Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 557

 

        Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Т.Отгонтөгс,

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Знүүд овогт Бгийн Хд холбогдох 1808019190578 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ...оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 103 дугаар байрны ...тоотод түр оршин суух, Хилийн цэргийн 064 дүгээр ангид бага эмч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Знүүд овогт Бгийн Х /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн товч агуулга:

Б.Х 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” эмнэлгийн эмчилгээний өрөөнөөс Б.Уын “самсунг эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ... эмнэлэг дээр ажлаа хийгээд байж байгаад 09 цагийн үед эмчилгээний өрөөний ширээн дээр өөрийн самсунг эс-6 маркийн гар утсаа тавьчихаад бүтэн биеийн бариа 8 өвчтөнд хийчихээд эргээд 12 цаг 50 минутын үед утсаа авах гэсэн чинь миний утас байхгүй байсан. Тухайн үед манай эмчилгээний өрөөнд дадлага хийж байгаа Х гэх охин орж ирээд хамт бариа хийлцэж байгаад гарсан. Үүнээс өөр хүн орж ирээгүй. Тэгээд би захирлын өрөөнд камер шүүсэн боловч өрөө рүү гаднаас орж буй хүн байгаагүй Х орж гараад яваад байсан. Камер шүүж байхад Х хаалга шагайгаад би бариагаа дуусчихлаа явлаа гэхээр нь чи байж бай эгчийнх нь утас алга болчихоод байна чи хүн оруулж гаргахгүй байж бай би цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би камер шүүж дуусчихаад гараад иртэл Х явчихсан байхаар нь захирал утсаараа дуудаад 1 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд захирал Хтай уулзаад чи утсыг нь авсан байна камер шүүж үзлээ гэж хэлсэн чинь би аваагүй цагдаагаа дууд асуудлаа шийд гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгч цагдаа нар Хг аваад явсан. Тэгээд 30 минутын дараа намайг утсаа ирж аваарай гэсэн. Би самсунг эс-6 маркийн гар утсаа 2016 онд БНСУ-аас 870.000 төгрөгөөр авч байсан ба намайг утсаа авах үед шилэн наалт хагарч цуурсан, сим карт байхгүй утсан дотор байсан зураг бичлэг, утасны дугаар зэргийг бүгдийг форматалчихсан байсан. Гар утасныхаа сим картаа сэргээсэн, шилэн наалт наалгаж, программ уншуулсны төлбөр болох 33.000 төгрөг, утсанд байсан зураг бичлэгээ сэргээх гэтэл 1 ширхэг зургийг 400 төгрөгөөр сэргээнэ гээд би сэргээлгэж чадаагүй. Тийм болохоор 1 зургийг нь 400 төгрөгөөр бодож 2500 зургийг сэргээхэд шаардагдах 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна ..." гэх мэдүүлэг /хх 19-24 х/

 

 2.Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Этүгэн их сургуулийн Уламжлалын бага эмчийн ангийг төгссөн. Тэгээд би бариа заслын дамжаанд суралцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... эмнэлэгт 2018 оны 04 сарын 05-ны өдрөөс эхлэн дадлага хийж эхлэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр би тус эмнэлэг дээр дадлагаа хийж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нарт сувилагч Уа эгч бүтэн биений бариа хийж байсан, би тусалж 8 хүнд бариа хийчихээд 11 цаг 40 минутын үед эмчилгээний өрөөнөөс гарах гэтэл улаан өнгийн кейстэй шаргал өнгийн корпустай самсунг эс-6 маркийн гар утас ширээн дээр нь байхаар нь би аваад 14 цагаас хичээлтэй байсан учраас Уа эгчид би явлаа гэж хэлсэн чинь миний утас алга болчихлоо чи хүн орж гаргахгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд хичээлдээ явах гээд яваад өгсөн. Би тухайн үед Уа эгчийн утсыг авчихсан болохоор айгаад гаргаж өгч чадаагүй юм. Тэгээд намайг сургууль руугаа явж байтал эмнэлгийн захирал утсаар яриад эмнэлэг дээр яаралтай ир гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очтол намайг утас авсан байна гээд цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд цагдаа ирэхээр нь би айгаад утас авсан талаараа өөрөө хэлсэн. Би тухайн үед эмнэлэгийн захирал, Уа эгч нарт хэлэх гэсэн боловч санаа зовоод айгаад байсан юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх 34-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 х/

4.Б.Хгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх50 х/

5.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 53 х/

6.“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 26-27 х/

7.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 17 х/

8.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 51-52 х/

9.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

   Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

          Б.Х 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” эмнэлгийн эмчилгээний өрөөнөөс Б.Уын “самсунг эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Уын “...Тэгээд би цагдаад дуудлага өгч цагдаа нар Хг аваад явсан. Тэгээд 30 минутын дараа намайг утсаа ирж аваарай гэсэн. ..." гэх мэдүүлэг /хх 19-24 х/

 Шүүгдэгч Б.Хгийн “...11 цаг 40 минутын үед эмчилгээний өрөөнөөс гарах гэтэл улаан өнгийн кейстэй шаргал өнгийн корпустай самсунг эс-6 маркийн гар утас ширээн дээр нь байхаар нь ... авсан ...” гэх мэдүүлэг /хх 34-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн –гар утас 380,000 төгрөгөөр үнэлэгдсэн ...” гэх хөрөнгийн үнэлгээ /хх 26-27 х/

“Б.Хгаас самсунг эс 6 маркийн гар утас хураан авсан”  тэмдэглэл /хх 17 х/

“Шүүгдэгч Б.Хгаас хураан авсан утсыг хохирогч Б.Уад хүлээлгэн өгсөнтэмдэглэл /хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

            Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн Б.Уын “самсунг эс-6” маркын гар утас алдагдаж 380,000 төгрөгийн хохирол учирсан нь Б.Х эмчилгээний өрөөний ширээн дээр тавьсан гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлээс үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул Б.Хгийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас үүссэн хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, Б.Хгийн эмчилгээний өрөөний ширээн дээр тавьсан гар утсыг хүн байхгүйг далимдуулан нууцаар, хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орж авсан, мөн 380,000 төгрөгийн хохирлын үнэлгээ зэрэг нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас “бага хэмжээний хохирол” учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж зааснаар хулгайлах гэмт хэргийн улмаас 300,000 төгрөгнөөс дээш хохирол учирсан байхыг шаардсан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

 

          Хулгайлагдсан эд зүйл болох “Самсунг эс-6” маркын гар утас  “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 26-27 х/-ний тайлангаар нийт 380,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь уг гэмт хэргийн объектив талын нэмэгдэл шинжийг давхар хангаж байгаа.

 

  Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

  Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

  Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар Б.Х иргэн Б.Уын эмчилгээний өрөөний ширээн дээр тавьсан гар утсыг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Б.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан насны хязгаарт хүрсэн болно.    

  Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирлын үнэлгээгээр алдагдсан “самсунг эс-6” маркын гар утас нийт 380,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хохирогч Б.Уа “... эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх18 х/-аар гар утсаа буцаан авсан харин гар утасныхаа сим картаа сэргээсэн, шилэн наалт наалгаж, программ уншуулсны төлбөр болох 33,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болох нь баримтаар тогтоогдож байгаа тул уг хохирлыг гаргуулж хохирогчид олгох, харин хохирогч утсанд байсан зураг, бичлэг сэргээлгэхтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

          Шүүгдэгч Б.Хд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, харин Б.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн 08 сараас 03 насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 02 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн.

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Знүүд овогт Бгийн Хг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

           5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Хгаас 33,000 төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ...тоотод оршин суух ... регистрийн дугаартай Б.Уад олгосугай.

 

  6.Б.Хгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч зураг бичлэгээ сэргээлгэхэд шаардагдах 1,000,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ