| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 168/2024/0234/Э |
| Дугаар | 2024/ДШМ/44 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/44
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.******* даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421001460250 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Гарден хотхоны 162 дугаар байрны гадна тээврийн хэрэгсэл дотор *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож,
Хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *******ий эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 269,750 /хоёр зуун жаран есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний зүгээс өмгөөлөгчийн хамт анхан шатны шүүх хуралдаанаас хэргийн талаар нотолбол зохих зүйл хангалттай цугларч чадаагүй, хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, гэрчийн мэдүүлэг ч зөрүүтэй, шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй зэрэг олон асуудлыг хөндөн маргаж мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр 60 хоног хүртэл шүүхээс мөрдөн байцаалтад хэргийг буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байсан боловч шүүх нотолбол зохих зүйл хангалттай гэж үзээд эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн намайг гэм буруутайд тооцлоо.
Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэлэхэд нэг бол машин дотор байхдаа урд жолоочийн суудлаас эргэж хараад цохисон гэдэг бол зарим мэдүүлэгт машины арын суудлаас буулгах үедээ цохисон гэж мэдүүлдэг. Би хохирогчийн баруун нүдний ухархайн ясны хугарал үүссэн эсэхэд эргэлзэж байна. Түүний биед учирсан гэмтлээс харахад баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл гэхчлэн нилээд олон гэмтэл үүссэн байна. Тэгвэл баруун нүдний ухархайн хугарал үүссэн гэх хэрнээ гадна талд ямар нэгэн зөөлөн эдийн гэмтэл огт үүсээгүй байгаа нь хэзээ энэ гэмтлийг авсан болох нь эргэлзээтэй, хэрэв үнэхээр баруун нүдийг цохиж гэмтээсэн бол яагаад гадна ил харагдах хэсэгтээ зөөлөн эдийн гэмтэл байхгүй байгаа юм. Энэ хугарал хүч үүсч л бий болно биз дээ. Гэтэл зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсгөнд шарх үүсчихээд байхад нүдний ухархайн ясны хугарал үүсээгүй байна. Энэ мэтчилэн хохирогчийн биед үүссэн гэмтэл, мэдүүлэг зэрэг нь эргэлзээтэй байна.
Яагаад зөвхөн хохирогчийн үг үнэн болоод миний үг худал болдог, үнэлэгдэхгүй байгаа юм бэ. Би тухайн цаг хугацаанд эрүүл саруул машинаа бариад согтуу нөхдийг гэрт нь хүргэж өгч туслах гэсэн биш өнөөдөр өөрөө гэмт хэрэгтэн болоод байна.
******* маш согтуу машин дотор суусан цагаасаа эхлэн агсан тавьж, өөрийгөө хэн болохоо харуулах гээд надад томроод ахаараа зодуулна, Баянтүмэнгийн хар Боогий гэж мэдэх үү гээд томроод агсраад байсан. Түүний эмнэлэгт үзүүлсэн баримтанд би өмгөөлөгчийн хамт эргэлзэж тодруулах санал гаргасан. Уг яаралтай тусламжид үзүүлэхдээ 21 цагийн үед авто осолд өртсөн гэж анамез өгсөн байна. Яагаад ийм өөр болсон явдлыг бичсэн байгаа нь зөвхөн техникийн алдаа гэж шууд үнэлэх аргагүй учраас дээрхийн учрыг олох хэрэгтэй гэж маргасан. Үнэхээр надаас болсон уу өөр хүчин зүйлээс болсон уу гэдгийг тогтоолгож гэм бурууг тооцох ёстой.
Учир нь гэмтлээс шалтгаалан хүний эрүүл мэндэд учирсан хохирол нөхөн төлөхөөс гадна гэмт хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай байдаг болохоор би хавтаст хэрэгт цугларсан нолох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв тогтоолгомоор байна. Анх мөрдөн шалгах явцад ******* нь намайг хуурч би гомдлоо татлаа, сая төгрөг өгчих өө, хялбаршуулаад шийдэх гэж байна гээд ярьсан. Би үр дагаврыг нь ч ойлгоогүй үгээр нь явж эцэс сүүлдээ тухайн нотлох баримт энэ хэргийг шийдвэрлэхэд намайг хүн зодсоноо хүлээсэн мэт шүүхэд үнэлэгдэх болсонд харамсаж байна. Шүүх дээр энэ талаараа тайлбарлаад хүлээж аваагүй. Би уг нь шүүхийг үнэн зөвийг олж хардаг, шударга байдаг гэж ойлгож итгэж байсан. Гэвч миний итгэл талаар боллоо. Шүүхээс яагаад яаран шийдвэр гаргахыг урьтал болгоо вэ. Миний эргэлзээд байгаа ажиллагааг хийлгэх боломжгүй юм уу. Энэ талаар тогтоолдоо дүгнэлт гаргаа ч үгүй байна.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эргэзээтэй нотлох ажиллагааг дахин шалгуулахыг хүсч гомдол гаргав. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд эргэлзэх байдал байсаар байна. *******ийн баруун нүдний ухархайн гэмтэл хэзээ ямар хүчин зүйлээс болж үүссэн, шинэ гэмтэл мөн гэж үзэх бол яагаад гадна талд зөөлөн эдийн гэмтэл үүсээгүй вэ гэдгийг тогтоолгомоор байна.” гэжээ.
6. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ыг анхан шатны шүүхээс бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа юм. Шинжээчийн дүгнэлтэд хэд хэдэн гэмтлийг тусгасан. Ингэхдээ олон удаагийн үйлдлээр үүсгэсэн шинэ гэмтэл байна гэдгийг тусгаж өгсөн. Баруун ухархайн гэмтлийг би үүсгээгүй гэж маргаж байгаа бол бусад гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэж харж байна. Эдгээр байдал нь ч гэсэн хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарч байгаа. Хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэж хэлж байна. Гэтэл энэ хүмүүс нь *******ын гаргасан үйлдлээс шалтгаалж Болор-Эрдэнийн биед гэмтэл учирсан гэдгийг маш тодорхой хэлдэг. Гэрч хэлэхдээ “анх *******тэй уулзахад биед нь учирсан гэмтэл, шарх сорви байгаагүй. Бид Мустанг бар руу орсон ба тэр үед ямар нэг гэмтэл шарх байгаагүй” гэж хэлдэг. Тэгвэл үүнээс хойш тухайн гэмтэл үүссэн болох нь тодорхой болж байна. *******ын хувьд анхан шатны шүүх хуралдааны үед баруун нүдний ухархайн гэмтлийн талаар огт мэтгэлцээгүй болохыг дурдаж байна. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөрдөн байцаалтын шатанд намайг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлээд байх юм. Гэтэл мөрдөн байцаагч нь намайг анхнаасаа “хохирогчтойгоо тохиролц” гэж удаа дараа гуйсан. Ингээд хэдэн сарын дараа хохирогч над руу холбогдоод “1,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Ингээд байцаагч руугаа очиход “хэрэг чинь ингээд хаагдахгүй, прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ” гэж хэлсэн. Ингээд л болчихдог юм байх гэж бодоод би бүх баримт дээр нь гарын үсэг зурчихсан юм. Үүнээс болж л би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж байна. Яагаад тэр шөнө миний машинд тийм ууртай суусан юм бэ? Энэ хэсгийг шалгасан юм уу? Ямар нэг өөр бусад байдлаар гэмтсэн байж болно шүү дээ. Би бүр 01.00 цагийн үед замаас авсан. Гэтэл 11.00 цагийн үед осолд өртсөн гэж эмнэлэгт хандсан байна шүү дээ. Яагаад энэ хүн намайг боосон талаар нэг ч дурдахгүй байгаа юм бэ? Би амиа хамгаалсан шүү дээ. Намайг л яллах зорилготой хурал болсон шүү дээ. Би цоо эрүүл ажлаа хийгээд явж байсан. Би тэр хүмүүст л туслах гэсэн. Гэтэл мөнгө өгснөөрөө би гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн болж харагдаад байна. Яагаад тийм олон газар гэмтэл гарсан гэдгийг мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн зүгээс тайлбарлахдаа баруун ухархайн гэмтлээс бусад хэсэг нь ч гэсэн хөнгөн гэмтэлд хамаарч байгаа учраас хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох боломжтой гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ хугарлын улмаас хохирогч цаашид эмчилгээ хийлгэнэ. Үүнээс үүдэн гарах төлбөр бүрийг шүүгдэгчээс нэхэмжлэх болчихоод байгаа юм. Шүүгдэгчийн хувьд ийм асуудлаар урьд нь явж байгаагүй учраас үр дүнг нь мэдэхгүй байсан. Учир шалтгааныг олохгүй өөрийн дутуу дулимаг ойлголтоос болж 1,000,000 төгрөгийг өгч барагдуулсан. Нэгэнт хүлээн зөвшөөрсөн учраас гэж ярьж болохгүй юм. Яаралтай тусламжийн хуудсан дээрээс бид зарим зүйлийг алдаа гаргасан байна гээд орхидог. Гэтэл яаралтай тусламжийн эмч нь “авто осолд орсон” гэж бичсэн байгаа. Үзүүлсэн цаг хугацаа нь ч гэсэн эргэлзээтэй байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******т холбогдох эрүүгийн 2421001460250 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Гарден хотхоны 162 дугаар байрны гадна тээврийн хэрэгсэл дотор иргэн *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
- хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...Би *******ыг боосон, цохисон үйлдэл гаргаагүй. ...Хоорондоо хэрэлдэж маргалдаад л намайг зодсон байх. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул *******ыг элдэв бусаар хэлсэн байх. Тэгээд бие биенийгээ ойлголцохгүй, нэг нэгнийхээ үгийг даахгүй л намайг зодсон гэж бодож байна. ...******* нь надад эмчилгээний зардал болгож 1,000,000 төгрөгийг миний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Шинжилгээний хариугаар хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Энэ хагалгаанд орох мөнгөө нэхэмжлэх болно. ...Мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. ...Би 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-н хүлээн авах тасагт очиж биеэ үзүүлэн яаралтай тусламж авсан. Үүнээс хойш 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд очиж шархаа цэвэрлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14х/,
- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Гарден хотхоны гадаа очиод зогссоны дараа ******* *******ыг шууд цохиод авах шиг болсон. ******* арын суудал голлоод сууж байсан. Тэгээд ******* машиныхаа хаалгыг онгойлгоод Болор-Эрдэнийг гараараа цохиод байсан. Гэхдээ яг хаана нь цохисныг хараагүй. Ямар ч байсан 3-4 удаа цохисон байх гэж бодож байна. Тэгээд Болор-Эрдэнийг буулгаад яваад өгсөн. ******* нь Болор-Эрдэнийг цохих үед би жолоочийн урд талын суудал дээр сууж байсан ба урагшаа хараад сууж байсан. ...гэх”, “ ...надад хэн ч нөлөөлөөгүй. *******, ******* нар хоёулаа миний найзууд. Надад хэн нэгнийх нь талд ороод байх шаардлага байхгүй. ******* Болор-Эрдэнийг зодсон нь үнэн. Би ******* нь *******ын хоолойг боосон эсэхийг нь бол хараагүй. ...Тухайн үед бид гурав л байсан, өөр хүн байгаагүй. Болор-Эрдэнийг *******аас өөр зодсон хүн байхгүй. *******ыг явсны дараа би удалгүй Болор-Эрдэнийг гэрт нь оруулж өгсөн. ...******* нь *******ын машины арын суудал дээр сууж байхдаа *******ыг элдвээр харааж доромжлоод байсан ба ******* уурандаа зодсон гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27-29х/,
- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...******* Болор-Эрдэнийг зодож байхыг нь хараагүй. Хүмүүс бахираад байхаар нь харсан чинь Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан залуу “чи намайг ингээгүй бол би чамайг цохиж зодохгүй байсан шүү” гээд л бахираад явсан. Явсных нь араас машин зогсож байсан газраас нэг хүн бахираад босож ирсэн ба харсан чинь манай ******* байсан. ...Тэрнээс би яг зодож байхыг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-22х/,
- насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...хаалгаа онгойлгоод харахад аав найз тайгаа хамт байсан ба аавын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд “аав нь зодуулчихлаа” гээд байсан. ах аавыг оруулж өгчихөөд шууд гараад явсан. Аавыг “унт” гэхэд “өвдөөд байна” гээд байхаар нь дагуулаад эмнэлэг яваад эмчилгээ хийлгээд буцаад гэртээ ирсэн. ... ахаас юу болсон талаар асуугаагүй. ах болохоор “маргааш эрүүл дээрээ асуудлаа шийд” гээд гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
- гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Тухайн өдөр ажил тараад 18-19 цагийн орчим Өлзийбаяр, Батболд, Ганхуяг, Чулуун-Эрдэнэ, ******* бид нар караоке орж хоёр цаг гаруй дуулж хоол идэж нэг шил архи хувааж уугаад гарсан. ...Анх уулзахад Болор-Эрдэнийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан. ...Мустанг баарнаас гарах үед Болор-Эрдэнийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мустанг бааранд ******* нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан, зодолдсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,
- иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Хохирогч *******ийн эмчилгээний зардалд нийтдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 269,750 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль, хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ.” гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс *******ийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 25 дугаар байрны баруун талын такси зогсоол дээр өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад найз үл таних хүний хамт нилээн согтсон, хаана яваагаа мэдэхгүй явж байсан бөгөөд такси авах гээд яваад байхад нь тэр хоёрыг таксинууд тоож авахгүй байсан. Миний хувьд ыг таньж байсан учир суулгасан. Тухайн үед цасан шуурга эхэлж байсан учир би ыг бодож түүний хамт явсан хүнтэй нь хамт машиндаа суулгасан. Ингээд тэр хоёр Хэрлэн сумын 7 дугаар баг, Гарден хотхон руу очихоор болсон юм. тай хамт суусан ******* гэх залуу машинд суусан цагаасаа хойш надад хандаж “... чи хөдөлмөрийн хар ******* гэж таних уу, би ахыгаа дуудаж чамайг зодуулна, миний ахыг Дорнодын атаман гэдэг, би ахыгаа дуудаж зодуулах уу чамайг” гэх зэргээр доромжлоод яваад байсан. ******* нь миний машины арын суудалд сууж байсан бөгөөд миний араас буюу толгойн ар хэсгээс олон удаа түлхэж цохиод байсан. Толгой руу байн байн л гарын алга хэсгээр мангасдах байдлаар цохиж, “хөөе хоёулаа зодолдох уу” гэх зэргээр өдөж хоргоогоод доромжлоод байсан. Энэ байдлаар явсаар Гарден хорооллын гадаа очиж түүнийг буулгах гэсэн боловч машинаас буухгүй “нэг бол би чамтай танилцъя, нэг бол хоёулаа зодолдоно” гээд байхаар нь би түүнд “чамтай танилцахгүй, зодолдохгүй” гэж хэлсэн. Энэ байдлаар 10 орчим минутын хугацаанд суусан бөгөөд удалгүй ******* гэгч нь миний араас зүүн чих орчимд нэг удаа цохиж дараагаар нь миний хоолойноос боосон. Энэ үйлдлийг нь зогсоох гэж оролдсон боловч тавиулж чадахгүй байсан бөгөөд ******* намайг боосноос болж би ухаан алдах дөхөж манарч эхэлсэн. Тэгээд би Болор-Эрдэнийн нүүр хэсэгт нь байх гараараа цохисон. Намайг цохих үед ******* нь намайг боож байгаад тавьсан юм. ...Үүний дараагаар би машинаасаа бууж арын хаалгаа нээж Болор-Эрдэнийг буулгах гээд татсан боловч дийлээгүй. Харин хамт байсан ыг сэрээж түүнтэй хамтран Болор-Эрдэнийг машинаас буулгаж үлдээсэн. Миний Болор-Эрдэнийн биед халдах болсон шалтгаан нь түүний гаргасан зүй бус үйлдлээс болсон. Би , ******* нарыг сайн санаж л гэрт нь хүргэж өгөх гээд машиндаа суулгасан. Хүрэх газарт нь очоод тэднээс таксины мөнгө нэхээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62х/,
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 166 тоот дүгнэлт. /хх-ийн 37-38х/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4х/,
- эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36х/,
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184 тоот дүгнэлт. /хх-ийн 43-44х/,
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68-70х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
4. Шүүгдэгч *******ын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Гарден хотхоны 162 дугаар байрны гадна тээврийн хэрэгсэл дотор иргэн *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.
7. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг гаргуулахаас шүүгдэгчээс нотлох баримтгүйгээр авсан 1,000,000 төгрөгийг хасаж 2,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
8. Шүүгдэгч ******* “...Хохирогчийн биед баруун нүдний ухархайн хугарал үүссэн гэх хэрнээ гадна талд ямар нэгэн зөөлөн эдийн гэмтэл үүсээгүй байгаа нь хэзээ энэ гэмтлийг авсан болох нь эргэлзээтэй, үнэхээр баруун нүдийг цохиж гэмтээсэн бол яагаад гадна ил харагдах хэсэгтээ зөөлөн эдийн гэмтэл байхгүй байгаа юм. Энэ хугарал хүч үүсч л бий болно. Энэ мэтчилэн хохирогчийн биед үүссэн гэмтэл, мэдүүлэг зэрэг нь эргэлзээтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эргэлзээтэй нотлох ажиллагааг дахин шалгуулахыг хүсч гомдол гаргав...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
9. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч өөрийг нь боосны улмаас өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж тайлбарлах боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эсрэг аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүссэн, мөн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч *******ын хэргийг прокурорт буцаалгах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ