Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

Г.Б, Г.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, яллагдагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Г.М нарт холбогдох, 2435000000231 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

- Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр аймгийн  суманд төрсөн, настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, .......хамт амьдардаг, аймгийн сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М ургийн овогт Г-ын Б (регистрийн дугаар:),

- Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ..хамт амьдардаг, аймгийн сумын  дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М ургийн овогт Г-ын М (регистрийн дугаар:).

Холбогдсон хэргийн талаар:

  1. Яллагдагч Г.Б, Г.М нар бүлэглэн аймгийн сумын  дугаар багийн нутагт 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр насанд хүрээгүй М.Ө-тай хадлан хадах асуудлаар маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Б, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

           3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

- Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн 2435000000231 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж,

- яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа яллагдагч нарын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор үндэслэлгүйгээр татгалзсан, мөн яллагдагч нарын эрхийг зөрчиж хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангаагүй ба тэдэнд өмгөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах үеэс эхлэн яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Иймд яллагдагч нарын хуулиар олгосон эрхийг зөрчсөн хязгаарласан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд мөн хуулийн 3-т: “энэ зүйлийн 1-т зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасан байна. Г.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд дээрх үндэслэлд хамаарахгүй байна.

Хэдийгээр яллагдагч нар нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу улсын өмгөөлөгч авах эрх нь хангагдсан этгээдүүд боловч яллагдагч нарын хувьд бичиг үсэг мэднэ, уншиж, бичиж чадахаа илэрхийлж өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөрдөгчид бичгээр гаргасан тул тэдэнд өмгөөлөгч томилох хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Иймд мөрдөгч, прокурорын зүгээс яллагдагч нарт хуулиар олгогдсон өмгөөлөгч сонгон авах, өөрийгөө өмгөөлөх эрхээр хангасан болно.

4.2. Яллагдагч нарын өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хянаад тэдгээр нь өмгөөлөгч сонгон аваагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Хэдийгээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журам 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч уг журмын 2 дахь заалтад журмын хэрэгжилтийг хангахад Монголын өмгөөлөгчдийн холбооноос хариуцаж гүйцэтгэх, өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө сонгох, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүхийн үүргийг нэг бүрчлэн зохицуулсан байна.

Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журам нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлсэн боловч прокуророос шалтгаалахгүйгээр Монголын өмгөөлөгчдийн холбоо, шүүхээс шалтгаалж энэ журмыг хэрэгжүүлэхэд жижүүр өмгөөлөгчдийн хуваарь батлах, аймгууд руу явуулах, тухайн аймгийн шүүхүүд сайт дээрээ тавих ажлууд хийгдээгүй байхад 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн журам хэрэгжүүлээгүй, яллагдагч нарын эрхийг хууль бусаар хассан байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Монголын өмгөөлөгчдийн холбоо нь журмын 2.2, 2.3, 2.6, 2.8-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн шүүх журмын 2.3-т заасан “...өмгөөлөгчдийн талаарх мэдээллийг харьяалах нутаг дэвсгэрийн шүүх нь цахим хуудастаа мэдээлэл болгон байршуулаагүй” байгаа нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээс аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч авахгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан яллагдагч нарт заавал өмгөөлөгч авах талаар ухуулах, санал тавих эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорт олгоогүй болно.

Хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлж болно гэдэг журмыг прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол дээрээ бичиж, тайлбарлаж өгсөн. Үүнийг мэдсэн бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан.

Прокурорын хувьд та нар өмгөөлөгчгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гээд ердийн журмаар хэргийг шийдвэрлэх тогтоол гаргаж, яллагдагч нарт танилцуулсан.

Шүүгчийн захирамжид прокурорыг яллагдагч нарыг өмгөөлөгчтэй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах байсан гэх агуулгатай зүйлийг дурдсан. Яллагдагч нарын өмгөөлөгч авах эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хангасан бөгөөд өмгөөлөгч авах уу гэхэд авахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцоно гээд хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтийг зохих журмын дагуу шийдээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч оролцуулах хэрэг биш учраас өмгөөлөгчгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шүүгчийн захирамжид яллагдагч нар төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэх Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс тодорхойлолт гаргасан байна. Ийм учраас улсын өмгөөлөгч томилох боломжтой байжээ гэсэн дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч заавал оролцуулах тохиолдлуудыг заасан ба тухайн этгээд нь төлбөр төлж, өмгөөлөгч сонгон авах боломжгүй байгаа тохиолдолд улсын өмгөөлөгчийг томилж оролцуулахаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төлбөрийн чадваргүй яллагдагч бүрт улсын өмгөөлөгчийг оролцуулан гэх ойлголт байхгүй гэдгийг нэмж хэлмээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Б, Г.М нарт холбогдох, 2435000000231 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас яллагдагч Г.Б, Г.М нарыг бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аймгийн сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх яллагдагч Г.Б, Г.М нарт холбогдох хэргийг хүлээн авч, өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцсэн байна.

3.1. Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан этгээд буюу яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 7-т тус тус заасан хориглолт байхгүй тохиолдолд, мөн зүйлийн 1-т заасан нөхцлийг хангасан бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргах эрхтэй байна.

Яллагдагч Г.Б, Г.М нар нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, тэдгээрийг “өмгөөлөгч сонгон аваагүй” гэх үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр прокурорын тогтоолоор яллагдагч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. 

Тодруулбал, яллагдагч нар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаагүй, мөн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлтээсээ татгалзаагүй, түүнчлэн хэргийн зүйлчлэл болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт: “сэжигтэн, яллагдагч шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж,

 мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулахаар, тухайлбал гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан ба хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгч сонгон аваагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч томилж, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг мөрдөгч, прокурор, шүүхэд үүрэг болгосон байна.

Гэтэл прокурорын хяналтын шатанд яллагдагч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж, яллагдагч нарын хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж дүгнэв. 

Хэргийн баримтаар, яллагдагч Г.Б, Г.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах хуульд заасан урьдчилсан нөхцлийг хангасан, яллагдагч нарын хүсэлтийг хангахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх тул анхан шатны шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

4. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн хуульд заасан эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах бөгөөд уг зөрчлийг арилгуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ,

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                                   ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ  

                                                   ШҮҮГЧ                                                   Н.МӨНХЖАРГАЛ