Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Д.Ням, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч М.Ундрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Ганбаатар

Шинжээч Ш.Юмжирмаа

Хохирогч Ц.Б

Гэрч Г.Т

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох 1816000250036 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Г-ын Г /ФБ00000000/ .

Шүүгдэгч Г.Г нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэгнуур багийн Хулсны хөндий Энгэрийн буудал гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ц.Б-ыг ТОЗ-8 маркын буугаар буудаж алахыг завдсан гэмт хэргийг   үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Г-ийн “...01 дүгээр сарын 28-ны өдөр айлын бэр гуйлтад очсон. Тухайн айлд нилээд архи уусан. Тэр айлаас Г.Т гэдэг хүний машинаар гэр рүүгээ хүргүүлж ирсэн.  Нэг сэрэхэд намайг хүлсэн байсан. Би өөрийгөө буу барьсан байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ арай ч хүн буудаагүй, би хүн буудах хүн биш. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Та бүгдээс энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна ... Хүмүүс буудсан гэхээр нь би буудсан юм байна гэж бодсон ... Хутга байсан. Өглөө хэдэн борлон дарагдаж үхсэн байсан учир арьсыг нь хуулах гээд хутга авсан байсан. Тэгээд машин ирэхээр нь сандраад хутгаа аваад явсан... Бууг гэрээс авсан... хутга намайг барьж хүлэхэд унасан байх......” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Б-ы “...Тухайн өдөр би жоохон архи уусан байсан. Би тэр буун дууг сонсоогүй. Яасан талаар мэдэхгүй байна. Харахад гарнаас цус гарсан байсан. Г.Г-ийг зам дээр буулгачихаад явна гэж Бу ахад хэлсэн байсан учир зам дээр буулгасан.  Тэгээд машин элсэнд суучихсан хөдлөхгүй байхаар нь би араас нь түрсэн. Би архи уудаг хүн тэр өдөр архи уусан байсан...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Г.Тын “...Бу-ийнд очоод хүүхдийг нь аваад явах гэтэл машин цасанд суучихсан. Тэгэхэд Г.Г гэрээдээ явсан байсан. Ц.Б ах би машин түрье гэж хэлээд буусан. Удалгүй Ц.Б ахын гараас цус гарсан харагдахаар нь машинаас буугаад ирэхэд Г.Г буу барьчихсан гэрийнхээ тэндээс алхаж байсан. Тэгээд Ц.Б ах бид 2 машины урдуур тойроод нуугдсан. Г.Г машины араар тойроод жолоочийн хаалга онгойлгохоор нь би араас нь барьж авч хүлээд ах нь малдаа явсан байсан учир ахыг нь иртэл хүлээж байгаад ирэхээр нь бууг нь Г.Г-тэй хамт хүлээлгэж өгчихөөд явсан. Б-ы шархыг харсан. Хоёр газраас цус гарсан хавдсан байсан... Машинаа гаргах гээд урагшаа зүтгүүлж байсан. Тэгэхэд Ба ах машины урд ирээд намайг буудчихлаа гэж хэлээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд 2018.01.30-ны өдөр өгсөн хохирогч Ц.Б-ы “... Би бууж машины араас түлхээд зогсож байсан чинь гэнэт буу дуугарах чимээ сонсогдсон. Тэгсэн чинь миний зүүн гарын шуунаас цус гараад унасан тэгээд би машины урд талд очиж зогсоод цусаа гоожуулаад байж байхад Г нь гэрийнхээ үүднээс буугаа барьчихсан ирж яваа харагдсан. Тэгээд Т бид 2 машины араар нуугдаж ороод зогсоход Г нь буутайгаа Т-ийн машины хаалган дээр хүрээд ирсэн. Тэгээд байж байтал Т машиныхаа араар тойрч очоод буутай гарыг нь барьж аваад дараад унагаасан ...” гэх мэдүүлэг  /ХХ53-55/

Мөрдөн байцаалтын шатанд 2018.03.21-ний өдөр өгсөн хохирогч Ц.Б-ы “... Би машиныг түрэхээр буруу талын хойт талын хаалгаар буугаад алхаад машины арын хэсэгт очоод буруу талын хойт булангаас түрэх гээд зүүн гараа өргөөд машинаас түлхтэл миний гарын шуунаас цус гарч байсан юм. Тэгээд би эргээд хойт талд байх гэрийн зүг харсан чинь Г гэрийн үүдэн хэсэгтээ буу барьчихсан зогсож байсан. Тэгээд би буудуулсан болохыг мэдсэн юм. Тэгээд машины урд талаар тойрч очсон. Тухайн үед би жоохон согтуу байсан учраас буун дуу гарахыг сонсоогүй, гарын шуун хэсэгт буудуулсан талаараа мэдээгүй юм ...” гэх мэдүүлэг /ХХ58-60/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Т-ын “...  тэгээд машинаа гаргах гээд зүтгүүлээд байж байсан чинь Б ах намайг буудчихлаа гээд машины урд талд хариагаад ирсэн юм. Тэгээд би машинаас буугаад ирсэн чинь тэр Г гэх залуу Б-ийн гэрийн үүднээс буу бариад хариагаад машины баруун талд ганган дээр гараад ирж байсан. Тэгээд буугаа шагайгаад та нар лалруудаа машинаа унтраа гээд орилоод байсан. Тэгээд машины араар зайтай тойрсон юм. Тэгэхээр нь би машины урд талаар нуугдаад тойрсон чинь Г гэх залуу миний машины зөв талын жолооч талын хаалганы орчим хүрээд ирсэн. Тэгээд ирэхдээ буугаа машин луу чиглүүлсэн байдалтай ирснээ машины хаалга нээхээр гараа явуулахдаа буугаа доош нь буулгах үед нь би хариаж очоод буутай нь тэврээд авсан...” гэх мэдүүлэг /ХХ61-64/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Бу “...  би 17 цаг өнгөрөөгөөд 18 цаг болох гэж байхад байх гэртээ хониноосоо ирсэн чинь Г-ийг Т машин дотроо хүлээд суулгачихсан байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад бөөн юм болсон. Буугаар чинь Г Б ахыг буудаад гарыг нь гэмтээчихлээ. Машин нь доор чулуунд тээглээд хий эргээд Б ах ганцаараа араас нь түлхээд зогсож байхад гэрийн үүднээс буудсан гэж хэлсэн ... Т машин дээрээсээ миний бууг авч өгсөн. Тэгээд 1 ширхэг сум халааснаасаа гаргаж өгсөн юм. Тэгээд надад бууг өгөхөөр нь үзтэл бууны хуйнд 2 ширхэг сум байж байсан. Би буундаа нийт 4 ширхэг сумтай үлдээгээд явсан байсан юм. Тэгсэн 1 ширхэг шар өнгийн сум байснаар нь Г буудсан байсан. Тэгээд 1 ширхэг сумыг нь Т аваад халаасандаа хийсэн 2 сум нь хуйндаа байж байсан юм. Тэгээд тэр шөнө 1 сумаар нь би хонь үргээд байхаар нь хий буудчихсан ...” гэх мэдүүлэг /ХХ72-74/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Г-ын “... Оройхон байж байтал Г манайд ирсэн. Би Б ахыг буудчихсан гэж ярьсан ...” гэх мэдүүлэг /ХХ79/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Б-ын “...  Би Г гэх залууг машин хамт түрэлцээд гаргаж байгаа гэж ойлгоод машин дотор сууж байсан чинь Б, Т нар машины урд талд гараад зогсчихсон нуугдсан байдалтай харагдсан. Тэгээд харсан чинь Б-ы гарыг дагаад цус гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бол гээд машинаас бууж ирээд эргээд харсан чинь Г гэх залуу машины хойт талд нилээн зайтай газар буу гартаа барьсан буутайгаа ноцолдоод харагдаж байсан. Тэгээд би айгаад шууд машин луугаа  буцаж ороод хаалгаа хаачихсан. Тэгээд тухайн үед би Б-ыг буудсан юм байна гэж ойлгосон... би жолоочийн ар талын суудал дээр сууж байсан. Тэр үед Г нь миний талаар ирээд жолоочийн хаалгыг нээсэн тэр үед хүн алах сайхан шүү дээ гэж хэлснийг би сонссон юм.” гэх мэдүүлэг /ХХ81-83, 84-85/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Д-ийн “... Б гар гэх шиг болоод цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би чулуу модоор цохиод гэмтээсэн юм байх гэж дотроо бодоод байж байхад нөгөөдүүл машин тойроод алга болцгоогоод байсан. Тэгсэн Б гар руу буудчихлаа гээд цус нь гоожоод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /ХХ90-91/

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Алтайбаатарын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай “...1. Ц.Б-ы биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ106-107/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн схем зураг /ХХ4-8/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9-13/, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ46-48/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь согтуугаар  Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэгнуур багийн Хулсны хөндий Энгэрийн буудал гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ц.Б-ыг ТОЗ-8 маркын буугаар буудаж түүний амь насанд санаатай халдахыг завдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн алах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд  тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилжээ. 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Б руу галт зэвсгээр чиглүүлэн буудлага хийж түүний амь насанд халдах шууд чиглэсэн идэвхитэй үйлдлийг хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу хохирогчийн амин бус газар онож хөнгөн гэмтэл учруулсан, хохирогч зугтсан, уг үйлдлээ үргэлжлүүлэн буугаа барин машин дээр ирэхэд гэрч Г.Т, хохирогч Ц.Б нар хамтран бууг салган авч, хүлсэн гэх шалтгаанаар гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй тул түүнийг хүн алахыг завдсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн  “....Буун дуу сонссон, шүүгдэгч, хохирогчийг буудаж байхыг харсан гэрч байхгүй, хэргийн газраас сумны хошуу, хонгио илрээгүй, мөн хүн алах санаа зорилго шүүгдэгчид байгаагүй, хохирогчтой ямар нэгэн өс хонзон санах зүйл болоогүй, уг буу нь цохилт, доргилтын нөлөөгөөр гох дараагүй байхад буудлага үйлдэх боломжтой, шүүгдэгчийн гарнаас дарь, тортог, хар тугалга, зэс илрээгүй, цамц, дээлэнд үүссэн цооролтуудыг галт зэвсгийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна.  Иймд миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү...”  гэсэн агуулгатай саналыг шүүхэд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: 1.  Гэрч нар бүгд машины кабинд сууж байсан, хохирогч шүүгдэгчийг ямар үйлдэл хийж байгааг хараагүй тул эдгээр хүмүүсийг заавал хохирогчийг буудахыг харсан эсхүл буун дуу сонссон байхыг шаардаж болохгүй бөгөөд буудлага үйлдэгдсэн зай нь 63.80 метр, тухайн галт зэвсэг нь бага калибрийн спорт сургалт, ан агнуурын зориулалттай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн 1357 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

2.Хэргийн газраас заавал сумны хошуу, хонгио илрэх албагүй бөгөөд гэмт хэрэг гарсан газар орны нөхцөл байдал, үзлэг хийсэн албан хаагчийн ур чадвар, үзлэг хийж эхэлсэн цаг хугацаа зэргээс хамааран илрээгүй байж болох юм. Сумны хошуу, хонгио илрээгүй нь шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. “...лалруудаа машинаа унтраа...хүн алах сайхан шүү...” гэж хэлж байсан мөн гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг хэрэглэсэн зэрэг хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа зорилгыг тодорхойлж байгаа бөгөөд урьд өмнө шүүгдэгч, хохирогч нар хоорондоо ямар харилцаатай байсан нь хэргийн зүйлчилэлд нөлөөлөхгүй болно.

4. Гох дарагдаагүйн улмаас буудлага үйлдэгдсэн буюу шүүгдэгчийн болгоомжгүй эсхүл санамсаргүй үйлдлийн улмаас буудлага үйлдэгдэж хохирогчийн биед гэмтэл учирсан байж болох үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй тийм нотлох баримт шинжлэн судлагдаагүй байна.

5. Гэмт хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа буюу “...2018 оны 01 дүгээр сарын 30 –ны өдөр шүүгдэгчийн гараас арчдас авсан...” тухай мөрдөгчийн тэмдэглэл /ХХ26/, “...хохирогчийн биед үүссэн гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...”/ХХ106- 107/  гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гарнаас дарь, тортог, хар тугалга, зэс илрээгүй, цамц, дээлэнд үүссэн цооролтуудыг галт зэвсгийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн 1365, 2077 тоот дүгнэлтүүдийг хэрэг ач холбогдолгүй талаас нь шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх сэтгэц гэм судлалын “... 1.Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн өвчин болох F10  хүрээний архины хараат байдлын эмгэгтэй байсан байна.

2.Г.Г архины хараат байдлын эмгэгтэй. Өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.

3. Г.Г нь архины хараат байдалд эмчилгээ хийлгэх шаардлагатай..." гэсэн магадлагаа /ХХ127/,

шинжээч эмч Ш.Юмжирмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...  F10 гэдэг хүрээ нь Олон улсын сэтгэцийн эмгэгийн ангилал код байдаг. F10 хүрээ нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм архи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс орно. F10 хүрээ нь дотроо олон янз байдаг. Архинд донтох өвчин нь дотроо 1, 2, 3 дугаар шат гээд явдаг. Согтолтын зэрэг нь 1.9 согтолтын зэрэг дунд түвшин гэж гарсан байна...Шүүгдэгч нь тухайн үед өөрийгөө ухамсарлан жолоодох чадвартай байсан. Энэ бүгдийн үндсэн дээр архины хараат байдал байна. Ухамсарт байдлаа алдах хэмжээний архины хараат байдалд ороогүй байна. Энэ үед хичнээн архинд согтох донтох өвчний шатанд орсон байсан ч хэрэг хариуцах чадвартай гэж явдаг...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Г нь хэдийгээр F10 хүрээний архины хараат байдлын сэтгэцийн эмгэгтэй боловч өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Г согтуурсан үедээ галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүх уг шийдвэрийг гаргахдаа гэрч хохирогч нар шүүгдэгчийн гэмт үйлдлийг таслан зогсоосон гэх гэмт хэргээ төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 15 жилийн хорих ялын гуравны хоёр болох 10 жилийн хорих ялаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах, тухайн гэмт хэргийн төгссөн үйлдэлд оногдуулж болох ялаас завдсан үйлдэлд оногдуулсан ял ямагт доогуур байх зарчмыг баримталсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 1.4 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол...” тухайн галт зэвсгийг хурааж цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр зохицуулжээ. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0498 замгийн дугаартай, ТОЗ-8 маркын галт зэвсгийг, 2 ширхэг сумны хамт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд мөн эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлс болох саарал өнгийн дээл 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэгийг хохирогч Ц.Бд буцаан олгож, бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, гарын арчдас 2 ширхэг, бууны гол төмрийн арчдас 1 ширхэг зэргийг устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй түүний шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн замгийн 0498 дугаартай ТОЗ-8 маркын галт зэвсгийг, 2 ширхэг сумны хамт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, саарал өнгийн дээл 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэгийг хохирогч Ц.Б-д буцаан олгож, бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, гарын арчдас 2 ширхэг, бууны гол төмрийн арчдас 1 ширхэг зэргийг устгасугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.САРАНТУЯА

                                                         ШҮҮГЧИД                       Д.НЯМ

                                                                                                 Г.МӨНХТУЛГА