Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 68

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Хохирогч Ш.И

Шүүгдэгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Далайгүн овогт Г.M холбогдох эрүүгийн 1826001060070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Арвайхээр суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 5 сарын хугцаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн, Далайгүн овгийн Г.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн ээж Ш.И зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ш.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ш.И мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр гаднаас орж ирэхэд намайг түлхээд би хана мөргөчихлөө гэж байсан. Тухайн үедээ бол цус гарсан, хавдсан шархалсан зүйл байхгүй байсан. ...Архи уусан согтуу үедээ болон эрүүл байсан ч гэсэн манайд ирэхээрээ их уурладаг, уцаарладаг ширүүн зантай хүн байгаа юм. Урьд өмнө нь бол намайг болон Г-г зодож цохиж байсан. Тухайн үед нь Г бид 2 эмнэлэгт үзүүлж харуулж байгаагүй. 2017 оны 07 дугаар сард намайг сандлаар цохиж зүүн гарын шуу хугарч байсан ба тухайн үед нь цагдаад хэлж хуулийн арга хэмжээ авахуулж байсан. Өөр бусад хэрүүл маргаан гэр бүлийн дундах хэрүүл дээр нь бол цагдаад өгч байгаагүй. Гэр дотор болж байгаа хэрүүл маргаан болохоор хажуугаас харж байсан гэрч гэх хүн бол байхгүй. Би ч нэг их хүн амьтанд санаа зовоод хэлдэггүй юм. М нь өөрийн төрсөн хүү Э бол зодож цохиж байгаагүй. Гэхдээ л аавыгаа согтуу ирэхэд нь “эмээ дуугүй байгаарай аав согтуу байна шүү” гэх мэтээр айгаад байгаа бололтой зан байдал харуулдаг. Манай хэсгийн байцаагч та хамгаалах байранд очиж үйлчлүүлэх үү гэхээр нь би өөрөө татгалзаад тухайн хамгаалах байранд нь очоогүй юм. ...Тухайн үед цагдаагийн алба хаагчид ирэхэд М гал тогооны өрөөнд унтчихсан байсан ба тухайн үед нь би унтаад өглөө жаахан унтаж босч ирээд сэргэх байх, одоо гайгүй байх гэж хэлээд би өөрөө тухайн цагдаагийн алба хаагчидад нь өгч явуулаагүй юм. Би нэрийг нь сайн мэдэхгүй, тухайн өдөр жижүүртэй байсан алба хаагчид л ирсэн байх. Би дуудлага өгсөн хэрнээ унтаж байсан болохоор нь би өөрөө татгалзаад гаргасан юм. ...Г.М миний 2 талын бөөр рүү нэг нэг удаа өшиглөсөн. Тэгээд надтай зууралдаж аваад байсан. Миний баруун, зүүн талын бөөрний орчим хөхөрчихсөн байсан, одоо бол эдгэрсэн байгаа. ...Би цагаан сарын өмнө битүүний урд өдөр нүүрсний амбаарын буланг баруун нүдний орчмоор мөргөж өөрөө өөртөө гэмтэл учруулсан байсан юм. Миний нүд рүү бол Г.М цохиж зодон надад гэмтэл учруулаагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн төрсөн хүүдээ гомдол санал байхгүй. Г.М холбогдох хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ... 2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө манай хүү М шөнө 01 цагийн орчим согтуу ирээд агсам тавиад байсан юм. Тэгээд манай хүү намайг унагаагаад миний 2 бөөр рүү өшиглөөд тэгээд бид 2 хоорондоо ноцолдоод би хүүхдээ буцаагаад түлхсэн юм. Тэгээд би дийлдэхгүй байхаар нь цагдаа дуудсан юм. Удалгүй 2 цагдаа ирээд манай хүүхдийг аваад явсан. ...Согтуу байсан. ...Хэл амаар намайг байнга доромжилдог. Миний хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан, хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. ...Миний хэвлий хэсэгт хөхөрсөн, миний бие хөндүүр байгаа. ...Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй, үзүүлмээргүй байна. ...Надад гомдол, санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 7 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай аав намайг зоддоггүй. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй. ...Аав өвөөг түлхэж хана мөргүүлснийг би харсан. Өвөөгийн гэрийн хана цөмөрчихсөн. ...Аав манай эмээг зодож байхыг харсан. Эмээгийн нүд нь хөхөрчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Гэрч Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сард ээжийг сандлаар цохиод цагдаа дээр шалгагдаж байгаа гээд байдаг байсан. Манай дүү Г.М нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж амьдарч байгаад эхнэрээсээ салаад хүүхдээ аваад аав, ээж дээр 2016 оны намар л шилжээд ирсэн байсан. Ирснээсээ хойш бол аав, ээжийг цохиод зодсон талаар нь би мэдэхгүй. 2017 оны 07 дугаар сард бол цагдаа дээр байхад нь мэдсэн тэрнээс өөр мэдэхгүй. Сүүлийн одоо шалгагдаж байгаа асуудлыг нь саяхнаас мэдсэн. Би гэр тусдаа болохоор нэг их ирж очиж байдаггүй, аавын гэрт юу болж байгаа талаар нь мэдэхгүй байна. Надад утсаар ч хэлж байгаагүй. Ээж тухайн асуудлаа надаас нуугаад хэлдэггүй юм. ...Хүүхдээ бол зодож цохиж байгаагүй. Миний хажууд бол нэг их тийм авир зан гаргаж байгаагүй. Хүүхдээ зодож цохидог бол надад хэлж ярих байх. Том болсон 1 дүгээр ангийн хүүхэд байгаа юм. ...Архи уугаагүй үедээ бол их сайхан ааш зантай хүмүүжилтэй, томоотой залуу байгаа юм. Архи уусан үедээ ямар талаар нь би мэдэхгүй байна, архи уусан үедээ бол надаас зугтаад явчихдаг юм. Манай компани дээр цагаан сараас өмнө 1 сарын хугацаанд ажил хийж байсан. Архи уухаараа аав, ээж хоёрт л их ширүүн зан гаргадаг дуулдаад байх болсон. Би ч өөрийн нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Манай аав, ээж хоёр ч надад хэлж ярьдаггүй юм. Олон газар ажиллаж байсан ба дээд сургуульд ч гэсэн олон сургуульд сурсан нэгийг нь ч төгсөөгүй. Сүүлд нь харин Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиж эхнэртэй болоод 6-7 жил амьдарч байгаад 2016 оны намар эхнэрээсээ салаад ирсэн байсан. Цэргийн алба хаагаагүй. Эд хөрөнгө бол байхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байдаг байр нь эхнэрийнх нь нэр дээр байдаг гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 22-23 цагийн үед манай хүү Г.М нь гэртээ согтуу ирээд ээж И барьж аваад зодох гээд байгаа юм шиг л байсан. Тэгэхээр нь би М барьж аваад “ээжийгээ зодох гэж байгаа юм уу, яах гэж байгаа юм” гэж хэлээд эхнэр И гар гээд гараараа дохисон чинь гараад явчихсан. Тэгэзд би М яаж байгаа юм, ээжийгээ зодох гэж байгаа юм уу гэсэн чинь намайг түлхээд би хойшоо ухарч явж байхдаа сандал дээр тээглзэд унахдаа толгойн ар хэсэг дагзаараа хана мөргөөд ойчсон юм. Тэгсэн гэрийн хананы хэсэг цаашаа цөмөрч орсон байсан. Тэгээд тэрнээс хойш дахин надад гар хүрээгуй. Тэгээд М гараад явсан. Намайг салгахаас өмнө л ээж И зодож цохисон юм шиг байсан. Намайг харж байхад бол зодож цохиогүй. ...Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Тухайн үедээ бол толгой жаахан дүүрээд байх шиг байсан ба одоо бол зүгээр болсон. Би шинжээч эмчид үзүүлнэ. Гэмтлийн зэрэг гаргуулна. ...Урьд өмнө нь бол бид нарыг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. 2017 оны 07 дугаар сард намайг Улаанбаатар хотод байхад ээжийгээ сандлаар цохиод гарыг нь хугалсан байсан. Өөрийн хүүхэд Э бол зодож цохидог асуудал гаргаж байгаагүй. Урьд өмнө нь бол цагдаагийн байгууллагад агсам тавьж байсан талаар мэдэгдэж байгаагүй. Харин ээжийнхээ гарыг хугалснаас болж цагдаа дээр шалгагдаж хуулийн хариуцлага хүлээж байсан. ...Өмнө нь 2017 оны 07 дугаар сард намайг байхгүй байхад ээжийгээ сандлаар цохиж гарыг нь хугалж байсан. Энэ талаар нь бол харсан үзсэн хүн байхгүй. Өөрөөр ээж И зодож цохисон үйлдэл гаргаж байгаагүй. Архи уучихсан үедээ л ээждээ жаахан ширүүн харьцаад байх шиг санагддаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Үзүүлэгч Ш.И биед үүссэн бүсэлхийн нурууны баруун хэсэг, хэвлийн зүүн доод хэсэгт үүссэн гэмтэл нь үзүүлэгчийн биеийн нэг хувь буюу гарын алганаас илүү хэмжээтэй байгаа учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн баруун нүдний доод зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь тухайн үед үүсгэгдээгүй байсан ч 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №125 тоот дүгнэлтээр гарсан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. ...Баруун нүдний доод зовхинд үүссэн гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

Шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ согтуу ирээд гал тогооны өрөөнд хоол идэх гээд орсон чинь манай ээж араас нэг юм хэлэх шиг болохоор нь би “та бас л архиа уучихсан байна уу” гэж хэлсэн чинь намайг ирээд зуурч аваад байсан тэгээд аав хажуу талаас та 2 унтахгүй, юу хийгээд байгаа юм гээд байсан ба би ээж И хэсэг зууралдаж байгаад салаад байж байсан чинь ээж гараад явсан. Тэгсэн нэг их удалгүй цагдаа нар ирж намайг цагдаа руу авч явсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан  ...Би цохиж зодсоноо бол санахгүй байна. Миний өмнөөс дайраад зууралдаад байхаар нь би холдуулахдаа биед нь гэмтэл урчуулсан байж магадгүй. ...Урьд нь бол хэл амаар маргалдах асуудал бол байдаг. Тэрнээс би гэртээ агсам тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг зүйл бол байхгүй. Харин 2017 оны 07 дугаар сард ээжийн гарыг сандлаар цохиж гарыг нь хугалж байсан ба тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгагдаж шүүхээр шийтгэгдэж байсан. ...Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. ...Манай ээж надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Би ээжээсээ уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, одоо гэр бүлдээ хэвийн харилцаатай байгаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг түргэн шуурхай хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №125 дугаартай шинжээчийн: “...1.Ш.И биед баруун нүд, хэвлийн баруун, зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №125 дугаартай дүгнэлтийн нэмэлт шинжээчийн: “...1.Ш.И биед баруун нүд, хэвлийн баруун, зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-59/,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-62/,

Шүүгдэгч Г.Мөнхбатын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 39 дүгээр гудамж 14 тоотод өөрийн ээж Ш.И-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд баруун нүд, хэвлийн баруун, зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  хохирогч Ш.И “хүү Г.Мөнхбатад зодуулсаны улмаас  хөнгөн гэмтэл авсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-5-6, 7/, насанд хүрээгүй гэрч М.Э /хх-12/, гэрч Б.Г /хх-15-16/, шинжээч эмч Э.Хүрэлсүх /хх-22/ нарын мэдүүлгүүд, хохирогч Ш.И эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №125 дугаартай дүгнэлтийн нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-24/, шүүгдэгч Г.М яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-70-71/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Далайгүн овогт Г. М холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа  шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Мөнхбатад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Мөнхбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Далайгүн овогт Г.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ