Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Э.Гэрэлмаа,

          шүүгдэгч Б.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дамбий овогт Б.Пяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0398 30522 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ....

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Б.Пнь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 9-22 тоотод эхнэр Т.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шалбаралт, хаван, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пмэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэргийн талаар ярихгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бат-Эрдэнийн:…Миний бие Б.Пүрэвжалтай 2015 оны 11 дүгээр сараас гэр бүл болсон. Бид хоёр Ариунсан гэх 3 настай хүүтэй, Ариунсэтгэл гэх 1 настай охинтой. Манайх Пүрэвжалын ээжийн гэрт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ Өргөө 609-н 37 тоотод оршин сууж байсан. Пүрэвжал бид  хоёр  маргалдсаны улмаас 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдрах болоод би Ариунсэтгэл охиноо аваад өөрийн ээж Г.Гэзэгтийн гэрт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 9-р гудамж, 185 тоотод амьдрах болсон. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 8-9 цагийн хооронд ээжийн гэрт ээжтэйгээ охин Ариунсэтгэлтэй байж байхад нөхөр Пүрэвжал гаднаас согтуу орж ирээд би хүүхэдтэйгээ хэвтэж байхад миний ээж Гэзэгтийг загнаад, доромжлоод байсан. Дараа нь босч ирээд Ариунсэтгэл охиноо шүүрээд орноос татаад авсан. Тэгэхээр нь би араас нь босоод ирсэн чинь миний толгой руу 2-3 удаа гараараа цохиод, тэгэхэд ээж манай ах Баянбатыг дуудах гээд гэрээс гарсаны дараа Пүрэвжал миний уруул руу бас гараараа хүчтэй цохисон. Тэгээд Пүрэвжал хүүхдээ тэврээд, хүүхдийн цүнх аваад үүд рүү чиглээд явахад би араас нь очоод цүнхнээс нь зуураад зогсоосон. Тэгээд бид хоёр хүүхдээ булаацалдаж байхад Пүрэвжал надад хүүхдээ өгөөд цаашаагаа гараад зугтаачихсан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандсан…гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Баянбатын: …Тэр шөнө Бат-Эрдэнэ над руу залгаад Пүрэвжал согтуу ирээд намайг хөөгөөд байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би та нар учраа ол гэж хэлээд тасалсан чинь Бат-Эрдэнэ өөрөө такси бариад манайд ирсэн. Баруун гарын булчин хэсэгт хөхөрсөн байхаар нь би асуусан чинь Пүрэвжал согтуу базаад байсан гэсэн. Түүнээс өөр зүйл бол байгаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гэзэгтийн: …2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний төрсөн охин Бат-Эрдэнэ нөхөр Пүрэвжалаас салаад манай Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Улаанхуарангийн 9-22 тоот гэрт байж байхад 10 цагийн үед Пүрэвжал согтуу ганцаараа ирсэн. Пүрэвжалыг орж ирэхэд би гал асаах гээд байж байсан ба Пүрэвжал орж ирээд хүүхдийнхээ амьдралд гай болсон юм үх, үх гэхээр нь би үхэх юм бол ээжтэй чинь цуг үхнэ дээ гэж хэлсэн. Тэгтэл Пүрэвжал Бат-Эрдэнэ рүү очоод 8-9 сартай хүүхдээ булааж аваад Бат-Эрдэнийг гараараа толгой руу нь 2-3 удаа цохихоор нь би ахыг нь дуудахаар гарсан, намайг гарсан хойгуур Пүрэвжал гэрээс гараад явсан байсан. Пүрэвжал нилээн согтуу байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14462 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Бат-Эрдэнийн биед дээд уруулт шалбаралт, хаван, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно.

Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/,

   Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн Б.П: …Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөө би нилээн согтолттой хадам ээжийнд охинтойгоо уулзах гэж очсон. Тэдний гэрт нь ороод би охиноо авах гэж Бат-Эрдэнэтэй булаацалдаж байгаад тэдний гэрээс гараад явсан. Тэгээд тэд нар цагдаагийн байгууллагад хандсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,

   Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Б.П: …Би болсон үйл явдлыг тодорхой санахгүй байгаа. Би 8 сартай хүүхдээ харах гэж очсоноо санаж байна, тэрнээс бусдыг санахгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/,

   - Шүүгдэгч Б.П иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/,

             - Шүүгдэгч Б.П урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Пнь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 9-22 тоотод эхнэр Т.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шалбаралт, хаван, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Пхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Пнь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 9-22 тоотод эхнэр Т.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шалбаралт, хаван, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Пүрэвжалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Пнь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Т.Бат-Эрдэнэ нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Пүрэвжалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 69 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Пэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Пүрэвжалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                       

1. Б.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Поногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Поногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.     

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Пнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Павсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Пүрэвжалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ