Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/73

 

 

 

 

 

 

 

 

 

2024          10           31                                                      2024/ДШМ/73

 

 

                                     Г, М нарт холбогдох

                                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

               Прокурор Л.Солонго

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган

               Яллагдагч Г

               Яллагдагч Г-ын өмгөөлөгч Э.Мягмардорж

               Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 739 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тоот эсэргүүцэл, яллагдагч Г-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн яллагдагч Г, М нарт холбогдох эрүүгийн 2334000000299 дугаар бүхий 3 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 27-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч, барилгын менежмент, дампны оператор, өргөн мэргэжлийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Өгөөмөр 5 дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай,

Урьд: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан, Б овогт Б Г,

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 15-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, модон эдлэл чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 4 хүүхэд, зээгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/3-1 дүгээр байрны 809 тоотод амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт У М,

 

2. Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 2-223 тоотын гадна хамт барилгын ажил хийж байсан У.М-ын нүүр рүү гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, Баруун Зуунмод 6 дугаар баг, Лувсангомбын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд барилгын засварын ажил хийж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт ажиллаж байсан 52 настай, эрэгтэй О нүүр хэвлийн тус газарт нь өшиглөх зэргээр зодож, алсан,

 

М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ барилгын засварын ажил хийж байсан Төв аймгийн Зуунмод сум, Баруун Зуунмод 6 дугаар баг, Лувсангомбын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө иргэн О Г-д зодуулан бэртэл, гэмтэл авч асрамж, туслалцаа шаардлагатай байхад нь амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан байгааг мэдсээр байж харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлэлгүй орхисны улмаас хохирогч Ё.О нь нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар,

У.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилсан байна.

Яллагдагч Г-ын өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан хүсэлтийн “...Г-ын мэдүүлгийн мөрөөр мөрдөн шалгалт хийж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр голын эрэг дээр болсон зодооныг үзсэн харсан байх боломжтой хүмүүсийг олж тогтоон мэдүүлэг авах, ойролцоо дэлгүүр болон бусад барилга үйлчилгээний газрын камер шүүж нотлох баримтыг хэрэгт хавсаргах...” гэх хүсэлтийг хангаж, бусад заалтыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 348 дугаар “талийгаач Ё.О цогцост зулайн баруун хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн шугаман, зулай чамархайн заадал, баруун чамархай ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун 5,6,7,8,9,10, зүүн 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, баруун, зүүн уушгины шарх, цээжний баруун хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, баруун шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, баруун, зүүн өвдөг, шилбэ, баруун тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, баруун сарвууны 1-р хурууны 3-р үе, баруун гуя, баруун тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, баруун, зүүн шанаа, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, духны баруун хэсгээс доош баруун нүдний ухархайн гадна хана, духны сэртэн, хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр унах, дарах шахах, цохих, цохигдох механизмаар үүсэх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно. А /II/ бүлгийн цустай байна. Талийгаач нь судас хатуурах өвчин, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Харин дахин шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтлүүд байх бөгөөд гэмтэл авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж явах, алхах үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой боловч гар дээрээ суниах боломжгүй. Дээрх зулайн баруун хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн чамархай, зулай чамархайн заадал, баруун чамархай ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун хацар ясны хугарал, цус хуралт, баруун 5,6,7,8,9,10, зүүн 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, баруун, зүүн уушгины ургадал цээжний баруун хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, баруун шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, баруун, зүүн өвдөг, шилбэ, баруун тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, баруун сарвууны 1-р хурууны 3-р үе, баруун гуя, баруун тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, баруун, зүүн шанаа, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Духны баруун хэсгээс доош баруун нүдний ухархайн гадна хана, духны сэртэн хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хугарал гэмтэл нь талийгаачийг нас барахаас 3-с дээш сарын өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Гэмтэл авсан даруйд зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй...” талаарх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргажээ.

Дээрх олон тооны гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.

Яллагдагч Г, М нарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний эрхийг зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хязгаарласан нөхцөл байдал байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

5. Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн 23 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн 1 заалт бүхий ажиллагаа нь хэрэгт заавал мөрдөн байцаалт явуулж тогтоовол зохих, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш байна. Тодруулбал:

Шүүх шийдвэртээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан хэмээн дурдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтаар өөр асуудлыг хуульчлан зохицуулсан. Дээрх утга бүхий заалтаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй.

2. Шүүх хуралдаанаар шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа шүүгчийн захирамжид заасан яллагдагч Г-ын өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан хүсэлтийн “...Г-ын мэдүүлгийн мөрөөр мөрдөн шалгалт хийж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр голын эрэг дээр болсон зодооныг үзсэн харсан байх боломжтой хүмүүсийг олж тогтоож мэдүүлэг авах, ойролцоо дэлгүүр болон бусад барилга үйлчилгээний газрын камер шүүж нотлох баримтыг хэрэгт хавсаргах...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Г-ын өмгөөлөгчөөр Э.Мягмардорж өмгөөлөгч оролцож, түүний хүсэлтээс Яллагдагч Г-ын тухайн өдрийн маршрутыг тогтоох, яллагдагч Г-ыг эрүүдэн шүүсэн эсэх асуудлыг шалгах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” болно.

Яллагдагч Г-ын 2023 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрийн маршрут нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Бямбажаргал, М.Мөнхчулуун, Д.Ихбаяр, Ү.Энхбаяр, яллагдагч М нарын мэдүүлгээр тодорхой тогтоогддог. Тухайн гэмт хэрэг нь 1 жил орчмын өмнө гарсан, гарахдаа голын эрэг болон дэлгүүрийн хажууд болоогүй бөгөөд тухайн цаг хугацааны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авах, тухайн голын эрэг дээр амь хохирогч, яллагдагч нарыг байхыг харсан байх боломжтой гэх хэн нь тодорхойгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй юм.

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №348 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн талийгаачид учирсан олон тооны гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэх гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй гэх заалтын хувьд прокуророос яллагдагч Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн болох нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 168 тоот яллах дүгнэлт, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор тогтоогдоно.

Харин “Онц харгис хэрцгийгээр хүний алах” гэдгийг “хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан” үзэхээр хуульчилсан,

“Хүнийг алах” гэмт хэрэг нь гэмт хэрэгтний харгис хэрцгий байдлыг илтгэж байдаг бол хүнийг “онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт харгис хэрцгий байдал бүрийг бус зөвхөн “онц харгис хэрцгий” байдал гэмт хэрэгтний үйлдлийн аргад байхыг шаарддаг.

Онц хэрцгий гэдэг нь хүн алах онц хэрцгий арга, хохирогчийг ихээр тамлан зовоож алах арга, мөн гэмт хэрэгтний өршөөлгүй, зэрлэг, балмад хүний үнэргүй гэх мэтчилэн онц харгис хэрцгий байдлыг гэрчилж байгаа бусад нөхцөл байдалтай нягт холбоотой авч үздэг.

Амь хохирогчид олон тооны шарх учруулан алсан гэмт хэрэг бүрийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж болохгүй бөгөөд яллагдагч Г-ын үйлдэл нь амь хохирогчийг өшиглөн зодсоны улмаас амь хохирогчид дээрх олон тооны гэмтэл учран гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогддог тул яллагдагч Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

4. Яллагдагч Г, М нарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний эрхийг зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хязгаарласан нөхцөл байдал байсан эсэхийг шалгах тогтоох нь зүйтэй байна гэх дүгнэлтийн хувьд ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй байна.

Учир нь: Хэрэгт яллагдагч Г, М нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн ямар оролцогчдын хуулиар олгосон эрхийг хязгаарласан, зөрчсөн нөхцөл байдал байсан эсэх, хэрэгт энэ талаар хэн гэх оролцогч гомдол хүсэлт гаргасан талаар баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогчдоос энэ талаар огт маргаагүй болно.

5. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлахдаа “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зохицуулсан бөгөөд хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд харьцуулан шинжлэн судалснаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна. 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Г-ын өмгөөлөгчөөр “О.Баяржаргал” гэх өмгөөлөгч оролцсон мэтээр шүүх хуралдаанд оролцоогүй оролцогчийн талаар дурдсан харин захирамжийн удиртгал хэсэгт яллагдагчийн өмгөөлөгчөөр Э.Мягмардорж гэх өмгөөлөгч оролцсон талаар дурдаж, удиртгал хэсэг болон тодорхойлох хэсэгт тус тус зөрүүтэй бичиж, давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт бүхэлд нь дүгнэлт хийж үзвэл шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийг Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгосон боловч захирамжийн 4 дэх заалтад “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” болохыг дурдаж, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэх заалтад дурдсан “хохирогч /түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч/”-ийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан журмаар явуулсан эсэх нь тодорхойгүй /шийдвэрт баримталсан заалт байхгүй/, зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Мөн яллагдагч Г, М нарт холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарлаж зөрчөөгүй, шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн нотлох баримт байхгүй болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

 

6. Яллагдагч Г-ын өмгөөлөгч Э.Мягмардорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр тайлбар гаргахын хамт дээр дурдсан захирамжид өмгөөлөгчийн гаргасан бусад хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой байна.

Нэг: Прокурорын эсэргүүцлийн тухайд: Прокурор эсэргүүцэлдээ ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлага хангаагүй тухайн гэмт хэрэг нь 1 жил орчмын өмнө гарсан, гарахдаа голын эрэг болон дэлгүүрийн хажууд болоогүй бөгөөд тухайн голын эрэг дээр амь хохирогч яллагдагч нарыг байхыг харсан байх боломжтой гэх хэн нь тодорхойгүй хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй юм” гэснийг үл зөвшөөрч байна.

1. Шүүгчийн захирамжид “Г-ын мэдүүлгийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа хийж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр голын эрэг дээр болсон зодооныг үзсэн, харсан байх боломжтой хүмүүсийг олж тогтоон мэдүүлэг авах, ойролцоо дэлгүүр болон бусад барилга үйлчилгээний газрын камер шүүж нотлох баримтыг хэрэгт хавсаргах” гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхийг заасан байхад ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

2. Прокурор эсэргүүцэлдээ “тухайн гэмт хэрэг нь 1 жил орчмын өмнө гарсан гарахдаа голын эрэг болон дэлгүүрийн хажууд болоогүй бөгөөд тухайн голын эрэг дээр амь хохирогч, яллагдагч нарыг байхыг харсан байх боломжтой гэх хэн нь тодорхойгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолтой” гэснийг зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн хувьд тухайн хэрэг учрал болсон хугацаанаас хойш 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болон удаа дараа дээр дурдсан ажиллагаануудыг хийж нэг мөр эргэлзээгүй тогтоохыг хүсэж хүсэлт гаргаж байсан боловч мөрдөгч нар тухай бүр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан нь уг хэргийг М үйлдсэн байхад түүнийг хамгаалж түүнийг яллагдагчаар татахаас зайлсхийж зөвхөн Год хэргийг тохож өнгөрөөх гэсэн шударга бус, хууль бус, нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр өмгөөлөгч миний бие ямар ямар хүмүүсийг нэмж асуулгах талаар тодорхой ярьсан. Хэргийг нэг мөр эргэлзээгүй, үнэнийг тогтооход тухайн ажиллагаанууд нэн чухал ач холбогдолтой. Прокурор “тухайн хэрэг голын эрэг болон дэлгүүрийн хажууд болоогүй гэж дүгнэсэн нь ч ойлгомжгүй байна. Тийм бол яагаад У.М-ыг дэлгүүрийн хажууд зодож гэмтэл учруулсан гэж Г-ыг яллаад байгаа юм бэ. Прокурор өөрөө өөрийнхөө яллах дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Г мэдүүлэхдээ хохирогч болон М нарын зодоон 2003 оны 8 дугаар сарын 07-ны өдөр голын эрэг дээр эхлээд цааш үргэлжилсээр байсан” талаар мэдүүлдэг. Харин М дэлгүүрийн гадаа буцаж явахдаа Г намайг, харин байшин дотор 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хохирогчийг зодсон гэж мэдүүлдэг. 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хохирогч дэлгүүрээс архи авахаар ороход нүд нь хавдартай зодуурын ул мөр байсан эсэх, хохирогчийн бусдад зодуулсан ул мөр хэзээ үүссэн, 8 дугаар сарын 07, 08-ны үед нүүр бусад хэсэгт зодооны ямар ул мөр байсныг сайтар шалгаж тогтоож байж Г, М нарын мэдүүлгийн аль нь үнэн болохыг бусад гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэгээр нотлох ёстой. Энэ нь уг гэмт хэргийг Г, М нарын хэн нь үйлдсэнийг тогтооход маш ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагаа юм. Үүнийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй.

3. Прокурор гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Бямбажаргал, М.Мөнхчулуун, Д.Ихбаяр нарын мэдүүлгээр яллагдагч Г-ын 2023 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрийн маршрут тогтоогддог гэжээ. Дээрх гэрч нар Г-той хамт байснаа ярьдаг, тэр нь цаг хугацааны хувьд зөрүүтэй  байдаг тул Ү.Энхбаяр, Д.Ихбаяр нарын хамт орж хоол идсэн тооцоо хийсэн хоолны газрын ажилтнууд, эзнээс тодруулж, камерын бичлэг мөн шүдний эмнэлгүүдээр орсон цаг хугацааг тогтоох нь нэн шаардлагатай ажиллагаанууд юм.

4. Тэдгээр гэрчээс гадна хэрэг учрал болсон байрны ойролцоо хүмүүсийг бүгдийг асууж мэдүүлэг авах ёстой. Хэрэгт ач холбогдолгүй хараагүй хүмүүсийг асуусан болж мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байдаг. М хохирогч нар зодоон хийж байсныг харсан байх боломжтой гэрч нарыг тогтоож мэдүүлэг авах ажиллагаа огт хийгээгүй. Иймд шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

 

Хоёр: Өмгөөлөгчийн бусад хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийн тухайд: Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтооход шаардлагатай бусад ажиллагаа хийлгэхийг хүссэн боловч шүүхээс хангахаас татгалзсанд гомдолтой байна.

Тухайлбал: 1. Хэрэг учрал болсон байрны том өрөөнөөс цусны толбо илэрсэн бөгөөд энэ цус хохирогч Ё.О ДНХ-тэй таараагүй талаар шинжээч дүгнэсэн байдаг. Энэ цус У.М, Г нарын хэний цустай таарахыг ДНХ шинжилгээгээр тогтоох нь хэргийн бодит үнэнийг тогтооход нэн шаардлагатай юм.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хангах талаар шүүх тодорхой дүгнээгүй. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэв.

 

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүг Г зодчихоод орхиод явсан гэдгийг хажууд нь хараад зогсож байсан хүн нь хэлсэн. Прокурорын эсэргүүцлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин энэ хүн яагаад хоригдохгүй гадуур зүгээр яваад байгааг ойлгохгүй байна гэв.

 

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэв шүүхээс гэрч нарын мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж үзвэл тэднийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийнх нь зөрүүг гаргах бүрэн боломжтой. Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан зарим заалт биелэгдэх боломжгүй, тодорхойгүй байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Миний үйлчлүүлэгч яллагдагч Г-ыг цагдан хориулах саналтай байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

9. Яллагдагч Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд талийгаачтай гурван жил гаран хамт ажилласан. Сайн хүн байсан ч хааяа архи уучихдаг байсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн хэргийг үзсэн, харсан хүмүүс байгаа тул үнэн зөв нь тогтоогдох боломжтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч Г, М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, яллагдагч Г-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэж тус тус заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцнэ.  

 

2. Шүүх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.  

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

4. Шүүхээс гарч буй шийдвэр нь таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан Г-ын мэдүүлгийн мөрөөр шалгалт хийж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр голын эрэг дээр болсон зодооныг үзсэн харсан байх боломжтой хүмүүсийг олж тогтоон мэдүүлэг авах гэсэн нь тухайн үед яллагдагч Г, У.М, талийгаач Ё.О нарыг голын эрэг дээр байхыг хэн харсан нь тодорхойгүй, мөн талийгаач Ё.О-ын голын эргээс буцаж явахдаа архи авахаар ороод картаа орхисон учир авч чадсангүй хэмээн гарч ирсэн дэлгүүр нь хяналтын камертай эсэх нь тодорхойгүй байхад уг ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр даалгасан нь нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэхээр байна.

 

5. Харин талийгаач Ё.О-ын цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр түүний биед учирсан олон тооны гэмтлүүд нь амьд ахуй байх үед нь буюу нас барахаас нь 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэдэг нь тогтоогдсон ба уг гэмтлүүдээс үүдэн талийгаач нь зовж зүдрэхээр нөхцөл байдалд байсан нь гэмт этгээдийн харгис хэрцгий үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзвэл шүүхээс уг нөхцөл байдлыг сайтар тодруулан дүгнэсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзнэ.

 

6. Түүнчлэн шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь эрх бүхий аль субъектээс хэрхэн зөрчиж байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч ямар, ямар ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх нь тодорхой бусаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг шүүгч, шүүхээс мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Г, М нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.  

 

7. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, энэ талаар хяналтын прокурор Л.Солонгын бичсэн 2024 оны 23 тоот эсэргүүцлийг хүлээн авч ханган, яллагдагч Г-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

8. Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл буюу “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага”-ын талаар огт хамааралгүй зүйл заалт баримталсан, мөн яллагдагч Г-ын өмгөөлөгчийн нэрийг “О.Баяржаргал” гэж зөрүүтэй бичсэн, “Захирамжлах нь” хэсгийн 4 дэх заалтад “...хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч...”-ийн гомдол гаргахыг эрхийг хязгаарласан зэрэг хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдаа, зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 739 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тоот эсэргүүцлийг хүлээн авч ханган, яллагдагч Г-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, яллагдагч У.М-т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС

 

                     ШҮҮГЧИД                                                       А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА