| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0441/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа ҮД:15-91,
хохирогч Д.Баасансүрэн, түүний өмгөөлөгч Н.Түвшинжаргал ҮД:25-95 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт ДЦ яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0398 40417 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .....
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудал дотор иргэн Д.Баасансүрэнг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цмэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 05-нд “Нарантуул” захын шинэ жилийн хүлээн авалтанд оролцсон. Уг шинэ жилийн арга хэмжээ 20 цагт эхлэж 00 цагт дууссан. Би бие засах гээд нойл руу ороход хохирогч үсээ янзлаад зогсож байсан. Буцаж нойлоос гарч ирж хаалганы гадаа хүлээж зогссон. Хохирогч надад хандан “чи бид хоёрын бие биеэнээ үзэн ядалт” дуусах болоогүй байна уу гэж хэлсэн. Би чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Хохирогчийг нойлоос гарч ирэхэд би хөндлөн зогсож байсан. Над руу эгцэлж харж зогсохоор нь би адилхан ширтээд зогсоод байсан. Би согтуу чамтай юу ярих вэ гээд түлхсэн. Хохирогч газраас босч ирээд над руу наалдаж зогссон. Адилхан өөдөөс ширтэж хэсэг хугацаанд зогссон. Үүний дараа хохирогчоос салахын тулд нөхөр рүү залгаж ярьсан. Ярьж байхдаа нэг гараараа түлхэж би нойл руу орсон. Нойлоос гарахад манай нөхөр ирсэн гэж ярьсан. Хохирогчийг явсан гэж бодсон. Нойлоос гарч ирэхэд гадаа их ууртай ирчихсэн байсан. Чи юундаа уурлаад байгаа юм бэ гэхэд над руу дайраад ирэхэд нь хөл гараа сарвалзуулаад өнгөрсөн. Намайг заал руу орж бүжиглэж байхад эгч нь муухай муухай хараад байсан. Намайг ширээний хажууд сууж байхад хохирогч миний чихэнд нэг зүйл шивнээд байсан. Сандлаас босох гэтэл хохирогч үснээс зулгааж, хоолой боосон. Хохирогчийн эгч ирж гарт барьж байсан зүйлээрээ миний толгой руу цохисон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг боль гэж хэлсэн. Миний эгч хажууд байсан. Намайг хаалганы дэргэд байхад хохирогч хэд хэдэн хүмүүсээр хориулсан мөртлөө над руу хараалын үг хэлж дайраад байсан. Би хохирогчид хандан эмэгтэй хүн бол эмэгтэй хүн шиг бай, “эр хүн бол эр хүн шиг” бай гэж хэлсэн. Би хувцсаа сольж гарсан. Хохирогчтой манай эгч таараад “чи манай дүүг яагаад байгаа юм бэ” гэхэд хохирогч яагаа ч үгүй гэж хэлсэн гэсэн. Би цагдаа дуудъя гэсэн чинь манай найз хэрэггүй ээ, нөхөртөө ч битгий хэлээрэй гэсэн. Тэгээд би гэртээ харьж унтсан. Ийм асуудал болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баасансүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой “Нарантуул зах”-ын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Тухайн үед 00 цагийн орчимд миний хөл өвдөөд байхаар нь буудлын өрөөнд орж хувцасаа сольж өмссөн. Би нойл ороод гарч ирэхэд Цэен хаалганы хажууд зогсож байсан. Намайг нойлын хаалгаар гарах гэтэл Цэен яг тулаад ирэхээр нь мэндэлсэн юм. Тэгсэн “чи зайл” гэж нүд рүү цохисон. Цэенг түлхээд явахад нь араас нь яаж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл миний зүүн гуя руу өшиглөсөн. Тэнд басйан хүмүүс бид хоёрыг салгасан. Цэен зааланд ороод сууж байхад нь би очиж мөрөн дээр нь гараа тавьж хоёулаа ярилцъя гэж хэлсэн. Үүнээс болж зодоон болсон. Тухайн үед ийм хэрэг болсон. Шинэ жилийн арга хэмжээ дуусах болоогүй байсан. Би гэртээ харьсан. Өвдөг өвдөхөөр нь зураг авч баримтжуулсан. Өглөө цагдаад өргөдөл өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Над руу 10 цагийн үед залгаж доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Энэ талаар миний утсанд бичлэг нь байгаа. Намайг утсаар ярьж байхад нөхөр хүүхэд хоёр хажууд байж энэ талаар сонссон. Над руу байнга залгаад байхаар нь ярихгүй, шууд бичлэг хийгээд л яваад байсан. Намайг эмнэлэгт үзүүлж, хэвтрийн дэглэм сахь гэсэн. Зөөлөн эдийн гэмтэлтэй учир хөдөлж болохгүй байсан. Миний гэмтэл сарын дараа эдгэрсэн. 10-5 хоног ажилдаа явж чадаагүй. Би орлогоороо цалинждаг. “Экстра” худалдааны төвийн Орос хүнсний бүтээгдэхүүний борлуулагч ажилтай. Би орлогоороо цалинждаг. Эмчилгээний зардал 838.580 төгрөг нэхэмжилж байна. 2 дугаар сарын эхээр намайг лангууны урдуур явж байхад барьж авч хувцаснаас зулгаасан. Тэгээд нөхөр нь бид хоёрыг салгасан. Цэен надтай уулзаагүй байж байгаад 02 дугаар сард надтай уулзсан юм гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баасансүрэнгийн: ...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Амар” нэртэй зочид буудлын 5 давхарын хоолны газарт “Нарантуул” захын өргөтгөл хэсгийн шинэ жил болсон юм. Тэгээд ороход манай хажуу талын лангуунд худалдаа хийдэг Цэен гэх эмэгтэй байж байсан юм. Тэгээд шинэ жил болоод 22 цагийн үед би 00 ороод бие засчихаад гараад ирэхэд Цэен үүдэнд байж байсан. Тэгээд би харж байгаад гараад сайн байна уу гэхэд намайг зайл новш оо гэж хэлээд баруун нүдний дээд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд миний зүүн хөл рүү мөн өшиглөсөн. Тэгээд би яаж байгаа юм гэхэд цаанаас хүмүүс гарч ирээд салгаад аваад явсан. Тэгээд би араас нь очоод ширээн дээр сууж байхаар нь би хүзүүнээс нь бариад аваад тэгээд мөн хүмүүс бид нарыг салгаад Цэенг хүмүүс явуулчихсан. Тэгээд маргааш өглөөнөөс нь хойш над руу утсаар залгаад хэл амаар доромжлоод байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Миний баруун нүд дээд хэсэгтээ хавдаж хөхөрсөн, зүүн талын гуя хэсэгт нилээд том хөхөрсөн байна. Баруун талын хавирга өвдөөд амьсгалж чадахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15105 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Д.Баасансүрэнгийн биед зүүн гуя, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2, 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн Д.Цэенгийн: ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын 5 давхарын рестораны угаалгын өрөөнд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг Баасансүрэнтэй тааралдсан. Тэгтэл Баасансүрэн намайг чи бид хоёр бие биеэ үзэн ядалцах болоогүй юу? гэж хэлээд над руу том хараад тулаад ирэхээр нь миний дургүй хүрч 2 мөр хэсэг рүү хоёр гараараа хүчтэй түлхсэн. Тэгтэл Баасансүрэн хойшоо 2-3 удаа алхаад хоёр гараараа тулж газарт унаад босоод ирсэн. Тэгснээ огт үг хэлэхгүй дахин муухай харж гөлрөөд над руу тулаад ирэхээр нь би утсаараа ярих гээд /би зүүн гараараа бичдэг/ зүүн гартаа утсаа бариад зогстол тулаад зогсохоор нь би тохойгоороо нэг удаа мөр цээж хэсэг рүү нь ёврож цохисон. Тэгээд би Баасансүрэнгээс холдож нөхөртэйгээ утсаар ярьчихаад угаалгын өрөө рүү орох гэтэл Баасансүрэн нь над руу хөмхийгөө зууж утсаа бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор баруун зүүн гараа 2-3 удаа савж, толгой хэсгээс нь үсдэж зулгаан, хөлөөрөө шилбэ хэсэг рүү өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Д.Цэенгийн:...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. Би хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
-Шүүгдэгч Д.Циргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 44 дүгээр тал/
Хохирлын баримтууд /хх-ийн 72-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудал дотор иргэн Д.Баасансүрэнг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.Цхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудал дотор 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Баасансүрэнг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Цнь цагдан хоригдсон хоноггүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Д.Баасансүрэн нь 838.580 төгрөгийн баримтыг нэхэмжилж байна. /хх-ийн 72-90 дүгээр тал/
Үүнээс доорхи хохирлыг гаргуулах үндэстэй байна. “Гранд-Мед” эмнэлэгт томографикт харуулсны төлбөр 14.000 төгрөг, эмийн сангаас эм худалдан авсан эмийн төлбөр 20.100+1700+7850+49.230=238.580 төгрөгийг шүүгдэгч Д.Цгаргуулан хохирогч Д.Баасансүрэнд олгох үндэстэй байна.
Харин хохирогч Д.Баасансүрэн нь “Номун” эмнэлэгт 2018 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 12-ны хооронд хэвтэж эмчлүүлсний төлбөр 600.000 төгрөгийг нэхэмжилж буйг төлүүлэх үндэслэлгүй байна. Учир нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А 216 422 тоот тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хөнгөн гэмтэл үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарнисан байхыг хэлдэг.
Шүүгдэгч Д.Цхохирогч Д.Баасансүрэн нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зодуулж бие махбодидоо хөнгөн зэргийн гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд хохирогч Д.Баасансүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 12-ны хооронд хэвтэж эмчлүүлсний төлбөр 600.000 төгрөгийг Д.Цхариуцах үндэсгүй байна.
Шүүгдэгч Д.Цэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Цэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт ДЦг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ДЦд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Цд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Цд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Ц/РД:НО73092361/ 238.580 /хоёр зуун гучин найман мянга таван наян/ төгрөгийг хохирогч Донидын Баасансүрэнд /РД:ЦГ84062263/ олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ