Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00738

 

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00547 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ХХд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,234,336 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч ХХтай байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг, автомашины зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг, кредит картын гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч ХХ цалингийн зээлийн үндсэн зээл 21,697,713.09 төгрөг, зээлийн хүү 9,884,801.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,207.10 төгрөг, нийт 31,870,722.13 төгрөг, автомашины зээлийн үндсэн төлбөр 11,658,254.26 төгрөг, зээлийн хүү 4,602,066.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,182.55 төгрөг, нийт 16,376,503.38 төгрөг, кредит картын зээлийн үндсэн төлбөр 1,049,789.04 төгрөг, зээлийн хүү 600,217.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,004.41 төгрөг, нийт 1,987,110.65 төгрөгийг тус тус буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “ХХХ” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийн автомашины зээл, 2018 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийн кредит карт авсан. Өөрийн ажилладаг байгууллагын үйл ажиллагаа зогссон, мөн хүүхэд төрүүлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөрийн чадваргүй болсон. “ХХХ” ХХК-д зээл хүүгийн хамт 24,726,941 төгрөг төлсөн, банктай зээл, хүүгийн тооцоололд маргахгүй. Үлдэгдэл 50,234,336 төгрөгийг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлд дурдсан автомашинаар бараа хүргэлт хийдэг тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгаас зээлийн гэрээний үүрэгт 50,234,336.16 /тавин сая хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж ХХХ ХХК-нд олгож, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан 0000 ХХХ улсын дугаартай 2013 оны ХХ маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 409,121 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

          4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн атлаа “нэхэмжлэгчээс барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох үндэслэл гаргаагүй хэмээн тайлбарласан нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүгч барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хуульд нийцсэн хэмээн үзэж байгаа бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаалагч барьцаагаар хангуулах үндэслэлтэй байсан. Иймд ХХХны ХХтай байгуулсан ипотекийн гэрээгээр болон барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь банкинд илтэд хохиролтой хэмээн үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

          5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянав.

 

1. Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,234,336 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.а. “ХХХ” ХХК, ХХ нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 00000 дугаар зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, уг гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 00000 дугаар гэрээ байгуулагдсан бөгөөд дээрх гэрээгээр “ХХХ” ХХК нь 30,000,000 төгрөгийг 39 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, ХХ нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн цалингийн орлого, картын ба бусад дансны орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх-8-12 дахь тал/

2.б. Мөн талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ3155111602 дугаар автомашины зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “ХХХ” ХХК нь 15,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, ХХ нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэгдсэн 0000 ХХХ улсын дугаартай ХХ маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

2.в. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ00000 дугаар кредит картын гэрээг байгуулж, “ХХХ” ХХК нь 1,000,000 төгрөгийн эрх бүхий зээлийг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3.5 хувь, зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсний хүү буюу лимит хэтрүүлсний хүү 2 хувь, зарцуулалт эргэн төлөх хувь 10 хувь, нэмэгдүүлсэн хүүг 1 хувиар тооцохоор тохиролцож шилжүүлэх, ХХ төлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөх, лимит хэтэрсэн өр үүссэний хариуцлагыг хүлээхээр тус тус тохиролцжээ. Энэ талаар талууд маргаагүй. /хх-13-20 дахь тал/

2.г. Дээрх 3 гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, зээл болон барьцааны гэрээ,  автомашины зээлийн болон барьцааны гэрээ, кредит картын гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

3. Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 3,458,857.95 төгрөгийг тус тус олгож гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэргийн 21-23 дахь талд авагдсан хүү тооцооллын болон кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдсон байна. Хариуцагч ХХ зээлийн үүргээ хугацаандаа төлөөгүй, зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

3.а. Хариуцагч ХХ нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,302,286 төгрөг, зээлийн хүү 9,112,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,307.89 төгрөг, нийт 17,417,089 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 21,697,713.09 төгрөг, зээлийн хүү 9,884,801.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,207.10 төгрөг, нийт 31,870,722.13 төгрөгийг төлөөгүй,

3.б. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,341,745.74 төгрөг, зээлийн хүү 3,963,912.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,192,73 төгрөг, нийт 7,309,851.38 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн зээл 11,658,254.26 төгрөг, зээлийн хүү 4,602,066.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,182.55 төгрөг, нийт 16,376,503.38 төгрөг төлөөгүй,

3.в. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн кредит картын гэрээний үндсэн зээл 2,409,068.91 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 193,933.35 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,709.58 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 8,931.02 төгрөг, шимтгэл хураамж 35,200 төгрөг, нийт 2,648,842.86 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 1,049,789.04 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 600,217.20 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 172,446.40 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 129,558.01 төгрөг, шимтгэл хураамж 35,100 төгрөг, нийт 1,987,110.65 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 21-23 дахь талд авагдсан хүү тооцооллын болон кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

4. Иймд нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХгаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй. Хариуцагч ХХ нь цалингийн зээлийн төлбөрийг 733 хоног, автомашины зээлийн төлбөрийг 621 хоног тус тус төлөөгүйгээс ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна. Иймд нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 226 дугаар зүйлийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэж заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5.а. Талууд 00000 тоот цалингийн зээлийн гэрээний 2.9-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтиг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов” гэж,

5.б. ЗГ000000 тоот автомашины зээлийн гэрээний 3.1.3-д “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хавсралт-№1-д дурьдсан графикт хугацаа дууссан өдрөөс төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний  нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд Банк хүүг энэхүү гэрээний 3.1.2-т дурьдсан журмын дагуу зээл, зээлийн хүүний төлбөрийн хамт суутган авна” гэж тус тус тохиролцсон байна.

6. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх 3 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 50,234,336.16 төгрөгийг хариуцагч ХХгаас гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар хариуцагч ХХ давж заалдах гомдол гаргаагүй болно.

7.а. Талууд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БГ3155111602 дугаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 онд үйлдвэрлэгдсэн 0000 ХХХ улсын дугаартай ХХ маркийн автомашин барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв. Гэвч нэхэмжлэгчээс барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох үндэслэл гаргаагүй гэж дүгнэж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. /4/

7.б. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

7.в. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХ нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 0000 ХХХ улсын дугаартай 2013 оны ХХ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав. /4/

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХ нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 0000 ХХХ улсын дугаартай 2013 оны ХХ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж,

          тогтоох хэсгийн 3 дахь заалтын “409,121 төгрөгийг” гэснийг “479,321 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ