Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0595

 

 

                                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б******* овогт Б*******ийн Э******* /РД:*******/,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Э*******,

Маргааны төрөл: Барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэх зөрчилд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Э*******, хариуцагч Б.Э******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Баянзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Я******* ХХК-иас гаргасан “Я******* ХХК-д үйлдвэрлэгдээгүй “Я*******” барааны тэмдэг бүхий хуурамчаар БНХАУ-д үйлдвэрлэсэн оймсыг импортоор оруулж худалдан борлуулсан” гэх гомдол мэдээлэлд үүсгэсэн зөрчлийн ******* дугаартай хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр харьяаллын дагуу Оюуны өмчийн газар ирүүлснээр улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

2.2. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтаар Б.Э*******т “барааны тэмдэг эзэмшигчийн үйлдвэрлээгүй хуурамч бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан” зөрчилд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон орлого 1,750,000 төгрөгийг хурааж улсын орлого болгосон.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “Миний бие БНХАУ-аас нийт 10,500 ширхэг оймс импортлон худалдаалсан болно. Уг барааны дотор нийлүүлэгч талаас шинэ загварын бараа хэмээн санал болгосон “Я*******” гэсэн тэмдэглэгээтэй 500 ширхэг оймс багтаж ирсэн бөгөөд миний зүгээс тухайн барааг бусдын барааны тэмдгийг хууль бусаар ашиглах, хуулбарлан үйлдвэрлүүлэх зорилгоор захиалж хийлгээгүй болно.

Би тухайн тэмдэг нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан болохыг мэдээгүй бөгөөд барааг нийлүүлэгч талаас бэлэн нийлүүлсэн байдлаар авсан.

Оюуны өмчийн газраас Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулж, 500 ширхэг оймсны борлуулалтын орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Миний бие 1 ширхэг оймсыг 2,600 төгрөгөөр худалдан авч, 3,500 төгрөгөөр худалдаалсан бөгөөд нэг бүрээс 900 төгрөгийн ашиг олсон болно. Иймд нийт борлуулалтын үнийг бүхэлд нь хууль бус орлого гэж үзэж улсын орлого болгосон нь бодит ашиг, бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн зөрчил санаатай үйлдэгдээгүй, нийт 10,500 ширхэг бараанаас зөвхөн 500 ширхэгт асуудал үүссэн, бусдын барааны тэмдгийг зориудаар ашиглах зорилго агуулаагүй, шалгалтын ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгч хамтран ажилласан, учирсан бодит хохирлын хэмжээ тогтоогдоогүй, оногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж байдал, үр дагавартай харьцуулахад хэт хүнд шийтгэл болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эсхүл торгуулийн хэмжээг бууруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.   

3.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Оюуны өмчийн газарт Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр "Я*******" ХХК-д үйлдвэрлээгүй хуурамч бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан үйлдлийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж өгнө үү." гэх зөрчлийн ******* дугаартай хэргийг харьяаллын дагуу ирүүлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т "оюуны өмчийн" улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр тусгайлан хуульчилсан байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг, 3.1.7-д "барааны тэмдэг эзэмшигч" гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг ойлгоно, 13 дугаар зүйлд 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол, 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол, 13.1.3-т барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол, 13.1.4-т барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно гэж хуульчилсан.

Иргэн Б.Э******* нь "Я*******" барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан, бүтээгдэхүүн борлуулсан болох нь хохирогч болон холбогдогчийн мэдүүлэг, хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

Иймд эрх бүхий албан тушаалтны 2026.05.01-ний өдрийн ******* дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.Э******* нь “барааны тэмдгээр бүртгэгдсэнийг мэдээгүй, зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд анхнаас нь хамтарч ажилласан, үнэн зөв мэдүүлсэн” хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар, торгуулийн хэмжээг бууруулахыг хүсэж шүүхэд гомдол гаргасан.

Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Я******* ХХК-ийн “Я*******” барааны тэмдэг бүхий тус компанид үйлдвэрлэгдээгүй оймсыг БНХАУ-д хуурамчаар үйлдвэрлэснийг зөрчилд холбогдогч Б.Э******* импортоор оруулж, худалдан борлуулсан нь ******* дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан гомдол мэдээлэл, түүнд хавсаргасан баримтууд, холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул “барааны тэмдэг эзэмшигчийн үйлдвэрлээгүй хуурамч бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан” зөрчилд оюуны өмчийн хяналтын улсын байцаагч 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтаар 300,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон орлого 1,750,000 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

1.1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг, 3.1.7-д "барааны тэмдэг эзэмшигч" гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг ойлгох ба, 13 дугаар зүйлд 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэснийг, 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлснийг, 13.1.3-т барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлснийг, 13.1.4-т барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласныг тус тус барааны тэмдгийг ашигласанд тооцно.

Я******* ХХК “Я*******” барааны тэмдгийг бүртгүүлсэн, эрх эзэмшигч[1] бөгөөд зөрчилд холбогдогч Б.Э******* нь БНХАУ-аас “Я*******” гэсэн бичигтэй оймс импортоор оруулж ирж, худалдан борлуулсан нь барааны тэмдгийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуурамчаар үйлдвэрлэсэн барааны тэмдгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчилд хамаарч байна.

1.2. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан.

Тиймээс барааны тэмдгийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барааны тэмдгийг ашигласан бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр импортоор оруулж худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх “барааны тэмдэг эзэмшигчийн эрх зөрчсөн” гэж хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь “эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байна”, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх “зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2 дахь “зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж заасанд нийцжээ.

2. Тухайн зөрчилд ногдуулах торгох шийтгэл болон зөрчил үйлдэж олсон орлогыг хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ нь холбогдох хуулийн заалт буюу Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой байдлаар сонгох боломжгүйгээр хуульчлагдсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар зөрчил үйлдэж олсон орлогыг улсын орлого болгосон албадлагын арга хэмжээний дүнг, торгох шийтгэлийн хэмжээг бууруулах боломжгүй юм.

2.1. Нөгөөтээгүүр Я******* ХХК-иас ямар нэгэн байдлаар хохирол нөхөн төлүүлэхээр гомдол гаргаагүй бөгөөд зөвхөн үйлдсэн зөрчилд нь хариуцлага хүлээлгэх агуулга бүхий гаргасан гомдолд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогчийн тодорхойлсон үнийн дүнгээр хэмжээгээр улсын орлого болгох зөрчил үйлдэж олсон орлогын хэмжээг тодорхойлсныг буруутгахгүй.

2.2. Хэдийгээр зөрчлийн дүн, бараа худалдан борлуулж олсон орлогын дүнг холбогдогчийн “... БНХАУ-аас нийт 10,500 ширхэг оймс импортлон худалдаалсны дотор нийлүүлэгч талаас шинэ загварын бараа хэмээн санал болгосон “Я*******” гэсэн тэмдэглэгээтэй 500 ширхэг оймс багтаж ирсэн, ... 1 ширхэг оймсыг 2,600 төгрөгөөр худалдан авч, 3,500 төгрөгөөр худалдаалсан, нэг бүрээс 900 төгрөгийн ашиг олсон” гэх мэдүүлгээр л тогтоогдсон байх боловч холбогдогчоос ийнхүү зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, тоо хэмжээ, үнийн дүнг өөрөө тодорхойлсон байна.

3. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зөрчилд холбогдогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээр бүрэн хангасан байна.

4. Мөн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд оногдуулж буй шийтгэлийн зорилго нь зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна хариуцлага хүлээлгэх агуулгатай байх тул энэ агуулгаар Б.Э*******ээс гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Б.Э*******ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 2.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1.1, 13.1.2, 13.1.3 дахь заалтыг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Б.Э*******ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Б.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 91-96 дугаар хуудас