Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/00749

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/00687 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 682 дугаар шүүхийн захирамжаар Г.О-аас Б.Т-т 103,000,000 төгрөгийг өгөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн Ү-2203026849 тоот дугаартай +++ 38 дугаар байр, 11 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбайтай орон сууцыг 136,820,736 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тухай мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж материалтай танилцаж мэдсэн ба надад огт мэдэгдэлгүйгээр үнэлгээ хийсэн байна.

Би тухайн орон сууцыг 2013 онд 145,000,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоогийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ надаас үнийн санал аваагүй, үнэлгээ хийх гэж буй талаар огт мэдэгдээгүй, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч миний 99061522 тоот дугаарын утсанд мэссэж явуулснаар, мөн интернэтээс олж мэдсэн. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдлийг миний оршин суудаггүй хаягаар явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, 72.2, 72.3, 72.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломж олгоогүй.

Одоо үл хөдлөх эд хөрөнгийн үнэ асар ихээр өсч, хотын төвийн байрны үнэ хамгийн багадаа м.кв нь 3,300,000 төгрөг хүрээд байхад миний орон сууцыг маш бага үнээр үнэлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна. Би, дуудлага худалдаанд оруулахыг мэдсэн бол шийдвэр гүйцэтгэх газраас зарах үнэ болох 95,774,517 төгрөгөөс илүү өндөр үнээр өөрөө зарах боломжтой байсан.

Албадан дуудлага худалдаанд оруулах үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцох боломжоор огт хангаагүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчний үнээр худалдан борлуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул би хохирсон. Хуульд заасан дуудлага худалдааны талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг надад хүргүүлээгүй. Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мессежийг хүлээн авч өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 2-48 байр, 33 тоот хаягийн дагуу Монгол шуудангийн 20 дугаар салбарт хандахад надад ямар нэгэн шуудан ирээгүй байсан. Иймд орон сууцны дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны миний өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00682 дугаар захирамжаар Г.О-аас 103,000,000 төгрөг гаргуулж Б.Т-т олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.О-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, +++ 11 тоот хаягт байрлах 45,8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-187/14513 тоот мэдэгдлийг талуудад гардуудан өгөхөд тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 9/203 тоот шинжээч томилох тогтоолоор Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 136,820,738 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17078 тоот мэдэгдлийг Г.О-ад тус өдрийн 11 цаг 39 минутад гардуулан өгч үнэлгээний тайлантай танилцуулан гарын үсэг зуруулсан. Гэтэл Г.О- нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээний талаар гомдол гаргасан байдаг боловч шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахгүй нэг цэгээр гомдол гаргасан байдаг. Төлбөр төлөгч Г.О-ад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн эрх үүргийн танилцуулсан бөгөөд удаа дараа зарлан дууддаг боловч ирж уулздаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу шуудангаар хүргүүлсэн.

Намайг Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, +++ 11 тоот хаягт очиход нэхэмжлэгч Г.О- нь өөрөө байдаг байсан. Тиймээс дуудлага худалдааны үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдах өдөр, цагийн талаар мэдээгүй гэдэг нь худал. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.О-ын гаргасан хариуцагч НШШГГ-т холбогдох +++ 38 дугаар байр, 11 тоот хаягт байрлах Ү-2203026849 тоот улсын бүртгэлийн дугаартай 48.5 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааны тус орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2021/19579 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ...Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгө болох +++ 38 байр 11 тоот хаягт байрлах 45,8 м.кв орон сууцын зах зээлийн үнэлгээг хийлгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ашид билгүүн ХХК-ийг сонгосон. Гэвч хариуцагчаас Ашид билгүүн ХХК-ийг сонгосон атал үнэлгээчин Ч.Жамьян үнэлгээ хийж байгаа нь Ашид билгүүн ХХК болон үнэлгээчин Ч.Жамьян нарын хооронд хамтран ажиллах баримт байх нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч Ашид билгүүн ХХК болон үнэлгээчин Ч.Жамьян нарын хооронд хамтран ажиллах болон эсхүл үнэлгээчин Ч.Жамьян нь тус Ашид билгүүн ХХК-д үнэлгээ хийх эрхтэй этгээд байсан эсэх баримт буюу хамтран ажиллах гэрээ, эсхүл хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах санамж бичиг зэрэг холбогдох баримт байхгүй байгааг тодруулаагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан доорх шаардлагыг үнэлгээчин хангасан эсэх нь тодорхой бус байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.4, 14 дүгээр зүйл 14.1,5, 14.1.6, 14.1.7-д заасан тус тус шаардлагууд мөн хангагдаж байгаа эсэхийг шүүх тодруулаагүй байгаа нь үнэлгээ хууль бус болох нь тодорхой байна гэж дүгнэж байна.

Хуульд заасан шаардлагыг хангасан үнэлгээчинг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан эсэх нь эргэлзээ төрүүлж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хууль ёсны байх зарчим хөндөгдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Г.О- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Дуудлага худалдааны талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлээгүй, одоогийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Иймд орон сууцны дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны тус орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...дуудлага худалдааны үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдах өдөр, цагийн талаар мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч НШШГГ- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ГХ2019/00564 дугаартай гүйцэтгэх хуудсыг /хх-65/ үндэслэн тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

6. Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаангүй. Харин шинжээчийн үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тэдгээрийн хоорондох маргааны зүйл болжээ.

7. Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 9/203 дугаар тогтоол гарган, Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-87/ Улмаар шинжээчид хууль сануулж баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 88 дугаар талд авагдсан байна. Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан Г.О-ын өмчлөлийн орон сууцыг 136,820,738 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж, НШШГГ-т ирүүлжээ. /хх-90-100/

Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч нь орон сууцанд үнэлгээ тогтоохдоо зарын сайтуудаас үнэлж буй орон сууцтай ойролцоо байршилтай орон сууцны жишиг үнийн зах зээлийн судалгаа хийж, талбайн хэмжээ, орон сууцны давхар, өрөөний тоо, худалдах үнэ зэргийг харьцуулан дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцжээ.

Шинжээч үнэлгээний объект болох орон сууцанд үзлэг хийж, орон сууцны шинж байдал зэргийг зургаар бэхжүүлэн тайландаа хавсаргасан байна. /хх- 90-100/

8. Хариуцагч НШШГГ- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Г.О-ад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-187/17078 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх.101-103/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.О-ыг эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

10. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа хуульд нийцээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар гаргасан тэдний тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлдээ ...үнэлгээчин Ч.Жамьян нь тус Ашид билгүүн ХХК-д үнэлгээ хийх эрхтэй этгээд байсан эсэх баримт буюу хамтран ажиллах гэрээ, эсхүл хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах санамж бичиг зэрэг холбогдох баримт байхгүй байгааг тодруулаагүй гэсэн үндэслэлүүдээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Учир нь, Ашид билгүүн ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтаас үзэхэд Ч.Жамьян нь тус компанийн үнэлгээчин байх бөгөөд Ашид билгүүн ХХК -ийн үнэлгээчин Ч.Жамьянд НШШГГ- 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хууль тайлбарласан, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт хэрэгт авагдсан, шинжээч нь хувийн сонирхолтой гэсэн байдал тогтоогдоогүй байна. /хх.88, 98-99/

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар хуульд заасан журмын дагуу холбогдох гомдлыг гаргасан байх тул дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох хэсгийг хангахаас татгалзаж, анхны албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар гомдол гаргаагүй болно.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/00687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН