| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2338000340172 |
| Дугаар | 2024/ДШМ/57 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Т |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ДШМ/57
2024 11 13 2024/ДШМ/57
Т.Зод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Тогтох,
Шүүгдэгч: Т.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.О,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Д,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.М,
Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн давж заалдах гомдлоор Т.Зод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, “Бугат” овогт Тын З, 00 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РП-00/.
Т.З нь 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт 00ХӨҮ улсын дугаартай Азиа моторс загварын авто машины мотор эвдэрсний улмаас зайлшгүй зогсолт хийсэн, зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5-р заалт буюу ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гадна замд 30 метрээс... багагүй зайд байрлуулна”, ...Зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ослын дохионы гэрлийг асааж, ослын зогсолтын тэмдгийг хэрэглэнэ...” гэсэн дүрмийг тус тус зөрчсөний улмаас 00ХӨА улсын дугаартай Приус загварын автомашин нь 00ХӨҮ улсын дугаартай Азиа моторс загварын автомашиныг мөргөж 00ХӨА улсын дугаартай Приус загварын автомашины жолооч Д.Гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бугат овогт Тын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Т.Зыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зод оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зоос оршуулгын зардал 6,241,911 (зургаан сая хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван нэг) төгрөг, автомашин, тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол 9,290,000 (есөн сая хоёр зуун ерэн мянга) төгрөг, нийт 15,531,911 (арван таван сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун арван нэг) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д (РЭ89061107)-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Зоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Юуны өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгч би зам тээврийн осол дээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Учир нь хохирогч хурд хэтрүүлсэн, урдах саадаа хараагүй, аюул тохиолдсон үед зогсоох арга хэмжээ аваагүй, суудлын бүсээ зүүгээгүй зэрэг замын хөдөлгөөний дүрэмд заасан хэд хэдэн заалтыг зөрчсөн байсан, харин миний үйлчлүүлэгч Т.Зийн жолоодож явсан Асиа моторс том загварын тээврийн хэрэгслийн мотор гэнэт ажиллахаа больж аргаггүй эрхэнд түр зогсолт хийсэн бөгөөд ослын дохиогоо асааж, гурвалжин тэмдэгээ тавьж замын хөдөлгөөний дүрэмд заасан бүх л арга хэмжээг авсан.
Өмгөөлөгч миний бие шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байсан учир 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулж өгөөч гэдэг хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргаж байсан боловч шинжээчийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүн байхгүй гэсэн учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр, оршуулгын зардлаа төлье гэж шүүгчтэйгээ ярилцаж шийдвэрлээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэгт ямар нэгэн нэхэмжилсэн мөнгөн дүн байхгүй ч гэсэн сайн дураараа 8,000,000 төгрөгийг төлсөн.
Хэдийгээр хүний амь нас хохирч нөхөж баршгүй хор уршиг учирсан гэдгийг бид ойлгож байгаа. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлж хохирлыг ихэсгэсэн гэдгийг шинжээч дүгнэлтдээ тусгасан байгааг шүүх миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэнгүй. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй, хохирогчтой өр, шир өс хонзон байхгүй, замын хөдөлгөөнд оролцоогүй үнэхээрийн машины мотор эвдрээд өвлийн хүйтэнд хээр талд хэн нэгнээс тусламж авч чадахгүй л зогсож байсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, хэдийгээр хүний амь нас хохирсон боловч энэ хэрэг нь санаатай үйлдэгдээгүй, болгоомжгүй үйлдэгдсэн, хүндрүүлэх үндэслэл байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг шүүгч үнэлж дүгнэсэнгүй, шүүгдэгч талын санал дүгнэлтийг ч харгалзан үзсэнгүй.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан заалт миний үйлчлүүлэгчид үйлчилсэнгүй.
Сум дундын шүүхээс миний үйлчлүүлэгч Т.Зод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарласан нь /нэг жилийн 360 хоног 2 жилийн 720 хоног нь /ямар нэгэн үйл ажиллагаа явуулах тухайлбал мал мах авах, осолд өртсөн машин техникээ засаж янзлах, зарж борлуулахаар Улаанбаатар хот явах, эмчилгээ, шинжилгээ өгөх, хохирол төлбөрөө төлөхөд учир дутагдалтай байна.
Миний үйлчлүүлэгч Т.З нь энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, шүүхээр тогтоосон бодитой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан Оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж эдлэх ялд нь өөрчлөлт оруулж өгнө үү.
Мөн хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй баримтууд байхад бүрэн хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн учир хохирлын тооцоог баримт дээр үндэслэн үнэн зөв тооцож өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг багасгаж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүх шүүгдэгчийн урьд өмнө ял шийтгэл эдлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялд нь өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан. Иймээс эдгээр хугацааг багасгаж, хохирогчид хохирол төлбөр төлөх боломжит хугацаа олгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1. Шүүгдэгч Т.З нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт 00ХӨҮ улсын дугаартай Азиа моторс загварын авто машины мотор эвдэрсний улмаас зайлшгүй зогсолт хийсэн, зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5-р заалтыг зөрчсөний улмаас 00ХӨА улсын дугаартай Приус загварын автомашин нь 00ХӨҮ улсын дугаартай Азиа моторс загварын автомашиныг араас нь мөргөж 00ХӨА улсын дугаартай Приус загварын автомашины жолооч Д.Гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
2. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, шүүгдэгч Т.Зын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, үнэлж шийдвэрлэжээ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
5. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын зохицуулалтыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн шүүх хохирлыг зөв тооцон шүүгдэгчийн төлбөрт өгсөн төлбөрийг хохирлоос нь хасаж бодит хохирлыг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн гаргасан “...Сум дундын шүүхээс миний үйлчлүүлэгч Т.Зод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарласан нь /нэг жилийн 360 хоног 2 жилийн 720 хоног нь /ямар нэгэн үйл ажиллагаа явуулах тухайлбал мал мах авах, осолд өртсөн машин техникээ засаж янзлах, зарж борлуулахаар Улаанбаатар хот явах, эмчилгээ, шинжилгээ өгөх, хохирол төлбөрөө төлөхөд учир дутагдалтай байна...” гэх гомдлын тухайд:
Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.
Нөгөө талаар шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоож болно.
Ялтан шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хүч хэрэглэн эсэргүүцэх, заналхийлэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалт нь уг ялын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болдог.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон, эсхүл жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтой.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн гаргасан “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан Оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж эдлэх ялд нь өөрчлөлт оруулж өгнө үү.
Мөн хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй баримтууд байхад бүрэн хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн учир хохирлын тооцоог баримт дээр үндэслэн үнэн зөв тооцож өгнө үү...” гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ