| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2020/00981/И |
| Дугаар | 210/МА2022/00689 |
| Огноо | 2022-04-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2022/00689
Э ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 0000000000000000 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т А ХХК-д холбогдох, 583,840,558 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, 332,074,129 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , Б.М, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Э ТӨААТҮГ нь Т А ХХК-тай 2014 оны 06 сарын 10-ны өдөр 000000000000 4 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч Т А ХХК 12 давхар, 9110.92 м.кв талбай бүхий 88 айлын орон сууцыг захиалагчийн гаргаж өгсөн зураг төслийн дагуу барьж, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр, захиалагч Э ТӨААТҮГ барилгыг хүлээн авч, төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээгээр 88 айлын орон сууцнаас 18 орон сууцыг Э , 34 орон сууцыг Э ТӨААТҮГ, 26 орон сууцыг Т А ХХК авч, захиран зарцуулахаар тусгаж, үлдэх 10 айлын орон сууцыг Э ТӨААТҮГ өөрийн эзэмшил газраа өгч бариулж байгаа тул өөртөө авч борлуулахаар, Т А ХХК барилгыг барихтай холбоотой зардлуудыг бүрэн хариуцан, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэхээр, Э ТӨААТҮГ гэрээнд заасан хугацаанд ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр улсын комисс ажилласны дараа орон сууцыг хүлээж авахаар харилцан тохиролцсон. Гэтэл Т А ХХК барилга угсралтын ажилд санхүүжилт дутчихлаа, түр дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасныг байгууллагын удирдлагууд хүлээн авч, 10 ширхэг байрны урьдчилгаа төлбөрт нийт 310,000,000 төгрөгийг 2014 оны 06 сарын 12, 10 сарын 08, 21-ний өдрүүдэд шилжүүлсэн. Э ТӨААТҮГ-ын 2014 оны санхүүгийн тайланд Ү газраас шалгалт хийж, ...өөрөө борлуулах 10 байрны урьдчилгаанд 310,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасантай нийцээгүй гэж дүгнэн, энэ санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх тухай дүгнэлт болон албан шаардлага тавьсан. Улмаар талууд 2015 оны 11 сарын 19-ний өдөр 00000000000 тоот дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, дээрх 10 байрыг гүйцэтгэгч Т А ХХК-иас авахаар тохиролцсон. Иймд Т А ХХК-д үндэслэлгүй шилжүүлсэн 310,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 57,500,000 төгрөгийг хасч, үлдэх 252,500,000 төгрөгийг гаргуулна. Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.5-д заасны дагуу барилгын зураг, гадна бохир, дулаан, гэрчилгээ, техникийн нөхцлийн үнэ зэрэгт төлсөн 103,214,568 төгрөгийг буцаан гаргуулна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй бол хүү шаардах эрхтэй гэж зааснаар нэг сарын 1%-иар тооцож 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 46 сарын хүү 228,125,990 төгрөг, нийт 583,840,558 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Хариу тайлбарын агуулга: Манай компани Э ТӨААТҮГ-ийн хууль зөрчсөн захиалгын гэрээнээс болоод тэдний хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 310,000,000 төгрөгөөс илүү зардал гаргаж хохирсон учир 252,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. 2014 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээгээр 88 айлын орон сууцыг Э ТӨААТҮГ-ын гаргаж өгсөн зураг, төслийн дагуу санхүүжилтийн 30 хувийг өөрөө гаргаж Т А ХХК барихаар болсон. Дараагийн санхүүжилтийг барилгын ажлын гүйцэтгэлийн 50, 70, 100 хувиар Э ТӨААТҮГ болон захиалагч, албан хаагчид тодорхой үе шатны дагуу хийхээр гэрээ байгуулагдсан. Манай компани барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргээд 2 дахь үе шатны төлбөр буюу барилгын ажлын гүйцэтгэлийг 50%-д хүргэх санхүүжилтийг захиалагчаас нэхэмжлэх явцад Ү газраас 10 байрны санхүүжилтэд шилжүүлсэн 310,000,000 төгрөгийг буцаан төвлөрүүл гэсэн албан шаардлага гарсан. Т А ХХК энэхүү барилгын ажлын 30 хувь болох 2,7 тэрбум төгрөгийг өөрөөсөө гаргах боломжтой гэж үзэж 2014 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээг байгуулсан. Гэтэл захиалагч 10 байрны санхүүжилтийг төсвөөс гаргаж байгаа талаар бидэнд хэлээгүй бөгөөд 88 айлын орон сууцны барилгын цутгалтыг 5 давхар хүртэл хийсэн, тухайн 10 байрыг орхиод 78 айлын байрыг ашиглалтад оруулах боломжгүй тул манай компани тус 10 байрны санхүүжилтийг гаргах шаардлагатай болсон. Мөн Э ТӨААТҮГ захиалагч, албан хаагчдын захиалсан 52 байрны санхүүжилтийг үе шатны дагуу хийж чадахааргүй болсон. Э ТӨААТҮГ-аас энэ 10 байрны санхүүжилтийг хариуцахгүй бол барилгын ажил гүйцэтгэлийн 50% болох 80,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй гэсэн. Манайх нэгэнт эхэлсэн ажлаасаа гарах боломжгүй, мөн тухайн ажлаас гарсан тохиолдолд их хохирол амсах нь Т А ХХК болон төлбөрөө хугацаанд нь өгсөн захиалагчид байсан тул ямар ч байсан барилгыг ашиглалтад оруулая гээд 80,000,000 төгрөгийг манайд шилжүүлэх юм бол 310,000,000 төгрөгөөс 250,000,000 төгрөгийг буцааж төлье гэсэн санал гаргасан. Ингээд 2015 оны 11 сарын 19-ний өдөр дээрх 250,000,000 төгрөгийн талаар дурдалгүйгээр, техникийн хяналтын зардал барилгын шууд төсвөөс 2%-ийг тооцоод 103,000,000 төгрөгийг танайх гаргачих гэсэн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан. Гэрээ хэрэгжээд явж байтал захиалагчаас танайх 310,000,000 төгрөг, техникийн хяналтын зардал 103,000,000 төгрөг, нийт 416,000,000 төгрөгийг төл, төлөхгүй бол бид 70%-ийн санхүүжилтийг хийхгүй, барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, график гаргаж өгөхгүй гэж хууль бус шаардлага тавьсан. Манайх барилгаа ашиглалтад оруулах үүднээс хүлээн зөвшөөрсөн хариу өгөөд байсан. Ингээд манайх 2016 оны 10 сарын 10-ны өдөр Голомт банкнаас 1,300,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авах болсон шалтгаан нь 10 ширхэг байрны санхүүжилтийг шийдэх, захиалагч албан хаагчид төлбөрөө хийгээгүйгээс шалтгаалаад 18 авто зогсоолын санхүүжилтийг хийгээгүй зэрэг юм. Иймд манайх дээрх төлбөрөөс 57,500,000 төгрөгийг төлчихсөн, үлдэх 252,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн хүү тооцох талаар талууд бичгээр тохиролцоогүй тул 228,125,990 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Мэргэшсэн төсөвчин орон сууцны барилгын ажлын төсөвт өртгийг 8,095,706,304 төгрөг гэж тооцоолсон. Уг төсвийг захиалагч, гүйцэтгэгч талуудын төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан. Захиалагч Э ТӨААТҮГ нь барилгын ажилд шаардагдах бүхий л зураг төслүүд бэлэн, барилгын ажил эхлэх зөвшөөрлүүд, газартай холбоотой ямар ч зардал гарахгүй, тагтны хаалт хийхгүй гэсэн. Эдгээр ажлууд барилгын ажлын төсөвт огт тусгагдаагүй. Гэтэл барилгын ажлын явцад Э ТӨААТҮГ нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүйн зэрэгцээ барилгын гадна шугам сүлжээ буюу цахилгаан, дулаан, бохирын шугамны зургийг шинэчлүүлэх шаардлагатай болсон. Ийнхүү Т А ХХК нь төлөвлөсөн орон сууцыг зохих ёсоор барьж гүйцэтгэхийн тулд барилгын ажлын төсөвт тусгагдаагүй ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Э ТӨААТҮГ-ын удирдлагууд 10 байрны урьдчилгаанд шилжүүлсэн 310,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй байхад нэмэлт санхүүжилт гаргах боломжгүй хэмээн төлөхөөс татгалзаж ирсэн. Барилгын төсөвт тусгагдаагүй дараах зардлуудыг Т А ХХК гаргасан. Үүнд: Барилгын гадна дулаан, цахилгаан, бохирын шугам сүлжээ, холбооны зураг төслийн үнэ 9,155,000 төгрөг, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн үнэ 1,460,000 төгрөг, гадна холбооны техникийн нөхцлийн үнэ 110,000 төгрөг, дулааны холболтын зөвшөөрлийн үнэ 10,000,000 төгрөг, гадна бохирын шугам худагт холбогдох зөвшөөрлийн төлбөр 10,000,000 төгрөг, гадна дулаан, цахилгаан, бохирын шугам сүлжээ, холбооны ажилтай холбоотой барилгын ажлын төсөвт тусгагдаагүй ажлуудад гарсан зардлууд 13,150,000 төгрөг, нийт 43,875,000 төгрөг. Дээрх зардлуудаас гадна орон сууцны барилгад суурилуулах цахилгаан шат (лифт) барилгын ажлын төсөв, бараа материалын үнэд огт тусгагдаагүй орхигдсон байдаг. Т А ХХК барилгын зураг төсөлд тусгагдсаны дагуу 2 ширхэг лифт суурилуулахаар барилга угсралтын ажлыг төлөвлөж, улмаар 2017 оны 03 сарын 10-ны өдөр С МН ХХК-аас 2 ширхэг лифтийг 53,302 ам.доллар буюу 132,398,137 төгрөгөөр худалдан авч, Х Э ХХК-тай байгуулсан 2017 оны 07 сарын 17-ны өдрийн Цахилгаан шат суурилуулах гэрээний дагуу 22,000,000 төгрөгөөр барилгад угсарч суурилуулсан. Захиалагч нь орон сууцны тагтны хаалт шаардлагагүй гэсний улмаас тагтны хаалтыг барилгын ажлын төсөвт огт тусгаагүй. Гэвч Э ТӨААТҮГ-ын удирдлагуудын санал, шийдвэрээр 1 м.кв нь 60,000 төгрөгийн үнэтэй тагтны хаалтыг гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийж, арга хэмжээ авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг амлалт, үүргээ биелүүлээгүй. Иймд Э ТӨААТҮГ-ын захиалсан 52 ширхэг орон сууцны 332.82 м.кв тагтны үнэ 19,969,200 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд барилгын ажлын төсөвт тусгагдаагүй ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлыг гэрээний талууд адил хэмжээгээр буюу 50%-иар хариуцах үндэслэлтэй тул 99,136,568 төгрөгийг Э ТӨААТҮГ-аас нэхэмжилж байна. Э ТӨААТҮГ-ын шилжүүлсэн 310,000,000 төгрөг нь барилгад ашиглагдсан. Манай компани 10 байрыг Голомт банкны хүүтэй зээлээр санхүүжүүлсэн учир банкинд төлсөн хүүгийн зардлаас борлуулалтын ашгийг хасаад 153,062,032 төгрөгийн хохирол амссан. Э ТӨААТҮГ-т 310,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй бөгөөд тус газрын дарамт шахалтаар урьд шилжүүлсэн 59,906,329 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иймд Э ТӨААТҮГ-аас 153,062,032 + 119,105,768 + 59,906,329 = 332,074,129 төгрөгийг гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий асуудал нь нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг зөрчиж 88 айлын орон сууцнаас 10 байрыг ашиг олох зорилгоор өөрт авна гэсэн нөхцөлийг хариуцагчтай тохирсонтой холбоотой. Хариуцагч нь нэхэмжлэгчид 10 байрны буцаалт хэмээн нийт 57,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг 10 байр 2015 оны 11 сарын 19-ний өдрөөс хойш хариуцагчийн өмчлөлд очсон бөгөөд эдгээр байрыг худалдан борлуулсны ашиг орлогыг хариуцагч тал хүртсэн. Хариуцагч тал нэхэмжлэгч талаас шилжүүлэн авсан 310,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 252,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 492.1.1-т заасантай нийцсэн тул тус мөнгөн дүнг буцаан шилжүүлэх үндэслэлгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан 000000000000 4 тоот гэрээний 2.1-т Захиалагчийн ажиллагсдад зориулсан орон сууцны талбайн тэнхлэгээс тэнхлэгийн хооронд 1 м.кв үнэ 885,000 төгрөгөөр тооцож түлхүүр гардуулах нөхцөлөөр хүлээн авах, 00000000000 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.5-д Гүйцэтгэгч тал гадна бохир, дулаан, цэвэр ус, гадна цахилгаан, холбоо, гадна зам талбайн тохижилтыг хариуцан хийх бөгөөд нийт барилгын ажлын шууд зардлаас 2%-тай тэнцэх төлбөрийг техник хяналтын зардал болон зураг төслийн зардал болгон захиалагч талд төлнө хэмээн тус тус заасан. Э ТӨААТҮГ-ын 88 айлын орон сууцны барилгын угсралтын ажлын нэгдсэн төсөвт зааснаар шууд зардлын дүн 5,150,326,893 төгрөг байх ба үүний 2% нь 103,006,537 төгрөг болж байна. Манай байгууллага энэ мөнгөн дүнг гүйцэтгэгчийн өмнөөс өгсөн бөгөөд хариуцагч уг зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй тул 43,875,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Лифт худалдан авч, угсарч суурилуулахад зарцуулсан 154,398,137 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Тагтны хаалт нь хоёр талын харилцан тохиролцсон зардал тул төсөвт тусгагдсан хэмээн үзэж байна. Иймд тагтны хаалтын үнэ 19,969,200 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Т А ХХК-аас 355,714,568 төгрөг гаргуулан Э ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228,125,990 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Э ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 332,074,129 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,127,153 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,976,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,936,523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 355,714,568.4 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчийн 234,405,861 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:
а. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач, холбогдолтой талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Э ТӨААТҮГ нь 10 байр захиалж, урьдчилгаанд 310,000,000 төгрөг шилжүүлсэн. Дээрх санхүүжилтийг нэхэмжлэгч нь төсвийн мөнгөнөөс гаргасан буюу Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг зөрчсөн болох нь Ү А газрын 2015 оны 04 сарын 06-ны өдрийн 00/00 дугаартай албан шаардлагаар нотлогддог. Цаашид дээрх байдлаар үлдэгдэл санхүүжилтийг хийж болохгүй тул 10 байрны захиалгыг цуцалж, Э ТӨААТҮГ-ын 62 орон сууц 52 болж, Т А ХХК-ийн худалдан борлуулах 26 орон сууц 36 болж өөрчлөгдсөн. Гэтэл дээрх байдлыг шүүх сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээний өөрчлөлт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
б. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Э ТӨААТҮГ-ын ашиг олох зорилгоор, төсвөөс санхүүжилтийг нь гаргаж захиалсан талуудын хоорондох 10 орон сууцны тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл хүчин төгөлдөр бус байх 56.1.1 Хууль зөрчсөн... хэлцэл учир талууд өөрсдөө харилцан тохиролцож үр дагаврыг тодорхойлох эрхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй гэж хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хуульчилсан. Гэвч уг хэлцэл хүчин төгөлдөр бус эсэхээс үл хамаарч үр дагавар нь аль хэдийн гарсан байсныг шүүх анхаараагүй буюу сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг анхаараагүйд гомдолтой байна. Бодит үйл баримтын хувьд 2015 оны 11 сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах үед захиалагч тал 250,000,000 төгрөгийн талаар огт дурдахгүйгээр түүний оронд гэрээний 3.5-д техникийн хяналтын зардлын 2%-тай тэнцэх төлбөрийг Т А ХХК хариуцах байдлаар үр дагаврыг тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын удирдлага солигдож захиалагч, албан хаагчдын үе шатны төлбөрүүдийг төвлөрүүлж, Т А ХХК-д шилжүүлдэг байдал болон барилга угсралтын ажлын үе шатны графикийг баталдаг байдлаа тус тус ашиглан 2016 оны 08 сарын 26-ны өдрийн албан бичгээр 310,000,000 төгрөг дээр техникийн нөхцөл, зураг төслийн зардал 133,609,777 төгрөгийг нэмж шаардаж, 2017 оны 01 сарын 20-ны өдрийн албан бичгээр ...танай компани шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барилгын ажлын үе шатны графикийг баталж өгөхгүй... анхааруулж байна гэж барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой буюу хууль зөрчсөн үр дагаврыг дахин өөрчилж, дээрх хоёр шаардлагыг биелүүлэхийг шаарджээ. Тухайн үед буюу 2017 оны 01 сарын байдлаар 88 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 80% хүрсэн, Т А ХХК өөрийн хариуцах 2,7 тэрбум төгрөгийн зардал гаргаснаас гадна Э ТӨААТҮГ, түүний захиалагч, албан хаагчдын санхүүжүүлэх үлдэгдэл санхүүжилтэд зориулж Голомт банкнаас 1,3 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн эргэн төлөлтийг Э ТӨААТҮГ-ын ажилчдыг 8%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж, буцаан төлөхөөр төлөвлөж, тохиролцсон байсан. Иймд өөрийн оруулсан 2,7 тэрбум төгрөгийг царцаахгүйн тулд, банкнаас авсан зээлийг түргэн хугацаанд хурдан төлж, дуусгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд, хугацаандаа болон урьдчилан төлбөрөө төлсөн захиалагч нарын өмнө алданги төлөх эрсдэлд орохгүйн тулд, 88 айлын орон сууцыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд шүүхэд маргаан үүсгэж олон жилийн хугацаа алдахгүйгээр Э ТӨААТҮГ-ын дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Талуудын хууль зөрчсөн гэрээний үр дагаврыг янз бүрээр тохиролцсон буюу янз бүрээр өөрчлөгдсөн байх боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримталж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Т А ХХК нь Голомт банкнаас 1,3 тэрбум төгрөгийн зээл авч зээлийн хүүнд 754,836,006 төгрөг төлж хохирсон. Мөн Э ТӨААТҮГ-ын хууль зөрчсөн хэлцлийн улмаас Т А ХХК-д 153,062,032 төгрөгийн хохирол учирсан. Иймд энэхүү хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу Э ТӨААТҮГ хариуцах үүрэгтэй гэж бөгөөд манай компанийн хохиролд нэхэмжилсэн 153,062,032 төгрөг, 10 байрны буцаалтад шилжүүлсэн 59,500,000 төгрөг, нийт 212,968,032 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх байсан гэж гомдол гаргаж байна.
в. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 252,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагчийн 212,968,032 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 491.6, 492.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Байрны өөрчлөлтийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эсхүл гэрээнээс үүссэн үүргийн харилцааны аль нь гэж дүгнэсэн нь тодорхойгүй /логикийн алдаатай/ байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийн хэрэглэхдээ ...үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хэрэглэсэн нь үү, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлээр баримталсны аль нь болох нь тодорхойгүй байна.
г. Хариуцагч нь барилгын анхан шатны ажилд шаардагдах 30%-ийн хөрөнгийг өөрөө гарган санхүүжүүлэхээр гэрээгээр тохиролцсон үүргийнхээ хүрээнд Голомт банктай 2016 оны 10 сарын 10-ны өдөр гэрээ байгуулж зээл авсан байх тул үүнтэй холбогдон хохирол 153,062,032 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй байна. Т А ХХК нь Г банкнаас зээл авахаас өмнө барилга угсралтын ажил аль хэдийн 75% хүрсэн бөгөөд Т А ХХК талуудын хоорондох гэрээгээр хүлээсэн 30%-ийн ажлын гүйцэтгэлдээ аль хэдийн хүрсэн буюу санхүүжилтийн зардлаа гаргачихсан, тус зээлийг Э ТӨААТҮГ болон түүний захиалагч албан хаагчдын санхүүжүүлэх үе шатны төлбөрийн хөрөнгө оруулалтад зориулж авсан болох нь нотлогдож байна.
д. Нэхэмжлэгчийн техникийн хяналтын зардал, зураг төслийн зардалд нэхэмжилсэн 103,214,568 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцээгүйгээс гадна тус зардлын задаргааны хэрэгт хамааралтай эсэхийг нягтлан шалгаж үзээгүй хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Тус зардлуудын зарим хэсэг хэрэгт хамааралгүй, 88 айлын орон сууцны барилгын ажилтай хамааралгүй сургалтын төвийн барилгын кадастр, Багануур дүүргийн кадастрын зардал, нэхэмжлэгч байгууллага хууль зөрчсөн улмаас шийтгүүлсэн торгууль, газрын төлбөр зэрэг зардлууд. Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д зураг төсөл зохиогч гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг тодорхойлсон байхад зургийн бүтээцийн үнэ, зургийн үнэ гэх гүйлгээний утгаар иргэн н.Отгонбаатарын эзэмшлийн дансанд шилжүүлсэн 6,000,000 төгрөгийн зардал. Мөн ажил гүйцэтгэх гэрээг гаргаж өгөөгүй байхад зөвхөн гүйлгээний баримтуудад үндэслэн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 103,214,568 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т А ХХК-аар техникийн хяналт зураг төслийн зардалд төлүүлсэн 43,875,000 төгрөгийг Э ТӨААТҮГ-аас гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
е. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн төсөвт тусгагдаагүй зардал гарах болсон талаар захиалагчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр орон сууцны лифт худалдан авах болон суурилуулах зардалд зарцуулсан 77,199,068.50 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Т А ХХК 2017 оны 10 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тус Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ...барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн. Захиалагчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2020 оны 10 сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд түүний дараагийн өдөр буюу 2020 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн Т А ХХК-ийн шаардах эрх үүссэн байна. Ажлын төсөвт лифт худалдан авах болон суурилуулах зардал тусгагдаагүй байсан талаар гүйцэтгэгч сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө мэдсэн. 12 давхар орон сууцанд лифт зайлшгүй хэрэгтэй бөгөөд Т А ХХК-ийн зардлаар худалдан авч, суурилуулсан лифтийг Э ТӨААТҮГ-ын захиалагч албан хаагчид байнга ашиглаж хэрэглэж байгаа. Тиймээс мэдээгүй гэх үндэслэлээр лифтийн зардлаас чөлөөлөгдөж үндэслэлгүй хөрөнгөжих эрхгүй гэж үзэж байна.
ё. 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 88 айлын орон сууцны захиалагч албан хаагчдын хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт Барилгад тагтны хаалтыг нэгдсэн журмаар хийлгэх асуудал дэмжигдэж... гэснээс, хурал даргалагч Э.М Тагтны хаалгыг хийлгэхээр захиалагчид дэмжлээ гэснээс талууд орон сууцны цонхонд тагтны хаалт хийлгэхээр шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна. Иймд тагтны хаалтын зардалд нэхэмжилсэн 19,969,200 төгрөгийг хангаж өгнө үү.
ж. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгасан тохиолдол огт байхгүй. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчиж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь 10 байрыг яагаад Э ТӨААТҮГ анх өөртөө авах болсон гэхээр 88 айлын орон сууцыг өөрийн газраа өгч, бариулсны төлөө 10 байрыг өөртөө авч борлуулая гэж тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргаж, хоорондоо харилцан тохиролцсон байдаг. Ү А Г р хяналт шалгалт хийж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг зөрчжээ гэж Э ТӨААТҮГ-аас Т А ХХК-д шилжүүлсэн 310,000,000 төгрөгийг буцааж төвлөрүүлэх талаар шийдвэр гарсан. 10 байртай холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус болсон гэсэн хариуцагч талын тайлбарыг манайх ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үр дагаврын хувьд ярихаар гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болсон мэтээр тайлбарладаг. Гэрээний гол нөхцөлөөс бусад нөхцөл хүчин төгөлдөр бус бол энэ өөрөө гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш. Иймээс талууд хуулийн хүрээнд 2015 оны 11 сарын 19-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж харилцан тохиролцсон. Т А ХХК нь 10 байраа худалдан борлуулж үр шимийг хүртсэн. Ийм учраас 10 байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 310,000,000 төгрөгөөр Т А ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Ийм учраас манай компани 310,000,000 төгрөгөөс өгсөн 57,000,500 төгрөгийг хасч, 252,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал 103,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж байна. 2014 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээнд 2015 оны 11 сарын 19-ний өдөр 10 байртай холбоотойгоор өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон гарын үсгээ зурсан мөн үр дагавар нь ч гэсэн аль хэдийн дуусгавар болсон гэрээ байгаа. Гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгэгч тал болох Т А ХХК нь техник хяналтын зардлыг бүрэн төлнө. Барилга 8,0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан тул 2% авч үзвэл 103,200,000 төгрөг болж байгаа. Ийм учраас нотлох баримтаар авагдсан 103,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 59,500,000 төгрөгийг буцаан авах эрхтэй гэдгийг өмнөхөөрөө тайлбарласан. Мөн лифтний зардлын тухай тайлбарласан. Лифтний зардлын хувьд 2 ойлгомжгүй асуудал гардаг. Нэгдүгээрт, хавтаст хэрэгт авагдсан төсвийн шууд зардал дээр 8,0 тэрбум төгрөгт лифтний үнэ байхгүй. Гэхдээ гүйцэтгэгч тал анх олж харах үүрэгтэй. Учир нь 5 давхраас дээш өндөртэй барилга барьж байгаа тохиолдолд лифт бол зайлшгүй суурилагдах ёстой. Хоёрдугаарт, лифтээ суурилуулсны 50 хувийг авна гэж байна. Давж заалдах гомдолд биет байдлын доголдол мэт дурдсан нь биш гэдгийг өөрсдөө сая ойлгосон байх гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь лифтийг 2017 онд худалдаж авч суурилуулсан байдаг. Ийм учраас гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэх үндэслэлээр 2020 оны 03 сарын 30-нд дуусгавар болсон. Гадна шугам сүлжээний зардал гэж нэмэлт гэрээний 3.5-д заасан 2%-тай тэнцэх зардалд орсон учраас төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тагтны зардлыг Э ТӨААТҮГ хариуцах үг, өгүүлбэр огт байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар ярилцаж шийдвэрлэе гэсэн болохоос эцсийн шийдвэр огт гараагүй. Иймд тагтны зардлыг Э ТӨААТҮГ-аас биш харин айл өрхөөс гаргуулах ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э ТӨААТҮГ нь хариуцагч Т А ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 252,500,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс төлсөн 103,214,568 төгрөг, нийт 355,714,568 төгрөгийг буцаан гаргуулах, уг мөнгөн дүнгээс сарын 1%-ийн хүү тооцож нийт 46 сарын хүү 228,125,990 төгрөг, нийт 583,840,558 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Дээрх шаардлагыг хариуцагч Т А ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, барилгын төсөвт тусгагдаагүй ажлын зардалд төлсөн нийт 198,273,137 төгрөгийн 50% болох 99,136,568 төгрөг, нэхэмжлэгчийн захиалж хийлгэсэн тагтны үнэ 19,969,200 төгрөг, Г банкнаас авсан зээлийн хүүд төлж хохирсон 153,062,032 төгрөгийг гаргуулах, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 59,906,329 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
4. Хэрэгт авагдсан 2014 оны 06 сарын 10-ны өдрийн №000000000000 4 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр Т А ХХК нь нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн барилгын зураг төслийн дагуу түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай газар дээр нийт 9,110.94 м.кв талбай бүхий 88 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэн 2015 оны 10 сарын 31-ний өдрийн дотор Улсын комисст хүлээлгэн өгөх, барилгын анхны ажилд шаардагдах хөрөнгийн 30%-ийг санхүүжүүлэх, уг барилгын 1 давхар болон 26 орон сууц, 2 дулаан зогсоолыг захиран зарцуулах, Э ТӨААТҮГ нь барилгын зураг төсөл, бусад шаардлагатай баримт бичгийг хугацаанд нь гаргаж өгөх, орон сууцны урьдчилгаа болон үе шатны төлбөрүүдийг 7 хоногийн дотор орон сууц захиалагчдаар төлүүлэх ажлыг зохион байгуулах, барилгаас 62 орон сууц, 18 дулаан зогсоолыг захиран зарцуулахаар талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон. /1хх 14-16/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу. Талууд орон сууцны барилга барихад хөрөнгө оруулж, орон сууцыг захиран зарцуулахтай холбоотой эрх, үүргийг гэрээгээр тогтоосон байна. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Тодруулбал, нэг талаас Э ТӨААТҮГ нь өөрийн эзэмшлийн газар, барилгын зураг төсөл, зарим санхүүжилтээр, нөгөө талаас Т А ХХК нь барилгын ажил гүйцэтгэх үйлчилгээ, зарим санхүүжилтээр тус тус хураамж төлөх, үүний үр дүнд шинээр бий болох 88 айлын орон сууцны барилгаас гэрээний талууд тодорхой тооны орон сууц, дулаан зогсоолыг захиран зарцуулах эрхийг олж авах буюу ашиг хүртэх нөхцлийг харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Улмаар талууд 2015 оны 11 сарын 19-ний өдөр №00000000000 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, №000000000000 4 тоот гэрээгээр тохиролцсон Улсын комисст барилгын ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2016 оны 03 сарын 01-ний өдөр болгон өөрчилж, Э ТӨААТҮГ-т ногдох орон сууцыг 52, Т А ХХК-д ногдох орон сууцыг 36 болгон өөрчилж, Т А ХХК-д нийт барилгын ажлын шууд зардлын 2%-ийг техник хяналтын болон зураг төслийн зардал гэж Э ТӨААТҮГ-т төлөх үүргийг нэмж ногдуулсан байна. /1хх 76-77/
7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан буюу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Зохигчдын хооронд үүссэн маргаан нь хамтран ажиллах гэрээний хураамжийг аль тал хариуцахтай холбоотой маргаан байх тул үүнийг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний талуудын хураамж төлөх үүрэгтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй юм.
8. Хэрэгт авагдсан Т А ХХК-ийн 2015 оны 07 сарын 07-ны өдрийн АТГ2015/118 тоот албан бичигт ...ЭХХТ рүү буцаан төвлөрүүлэх 250,000,000 төгрөгийг... ЭХХТ-ийн 88-н айлын орон сууцны барилга угсралтын ажлын 3 дахь ээлжийн санхүүжилтээс 125,000,000 төгрөг, 4 дэх ээлжийн санхүүжилтээс 125,000,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлэх болно гэж /1хх 71/, 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 2017/010 тоот албан бичигт ...Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.5-д заасны дагуу 109,365,039 төгрөгийг техник хяналтын зардал болгон барилга угсралтын ажил бүрэн дуусч нийт захиалагч нарын төлбөр 100% төвлөрсний дараа төлж барагдуулахаар тохиролцон дээрх гэрээг байгуулсан... гэж /1хх 77/, 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 0000/000 тоот албан бичигт ...буцаан барагдуулах 365,714,568 төгрөгийн төлбөрийг дараах нөхцөлийн дагуу төлж барагдуулах хуваарийг хүргүүлж байна. 2019.06 сард нийт төлбөрөөс 146,285,827.36 төгрөг, 2019.08 сард нийт төлбөрөөс 73,142,913.68 төгрөг, 2019.09 сард 73,142,913.68 төгрөг, 2019.10 сард 73,142,913.68 төгрөгийг тус тус танай байгууллагын дансанд шилжүүлэх болно гэж /1хх 93/ тус тус дурдсаныг талуудын нягтлан бодогч нарын үйлдэж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд ...хоёр байгууллага хооронд 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Т А ХХК нь 365,714,568 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэж /1хх 99/ дурдсантай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл:
7а. талууд хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн хөрөнгөөр төлөх хураамжийн хувь хэмжээг тухай бүр харилцан тохиролцож өөрчилж ирсэн;
7б. барилга, байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсны дараа буюу 2018 оны 12 сарын 31-ний өдөр талуудын эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нар тооцоо нийлж, акт үйлдэн Т А ХХК-ийн төлөх хураамжийн хувь хэмжээг 365,714,568 төгрөг болохыг баталгаажуулсан;
7в. улмаар дээрх мөнгөн дүнг Т А ХХК хүлээн зөвшөөрч, тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай хүсэлтээ Э ТӨААТҮГ-т албан бичгээр илэрхийлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх 99/ болон 365,714,568 төгрөгийг төлж барагдуулах агуулгатай албан бичиг /1хх 93/ зэрэг нь цаг хугацааны хувьд хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдолд дурдагдсан татгалзлын үндэслэл болгож буй үйл баримтаас хойшхи цаг хугацаанд хамаарч байх тул аудитын байгууллагын албан шахалтаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, төсөвт тусгагдаагүй зардлуудыг гаргасан, зураг төсөлд тусгагдаагүй ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч байгууллагын санал шийдвэрээр нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн, захиалагч албан хаагчдын өмнөөс зээл авч хүүгийн төлбөр төлж хохирсон, нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар ач холбогдолгүй, улмаар хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талууд тооцоо нийлж, акт үйлдэж, өглөг авлагаа харилцан тооцож, хариуцагчийн төлөх мөнгөн төлбөрийн дүнг өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг 355,714,568 төгрөгийн хэмжээнд хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Харин талууд хамтран ажиллах гэрээнд заасан хураамжтай холбоотой мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд хүү тооцохоор Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн хүү гэж шаардаж буй 228,125,990 төгрөгийг хангах үндэслэлгүй.
9. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 0000000000000000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Түмэн алт ХХК-аас 355,714,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ТӨААТҮГ-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228,125,990 төгрөгт холбогдох хэсэг болон Э ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 332,074,129 төгрөг гаргуулах тухай Т А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 3,596,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.НЯМБАЗАР