| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2335000890234 |
| Дугаар | 2024/ДШМ/37 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/37
Г.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
ахлах прокурор Х.Энхтуул /томилолтоор/, шүүгдэгч Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Г-ад холбогдох, 2335000890234 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, аймгийн Ц-гийн газрын м ажилтай, ....хамт аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М ургийн овогт Г-ийн Г (Регистрийн дугаар:).
1.Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр с аймгийн Й сумын дугаар баг Х нэртэй газар ачааны автомашин шатсан гэх бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн иргэн П.А-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, хохирогчид эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тогтоосон тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримтуудад тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилсон тогтоолтой танилцсан тэмдэглэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-т танилцуулаагүй атлаа танилцуулсан мэтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батцоожоос шүүгдэгч М ургийн овогт Г-ийн Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2335000890234 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, М ургийн овогт Г-ийн Г-ыг цагаатгаж,
- шүүгдэгч Г.Г-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
- шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,
- шүүгдэгч Г.Г нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Дээд шатны прокурор буюу Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1. Шүүх хэргийг цагаатгахдаа, Г.Г-ыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Й сумын дугаар баг Х гэх нэртэй газар ачааны автомашин шатсан гэх хэрэг бүртгэлтийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.А-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, түүнд эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл үйлдэж танилцуулсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болгож огноог өөрчилсөн гэж яллаж байгаа нотлох баримтуудад зурагдсан гарын үсэг хэргийн оролцогч /П.А/-ийн өөрийнх нь гарын үсэг, мөн баримтуудын огноог өөрчлөөгүй болох нь тус тус шинжилгээгээр тогтоогдсон, түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй гэж дүгнэж, илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Г.Г нь албан тушаалын хувьд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй буюу аймгийн Ц-гийн газрын м-өөр ажиллахдаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, бүрдүүлэх үүргээ биелүүлэхдээ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж ирүүлснийг, прокурор тухайн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тус прокурорын газарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-оос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, бүртгэлийн 0 дугаартай “аймгийн Й сумын дугаар баг, Х гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 00 -00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатсан гэх” материалд “...энэ хэрэгт бодит байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй, иргэний нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, хохирлыг хэн хариуцахыг тогтоогоогүй, их хэмжээний хохирлыг өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан байхад үндэслэлгүйгээр хаасан, хохирогч миний гарын үсгийг галын акт болон шинжээчийн тогтоолд нийт 5 удаа хуурамчаар үйлдэж зурсан, ...үнэлгээ тогтоосон акттай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг танилцуулаагүй, ачааны үнэлгээг буруу зөрүүтэй гаргасан тул хэргийг дахин шалгуулж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байна.
Түүнчлэн хэргийн оролцогчид шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчийн тэмдэглэлээр танилцуулж, оролцогчийн эрхийг хангаснаар тухайн дүгнэлт хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж тооцогдож, шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болдог. Гэтэл шүүх тухайн шинжээч томилсон тогтоол болон дүгнэлт танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгт ач холбогдолгүй баримт гэж үзсэн.
4.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Г.Г-ыг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх үйлдэлд Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэхдээ уг шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх нэмэлт ажиллагаагаар хийгдсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай дүгнэлтээр “2023.01.30-ны өдрийн огноотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа гэх баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл баримт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон 2023.08.29-ний өдрийн “шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл” гэх баримтуудад тус тус зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.А-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирно, мөн шинжилгээнд ирүүлсэн 2023.01.30-ны өдрийн огноотой “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /16 дугаартай/, хууль сануулсан баталгаа /17 дугаартай/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /18 дугаартай/ баримтуудын “2023 оны 01 сарын 30-ны өдөр” гэх баримтын огноо хэсгүүдэд засварласан шинж тэмдэг илрэхгүй байна” гэх дүгнэлт гарсан байна.
Тодруулбал, нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гарсан, өмнөх дүгнэлтийг сүүлийн дүгнэлтээр үндэслэлтэй гарсан эсэхийг тодорхойлж чадаагүй байхад шүүх сүүлд гарсан дүгнэлт буюу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай дүгнэлтийг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар дахин Шүүх шинжилгээний Ерөнхий газраар дахин дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой юм.
Түүнчлэн шүүх нэг үйл баримтад шинжээчийн 2 өөр дүгнэлт гарсан байхад цагаатгах тогтоолдоо Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай дүгнэлтийг ямар учраас үндэслэл бүхий гарсан гэж үзэж үнэлснээ тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.3. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг дурдсан байх боловч Г.Г-ад холбогдуулан прокуророос ялласан зарим үйлдлийг орхигдуулсан, тухайн үйлдэл нь ямар нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэгдэж, хэрхэн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Тус прокурорын газраас Г.Г-ыг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэж ялласан.
Тодруулбал, “...бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгасан материалыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын хяналтад хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалд авагдсан нотлох баримтууд нь хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн.
Гэтэл шүүх цагаатгах тогтоолдоо түүний “нотлох баримтууд нь хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэх шинжийг нь хэрхэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
4.4. Анхан шатны шүүх Г.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2335000890234 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, гагцхүү тухайн гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоолгохоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалт байтал шүүх хуулийн тодорхой заалтыг буруу ойлгож, Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулиас бусад хууль, Ц-гийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дотоод хэм хэмжээгээр хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэх дүгнэлт хийж, хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхийн шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Г.Г-ад холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв” гэжээ.
5. Ахлах прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийн агуулгын хувьд:
1 дүгээрт, шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ хуурамчаар үйлдсэн гэх нотлох баримтуудыг ангилж авч үзсэн. Өөрөөр хэлбэл шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш байна, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох, тэдэнд эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байна гэж дүгнэлт хийсэн.
Тухайн хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, тухайн хэрэгт Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн гаргасан 92 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий гараагүй, эргэлзээтэй, дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэх үндэслэлээр 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулсан.
Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 92 тоот дүгнэлтэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь П.А-ын гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан. Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай шинжээчийн дүгнэлтээр П.А-ын гарын үсэг мөн байна гэж дүгнэсэн. Үүнийг шүүх үндэслээд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэлд зурагдсан П.А-ын гарын үсэг нь хуурамч биш байна гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн.
Прокуророос шүүгдэгч Г.Г-ыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, засварласан, тухайн нотлох баримтыг прокурорын шатанд гаргаж өгсөн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. М Г.Г-ын хувьд аймгийн Ц-гийн газрын м-өөр ажиллаж, тухайн Ц-гийн газарт 0 дугаарт бүртгэгдсэн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт ирүүлсэн. Прокурор хүлээж аваад тухайн материалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Прокурорын газарт хохирогчийн хууль зүйн төлөөлөгчөөр тогтоосон П.А гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг дээд шатны прокуророос хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан.
Эндээс үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, ач холбогдолгүй гээд шүүхээс ангилаад байгаа хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан баримтууд нь прокурорын шийдвэрийн үндэслэл болсон тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх ач холбогдол бүхий баримт биш байна, харин хэргийн оролцогчийн эрхийг хангасан баримт гэдэг байдлаар дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл ойлголт. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрхийг хангаагүй шийдвэрүүд шат шатанд гараад явж байгаа бол энэ нь шүүхийн бөгөөд прокурорын шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.
2 дугаарт, Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн гаргасан анхны дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дахин хийсэн 1968 дугаартай шинжээчийн дүгнэлт хариулт өгч чадаагүй. Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэг нь үндэслэлгүй, эсвэл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэх шийдвэр гаргадаг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.3-т: дахин шинжилгээний үр дүн нь анхдагч нэмэлт шинжилгээний үр дүнтэй адил бол дахин шинжилгээ хийхгүй гэж заасан. Эндээс дахин шинжилгээний үр дүн нь анхдагч бөгөөд нэмэлт шинжилгээний үр дүнтэй нийцэхгүй бол дахин шинжээчийн дүгнэлт гаргаж болно гэдэг агуулга харагдаж байгаа. 92 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт авах зорилготойгоор дахин шинжээч томилсон байтал Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 92 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөхгүйгээр шинээр дүгнэлт гаргасан. Прокуророос 92 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслээд ялласан. Гэтэл шүүхийн шатанд дахин шинжээч томилогдоод гаргасан дүгнэлт нь прокурорын яллаад байгаа 92 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байсан эсэхэд хариулт өгч чадаагүй байгаа нь 1968 дугаартай дүгнэлт бүрэн гүйцэт гарч чадаагүй, дахин шинжилгээ хийх үндэслэлийг бий болгож байгаа. Шүүх энэ эргэлзээ бүхий байдлыг тайлахгүйгээр сүүлийн дүгнэлтийг үндэслэж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, 1 асуудлын талаар 2 өөр дүгнэлт гарсан.
Шүүхийн цагаатгах тогтоолд 92 дугаартай дүгнэлтийг яагаад үнэлээгүй, харин 1968 дугаартай дүгнэлтийг яагаад үндэслэлтэй гарсан гэж үзэж цагаатгах тогтоолын үндэслэл болсон талаар тайлбарлаагүй учраас шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа.
3 дугаарт, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг дурдсан байх боловч Г.Г-ад холбогдуулан прокуророос ялласан зарим үйлдлүүдийг орхисон, тухайн үйлдлүүдийг ямар нотлох баримтуудаар, хэрхэн яаж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа. Учир нь прокурор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудаа хуурамчаар үйлдсэн, өөрчилсөн, тухайн нотлох баримтуудаа прокурорт гаргаж өгсөн байна гэж үзэж ялласан. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд нотлох баримтуудыг хуурамчаар үйлдээгүй, нотлох баримтад засвар өөрчлөлт ороогүй байна гэж дүгнэсэн боловч анхан шатны хяналтын прокурор А.Анхбаярын татгалзах шийдвэрийн үндэслэл дээр дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл прокурорын яллаад байгаа 1 үйлдэл дээр анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.
4 дүгээрт, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 3 дахь заалтад, цагаатгагдсан этгээд Г.Г-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2335000890234 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана гэж заасан. Энэ хуулийн агуулгыг зөв тайлбарлаж олгох ёстой.
Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн нь туйлын тодорхой болчихсон. Харин яллагдагчаар татагдсан этгээдийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдээгүй байгаа тохиолдолд түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгоод, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин олж тогтоохын тулд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах агуулгатай заалт байгаа. Шүүх цагаатгах тогтоолдоо “нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нь шүүгдэгч Г.Г тул уг нотлох баримтад зурсан гарын үсэг нь хэний гараар бичигдсэн байхаас үл хамааран мөрдөгч тухайн нотлох баримтуудын бүрэн бүтэн, үнэн зөвийг хариуцна” гэж дурдсан. Тухайн шалгасан гомдол мэдээлэл дотор авагдсан бүх баримтыг Г.Г өөрөө хариуцаж хадгалж, хамгаалах, бүрдүүлэх үүрэгтэй, өөр хэн ч оролцох эрхгүй гэдэг байдлаар дүгнэсэн. Г.Г баримтуудад гарын үсгийг хуурамчаар зурсан байна, гэхдээ эдгээр баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт биш байна гэж дүгнээд Г.Г-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгох байгаа бол хэрэг бүртгэлтэд буцаах ёсгүй.
Хэрэг бүртгэлтэд буцаасан тохиолдолд прокурор юуг, хэнийг холбогдуулж шалгах вэ, эсвэл шүүхийн шатанд нэгнийх нь үйлдлийг хэрэгсэхгүй болгоод дахин прокурор дээр очоод хаах юм уу, шүүх дээр нэг шийдвэр, прокурор дээр нэг шийдвэр гарах уу гэдэг асуудал гарч байна. Шүүхээс Г.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг нь хязгаарласан үйлдэл гаргажээ, энэ нь эрүүгийн хуулиас бусад цагдаагийн байгууллагын хэм хэмжээгээр зохицуулагдах харилцаагаар дотоод асуудлыг зохицуулж, хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтэд буцаасан. Ц-гийн байгууллагын алба хаагч бүр мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй субъект биш. Ялангуяа Ц-гийн газрын дарга, дэд дарга нар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй хүмүүс. Эрүүгийн хавтаст хэргийг бид Ц-гийн байгууллагын албаны шалгалт хийх эх сурвалж, албаны шалгалтын материал болгож өгөх ёстой юм уу, ийм ойлголт байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр Г.Г-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан боловч энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны нууцлалтай холбоотой, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд гэх мэт баримтууд байгаа. Гэтэл үүнийг Ц-гийн байгууллагад хүргэж өгөөд цагдаагийн албаны шалгалтын эх сурвалж болго гэх байдлаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг ноцтой зөрчиж, шүүгдэгч Г.Г-ад холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна.
Прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн нэрлэн заасан бөгөөд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл нь ач холбогдол бүхий баримтат мэдээлэл гэдэг ангилалдаа орохгүй байгаа. Харин шинжээчийн дүгнэлт нь ач холбогдол бүхий нотлох баримт гэдгийг нэрлэн заасан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл мөн юм уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай болж байгаа юм. Тэмдэглэл гэдэг нь тухайн процессыг бэхжүүлж байгаа ажиллагаа гэж ойлгож болно. Өнөөдөр шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөгдөж байгаа бөгөөд шүүх хуралдаан ямар процессын дагуу, яаж явагдаж байгаа үйл явцыг бэхжүүлж үлдээж байгаа зүйлийг тэмдэглэл гэж ойлгохоор байгаа.
Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт мөн эсэхэд дүгнэлт хийснээр гэмт хэрэг мөн эсэх асуудал яригдах ёстой. Ийм учраас шинжээчийн дүгнэлт танилцуулсан, тогтоол танилцуулсан баримт нь ач холбогдол бүхий баримтат мэдээлэл мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болж байна гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс ач холбогдол бүхий баримт биш гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Шүүх эдгээр баримтуудыг ач холбогдолтой, ач холбогдолгүй гэдгээр нь ангилаагүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримтат мэдээлэл мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаж гарах ёстой. Гэтэл нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж миний үйлчлүүлэгчийг ялласан нь үндэслэлгүй. Нэгэнт хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарахгүй байгаа бол нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэж үзнэ.
Эсэргүүцлийн 2 дахь үндэслэлийн хувьд, шүүх Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн гаргасан 92 дугаартай дүгнэлтийг үнэлээгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үнэлсэн. 92 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Эдгээр хоёр шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байна гэж тайлбарлаад байна. Шүүхээс шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулж, ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Учир нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зарим баримтад зурсан гарын үсэг нь П.А-ын өөрийнх нь гарын үсэгтэй зөрүүтэй гэж дүгнэсэн. Бичгийн дадлын түвшин буюу хүний бичгийн хэлбэр өөрт нь амьдралын туршид суусан байгаа. Тухайн хүнд өөрт нь тогтсон бичгийн дадал түвшин нэг нь чадвар дунд гэж гараад, нөгөөх нь сайн гэж гараад байгаа юм. Ийм зөрүүтэй байсан учраас шүүхийн шатанд дахин дүгнэлт гаргуулсан. Шүүх нотлох баримтаар үнэлэхэд анхны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос өөр шинэ нөхцөл байдал илэрсэн.
Бидний зөрүүтэй гэж маргаад байгаа дүгнэлтийг дахин шинжээчийн дүгнэлтээр П.А-ын гарын үсэг мөн байна гэж тогтоосон учраас шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Прокурорын эсэргүүцэлд дахин дүгнэлт гаргах шаардлагатай гэж бичсэн байна. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, тал бүрээс нь яллах, цагаатгах бүх нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр, хавтаст хэргийн хүрээнд Г.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон учраас энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Бодит байдлыг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэлээ гэж сая прокурорын эсэргүүцлийг тайлбарлаад байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд яллах, цагаатгах бүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор тогтоохоор үүрэг болгож хуульчилсан байхад шүүхийг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэлээ гэж эсэргүүцэл бичиж байгаа нь хуульд нийцэж байна уу. Мөн шүүх шинжилгээний ерөнхий газраар дахин дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж эсэргүүцэлд бичсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоочихлоо гээд байгаа юм бол нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, эргэлзээ бүхий юм байна гэж дүгнэхээр асуудлыг эсэргүүцэлдээ бичсэн.
3 дугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь буруу гэдэг асуудлыг яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т “энэ зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж хуульчилсан. Хуульд заасны дагуу шүүхийн цагаатгах тогтоолыг гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Нөгөө талаас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал нь тухайн хүний мэргэжил арга зүй, хэрэг хянан шийдвэрлэх мөрдөгчийн хувиар ажиллахдаа алдаа дутагдал гаргасан үйлдлүүд нь магадгүй ёс зүй, зөрчлийн, сахилгын хариуцлага хүлээлгэх асуудал байх боломжтой учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн. Мөн ач холбогдол бүхий нотлох баримтын он, сар, өдрийг засварласан, хуурамчаар үйлдсэн буюу 1 дүгээр сарын 30-ны өдөр гэж өөрчилсөн гэдэг асуудал яригдаад байгаа. Гэтэл хохирогч тухайн хохирогчоор тогтоосон тогтоол болон мэдүүлэг бүртэй танилцаад хуудасны доор өөрөө гарын үсгээ зурсан. Хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлгийг засварласан шинж тэмдэг илрээгүй, он сарыг нь өөрчилсөн, засварласан үйл баримт нотлогдон тогтоогдоогүй. 92 дугаартай шинжээчийн дүгнэлтэд энэ байдлыг тогтоох боломжгүй гэсэн. Дахин хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр засварласан, өөрчилсөн шинж тэмдэг тогтоогдоогүй гэж дүгнэсэн. 01 дүгээр сарын 30-ны өдөр гэх он, сар, өдрийг хохирогч танилцаад гарын үсгээ зурсан бол Г.Г үүнийг засварлаж, хуурамчаар үйлдэж өөрчилсөн гэж прокурорын яллаж байгаа үйлдэл нь үгүйсгэгдэж байгаа учраас шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Б.Батгэрэл өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан тул нэмэлт тайлбар байхгүй. 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаар цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Би тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирэхэд нь компанийг хэн төлөөлж, хууль ёсны төлөөлөгчөөр оролцох талаар өөрөөс нь асуугаад мэдүүлгээ авсан” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Г-ад холбогдох, 2335000890234 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батцоожоос шүүгдэгч Г.Г-ыг “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Й сумын дугаар баг “Х” нэртэй газар ачааны автомашин шатсан гэх бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Б-гийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.А-ын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Д-ийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.А-ын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.М-ы биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.А-ын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “H” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын танилцсан гэх хэсгийн доод хэсэгт дармалаар Т.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А-ын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.А-ыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын танилцсан хууль ёсны төлөөлөгч гэх хэсгийн П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Н-гийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг тус тус дуурайлган зурсан,
- мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-т 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл үйлдэж танилцуулсан боловч эрх зүйн хэлбэрийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-оос 2023 оны 02 дугаар сарын 08-ны мэдүүлэг авсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн,
- бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгасан материалыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын хяналтад хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалд авагдсан нотлох баримтууд нь хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж буй талаар хууль зүйн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.
3.1. Хэргийн үйл баримтаар, прокуророос шүүгдэгч Г.Г-ыг яллаж буй, бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогчийн хууль төлөөлөгч П.А-ын гарын үсгийг дуурайлган зурсан гэх баримтуудаас: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Б-гийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Д-ийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.М-ы биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Н-ийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт танилцуулсан баримтуудад тус тус зурагдсан гарын үсэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ын гарын үсгийн хэв шинжид тохирохгүй буюу хуурамч болох нь Ховд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн III-р хавтасны 23-34 дахь тал/-үүдээр тогтоогдсон байна.
Харин, шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны материалд авагдсан, мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн, 2009 онд үйлдвэрлэж, 2019 онд Монгол улсад орж ирсэн “H” загварын, тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.А-ыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн П.А-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 128 дахь тал),
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-т эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (1-р хх-ийн 129-130 дахь тал),
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-оос мэдүүлэг авсан тэмдэглэл (1-р хх-ийн 131-132 дахь тал) баримтуудад П.А гэх нэрийн өмнө зурагдсан гарын үсэг нь П.Аын чөлөөт болон туршилтын загваруудаар ирүүлсэн гарын үсэгтэй тохирч байгаа,
- мөн түүнчлэн 2023.01.30-ны өдрийн огноотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, хууль сануулсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл баримтуудын “2023 оны 01 сарын 30-ны өдөр” гэж бичсэн огноо хэсгүүдэд засварласан, өөрчилсөн шинж тэмдэг илрээгүй талаар дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд тусгажээ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хуульчилж, мөн бүлгийн 21.1 дүгээр зүйлийн 1-т: Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт тооцохоор,
- энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт” гэдэгт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах мэдээллийг өөртөө агуулсан, хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо шүүхээс үнэлж, шинжлэн судалсан баримтат мэдээллийг ойлгох бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Г-ыг буруутгаж буй, тухайн гомдол мэдээллийг шалгах явцдаа хуурамчаар бүрдүүлсэн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ын гарын үсгийг дуурайлган зурсан гэх баримтууд, тухайлбал:
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус үйлдсэн, Ж.Б-гийн биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт, Д.Д-ийн биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт, Х.М-ы биед гэмтлийн зэрэг тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус үйлдсэн, шинжээч Я.Н-гийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээртэй дүгнэлт танилцуулсан баримт, шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, танилцуулсан баримт, шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт, шинжээч Н.О-ын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт танилцуулсан баримтууд нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарахгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээлэлд, тодруулбал хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад дээрх баримтууд хамаарахгүй, харин эдгээр баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн энэ хуулиар олгосон эрхийг хангасан болохыг баталгаажуулж баримтжуулсан баримт болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.3. Мөн прокуророос шүүгдэгч Г.Г-ыг гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-т 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл үйлдэж танилцуулсан боловч эрх зүйн актын огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-оос 2023 оны 02 дугаар сарын 08-ны мэдүүлэг авсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн гэж ялласан нь тус тус хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Дээрх нэрлэн дурдсан, он, сар, өдрийг өөрчилсөн гэх баримтуудад зурагдсан гарын үсэг нь тухайн гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны оролцогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ын өөрийнх нь гарын үсэг мөн болохыг, түүнчлэн тухайн баримтуудад бичигдсэн он, сар, өдрийг өөрчилж, засварлаагүйг тус тус тогтоосон шинжлэх ухааны тусгай мэдлэг бүхий, тусгай тоног төхөөрөмж ашиглан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх тул уг баримтуудыг өөрчилсөн, засварласан гэж үзэх үндэслэлгүй байна.
П.А нь аймагт ирсэн байхдаа, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн газарт очиж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Й сумын дугаар баг Х гэх нэртэй газар ачааны автомашин шатсантай холбоотой гомдол мэдээллийг шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгсөн үйл баримт хэрэгт тогтоогдсон, харин мөрдөгч Г.Г 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.А-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, түүнд эрх үүрэг тайлбарлаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг авч, өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулахдаа он, сар, өдрийг “2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр” гэж буруу он, сар, өдөр тавьж баримтуудыг хэвлэж гаргасан нь техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгийн агуулгыг буюу тухайн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг өөрчилсөн гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй болно. Иймд Г.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, өөрчилсөн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.
3.4. Бүртгэлийн 0 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан аймгийн Ц-гийн газрын м Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн субъект буюу хууль сахиулагчид хамаарч байх боловч түүний үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинж болох хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, өөрчилсөн, засварласан гэмт хэргийн шинжгүй байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэргийн шинж мөн үгүйсгэгдэнэ.
4. Дээрх үндэслэлүүдээр, дээд шатны прокурорын эсэргүүцлээс: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг ноцтой зөрчсөн буюу шүүгдэгч Г.Г-ад холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулиас бусад хууль, Ц-гийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дотоод хэм хэмжээний актаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэх дүгнэлт хийж, энэ үндэслэлээр хэргийг хэрэг бүртгэлд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж дүгнэж, цагаатгах тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлээс энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.
5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж зааснаас үзэхэд, яллагдагчаар татагдсан этгээдийн хувьд, тухайн гэмт хэргийг үйлдээгүй буюу түүний үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзэж, шүүхээс гэм буруугүйд тооцон, цагаатгаж буй тохиолдолд хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хэрэг бүртгэлтэд буцаах агуулгатай байна.
Гэтэл шүүхээс шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй.
5.2. Түүнчлэн шүүхээс хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН