Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

Г.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Б.Догмиддорж, шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Г.Ч-д холбогдох, 2435000000025 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ..хамт амьдардаг, аймгийн сумын  дугаар багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Г-ын Ч (Регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Ч сумын  дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.А-ийн эзэмшлийн мухар улаан халзан эм үхэр, оодон сүүлтэй ухаа зүстэй эм үхэр, саарал дөнөн эр үхэр, хүрэн зүсмийн эм үхэр, мухар улаан халзан охин бяруу, хүрэн зүсмийн эр бяруу, нийт 6 тооны буюу олон тооны мал хулгайлж, 5,200,000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Ч-г хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

- шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 2024/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хохирогч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, шүүгдэгчид ашигтай мэдүүлэг өгч байх тул үнэлээгүй талаараа дурдсан байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч нь хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд ба худлаа мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлага хүлээх учиртай.

Хохирогч Д.А мөрдөн байцаалтын шатанд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө: “2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гэрийн гадна өөрийн эзэмшлийн 23 тооны үхрээ гэрийн гадна авч ирсэн. Улмаар эхнэрийн хамт малын хашаа янзалж байгаад үхрээ хартал 10 тооны үхэр алга байсан. 17 цаг өнгөрч байхад гэрийнхээ араар бургас руу орсон байх гэж бодоод морио унаад хайсан. ...2 үхэр Г.Ч-гийн амбаарт байсан, 4 үхэр Г.Ч-гийн үхэр дотор байсан” гэх, /хх-16/,

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ: “Г.Ч-гийнх манай малын бэлчээрийн дэргэд модон дотор Д гэх газарт өвөлждөг. Манай үхэр бэлчээрт явчхаад буцаж ирэхгүй болохоор нь маргааш нь үхэр бэлчдэг газраар явж хайсан.... Г.Ч-гийн гэрт 2-3 удаа очиход миний алга болсон 6 үхрийн 2-той нь төстэй үхэр өвс идэж байсан. ...Үхрээ олохгүй болохоор өмнө харсан үхрээ лавлаж харья гэж бодоод үхрээ оруулсны дараа малын хашаанд үзэхэд 2 үхэр байсан, бусад үхэр байгаагүй” гэх /хх- 22/,

2024 оны 03 сарын сарын 14-ний өдөр мэдүүлэхдээ “манай үхэр Г.Ч-гийн гэрийн зүг рүү бэлчээрлэдэггүй” гэх /хх-98/ гэх зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хохирогч нь урьд өмнө тогтвортой мэдүүлэг өгч байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид ашигтай мэдүүлэг өгснийг үнэлэх боломжгүй хохирогч нь шүүгдэгчийг уучилсан байх гэх агуулга бүхий дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн үхрийг хамт хайлцсан гэх гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дугаар зүйлд заасан байдлыг нотолж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээг авч ... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байхад хууль хэрэгжүүлэх бүхий этгээд нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл шүүх шүүгдэгч Г.Ч-д ашигтай, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байхад түүнд ашигтай учраас үнэлэхгүй гэж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна

Гэмт хэрэг хэзээ хэрхэн яаж үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, хохирогчийн хэдэн тооны үхэр Г.Ч-гийн эзэмшилд байсан болох, түүний эзэмшилд хэзээ яаж шилжиж ирсэн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзвэл яллагдагч Г.Ч-гийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Учир нь хохирогчийн 6 тооны үхэр Г.Ч-гийн эзэмшилд түүний үйлдлийн улмаас шилжиж ирээгүй. Г.Ч нь хохирогчийн үхрийг өөрийн эзэмшилд шилжүүлэх ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад түүний эзэмшилд шилжиж ирсэн байх боломжтой байна. Нэгэнт эзэмшилд нь шилжиж ирсний дараа өөртөө авах сэдэл төрсөн байх ба энэ нь ЭХТА-ийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд Г.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэлийг ЭХТА-ийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж гомдол гаргасан. Үндэслэл нь:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа, анхан шатны шүүх хуралдаан дээр 1 удаа, нийт 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд 4 өөр агуулга бүхий мэдүүлгийг өгсөн. Хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хэрэв худлаа мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээдэг онцгой субъект. Хохирогч шүүгдэгчийг уучилсан учраас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй, өмнө нь тогтвортой мэдүүлэг өгсөн гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн. Гэтэл хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгөөгүй, 3 өөр мэдүүлэг өгсөн. Агуулгын хувьд “үхэр маань Г.Ч-гийн гэр байгаа Д гэх газар руу бэлчдэг” гэх агуулга бүхий мэдүүлгийг, мөн “манай үхэр хэзээ ч Г.Ч-гийн өвөлжөөний зүг рүү бэлчих боломжгүй” гэх, дараагийн удаад үхрээ хэзээ, хэрхэн, яаж алдсан талаараа зөрүүтэй мэдүүлсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг. Гэтэл шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ “үхрээ 15 цагийн үед бэлчээрээс хурааж ирээд эхнэрийн хамт малын хашаа янзалж байгаад 17 цаг өнгөрч байхад харахад 10-аад тооны үхэр алга болсон байсан, дараа нь бэлчээрээсээ огт эргэж ирээгүй” гэж мэдүүлээд байгаа юм. Тухайн үед нь сэжиг бүхий морьтой, уналгатай хүн, Г.Ч үзэгдэж, харагдсан уу гэж асуухад үгүй гэж хариулдаг. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нотлогдон тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Мөн хохирогчтой хамт мал хайлцсан гэх гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Мал хайсан хүмүүс рүүгээ утсаар ярихдаа “миний 2 үхрийг малын хашаа дотор уясан байна, бусад 4 үхэр нь Г.Ч-гийн үхэртэй нийлсэн байжээ” гэж хэлсэн гэх талаар 1 гэрч нь ярьдаг. Нөгөө гэрч нь “2 үхэр малын хашаан дотор уяатай байсан байна, 4 үхэр нь Г.Ч-гийн үхэрт алга байжээ” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Өмнө нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ч яригдаж байсан бөгөөд 4 үхэр нь өөр айлын мал дотор байсан эсэх асуудлыг шалгуулж, тогтоолгох шаардлагатай талаар хэлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудал яригдаж хохирогч “Ч гэх айлын үхэр дотор үлдсэн 4 тооны үхэр байсан” талаар ярьдаг. Та яагаад өмнө нь энэ талаар хэлээгүй юм бэ гээд тодруулаад асуухад өмнө хэлээгүй нь буруу болсон байна гэж хэлсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн таны үхэр Ч-ын үхэр дотор байсан юм байна, үүнийг Ч юу гэж хэлсэн бэ гэж асуухад зудтай холбоотойгоор Б, З сумын айлуудын олон тооны үхэр тэр хавьд байсан. Тийм учраас Б, З сумын үхэр юм байх гэж ойлгосон гэж хариулсан байдаг. Хохирогчийн энэ мэдүүлэг миний үйлчлүүлэгчид ашигтай бөгөөд Ч-ын гадна 4 тооны үхэр нь байсныг миний үйлчлүүлэгч туугаад хүргэж өгсөн гэдэг ашигтай мэдүүлгийг үнэлэхгүй, уучилсан учраас шүүгдэгчид ашигтайгаар мэдүүлээд байна гэж анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй дүгнэлтийг хийж байгааг хүлээн зөвшөөрөөгүй.

Нөгөө талаас гэмт хэрэг гарсан цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж тогтоогоогүй. Бид олон удаагийн хүсэлт өгсөн. Хүн бүр өөрийгөө илэрхийлэх чадвар харилцан адилгүй. Миний үйлчлүүлэгч өөрийгөө илэрхийлэх чадвар маш сул тул “үүнийг мартчихжээ” гэдэг. Энэ байдал хохирогчийн зүгээс мөн анзаарагдаж байгаа. Ч-ын гаднаас 4 тооны үхрийг нь өөрийнхөө хашаан дотор байсан 2 үхэртэй нийлүүлээд туугаад хүргэж өгсөн гэж байгааг тодруулаад өгөөч гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад та нар хэлээгүй, одоо гаргаж байгаа нь бараг зохиомол байдлыг бий болгох гэж байна гээд хүлээж аваагүй. Тухайн өвөлжөөнд өвөлждөг айлууд айлуудаас тодруулаад шалгаад эргэлзээгүй талаас нь тогтоогоогүй, хэт яллах талыг барьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хүлээн авч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй дүгнэлтийг хийж хохирогч Д.А-ийн 6 тооны үхрийг хулгайлсан гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлаа нотлон тогтоогоогүй. Хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан Я.Н-ын мэдүүлэгт “2023 оны 12 дугаар сараас хойш Г.Ч-гийнд үхрээ өвөлжүүлж эхэлж байгаа айлын мал юм байх гэж бодсон, дараа нь биш гэдгийг нь мэдээд өөртөө завших сэдэл төрсөн” гэдгээ хэлсэн. Прокурорын зүгээс суухад Я.Н гэдэг хүний үхрийг 5-6 жил маллаж байгаа талаараа яллагдагч мэдүүлж байна гэж хариулсан. Гэхдээ гэрч Я.Н  нь 2023 оны 12 дугаар сарын үед үхрийг нь өвөлжүүлсэн гэж хэлдэг боловч дараа нь тодруулж асуухад сандардаг, даралт нь ихэддэг, сандрахаараа юу ч хамаагүй ярьдаг. 2023 оноос хойш эрх зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд энэ хүнийхээ зан чанарыг би ойлгож, мэдээд байгаа юм. Я.Н-ын гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, 4-5 жил маллаж байгаа айлынхаа малыг яагаад таньдаггүй юм гэдэг байдлаар яллагдагчийн асуултад хариулсан байдалд дүгнэлт хийсэн. Өөрийнхөө эзэмшилд ямар идэвхтэй үйлдлээр үхэр шилжүүлж ирсэн болохыг нотолж чадаагүй байгаа тохиолдолд миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдээд өгөөч гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй. Миний үйлчлүүлэгчийг Д.А-ийн 6 тооны малыг хулгайлсан гэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг хангасан байх боломжтой байна гэх агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна.

Сая прокурор миний үйлчлүүлэгчийг өөрийнх нь үхэртэй нь нийлээд ирсэн бол иргэнийхээ үүргийг биелүүлээд цагдаагийн байгууллагад хандахгүй яасан юм бэ гэдэг агуулга бүхий зүйлийг ярьж байна. Иргэнийхээ үүргийг биелүүлээгүй учраас гэмт хэрэгтэн болоод зогсож байгаа. Үйлдсэн гэмт хэрэг нь мал хулгайлах гэмт хэрэг үү, алдуул мал завших гэмт хэрэг юм уу гэдэг дээр маргаж байгаа. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг тогтвортой гэдэг асуудлыг ярьдаг. Гэрч Н.Д, Ш.С, Б.Т, Ц нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй. Хохирогч миний зургаан 6 тооны үхэр зургуулаа байсан буюу 2 үхрийг нь уясан, 4 үхэр түүний үхэр дотор нь байсан гэдэг агуулгаар Н.Д, Ш.С нарт хэлсэн. Гэтэл Б.Т, Ц нарт 2 үхрийг нь уясан, 4 үхэр нь байгаагүй гэж хэлсэн байдаг. Энэ нь гэрч, хохирогч нарын мэдүүлгийг тогтвортой, зөрүүгүй гэж үзэх үү. Сая прокурор гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхой, 15 цагийн үед үхрээ хураагаад ирэхэд 6 үхэр нь дутуу байсан гэж хэлж байна. 6 үхэр биш шүү дээ, 10 үхэр алга болсон байсан. Тэгээд 4 тооны үхрийг нь А гэх айлын өвөлжөөний хашаанаас олж авсан. Мөн нэг амбаарын асуудал яриад байдаг. Тэр нь амбаар биш малын хашаа юм. Ч сумын онцлог нь тусдаа малаа оруулдаг, малын хашааг прокурор амбаар гэж ойлгоод байна. Амбаар гэдэг нь хүнс, эд зүйл агуулдаг зүйл шүү дээ. Тэнд очиж үзлэг хийгээд малын хашаа болох нь тогтоогдсон. Гэтэл амбаар гэж бусдад албаар буруу ойлголт төрүүлэх байдлаар яриад байна.

Би хавтаст хэргийн дугаар, хэдэн сарын хэдний өдөр өгсөн мэдүүлэгтэй зөрж байна гэдгийг хэлээд байхад прокурор тогтвортой байна гээд байгаа нь юу тогтвортой болох нь ойлгомжгүй, энэ хэрэгт цуглуулсан нотлох баримтаасаа иш татаад хэлэх хэрэгтэй шүү дээ. Идэвхтэй үйлдэл хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгч хулгайлах гэмт хэргийг юу ашиглаад, хэдний өдөр, ямар идэвхтэй үйлдэл хийж үйлдсэн, мал хулгайлах гэмт хэрэг гарч байх үед Г.Ч хаана байсан болохыг шалгаад тогтоогоогүй. Өөрийнхөө эзэмшилд оруулах ямар идэвхтэй үйлдэл хийсэн нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан 2 тооны үхрийг өөрийнхөө эзэмшилд ирснийх нь дараа завшсан үйлдэл гаргасан гэдгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

6. Шүүгдэгч Г.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үхэр хулгайлж аваагүй. Хэний үхэр болохыг мэдэхгүй. Орой манай бөөн үхрийг дагаж ирсэн байсныг өглөө нь мэдсэн.

Тухайн 4 үхэр нь Г гэх айлд байсан. 2 үхрийг нь авч ирж өг гэсэн тул би нийлүүлэн тууж, хүргэж өгсөн гэв.

7. Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Сая шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоогоогүй гэж хэллээ. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гээд тогтоочихсон. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Д.А үхрээ туугаад ирэхэд үхэр нь дутуу байсан тул Г.Ч-гийнд очиж асуухад “мэдэхгүй” гэж хариулсан. 2, 3 хоногийн дараа дахин очиж асуухад “мэдэхгүй, хараагүй” гэж хариулсан. 3 дахь удаад нь хохирогч болон гэрч нар Г.Ч-гийн амбаараас хулгайлсан 2 үхрийг олж авсан. Тухайн 2 үхэр бусад 6 үхрээсээ тарган идэшний үхрүүд байсан. Түүнийг мэдүүлгээр нь тогтоосон байгаа. Тухайн үед амбаарт нь орох гэхэд Г.Ч уурлаад дургүйцлээ илэрхийлсэн талаар мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд алдуул мал завших гэмт хэрэг юм гэж бичсэн байна.

1 дүгээрт, Алдуул мал завших гэмт хэрэг онцлогтой шүү дээ. Хэрэв тухайн этгээд алдуул мал, гээгдэл эд зүйлийг олсон бол Цагдаагийн байгууллага болон удирдлагад мэдэгдэх үүргийг хуулиар тогтоосон. Гэтэл яагаад энэ үүргээ биелүүлээгүй вэ гэдэг асуудал яригдана.  

2 дугаарт, Хулгайн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгдэж тухайн хүн өөрийнхөө эзэмшилд авснаар төгсдөг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангачихсан. Г.Ч 2 үхрийг нууц далд аргаар авсан шүү дээ. Андуурч авсан гэдгийг нотлох баримт байхгүй. Г.Ч өөрөө би үхэртэйгээ туугаад ирсэн учраас уячихсан гэж хэлдэг. Гэтэл хохирогч Д.А 2 хоёр удаа ирэхэд яагаад хэлээгүй, ямар ашиг сонирхол байсан бэ. Нэгэнт хүний малыг хулгайлсан учраас хэлэхгүй. Гэмт хэргийн шинж хангагдсан. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Би анхан шатны шүүх хуралд ороогүй боловч гарсан шийдвэртэй танилцсан. Анхан шатны шүүх мал хулгайлах гэмт хэргийн шинжээс алдуул мал завших гэмт хэргийн шинжийг маш сайн ялгаж, салгасан байна. Тийм учраас би анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь зөвхөн Д.А-ийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Гэрч Т.Ц, Д.Н нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч ганцхан Д.А-ийн мэдүүлэг зөрүүтэй, Д.А-ийн мэдүүлгээр л нотлогдсон юм байна гэж үзээд байгаа. Бусад мэдүүлэгтэй харьцуулаад дүгнэсэн. Г.Ч-гийн бусдын 6 тооны үхрийг хулгайлсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Г.Ч-д холбогдох, 2435000000025 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Ч сумын  дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.А-ийн өмчлөлийн 6 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би өөрийн 23 тооны үхрээ гэрийн гадна тууж ирсэн. Тэгээд байж байгаад 17 цагийн үед үхрээ харахад 10 тооны үхэр байхгүй байсан, тухайн үедээ гэрийн эргэн тойрондоо хайгаад олоогүй. Маргааш нь үхрээ хайгаад явж байтал манай гэрийн ойролцоо байдаг А гэх айлын хаваржаан дээр миний 4 тооны үхэр байсан ба үлдсэн 6 тооны үхрээ хайгаад олоогүй. Маргааш нь манай эхнэр Т.Ц нь Д.Н ахын хамт машинаар хайж, Х, Ж адаг гэх газруудаар хайсан боловч олоогүй, мөн ойр орчмын айлуудаар явж сурагласан, харин би морьтой явж, машин явах боломжгүй газруудаар хайсан боловч үхрээ олоогүй. Ингээд би эхнэр Т.Ц, ах Д.Н нартай ярилцаад “Г.Ч гэх хүн манай 6 тооны үхрийг хулгайлж аваад нядалсан байж магадгүй” гэж хардаж, ядаж толгой, шийр нь байж магадгүй гээд  тэднийд очсон. Г.Ч-гийн үхрийн амбаар руу орж үзэхэд, миний алдсан 6 тооны үхрийн 2 тооны үхэр тэнд уяатай байсан. Би тухайн үед уурлаад “та нар арай ч дээ 5, 6 хоног хайгаад малаа олохгүй, асууж сураглаад байхад гаргаад өгчихгүй, яасан муухай хүмүүс вэ, би та нарыг цагдаад гомдол гаргана, мал авчирж өгөөрэй” гэж хэлээд явсан. Би анх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Ч-гийн гэрт нь очоод, би 10 тооны үхрээ хулгайд алдчихлаа, би үзэж харав уу” гэхэд үгүй гэж хэлсэн. Дахин 2-3 хоногийн дараа Г.Ч-тэй утсаар ярьж, “манай үхрийг үзэж харсан уу” гэхэд үгүй ээ, би харсан бол танд хэлнэ шүү дээ” гэж хэлсэн.

Мөн үлдсэн 4 үхэр нь Г.Ч-гийн үхэр дотор байсан. ...Тухайн өдөр гэртээ ирээд байж байтал орой болсон байхад Г.Ч нь дүү Г.Б-гийн хамт миний 6 тооны үхрийг тууж авч ирээд: “би таны хохирлыг барагдуулна, цагдаад битгий хэлээч” гэж гуйсан, би түүнд малаа эрж хайж хэдэн өдөр явсан, машины бензин тос гээд зөндөө зардал гарлаа, чи эрж хайсны зардалд 1,100,000 төгрөг төлж өг гэж хэлсэн. Тэгээд Г.Ч нь эхнэр Т.Ц-гийн Хаан банкны 00 тоот дансанд 1,100,000 төгрөг шилжүүлсэн, мөн хэд хоногийн дараа 1 тооны цагаан зүстэй хонь авчирж өгсөн” гэх мэдүүлэг,

- мөн хохирогчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Би урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үлдэгдэл 6 тооны үхрээ хайж байхдаа Г.Ч-гийн гэрт очиж, 2-3 удаа асуусан боловч үзэж хараагүй гэж хэлсэн бөгөөд эхний удаа би гэрт нь очиход миний алга болсон үхэртэй төстэй үхэр тэдний малын хашаанд өвс идэж байсан бөгөөд би холоос харсан тул буруу харсан байж магадгүй гэж бодоод ойртож очиж хараагүй. Тэгээд үхрээ хайгаад олохгүй болохоор урьд нь харсан үхрээ лавлаж харахаар Г.Ч-гийн гэрт очиж тэдний малын хашаанд нь орж үзэхэд, миний оодон сүүлтэй улаан эм үхэр, улаан галзан мухар эм үхэр уяатай байхаар нь би миний үхэр яагаад энд байж байдаг юм, үлдэгдэл дөрвөн үхэр яасан бэ, миний үхрийг бүгдийг нь олж өг хэлчхээд гэр лүүгээ явсан. Тэр орой нь Г.Ч миний зургаан үхрийг тууж ирсэн бөгөөд үлдэгдэл дөрвөн үхэр нь манай үхэрт бэлчээрээр нийлээд ирсэн байхаар нь хамт туугаад ирлээ.Таны хоёр үхрийг би сайн таниагүй учраас дүүгийн үхэртэй хамт уясан байна. Гэхдээ хэд хоног хайлгасанд уучлаарай гэж хэлээд миний үхрээ эрж хайсны зардалд 1,100,000 төгрөг, нэг эр хонь өгсөн” гэх мэдүүлэг,

- мөн хохирогчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...би Г.Ч-гийн үхрийн хашаанд орж үзэхэд миний алдагдсан 6 тооны үхэрнээс 2 тооны үхрийг эвэрнээс нь уячихсан байсан юм. Бэлчээрт гарсан мал хотондоо ирэх цаг хугацаа биш байсан, өөрөөр хэлбэл тухайн өдөр 16 цагийн үед Г.Ч-гийн гэрийн гадна мал байгаагүй юм.Тухайн үхрийн амбаарт миний 2 тооны үхрээс өөр үхэр байгаагүй юм. Манай гэр Г.Ч-гийн гэрээс 8-10 км зайтай байдаг тул тэдний үхэртэй нийлэх боломж байхгүй. Бас миний хулгайд алдсан гэх үхрийн зүсийг Г.Ч мэдэж байсан, олон удаа асууж лавлаж асуухад “манайд байхгүй, мэдэхгүй, үзэж хараагүй” гэж хэлж байсан хүн амбаараас нь гарч ирэхэд нь би их гомдож уурласан юм. Тэгээд би цагдаад мэдэгдэж асуудлыг шийдүүлнэ гэж хэлээд явсан, гэртээ ирээд байж байтал Г.Ч, дүү Г.Б-гийн хамт миний хулгайд алдагдсан 6 тооны үхрийг тууж ирээд, үхэр хулгайлсан гэм буруугаа хүлээгээд, миний хохиролд 1,100,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

- гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Д.А-ийн эхнэр Т.Ц-гийн хамт машинаар Ж адаг гэх газраас эхлээд үхэр хайж, сураглаж явсан боловч олоогүй. Тэгтэл А бид 2 уруу утсаар ярьж, Г.Ч гэх хүн манай үхрийг хулгайлж авсан нь гарцаагүй боллоо, амбаар саванд нь үхрийн арьс шир, толгой байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэднийд очиж, Г.Ч гэх айлын үхрийн амбаар луу Д.А, Т.Ц, Г.Ч, Г.Б бид нар ороход Д.А-ийн хулгайд алдсан 2 тооны үхэр тэнд уяатай байсан юм. Тэгээд Д.А нь Г.Ч-д хандаж, “чи ямар хулгайч хүн бэ, би олон хоног хулгайд алдсан үхрээ асууж сураглаж явж байхад чи хэлэхгүй яасан юм, одоо чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн чинь Г.Ч нь “танай 4 үхэр манай үхэр дотор байгаа, чи цагдаад битгий хэл” гээд гуйсан юм. Бид нар Д.А-ийн гэрт очоод байж байтал орой нь Г.Ч нь Д.А-ийн хулгайд алдсан 6 тооны үхрийг тууж ирсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-р хуудас/,

- гэрч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.А ах хэлэхдээ, Г.Ч гэх хүн манай үхрийг хулгайлж нядалсан байх гэж хардаад гэрт нь очоод үхрийн амбаарт нь яваад ороход манай 6 тооны үхрээс 2 үхрийг нь уячихсан, 4 үхрийг нь өөрийн үхэртээ нийлүүлсэн байсан” гэж хэлсэн юм...” гэх /хх-ийн 34-35-р хуудас/,

- гэрч Ш.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.А ах 2023 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт ирж, “манай 6 тооны үхэр хулгайд алдагдлаа, чи надад хайж өгөөч” гэж хэлсэн юм. Би тухайн алга болсон гэх 6 тооны үхрийг 3-4 хоног морьтой явж, Ч сумын 3-р багийн нутаг “Д” гэх нэртэй газраар эрж хайсан юм. 3-4 хоногийн дараа Д.А ах над уруу утсаар залгаад “манай хулгайд алдсан 6 үхрийг Г.Ч гэх хүн хулгайлаад өөрийнхөө хашаанд уячихсан байсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..“2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.А ахынх үхрээ алдаад, бид нар эрж хайсан. А ах, Н.Д, С буюу Ш.С, Ц, Д.Н ах бид нар хоёр хэсэг болж хуваагдаж яваад хайсан. Сүүлийн өдөр байх, орой болж байхад Д.А ах утсаар залгаад “хулгайд алдсан 6 тооны үхрээс 2 үхрийг Г.Ч гэх айлын хашаанд уясан байна, үлдсэн 4 үхэр байхгүй байна гэж хэлсэн...Сүүлд сонсоход, Д.А ахын хулгайд алдсан 6 тооны үхрийг буцаан өгч хохирол барагдуулж өгсөн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

- гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр Д.А-ийн хамт малын хашаа янзалж байсан. Нөхөр Д.А 17 цагийн үед үхрээ хашаанд оруулах гээд тууж ирэхдээ, 10 үхэр байхгүй байна, арын бургас уруу орсон байх гээд мориор явсан. Тэгээд тухайн орой уг 10 үхрээ олоогүй юм. Маргааш нь манай нөхөр өглөө эрт босоод үхрээ хайхаар явсан, орой 18 цаг өнгөрч байхад 4 тооны үхрийг олж авчирсан. Нөхөр бид 2 үлдсэн 6 тооны үхрийг хулгай авсан байх гэж ярилцаад, хамаатан садан ах дүүсийн хүмүүст хэлж, сураг тавьсан. Маргааш нь би Д.Н ахын хамт машинаар Ж адаг гэх газар хүртэл явж хайгаад сураг гаргаж чадаагүй. Тэгтэл манай нөхөр бид 2-т “манай 6 үхрийг Г.Ч гэх хүн хулгайлсан байх гэж хэлсэн. Тэгээд Г.Ч-гээс манай 6 тооны үхэр байна уу гэж асуухад “үгүй ээ, би хараагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай үхрийн амбаарт орж үзмээр байна гэж асуухад Г.Ч сандарсан байдалтай, “тэг, ороод үз, танай үхэр байхгүй” гэх зэргээр хэлээд байсан. Г.Ч-гийн үхрийн амбаарт орж үзэхэд манай мухар халзан үхэр, оодон сүүлтэй улаан зүсмийн, 9 настай эм үхэр байсан юм. Тэр үед манай нөхөр “чи ямар муухай хүн бэ, чамайг ийм хүн гэж бодсонгүй” гэх зэргээр хэлээд явсан. Г.Ч нь дүү Б-гийн хамт манай 6 үхрийг тууж авчирж өгсөн. Миний Хаан банкны данс уруу 1,100,000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох  баримтуудаар нотлогдсон байна. 

3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.Ч-г 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Ч сумын  дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.А-ийн эзэмшлийн мухар улаан халзан эм үхэр, оодон сүүлтэй ухаа зүстэй эм үхэр, саарал дөнөн эр үхэр, хүрэн зүсмийн эм үхэр, мухар улаан халзан охин бяруу, хүрэн зүсмийн эр бяруу, нийт 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.        

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ч-д ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.  

6. Шүүгдэгч Г.Ч болон түүний өмгөөлөгч Д.Батгэрэл нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...Хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, түүнчлэн үхэр хамт хайлцсан гэх гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Гэмт хэрэг хэзээ, хэрхэн, яаж үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, хохирогчийн хэдэн тооны үхэр Г.Ч-гийн эзэмшилд байсан болох, түүний эзэмшилд хэзээ, яаж шилжиж ирсэн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзвэл, шүүгдэгч Г.Ч-гийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна, хохирогчийн 6 тооны үхэр Г.Ч-гийн эзэмшилд түүний үйлдлийн улмаас шилжиж ирээгүй. Нэгэнт эзэмшилд нь шилжиж ирсний дараа өөртөө авах сэдэл төрсөн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Иймд Г.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэлийг ЭХТА-ийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, тухайлбал, хохирогч Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 6 тооны үхрээ алдсан, тэрээр 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагаас эхлэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ганцаараа болон эхнэр Т.Ц, төрөл садангийн хүмүүс болох Д.Н, Н.Д, Ш.С, Б.Т, Д.Ц нарын хамт алдсан 6 тооны үхрээ эрж хайсан, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед шүүгдэгч Г.Ч-гийн гэрийн гадна очиж, тэдний үхрийн битүү хашаа /амбаар/-д орж, өөрийнх нь 2 тооны үхэр уяатай байсныг Д.Н, Т.Ц, Г.Ч нарын хамт үзэж харсан, мөн өдрийн орой Г.Ч нь дүү Г.Б-гийн хамт Д.А-ийн 6 тооны үхрийг тууж авчирж хүлээлгэн өгсөн, Г.Ч нь мал эрж хайсны зардалд тооцож, хохирогчид 1,100,000 төгрөг, 1 тооны хонь өгсөн зэрэг үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

6.2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ, үхрээ хэдийд, хаанаас алдсан, хэрхэн эрж хайсан, 2 тооны үхрийг шүүгдэгч Г.Ч-гийн үхрийн битүү хашаанд уясан байсан, 6 тооны үхрээ хэрхэн буцааж авсан, эрж хайсны зардалд 1,100,000 төгрөг, 1 тооны хонь авсан талаараа тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан мэдээлэл нь хоорондоо агуулгын зөрүүгүй, түүнчлэн хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлгүүдтэй ноцтой зөрүүгүй байх тул түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

Харин хохирогч Д.А 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт:“ ...би 2 үхрээ Г.Ч-гийн үхрийн хашаанаас олсон, үлдсэн 4 үхэр нь яасан бэ гэж асуухад Г.Ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 4 үхрээ хайж яваад Г.Б-тай уулзтал, ийм тийм зүстэй үхрүүд байсан талаар надад хэлэхээр нь түүнтэй хамт Г буюу Ч-ын гэрийн гадаа очиход тэдний үхэр дунд миний алга болсон 3 үхэр байсан. Тэгээд би Ч-т хандаж, танай үхэртэй нийлсэн байгаа энэ 3 үхрийг, мөн үлдсэн 1 үхрийг нь олоод 6 үхэр авчирж өг” гэж хэлээд явсан... гэж мэдүүлсэн байх ба түүний энэхүү мэдүүлэгт тусгагдсан зарим мэдээлэл буюу Г /Ч/-ын гэрийн гадаа очиход тэдний үхэр дунд миний алга болсон 3 үхэр байсан. Тэгээд би Ч-т хандаж, танай үхэртэй нийлсэн байгаа энэ 3 үхрийг, мөн үлдсэн 1 үхрийг нь олоод 6 үхэр авчирж өг” гэж хэлээд явсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байх тул хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн энэхүү мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй болно.

6.3. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Н, Т.Ц, Н.Д, Ш.С, Б.Т, Д.Ц нар нь хохирогч Т.А-ийн 6 тооны үхрийг эрж хайхад оролцсон хүмүүс байх бөгөөд тэд 6 тооны үхрийг эрж хайх явцдаа үзэж харсан зүйлээ, зарим нь сонсож мэдсэн зүйлийнхээ талаар тус тус мэдүүлсэн, тухайлбал, гэрч Т.Ц /хохирогчийн эхнэр/, Д.Н нар 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 16 цагийн үед хохирогч Д.А-ийн хамт Г.Ч-гийн гэрт очиж, хамтдаа тэдний малын хашаанд орж, 2 тооны үхэр уяатай байсныг харсан, малын хашаа уруу ороход Г.Ч, түүний дүү Г.Б нар хамт байсан, мөн тухайн үед Г.Ч “...танай үлдсэн 4 үхэр манай үхэр дотор байгаа, цагдаад битгий хэлээч” гэж хэлж байсан, мөн тухайн өдрийн орой, шөнө болсон байхад Г.Ч нь хохирогчийн 6 тооны үхрийг тууж авчирж өгсөн талаар тус тус мэдүүлсэн байх ба эдгээр гэрчүүдийг хэргийн үйл баримтын талаар агуулгын ноцтой зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

6.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул Г.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэлийг ЭХТА-ийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэрэгт, хохирогч Д.А-ийн 6 тооны үхэр шүүгдэгч Г.Ч-гийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар шилжсэн гэх үйл баримт, мөн уг 6 тооны үхрийг алдуул мал байсан гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй. Харин шүүгдэгч нь хохирогчийн 2 тооны үхрийг өөрийн гэрийн гадна байх үхрийн битүү хашаандаа оруулан уяж, үлдсэн 4 тооны үхрийг өөрийн үхэртээ хамт байлгаж байсан, түүнчлэн хохирогч 6 тооны үхрээ хайх явцдаа, түүнээс удаа дараа асууж сураглаж байхад тэрээр “танай үхрийг хараагүй, харвал танд хэлнэ ш дээ” гэх байдлаар нууж, нууц далд аргаар, идэвхитэй үйлдлээр, хууль бусаар эзэмшилдээ оруулсан үйл баримт хэрэгт хангалттай тогтоогдсон.

 Шүүгдэгч Г.Ч-гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

7. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Шүүгдэгч Г.Ч-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.     

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Ч-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧ                                             Ж.ОТГОНХИШИГ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН