Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0025/з |
Дугаар | 371 |
Огноо | 2019-11-18 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 371
Т.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй,
Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалын хавсралтад заасан Т.Б, Н.Н нарт тус бүр 10 000 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Б, Н.Н нарт тус бүр 10 000 000 төгрөгийг олгохыг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0505 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.Ц нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1.14, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б, Н.Н нарын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай тушаалын хавсралтад заасан Т.Б, Н.Н нарт тус бүр 10 000 000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.Б, Н.Н нарт тус бур 10 000 000 төгрөгийг олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0505 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч “харьяалал нь захиргааны хэргийн шүүх” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байдаг.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлд “Орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх” төсөв баталж өгөөгүй, батлагдсан төсвийг зөвхөн зориулалтын дагуу захиран зарцуулах ёстой хэмээн дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн.
5. Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь 2016-2017 онд шүүгчийн хүүд 3,2 сая төгрөг, н.Ц-ийн эхнэр прокурорт 2,7 сая төгрөг, н.О-ийн эхнэрт 5,0 сая төгрөг зэрэг нэр бүхий 23 хүнд 23 000 000 төгрөг, УДШ-н тээвэр шатахууны зардалд гэх мэт Улсын Их Хурлаас баталж өгсөн төсвийн заагдсан багцнаас гадуур 420,0 гаруй сая төгрөгийг тус тус төсвийн ерөнхийлөн захирагчийн “нэг удаагийн тэтгэмж урамшуулал” гэсэн багцаас гаргаж байсан атлаа шүүгч намайг Баян-Өлгий аймгаас Увс аймагт, Увс аймгаас буцаад Баян-Өлгий аймагт шилжин сууж орон байргүй байсан нүүлгэлтийн зардал, байр орон сууц хөлсөлж суусан зардал болох 10,0 сая төгрөгийг гаргаж өгөхгүй өдий хугацааг өнгөрөөлөө. Энэ багцаас нэхэмжлэгч бидний нэхэмжилж байгаа мөнгийг олгох боломжтой байсан.
6. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болсон шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар оролцсон Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц-н “... орон сууцны дэмжлэг, нэг удаагийн тусламж, тэтгэмж бүгд нэг бүлэг доторх зардлууд, 2015 оноос орон сууцны дэмжлэг гэсэн тусгайлан эдийн засгийн ангилал байхгүй болсон учраас нэг удаагийн тусламж, дэмжлэгээс багцаас олгох боломжтой” гэж бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
7. Магадлалд “нэхэмжлэгч нар энэ нэхэмжлэлээ захиргааны шүүхэд биш, иргэний хэргийн шүүхэд гаргах ёстой байна, хэргийн харьяалал зөрчсөн тул захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ” гэж тайлбарласан атлаа бичгийн хэлбэрээр гаргаж бидэнд хүргүүлсэн магадлалд тэр талаар огч бичээгүй байна. Хавтаст хэрэгт миний анх иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан тухай баримт сэлт хавтаст хэрэгт байсныг давж заалдах шатны шүүх уншаагүй байна. Та бүхэн тухайн үеийн шүүх хуралдааны камерын бичлэгийг авч үзэхийг хүсэлт болгож байна.
8. Нэхэмжлэлийн шаардлагын “эс үйлдэхүйг тогтоож” гэсэн хэсгийг хариуцагч санаачилга гаргаж, тухайлбал, 2020, 2021 оны улсын төсөвт дахин захиргааны акт гаргаж өгөхгүй байна гэсэн утгаар тайлбарлаж байна.
9. Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
10. Нэхэмжлэгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалын үндэслэлийг тайлбарлахдаа миний гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг биш Иргэний хэргийн шүүхийн харьяаллаар шийдвэрлэх хэрэг гэсэн боловч давж заалдах шатны шүүхийн 505 дугаар магадлалд энэ үг үсэг дурдаагүйд маш их гайхаж байна. Үүнийг шүүх хуралдаанд оролцсон хамтран нэхэмжлэгч Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хүртэл сонсож байсан болно.
11. Үнэхээр Захиргааны хэргийн шүүх харьяаллын хэрэг биш Иргэний хэргийн шүүхийн харьяаллын хэрэг юм бол анхнаасаа миний нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэргийн анхан шатны шүүх 3 удаа, Давж заалдах шатны шүүх 3 удаа, Хяналтын шатны шүүх 1 удаа хянан хэлэлцсэн нь ойлгомжгүй. Шүүхийн магадлал тайлбарлахдаа нэг янзын тайлбар хийгээд магадлал нь гарч ирэхдээ өөр утгатай 2 янзын зүйл болж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн.
12. Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн эвлэрсэн захирамжийн дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөл 2,8 тэрбум төгрөгийг 2015 оны төсөв дээр нэмээд авчихсан. Энэ талаар нягтлан бодогч н.Н, хариуцагчийн төлөөлөгч нар удаа дараа тайлбарлан ярьж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдааны бичлэгийг үзэхийг хүсье гэжээ.
13. Шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
14. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
15. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалаар “шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд орон сууцны дэмжлэг үзүүлэх” зорилгоор нэхэмжлэгч нарт тус бүр 10000000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, гэвч дээрх тушаал бодит байдалд хэрэгжээгүй, нэхэмжлэгч нар дээрх мөнгийг хүлээн аваагүй байна.
16. Нэхэмжлэгч нараас “нэг удаагийн тэтгэмж, урамшуулал олгох багцаас мөнгийг олгох бүрэн боломжтой байсан” гэж, хариуцагчаас “төсөвт орон сууцны дэмжлэг 0 төгрөгөөр батлагдсан, төсвийн хүндрэлээс шалтгаалан орон сууцны зориулалтаар дэмжлэг олгох боломжгүй болсон тул төсвийг зориулалтын бусаар зарцуулах эрхгүй” гэж тус тус маргажээ.
17. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д “шүүгчийн эрх зүйн байдлын онцлогт нийцүүлэн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлж, хангана”, Төрийн албаны хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.1.5-д “төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаанд төрөөс орон байраар хангагдах” гэж шүүгчид орон сууцны дэмжлэг олгох харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан боловч уг баталгаа хэрхэн хэрэгжих, ямар журмаар явагдах нь тодорхойгүй буюу тухайн харилцааг нарийвчлан зохицуулаагүй байна.
18. Харин шүүгчид орон сууцны дэмжлэг олгох харилцааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны дэмжлэг үзүүлэх” журмаар зохицуулж байсан, уг журам нь гадагш шууд чиглээгүй, захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан, ялангуяа нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл болгож буй “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаал” нь уг дотоод журмыг үндэслэсэн тул нэхэмжлэгч нарт шууд шаардах эрхийг үүсгэхгүй, тодруулбал, хариуцагчийг “хуулиар хүлээсэн тодорхой үүргийг биелүүлээгүй” гэж дүгнэх боломжгүй байна.
19. Ийм учраас Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 496 дугаар тогтоолоор “...гэхдээ хариуцагч тухайн дотоод журмыг хэрэгжүүлэхдээ тэгш бус, шударга бус хандсан бол ... шууд бус байдлаар шаардах эрх үүсч болно” гэсэн дүгнэлт хийж, холбогдох баримтыг цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байжээ.
20. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь орон сууцны дэмжлэг олгохдоо тэгш бус хандсан, ялгаварлан гадуурхсан, хэн нэгэнд илтэд давуу байдал олгосон шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв болжээ.
21. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд хариуцагчаас тушаалд заасны дагуу орон сууцны дэмжлэг үзүүлж, мөнгөн дүнг олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, тухайн тушаалыг батлах үед орон сууцны дэмжлэг олгох боломжтой байсан боловч тушаалыг хэрэгжүүлэх явцад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дансанд байсан мөнгийг буцаан татсанаар уг тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй болж, нөхцөл байдал өөрчлөгдсөн, нөгөө талаар уг буцаан татсан мөнгийг эргүүлэн олгосон үйл баримт тогтоогдохгүй байна.
22. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт “тусламж, урамшуулал авах” төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хуульчилсан бөгөөд энэ баталгааг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий шүүгч, ажилтнуудад мөнгөн тусламж олгосон байх боловч уг зохицуулалт нь энэхүү маргааны үйл баримт болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасан “төрөөс орон байраар хангагдах” гэсэн баталгаанаас агуулгын хувьд ялгаатай, өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх тул нэхэмжлэгч Т.Б-ийн “нэр бүхий хүнд 23 сая төгрөгийг олгосон байсан” гэх гомдол үндэслэлгүй.
23. Мөн “тээвэр шатахууны зардалд Улсын дээд шүүхэд мөнгө олгосон, Улсын Их Хурлаас баталсан төсвийн заагдсан багцнаас гадуур 420 гаруй сая төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн “нэг удаагийн тэтгэмж урамшуулал” гэсэн багцаас гаргаж байсан, энэ багцаас мөнгө олгох боломжтой байсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, нэгэнт тухайн жилийн төсөвт “орон сууцны дэмжлэг” олгох зориулалтаар мөнгө батлагдаагүй тул өөр зориулалтаар батлагдсан төсвөөс зарцуулахгүй, хариуцагчаас ийм шийдвэр гаргуулахаар шаардах боломжгүй байна.
24. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нүүлгэлтийн” болон “байр хөлсөлсний зардал” гаргуулах агуулгаар маргаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдээгүй учир “аймаг хооронд шилжин сууж орон байргүй байсан нүүлгэлтийн зардал, байр орон сууц хөлсөлж суусан зардал болох 10,0 сая төгрөгийг гаргаж өгөөгүй” гэх гомдолд хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй.
25. Нэхэмжлэгч нарын “давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлийг тайлбарлахдаа “нэхэмжлэгч нар энэ нэхэмжлэлээ захиргааны шүүхэд биш, иргэний хэргийн шүүхэд гаргах ёстой байна, хэргийн харьяалал зөрчсөн тул захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ” гэж тайлбарласан атлаа бичгийн хэлбэрээр гаргаж бидэнд хүргүүлсэн магадлалд тэр талаар огч бичээгүй” гэх гомдлын тухайд:
26. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасан, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт тусгагдсан зүйлийг хуулийн хүчин төгөлдөр үйл баримтад тооцох байна. Нөгөө талаар шүүх хуралдаан даргалагчаас “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” гэж тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа, нэхэмжлэгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсэгт заасан “шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах” эрхээ хэрэгжүүлж, тухайн цаг хугацаанд хүсэлт гаргаагүй тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
27. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0343 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0505 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ