Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/72

 

 

 

 

 

 

 

 

 

2024          10           31                                                      2024/ДШМ/72

 

 

 

Э.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Э.Уянга

            Шүүгдэгч Э.М

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаар эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн 2434001180226 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1990 оны 3 дугаар сарын 06-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай,

Урьд: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Э-ын М,

 

Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үргэлжилсэн үйлдлээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 84/В байрны 207 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Х-г “ууж байсан шилтэй архи асгалаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаан хан байрны ард талын нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ү-г “хуучин нөхөр чинь залгаад байна” гэх шалтгаанаар хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон тооны гэмтэл учруулж буюу онц харгис хэрцгийгээр түүний нүүр, цээж хэсэгт 3-4 удаа цохих, халуун савтай хар цай асгаж баруун мөр, баруун даланд 1 дүгээр зэргийн түлэгдэл, баруун шилбэ, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дотор, гадна булан, доод зовхи, зүүн шуу, зүүн ташаа, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Залуус-2” хорооллын 84 дүгээр байрны орцонд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Х-тай “Ү танай гэрт байгаа юу” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний толгой, нүүр чих хэсэг рүү гараараа цохисон,

2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Залуус-2” хорооллын 84 дүгээр байрны 207 тоотод байрлах хохирогчийн гэрт “Үүрээ гичий хаана байна” гэх шалтгааны улмаас түүний гэрт орилж улмаар гал тогооны өрөөнөөс заазуур авч заазуурын бариул хэсгээр хохирогч Х-гийн шуу хэсэгт тус тус цохиж, хохирогч Х-гийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун шанаа, шуу, зүүн хөмсөг шанаа шуунд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

   Цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “фэйсбүүк цахим орчинд “Мөөгий Мөөгий” гэх хаягаас “төмс авна” гэсэн зарыг байршуулж зарын дагуу холбогдсон иргэн О-тэй 30 шуудай төмсийг 1.200.000 төгрөгөөр  худалдан авна гэж тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс төмсийг авч “Дэнжийн-1000” зах дээр төмсөө буулгаад мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж О-т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн  авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван /5/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг /720 / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цаг /720/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман /8/ цагийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван /5/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нэг /1/ жил, найман /8/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний цагдан хоригдсон 99 хоногийг биечлэн эдлэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг нэг /1/ жил, дөрвөн /4/ сар, хорин гурав /23/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

             Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэх 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 24 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

             1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан хорих ялын 1 хоногт шилжүүлж 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоох байтал ялын хугацааг буруу тооцсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс ялын хугацааг буруу тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.

   Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг хорих ялаар тогтоосон нь ойлгомжгүй, шүүгдэгчид оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэж хорих ял болгон өөрчилсөн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийгээгүй байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ ялын хугацааг буруу тооцон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан атлаа уг ялаа ямар үндэслэлээр хорих ял болгон өөрчилсөн нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээгээ холбогдуулан хэлэх тайлбар байхгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна хэмээн хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэдэг нь материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр “хууль ёсны” болдог бол тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоосон бодит дүгнэлт бүхий шийдвэрийг “үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн тус тус заасан.

Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ба энэ нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хэмээн заажээ.

 

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцон түүний үйлдсэн гэх гэмт хэргүүдэд нь оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван /5/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг /720/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа уг хорихоос өөр төрлийн ялуудыг хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, түүний урьдчилан цагдан хоригдсон 99 хоногийг уг хорих ялаас хасаж тооцон үлдэх хэсгийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас үзвэл дээрх оногдуулсан ялын алийг нь хөнгөн ял гэж үзэн аль зүйл хэсгээр нь оногдуулсан хүнд ялд нэмж нэгтгэсэн болон хуулийн ямар зүйл хэсэг заалтыг үндэслэн түүний үйлдсэн гэх гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан хорихоос өөр төрлийн ялуудыг хорих ялд хэрхэн тооцож шилжүүлсэн нь тодорхой бус байх бөгөөд шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхүйцээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчлийг гаргажээ.

 

4. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хэмээн дүгнэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Учир нь: Шүүхээс хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа яагаад энэ төрлийн ялыг сонгон хэрэглэх болсон хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үздэг.

            Шүүх ийнхүү эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна шүүхэд үүрэг болгосон хуулийн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол харин эрх олгосон хэм хэмжээг мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасантай нөхцөлүүдтэй уялдуулан харгалзан үзэж байх журамтай.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох ялын төрөл хэмжээний алийг нь сонгон хэрэглэх нь шүүгчид хуулиар олгогдсон онцгой эрх хэмжээ хэдий ч үүрэг болгосон хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдол бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд тооцогдох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаардаг.

Давж заалдах шүүхээс анхан шатны шүүхийн дээрх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчлийг зөвтгөх хууль зүйн боломжтой ч шүүхээс шүүгдэгч Э.Мд ял оногдуулахдаа хэрэглэвэл зохих буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг алийг нь хэрхэн сонгон хэрэглэж энэ нь шийдвэрийнх нь үндэслэл болж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахуйц, 6.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа болно.

 

5. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн 2434001180226 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2024 оны 24 тоот эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

6. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар шүүгдэгч Э.М-д урьд хэрэглэсэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг болон уг хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн шүүхэд харьяалагдах эсэхийг судлан үзэх нь зүйтэй зэргийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.М-д урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ЦЭРЭНХАНД

                                    ШҮҮГЧИД                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                М.МӨНХДАВАА