Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/01063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ын *******ын нэхэмжлэлтэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие анх 1981 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйд ажилд орсон. 1983 оны 07 дугаар сарын 03-нд цэргийн албанд татагдан, 1986 оны 08 дугаар сарын 13-нд халагдан ирж, 1986 оны 10 дугаар сарын 10-нд Дорнод аймгийн Авто засварын газарт тохируулагч жолоочоор ажилд орж 1992 оны 07 дугаар сарын 15-н хүртэл тасралтгүй ажилласан. Ингээд тэтгэврээ тогтоолгох болоход ажлаас халагдсан тушаал аймгийн архиваас гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Ч.******* намайг 1986 оны 10 дугаар сарын 10-аас 1992 оны 07 дугаар сарын 15-н хүртэл Дорнод аймгийн Авто засварын газарт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон 124690 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Авто засварын газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаар “Ажилд авах болон ажилд томилох тухай”, 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаар “Оны ажил дүгнэж, шагнал олгох тухай” тушаалуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Ч.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байх үеийн ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн болон 124690 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Авто засварын газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаар “Ажилд авах болон ажилд томилох тухай”, 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаар “Оны ажил дүгнэж, шагнал олгох тухай” тушаалуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч *******ын ******* /*******/ нь 1986 оны 10 дугаар сарын 10-аас 1992 оны 07 дугаар сарын 15-н хүртэл Дорнод аймгийн Авто засварын газарт ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь 1986 оны 10 дугаар сарын 10-аас 1992 оны 07 дугаар сарын 15-н хүртэл Дорнод аймгийн Авто засварын газарт ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ