Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00324

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот , “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ...аймгийн ..р сумын .. баг ... тоотод оршин суух .............с 1,145,603,01 (нэг сая нэг зуун дөчин таван мянга зургаан зуун гурван төгрөг нэг мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”******* ******* ******* ******* ХХК нь  зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн А.А нь 2023 оны 08-р сарын 09-ний өдөр B23023080901 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,299,900.00 төгрөгийг сарын 2.90 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар TCL 65C645UHD QLED SAMRT TV загварын зурагт цахилгаан барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ******* ******* ******* ХХК нь зээлдэгч А.А 2023 оны 08-р сарын 09-ний өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн.

Зээлдэгч А.А нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу нийт 2,317,515,00 төгрөг төлсөн. 2025 оны 09-р сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 128 хоног хугацаа хэтрүүлж зээлээ төлөөгүй бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.

Иймд зээлдэгч А.А байгуулсан B23023080901 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 1,145,603.01 төгрөгийн өр төлбөрийг ******* ******* ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.

 

 

2.Хариуцагч  А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие нь 2025 оны 10-р сарын 20-ны өдрөөс зээлээ 5 хувааж төлөх болно. Цалин 20-ны өдөр буух тул 1,145,603 төгрөгийг төлж барагдуулна. Би хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг тул зээлийг боломжоороо төлж дуусгана.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч А.А холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,145,603,01 (нэг сая нэг зуун дөчин таван мянга зургаан зуун гурван төгрөг нэг мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК, хариуцагч А.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,145,603,01 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,145,603,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            6.Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,145,603,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,045 төгрөгийн тал хувь болох 16,022 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,022 төгрөг 50 мөнгийг, хариуцагч А.А улсын тэмдэгтийн хураамж 16,022 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,145,603,01 (нэг сая нэг зуун дөчин таван мянга зургаан зуун гурван төгрөг нэг мөнгө) төгрөгийг хариуцагч А.А нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,045 төгрөгийн тал хувь болох 16,022 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,022 төгрөг 50 мөнгийг, хариуцагч А.А улсын тэмдэгтийн хураамж 16,022 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ