| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 168/2024/0278/Э |
| Дугаар | 2024/ДШМ/46 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/46
*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Ариунаа
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх
М.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2421001800178 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1963 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Багшийн коллежийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Нарлаг худалдааны төвийн зүүн талын уулзвар замд ******* ДОР улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж биед нь бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,118,240 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа авсан 818,585 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо, иргэний нэхэмжлэгч ******* нь олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
5. Хохирогч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ...үндэслэл”-ийг тус тус шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.
Шийтгэх тогтоолд …хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 19,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд тогтоолын 6-д бичсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч нь …Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, явган зорчиж явсан иргэн ******* намайг мөргөж бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний хугарал, баруун өвдөгний жийргэвчний урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг учруулсан.
Дээрх гэмтлүүдийн улмаас миний бие шээс сул болж, эмнэлэгт өмдөндөө бие засаж очоод тэр үеэс хойш живх хэрэглэдэг болсон. Мөн хэвлий маань гэмтсэн. Одоо ч миний бие сайжраагүй, хурдан бие засахгүй бол өмдөндөө бие засаж байгаа. Цаашид хөл гарын иж бүрэн хагалгаанд орох шаардлагатай бөгөөд сэтгэл санаагаар маш их хохирсон. Одоо ч асаргаанд байгаа, өөрийн хүслээр явж чадахгүй сэтгэл санааны гутралтай, өдөр шөнөгүй хөл гар өвдөж, өвчин намдаах тариагаар амьдарч байна. Сэтгэл санааны хохирлыг дээд хэмжээгээр тогтоолгуулж авах хүсэлтэй байна гэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн.
...Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дөрөвдүгээр зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл тооцохоор байна. Гэвч анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолд заасан шинжүүдийг харгалзан үзэлгүй шууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар тогтоож, энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 45 дахин нэмэгдүүлснээр буюу 29,700,000 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсье.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурорт үүрэг болгосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний биед учирсан гэмтлийг шинжээч эмч бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний хугарал, баруун өвдөгний жийргэвчний урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан талаар дүгнэсэн.
Гэтэл Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хавсралтын 3.1.6-д сээр, бүсэлхийн нугалмын гэмтэл Үүнд: сээр, бүсэлхийн нугалмын их биеийн хугарал, мултрал, нумны хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс гэмтсэнээс нугас дарагдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар заасан. /хуучин гэмтлийн зэрэг тогтоох журам/
Харин 2024 оны 5 сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А/225/А153/А85 дугаар тушаалуудаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.7-д сээр, бүсэлхийн нугалмын гэмтэл: сээр, бүсэлхийн нугалмын их биеийн хугарал, мултрал, нумны хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс гэмтсэнээс нугас дарагдсан гэмтэл нь амь насанд аюултай, хүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд хамаардаг байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Учир нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан гэмтлийн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.
6. Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан саналыг бүрэн дэмжиж байна. Сэтгэл санааны хохирлын хэмжээг маш багаар тогтоосон. Сэтгэцэд учирсан хохирлыг эцсийн үр дүндээ хохирогчийн сэтгэл санаанд учирсан гэмтэл хохирлыг тооцож гаргах ёстой байдаг. Гэмт хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарсан. Үүнээс хойш 8 сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийг хүртэл байнга бусдын дэмжлэгээр амьдарч ирсэн. Ганцаараа явах боломжгүй, олон нийтийн газраар явахаас эмээдэг болсон. Санамсаргүйгээр өмдөндөө шээх нь хэвийн үзэгдэл болсон. Энэ гэмт хэрэг гарахад хохирогч ******* ямар ч буруугүй юм. Хүүхдүүдээ аваад замын хажууд их хол зогсож байсан. Гэтэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолооч замаасаа гарч ирээд мөргөж, зам тээврийн осол гаргаж гэмтээсэн. Одоо хохирогчийн биеийн байдал үнэхээр хүнд байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Тэрнээс биш ашиг олох зорилго агуулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс үнэн зөв дүгнэлт гаргасан бол гомдол гаргах шаардлагагүй байсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгож өгнө үү. Мөн хохирогч *******гийн гаргасан зардал болох 815,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж болох байсан. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэхдээ өөрийн гэсэн гэр орон байхгүй учраас тогтмол гадуур хоол унд хэрэглэсэн. Энэ зардлаа л нэхэмжилсэн. Мөн *******гийн хүү ******* нь ээжийгээ асраад ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалд орсон. Орох байсан орлогын талаарх баримтыг шүүхэд өгсөн боловч шийдвэрлээгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан гаргаж болох байсан. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналыг гаргаж байна гэв.
7. Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн. Энэ хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******гийн биед бүсэлхийн L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдсон. Энэ гэмтэл нь дангаараа хүнд зэрэгт хамаарна. Мөн баруун дунд чөмөгний доод булууны хугарал байгаа. Энэ нь ч гэсэн дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. ...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох эрхтэй. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна. Энэ хэргийн улмаас хохирогч 8 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу байсан. Өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байна гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хохирогч гаргасан гомдолдоо сэтгэцэд учирсан хор уршгийг дээд хэмжээгээр тогтоож өгсөнгүй, мөн гэмтлийн зэрэг тогтоосон журмыг мөрдсөнгүй гэж дурдсан байна. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн байдлаар олгохоор шийдвэрлэсэн нь хууль, журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүх аргачлалд заасан доод, дээд хэмжээний дотор тодорхой нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Яг хэдэн хувиар олгохыг шүүх өөрөө шийдвэрлэх эрхтэй.
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 222 тоот дүгнэлт гарсан. Дүгнэлтээр гэмтлийн “хүндэвтэр гэмтэл” тогтоогдсон. Хугарал нэг бүрийг дурдаж заасан. Бүсэлхийн нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарахаар заасан. Харин бүсэлхий нугалмын их биеийн хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг гэдгийг хэлэхийг хүсч байна. Гомдолд дурдаад байгаа журамд зааснаар бүсэлхий нугалмын их биеийн хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан байхыг шаардаж байна. Гэтэл ийм гэмтэл учраагүй байна. Мөн нугас дарагдсан гэмтэл тогтоогдоогүй. 2024 оны хамтарсан тушаалын 4.1.7 дахь хэсэгт заасан гэмтэл нь хуучин 2014 оны хамтарсан тушаалын заалттай яг адил тусгагдсан байна. Хамтарсан тушаал нь яг хэдийд албажиж гарсан нь тодорхой бус боловч бүртгэлд орж албажихдаа 2024 оны 06 дугаар сард гэж ойлгосон. Гэхдээ тэр нь хамааралгүй ямар ч үг үсгийн зөрүүгүй байна. Энэ бүхнээс хамаарч хүнд гэмтэл гэж үзэх боломжгүй юм. Тиймээс гомдлын агуулга нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна гэв.
10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан саналтай адил саналтай байна. Тайлбарыг бүрэн дэмжиж байна. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Сэтгэл санааны хохирлыг шүүхээс тооцож гаргасан. Шүүхийн гаргасан дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. Тиймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй юм. Хохирогчийг өөрийн чадах чинээгээ эргэж тойрч ирсэн. Цаашид ч гэсэн эмчилгээнд гарах төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Гэмтлийн зэргийн хувьд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222 тоот шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Дараа нь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу дахин шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжилгээний явцад хохирогчид учирсан гэмтлүүдийг нэг бүрчлэн дурдаад хүндэвтэр гэмтэл гарсан болохыг дахин баталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
11. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдолтой танилцлаа. Гомдолдоо хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр тогтоолгох, учирсан гэмтэл нь хүндэвтэр бус хүнд гэмтэл байна гэж тусгасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг миний хувьд дэмжиж байна. Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон ба энэ нь нөхөн төлбөрийн хэмжээг 23-аас 45.99 дахин нэмэгдүүлэхээр заасан байдаг. Шүүхээс 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан журам нь энэ хэрэгт хамааралгүй юм. Энэ нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс дагаж мөрдөгдөхөөр баталгаажсан байдаг. Тиймээс тухайн үед мөрдөгдөж байсан журмыг баримтлах нь зүйтэй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Нарлаг худалдааны төвийн зүүн талын уулзвар замд ******* ДОР улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж биед нь бүсэлхийн L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний доод булууны хугарал, мөгөөрсний урагдал, баруун өвдөгний жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, шөрмөсний суналт, зүүн шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 57-58, 2хх 5/, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 23-24, 2хх 6-8/, гэрч , , иргэний нэхэмжлэгч *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх 30, 32, 34, 94, 2 хх 11-13/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222 тоот, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот дүгнэлтүүд /1 хх 39-42, 97-101/, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаа /1 хх 45-46/, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /1 хх 08/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 12/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 15/, зам тээврийн ослын схем зураглал /1хх 16-18/, ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 19/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 20/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1хх 105/, хохирогч *******гийн осолд орсон талаарх гэрэл зургууд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 хх 179-181/ зэрэг хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
5. Шүүгдэгч *******ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хохирогч *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилжээ.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.
7. Шүүгдэгч *******оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,118,240 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа авсан гэх 818,585 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогч *******гийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг, мөн иргэний нэхэмжлэгч *******ын олох байсан орлогыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.
8. Хохирогч ******* нь “...Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дөрөвдүгээр зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор байна. Гэтэл анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолд заасан шинжүүдийг харгалзан үзэлгүй шууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна, ...сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 45 дахин нэмэгдүүлснээр буюу 29,700,000 төгрөгөөр тогтоолгох саналтай байна, ...мөн хүндэвтэр гэмтэл учирсан гэж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хавсралтын 3.1.6-д сээр, бүсэлхийн нугалмын гэмтэл Үүнд: сээр, бүсэлхийн нугалмын их биеийн хугарал, мултрал, нумны хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс гэмтсэнээс нугас дарагдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар, ...2024 оны 5 сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А/225/А153/А85 дугаар тушаалуудаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.7-д сээр, бүсэлхийн нугалмын гэмтэл: сээр, бүсэлхийн нугалмын их биеийн хугарал, мултрал, нумны хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс гэмтсэнээс нугас дарагдсан гэмтэл нь амь насанд аюултай, хүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд хамаарахаар тус тус заасан байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
9. Анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлснийг үндэслэн, Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсгийн 3.8-д заасан нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 19,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
10. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг баталсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******д сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа талаар танилцуулахад хүлээн зөвшөөрснөө илэрхийлж гарын үсэг зурсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан бөгөөд энэ талаар хохирогч маргаагүй болно.
Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д зааснаар ...гэмт хэргийн хүнд, хөнгөн, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, ...гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэрэг бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222 дугаартай дүгнэлтийг хохирогч *******д 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан ба хохирогч “...гаргах санал хүсэлт байхгүй” гэсэн тайлбар гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр талд, мөн нэмэлт шинжилгээ хийсэн Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр танилцуулахад хохирогч дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар талд тус тус авагджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч *******гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр болон хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд тухайн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
12. Хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
13. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч *******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12,118,240 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул магадлалд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч ******* нь хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12,118,240 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ