Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2026/0615

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Б******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотойгоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу шийдвэрлэж ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгасан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “Б*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Б******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, тус компаниас түүнд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах бүрэн эрхийг олгосон байх бөгөөд хүсэлтэд итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Б******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч “Б*******” ХХК нь уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                        

ШҮҮГЧ                                      Д.ХАЛИУНА