| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0072/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.О-д холбогдох эрүүгийн 1820001150068 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмээ, эгч, ах, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10-р хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г банкны Дорноговь аймгийн Замын-Үүд салбараас алдаатай гүйлгээ хийгдсэний улмаас өөрийн Х банкны тоот төгрөгийн харилцах дансанд 880,000 төгрөгийн гүйлгээ орж ирснээс 460,000 төгрөгийг Г банкинд буцаан шилжүүлж, үлдэх 420,000 төгрөгийг хувьдаа завшиж улмаар бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байж байхад 11 цагийн үед манай найз охин М-н төрсөн эгч Б эгч миний гар утас руу залгаад Улаанбаатар хотоос “Т” төвөөс IPHONE 7 маркийн гар утас аваад явуулчих гээд миний Х банкны данс руу 880,000 төгрөг шилжүүлэх дээр нь би өөрийн дансанд байсан үлдэгдэл мөнгө 90,000 төгрөгийн хамт нийт 970,000 төгрөг данснаасаа авахад үлдэгдэл дансанд 880,000 төгрөг байхаар нь эгч рүү залгаад миний дансанд 1,760,000 төгрөг байна гэж асуухад эгч би 880,000 төгрөг хийсэн гэж хэлэхээр нь би дахин гүйлгээ хийгээд 880,000 төгрөг аваад биедээ байлгаж байгаад уг мөнгөнөөс 420,000 төгрөгийг ойр зуур хэрэглэж байхад Г банкнаас 3-4 хоногийн дараа миний гар утас руу залгаад манай банкнаас алдаатай гүйлгээ хийгдээд чиний Х банкны данс руу 880,000 төгрөг орсон байна чи энэ мөнгийг буцаагаад манай банкны данс руу шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь надад одоо 460,000 төгрөг байна гээд 460,000 төгрөгийн Г банкны данс руу хийгээд үлдсэн 420,000 төгрөгийг тэгж байгаад цувуулаад өгнө гэж хэлж байсан. Тухайн үед оюутан байсан учир мөнгө муутай болоод өгөх боломж муутай байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 420,000 төгрөгийг Г банкны данс руу хийж хохирлыг барагдуулсан. Би тухайн үед эгчийг андуураад миний данс руу илүү мөнгө хийсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд 3-4 хоногийн дараа банкнаас ярихад нь мэдсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн эгч Б.Б Улаанбаатар хотын Т төвөөс IPHONE 7 маркийн гар утас авна гэж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай найз залуу болох О.О-н Х банкны данс руу 880,000 төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөөр нь эгч рүүгээ утас аваад явуулсан. Мөнгө шилжүүлэх үед бид хоёр тус тусдаа хичээлтэй байсан болохоор яг хэдэн төгрөг орсныг нь би тухайн үед мэдээгүй. Тэгээд бид хоёр хичээлээ тараад уулзахдаа надад Х банкны дансны мессежээ харуулахад нийт 880,000 төгрөгөөр 2 удаа нийт 1,760,000 төгрөг байсан. Би буцаад хичээлдээ орсон. О.О хэдэн төгрөгийг нь авсныг би мэдэхгүй. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Г банкнаас ярьж гүйлгээ хийгдсэн 880,000 төгрөгийг буцааж шилжүүл гэж О.О руу ярьсан. О.О 460,000 төгрөгийг буцааж Г банк руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г банкны төв байранд теллер хийж байхад Ц гэх хүн 880,000 төгрөгийн Г банкнаас Х банкны тоот данс руу мөнгө шилжүүлэхээр орж ирсэн. Гүйлгээ алдаа заахаар нь би мөнгийг нь өгөөд Х банкин дээр очиж гүйлгээ хий гээд буцаасан. Тухайн үед орой тооллого хийхэд касс таарч байсан. 2018.04.02-ны өдөр Г банкны төвөөс дээрх гүйлгээг лавлаж асуусан. Гэтэл нөгөө алдаатай гүйлгээ нь сүлжээний алдаанаас болоод орчихсон байсан. Х банкны дансны эзэн О.О руу залгаж асуухад Х банкнаас бас орсон гэж байсан. Тухайн үед 460,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 420,000 төгрөг дутуу өгөхгүй байна. Манай байгууллагаас 2018.05.01-ний өдөр О.О-г мөнгө буцаан өгөх талаар харсан юм байна лээ. Ахлах теллер ярьсан гэсэн. Манай байгууллагаас гарч яваад Х банкин дээр очиж гүйлгээ хийж О.О-д мөнгө шилжүүлж өгсөн гэсэн. Манай байгууллагад 420,000 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан. Манай байгууллагаас ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/,
- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г банкинд орж өөрийн төрсөн М гэдэг дүү рүүгээ утас авах гээд дүүгийн найз О руу 800,000 төгрөг шилжүүлэх гэсэн чинь Г банкны теллер нь 2 удаа гүйлгээ хийгээд мөнгө орохгүй сүлжээ унаад байна Х банкнаас гүйлгээ хий гээд намайг гаргасан. Тэгээд би гарч яваад төрсөн дүү Б.М-н найз залуу О-н Х банкны тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Яг хэзээг нь санахгүй байна. Энэ мөнгө чинь М-н төлбөрийн мөнгө юм уу? 1,600,000 төгрөг орчихсон байна гэж О ярьсан. Би тэгэхээр нь үгүй би 800,000 төгрөг шилжүүлсэн банкнаас ярих байлгүй дээ гэж хэлсэн. Б.М, О.О нар нь Улаанбаатар хотод байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,
- Шүүгдэгч О.О-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-14/,
- Шүүгдэгч О.О-н хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан баримт /хх-ийн 15/,
- Шүүгдэгч О.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-35/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-31/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Б нь О.О-н данс руу гар утас авахаар 880,000 төгрөгийг Г банкны Замын-Үүд салбараас шилжүүлэх гэсэн боловч сүлжээ тасалдсан учраас Х банкинд очиж О.О-н данс руу 880,000 төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл Г банкны Замын-Үүд салбараас О.О-н дансанд 880,000 төгрөг шилжиж орсон байх ба О.О нь 460,000 төгрөгийг буцаан банк руу шилжүүлж, 420,000 төгрөгийг нь авч хэрэглэсэн үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.О-г 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г банкны Дорноговь аймгийн Замын-Үүд салбараас алдаатай гүйлгээ хийгдсэний улмаас өөрийн Х банкны төгрөгийн харилцах дансанд 880,000 төгрөгийн гүйлгээ орж ирснээс 460,000 төгрөгийг Г банкинд буцаан шилжүүлж, үлдэх 420,000 төгрөгийг хувьдаа завшиж улмаар бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.О нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.М-н “...Миний төрсөн эгч Б.Б Улаанбаатар хотын Т төвөөс IPHONE 7 маркийн гар утас авна гэж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай найз залуу болох О.О-н Х банкны данс руу 880,000 төгрөг шилжүүлсэн... бид хоёр хичээлээ тараад уулзахдаа надад Х банкны дансны мессежээ харуулахад нийт 880,000 төгрөгөөр 2 удаа нийт 1,760,000 төгрөг байсан...О.О 460,000 төгрөгийг буцааж Г банк руу шилжүүлсэн...” гэсэн, гэрч И.Б-н “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г банкны төв байранд теллер хийж байхад Ц гэх хүн 880,000 төгрөгийн Г банкнаас Х банкны тоот данс руу мөнгө шилжүүлэхээр орж ирсэн. Гүйлгээ алдаа заахаар нь би мөнгийг нь өгөөд Х банкин дээр очиж гүйлгээ хий гээд буцаасан...Гэтэл нөгөө алдаатай гүйлгээ нь сүлжээний алдаанаас болоод орчихсон байсан. Х банкны дансны эзэн О.О руу залгаж асуухад Х банкнаас бас орсон гэж байсан. Тухайн үед 460,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн, гэрч Б.Б-н “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г банкинд орж өөрийн төрсөн М гэдэг дүү рүүгээ утас авах гээд дүүгийн найз О руу 800,000 төгрөг шилжүүлэх гэсэн чинь Г банкны теллер нь 2 удаа гүйлгээ хийгээд мөнгө орохгүй сүлжээ унаад байна Х банкнаас гүйлгээ хий гээд намайг гаргасан. Тэгээд би гарч яваад төрсөн дүү Б.М-н найз залуу О-н Х банкны тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч О.О-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч О.О-н хохирол төлбөрөө төлсөн баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.О нь 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н