| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/04661/И |
| Дугаар | 191/ШШ2025/05137 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05137
| 2025 06 06 | 191/ШШ2025/05137
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 52 байр, 12 тоот хаягт оршин байрлах, ******* ******* ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь 2023.02.10-ны өдөр манай байгууллагатай №2302-2271 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулан 60.000.000 төгрөгийг сарын 3.00 хувийн хүүтэйгээр, нийт 3 жилийн хугацаатай зээлэн ФГ/2302-2271/ дугаартай фидуцийн гэрээ байгуулж 02-90 УНК улсын дугаартай Лексус RH450h маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээ байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 33,968,324.61 төгрөг, үндсэн хүүд 29,100,524.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 193,346.91 төгрөгийг төлсөн бөгөөд төлбөр төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул тэдэнд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж Зээлийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгчийн санаачлагчаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн. 2025.05.09-ны өдрийн байдлаар Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 26,031,675,39 төгрөг, үндсэн хүүд 804,047.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,238.15 төгрөг, нийт 26,846,960.88 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. "Зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нь хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахад хариуцагчийн оршин суугаа газар тодорхой бус байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/17432 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
Т.******* нь ******* ******* ББСБ ХХК-2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Т.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* нь Ч тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/17432 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* ******* /РД:*******/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс /Утас:99729139/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС