дугаар албан бичгийг үндэслэл болгосон.

37.Д аймгийн Н эмнэлэг нь 2022 оны жилийн эцсийн үнэлгээ 3,9 оноо буюу 78 хувь, 2023 оны жилийн эцсийн үнэлгээ 4,0 оноо буюу 80 хувь, 2024 оны жилийн эцсийн үнэлгээ 4,1 оноо буюу 82 хувиар буюу жил бүр 2 хувийн өсөлттэй гарсан болох нь хэрэгт авагдсан Э м байгууллагуудын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний дүн баталгаажуулах тухай Э м газрын даргын 2023, 2024, 2025 оны тушаалуудаар тогтоогдож байна. (1-х хавтаст хэргийн 189-192, 2-р хавтас 39-41), (1-х хавтаст хэргийн 193-194, 2-р хавтас 42-45), (1-х хавтаст хэргийн 195-196, 200-206, 2-р хавтас 48-51)

38.Э м газрын 2025 оны 485 дугаар албан бичигт Н эмнэлгийн даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний үнэлгээгээр 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл сайжраагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна 2025 оны 01 дүгээр улирлын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтэд зарим заалтууд өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшинд хүрээгүй, улс аймгийн дунджаас муу үзүүлэлт гарсан гэх үндэслэлийг аль шалгуур үзүүлэлтээр тогтоогдсон болох нь тодорхойгүй байна.

39.Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д аймгийн Э м газраас ирүүлсэн аймгийн Н эмнэлгийн даргын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг бүтэн, хагас жилээр гаргасан байх бөгөөд 2024 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээ 4,1 оноо буюу 82 хувь, 2025 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээ 63 хувиар (1-р хавтас 197-199) үнэлэгдсэн байна.

40.2025 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийг Д аймгийн Э м газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/** дугаар тушаалаар баталгаажуулснаас дүгнэхэд нэхэмжлэгч Т.Т-Эд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл болох боломжгүй юм.

41.Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хууль, Монгол Улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын дотоод хэм хэмжээ гэсэн эрэмбээр үйлчлэхээр зохицуулсан.

42.Т.Т-Эд сахилгын шийтгэл оногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй хэт ерөнхий заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

43.Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах талаарх захиргааны актыг бичгээр гаргахад тавих шаардлагыг хангаагүй байна.

44.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж хуульчилсан.

45.Иймд дээрх заасан үндэслэлүүдээр Д аймгийн Н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаар Тын Т-Эд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаал нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т Т.Т-Эийг Д аймгийн Н эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.

46.Д аймгийн Н эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаар Т Т-Эд сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулан томилох тухай тушаалыг хүчингүй болгох шаардлага нь ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгохыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

47.Нэхэмжлэгч Т.Т-Э нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д аймгийн Н эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Т.Т-Э Д аймгийн Н эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилсугай.

2.Нэхэмжлэгч Т.Т-Э нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д аймгийн Н эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ