| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2422000000125 |
| Дугаар | 2024/ДШМ/28 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/28
Г.Жавхлантөгсөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Е.Хулан
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгдэгч Г.Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн 2422000000125 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Эхэн Суурин овогт Ганхуягийн Жавхлантөгс, Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эхийн хамт Дундговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар баг “Гэр чулуун” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ....../.
Шүүгдэгч Г.Жавхлантөгс нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар багийн нутаг “Гэр чулуу” гэх газар байхдаа хохирогч А.Чулуунтай “мал хөөж элдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, газар унагааж дээр нь өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун шуунд шарх, баруун шуу, тохойд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.Жавхлантөгсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхлантөгсөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхлантөгсийн цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон 195,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж 305,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэж, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Чулууны баримтаар нэхэмжилсэн 931,400 төгрөгийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосон нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
2. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэн, хохирогч А.Чулууны баримтаар нэхэмжилсэн 931,400 төгрөгийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэл тогтоосон нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснээс дараах хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Үүнд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 931,400 төгрөг болон гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогдсон хэмжээгээр нэхэмжилж байгааг өмгөөлөгчийн зүгээс санал дүгнэлтээ гаргасан боловч хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэхдээ “...хохирогч А.Чулууны сэтгэцэд 2-р зэрэглэлийн хор уршиг учирсан гэх боловч үүнийг хохирогч биечлэн нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт ирээгүй тул дээрх нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж,...” шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Хохирогч хэдийгээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй ч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлээ тогтоолгож, үүнийг нэхэмжлэхээ илэрхийлээд, улмаар хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан оролцож байгаа өмгөөлөгчийн хувьд мөн шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг тодорхой хэлж санал дүгнэлтээ гаргасан боловч биечлэн ирээгүй нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж байна гэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Мөн хохирогч А.Чулуун нь гэмт хэргийн улмаас учирсан зарим хохирлоо баримтаар нэхэмжилсэн бөгөөд 931,400 төгрөгийг шүүгдэгч Г.Жавхлантөгс нь дансаар 2 хувааж төлсөн” гэснийг өмгөөлөгчийн зүгээс хэлсэн. Гэтэл үүнийг баримт гаргаж өгөөгүй учир дүгнэлт хийгээгүй болно гэжээ.
Гэтэл хохирогч Дундговь аймгийн Өндөршил сумаас зүүн тийш мал маллан амьдардаг, аймгийн төвөөс 240 километрт байгаагийн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан байгаа. Гэхдээ сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээд, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгоод, хохирлыг нэхэмжилсэн байхад биечлэн ирээгүй нь шийдвэрлэх боломжгүй байдлыг үүсгэсэн гэдэг үндэслэлгүй байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/158 тоот тогтоолын 7-р заалтад “...шүүгдэгч Г.Жавхлантөгс нь хохирогч А.Чулууны баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрт 931,400 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Чулууны сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч Г.Жавхлантөгсөөс гаргуулан хохирогч А.Чулуунд олгуулах”-аар өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Г.Жавхлантөгсөд холбогдох хэргийг хэлэлцээд 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр баримтаар тогтоогдсон хохирол 931,400 төгрөгийг хоёр хуваан төлсөн гэдгийг хохирогч талаас хэлсэн. Ийм учраас баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. Харин хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд хохирогчийн сэтгэцэд 2-р зэргийн хохирол хор уршиг учирсан гэж үзэж байгаа боловч хэлэлцээгүй гэж гомдол гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгч холбогдох материалаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ийм учраас Г.Жавхлантөгсөд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.
4. Прокурор Е.Хулан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргалын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.
Прокуророос шүүгдэгч Г.Жавхлантөгсийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар багийн нутаг “Гэр чулуу” гэх газар хохирогч А.Чулуунтай “мал хөөж элдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, газар унагааж дээр нь өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун шуунд шарх, баруун шуу, тохойд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхлантөгсөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, хохирогч А.Чулууны баримтаар нэхэмжилсэн 931,400 төгрөгийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосон нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авах, шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Тухайлбал: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудал”-г шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
Тодруулбал: Хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/303 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/313 дугаартай захирамжаар “яллагдагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулж, яллагдагчийг албадан ирүүлэх, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн акт буюу захирамж гаргахгүйгээр мөн өдрөө 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг зөрчжээ.
Шүүгдэгч Г.Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан, урьдчилсан хэлэлцүүлгийн дараа шууд гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилсэн талаар тусгагдсан боловч энэхүү захирамж хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн акт гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэргийн оролцогч талуудаас шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт гаргаагүй байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа гэм буруугийн шүүх хуралдаан шууд үргэлжлэн явагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн бөгөөд хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/313 дугаартай захирамжаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч уг таслан сэргийлэх арга хэмжээг хэдий үеэс эхлэн хэрэгжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолд 13 хоног цагдан хоригдсон гэж дурдаж байгаа нь баримтаар нотлогдоогүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх зарчимд нийцээгүй байна.
Шүүгдэгч Г.Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү зөрчлийн улмаас хохирогчийн эрх хязгаарлагдсан асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа учраас хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Жавхлантөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ
ДАРГАЛАГЧ Ц.