| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0433/З |
| Дугаар | 128/ШШ2026/0599 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2026/0599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б*******,
Хариуцагч: М*******,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан, нэхэмжлэл Ж.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. ...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хуульч Ж.Б*******ын дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрхийг сэргээлгэх-ээр маргаж байна.
Хоёр.Маргааны үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Ж.Б*******од Монгол Улсын Дээд шүүхээс 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.
2.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмгөөллийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд түдгэлзүүлэх үндэслэлдээ ...2016 оны 07 дугаар сараас хойш М ХХК-д хуулийн хэлтэст хуульчийн ажлын байранд ажиллаж байгаа гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
2.4. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмгөөллийн үйл ажиллагаа сэргээлгэх хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээхээр шийдвэрлэж, тус тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн и-мейл хаягаар явуулсан байна.
2.5. М*******ны мэргэжилтэн Н.У******* 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн ******* дугаарт холбогдон М*******ны гишүүнчлэлийн хураамжийн үлдэгдэл *******,******* төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэгдэж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмгөөлөгчдийн холбооны байранд ирж мэдэгдэх, сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдсэн байна.
2.6. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хасахаар шийдвэрлэж, тус тушаалыг нэхэмжлэгчийн и-мейлд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн байна.
2.4. Тус шүүх нь Ж.Б*******оос 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр М*******нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2026/3246 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Хуульч Жаргалын Б******* миний бие нь дугаар бүхий өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн зөвшөөрөлтэй ба шүүхэд төлөөлөх эрхээ өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэн хуулийн этгээдэд хуульчаар ажилладаг.
Миний бие нь ажил, үүргийн шаардлагаар шүүхэд төлөөлөх эрхээ сэргээлгэх хүсэлтийг 2023 оны 08 дугаар сард гаргаж байсан боловч эрх сэргээсэн талаар хариу миний й-майл хаяг болон бүртгэлтэй утсаар надад мэдэгдээгүй учир хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэн хуульчийн ажлаа хийгээд явж байсан. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын эхээр миний 94442063 дугаартай утсаар холбогдон хураамж төл гэдэг шаардлага тавьсан бөгөөд энэ талаар сонсоод эрхээ түдгэлзүүлсэн байгаа гэж хэлэхэд таны шүүхэд төлөөлөх эрх 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар сэргээсэн хураамжаа төл гэсэн шаардлагыг тавьж танд uuka [email protected] хаягт эрх сэргэснийг илгээж мэдэгдсэн талаар хэлсэн. Гэтэл хаягт илгээх мэдээллийг алдаатай й-майл хаягт илгээсэн байсан. Улмаар шүүхэд төлөөлөх эрх сэргэсэн талаар ямар ч мэдээлэлгүй байсан миний бие ажилтанд миний й-майл ирээгүй, мэдээгүй, ядаж бүртгэлтэй утсаар мэдэгдэх ёстой шүү дээ гэдгээ хэлж энэ талаар биечлэн тодруулж, уулзана гэдгээ хэлсэн. Тухайн үед утсаар холбогдохдоо татвараа төлөх шаардлагыг тавьж байсан болохоос биш таны эрхийг тушаалаар хүчингүй болгох, сонсох ажиллагаанд ирэх талаар мэдэгдээгүй.
Ингээд Өмгөөлөгчдийн холбоонд очиж, ажилтнуудаас эрх сэргэсэн, татварын асуудлаар тодруулахад шүүхэд төлөөлөх эрхийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 тоот тушаалаар хүчингүй болгосон болохыг хожим олж мэдэж, тушаалын хуулбарыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр авсан. Миний бие дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгохдоо огт мэдэгдэлгүй, сонсгол хийхгүй, үүсэн нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй эрх хүчингүй болсон байх учир гаргасан шийдвэрээ дахин нягтлан шүүхэд төлөөлөх эрхийг сэргээх тухай хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 04-нд гаргасан боловч 2026 оны 03 дугаар сарын 19-нд утсаар хариу гарсан талаар мэдэгдэж 2026 оны 03 дугаар сарын 30-нд хүлээж авахад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байсан. Ингэхдээ гишүүний хураамжаа төлж үүссэн зөрчлөө арилгах тухай М*******ны ******* дугаараас 4, 5 дугаар саруудад утсаар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр холбооны байранд ирж сонсох ажиллагаанд ирж тайлбар гаргах, нотлох баримт байгаа тухай мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тухай, мөн хүчингүй болгосон тушаалыг [email protected] цахим хаягаас хүргүүлсэн гэж ээ. Миний бие нь 2025 оны 06 дугаар сарын эхээр өмгөөлөгчийн түдгэлүүлсэн байсан эрх сэргэсэн, гишүүний хураамж төлөх үүрэг үүссэн талаар утсаар анх хэлэх үед л олж мэдсэн болохоос биш хариу албан тоотод дурдсанчлан урьдчилан надад мэдэгдээгүй, гишүүний эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл, сонсох ажиллагаанд ирж тайлбар гаргах талаар огт мэдээлээгүй, хүчингүй болсон тушаалыг би өөрийн [email protected] хаягт хүлээж аваагүй болно.
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь анх миний тоот шүүхэд төлөөлөх эрхийг сэргээсэн талаарх захиргааны актыг надад хууль журмын дагуу 94442063 тоот утсаар мэдэгдээгүй, ******* гэх алдаатай хаягт илгээсний улмаас өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх сэргэсэн, гишүүний хураамжийг төлөх үүрэг үүссэн, улмаар гишүүний хураамжийг төлөх шаардлагыг 2025 оны 06 дугаар сард мэдэж, харин ямар ч сонсох ажиллагаанд ирж тайлбар, баримт ирүүлэх, оролцоог хангах талаар хуулийн дагуу мэдэгдээгүй байж, шүүхэд төлөөлөх эрхийг тэр дариу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 тоот Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар хүчингүй болсныг миний бие огт хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчиж гаргасан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 тоот захиргааны актыг хүчингүй болгож, миний дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Ж.Б******* нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлсэн байсан бөгөөд 2023 онд уг эрхээ сэргээлгэх хүсэлтээ албан ёсоор тус холбоонд ирж анкет бөглөж уламжилсан. Уг хүсэлтийг нь хүлээн аваад түүний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн бөгөөд сэргээсэн болохоо түүний анкетад дурдсан цахим хаягаар хүргүүлсэн болно. Нэгэнт өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь сэргэсэн тул нэхэмжлэгч хууль тогтоомжид заасны дагуу татвар хураамжаа төлөх үүрэгтэй билээ. Энэхүү үүргээ биелүүлэхгүй байсан тул М*******ноос удаа дараа шаардлага хүргүүлж, хугацаа өгсөн, сонсох ажиллагаа зохион байгуулсан ба Ж.Б*******ын тухайд ямар нэг байдлаар оролцохгүй, үүргээ биелүүлэхгүй байсан тул өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Монгол Улсын Дээд шүүхээс 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б*******од өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 13 дугаартай гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна.
1.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлэх тухай хүсэлтээ М*******нд гаргасан байх бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа түдгэлзүүлэх үндэслэлдээ ...2016 оны 07 дугаар сараас хойш М ХХК-ийн хуулийн хэлтэст хуульчийн ажлын байранд ажиллаж байгаа гэж мэдүүлсэн байх бөгөөд М ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/094 дугаартай Хуулийн хэлтсийн гэрээний хуульч албан тушаалд шилжүүлэн томилсон тушаалыг хавсаргасан хүргүүлсэн байна.
1.3. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр тушаалаар Ж.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
1.4. Нэхэмжлэгч Ж.Б*******оос 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд тус хүсэлтийг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээхээр шийдвэрлэж, тус тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр М*******ны [email protected] хаягаас нэхэмжлэгчийн ******* хаягт хүргүүлсэн байна.
1.5. Монголын өмгөөлөгчийн холбооны мэргэжилтэн Н.У******* 2025 оны 05 дугаар сарыг 29-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б*******той холбогдон ...та 2024 оны 12 дугаар сараас хойш М*******ны гишүүний гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй, *******,******* төгрөгийн үлдэгдэлтэй байна, Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг үндэслэн таны өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах гэж байгааг танд танилцуулж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмгөөлөгчдийн холбооны байранд ирж сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдэж байна. Та 2025 оны 06 дугаар сарын 04-ноос өмнө гишүүнчлэлийн хураамжаа бүрэн төлсөн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байх боломжтой талаар мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс ...надад сэргээсэн талаар и-мейл ирээгүй, тэр үедээ сэргээх хүсэлт илгээчхээд тэгээд л хаячихсан гэжээ.
1.6. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хасахаар шийдвэрлэж, улмаар шийдвэрийг тус өдөр [email protected] хаягаас нэхэмжлэгчийн ******* хаягт хүргүүлсэн байна.
1.7. Нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М*******нд миний дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгохдоо огт мэдэгдэлгүй, сонсгол хийхгүй, үүссэн нөхцөл байдлыг бодитой үнэлээгүй, эрх хүчингүй болсон байх учир шийдвэрээ дахин нягтлан шүүхэд төлөөлөх эрхийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 04/03 дугаар албан бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг сэргээх үндэслэлгүй талаар хариу хүргүүлсэн байна.
Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Ж.Б*******оос М*******нд холбогдуулан ...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хуульч Ж.Б*******ын дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.2. Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд ...Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох, 11.1.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, 11.2-т ...Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч... гаргана,14 дүгээр зүйлд Өмгөөлөгчийн үүрэг, 14.1.15-д гишүүнчлэлийн хураамж төлөх, 17 дугаар зүйлийн 17.3-т Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болгосон бол Өмгөөлөгчдийн Холбоо энэ тухай өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд тэмдэглэж, хэрэг, маргаан хянан шалгах, шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад тухай бүр мэдэгдэнэ, М*******ны бүртгэлийн нэгдсэн журмын 16 дугаар зүйлд Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэх, 16.2.6-д утасны дугаар, цахим шуудангийн хаяг, 19 дүгээр зүйлд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээснийг бүртгэх, 19.1.3-т өмгөөлөгч эрхээ сэргээлгэх хүсэлт гаргасан, 19.2-т хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээх тухай саналаа Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчд гаргана, 19.5-д сэргээсэн бүртгэл хийснээс хойш ажлын 2 өдрийн дотор энэ тухай өмгөөлөгчид мэдэгдэнэ, 21 дүгээр зүйлийн 21.4-т өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон бүртгэл хийснээс хойш ажлын 2 өдрийн дотор бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж тус тус заажээ.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...шүүхэд төлөөлөх эрхээ сэргээлгэх хүсэлтийг 2023 оны 08 дугаар сард гаргаж байсан боловч эрх сэргээсэн талаар хариу миний и-мейл хаяг болон бүртгэлтэй утсаар мэдэгдээгүй учир хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэн хуульчийн ажлаа хийж байсан, М******* анх миний тоот шүүхэд төлөөлөх эрхийг сэргээсэн талаар захиргааны актыг надад хууль журмын дагуу 94442063 тоот утсаар мэдэгдээгүй, ******* гэх алдаатай хаягт илгээсний улмаас өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх сэргэсэн, гишүүний хураамжийг төлөх үүрэг үүссэн, улмаар гишүүний хураамжийг төлөх шаардлагыг 2025 оны 06 дугаар сард мэдэж, харин ямар ч сонсох ажиллагаанд ирж тайлбар, баримт ирүүлэх, оролцоог хангах талаар хуулийн дагуу мэдэгдээгүй байж, шүүхэд төлөөлөх эрхийг тэр дариу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 тоот Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар хүчингүй болсныг миний бие огт хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.
2.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ өөрийн хүсэлтээр түдгэлзүүлсэн байсан ба одоо өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх болсон тул эрхийг минь сэргээж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргаж, мөн өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20/24 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх хүсэлтийн маягтыг бөглөж, тус маягтын и-мейл хаяг хэсэгт ******* цахим хаягийг бичсэн байна.
2.5. Тус хүсэлтийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээсэн байх бөгөөд тус мэдэгдлийг нэхэмжлэгчийн Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх хүсэлтийн маягтад дурдсан ******* цахим шуудангаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн болох нь тус шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны [email protected] цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
2.6. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжилтэн Н.У*******аас 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б*******той утсаар холбогдож ...06 дугаар сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа дээр ирээд тайлбараа хэлж болно гэж мэдэгдсэн болох нь тус мэргэжилтний утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байх ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т ...Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасны дагуу сонсон ажиллагааны мэдэгдлийг цахим хэлбэрээр хүргэсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн ... сонсох ажиллагаанд ирж тайлбар, баримт ирүүлэх, оролцоог хангаж талаар мэдэгдээгүй, сонсох ажиллагаа гэдгийг ойлгоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.7. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хасах тухай А/106 дугаар тушаалын 1 дэх хэсэгт ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар төлөөгүй хавсралтад дурдсан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хүчингүй болгосугай гээд хавсралтын 9 дэх хэсэгт Ж.Баяржаргал гэж шийдвэрлэсэн байх бөгөөд тус тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн ******* цахим хаягт хүргүүлсэн боловч хүлээн авагчийн хайрцаг дүүрсэн гэх шалтгаанаар тухайн и-мейл илгээгдээгүй байх ба нэхэмжлэгчийн цахим шуудангийн хаягийн багтаамж дүүрсний улмаас дээрх шийдвэр хүргэгдээгүйд хариуцагчийн буруутгах үндэслэлгүй.
2.8.Мөн нэхэмжлэгч нь өөрийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзсэн, сэргэсэн, гишүүнчлэлийн татварын хураамжтай холбоотой мэдээллээ Өмгөөлөгчдийн Холбооны цахим мэдээллийн санд өөрийн хандах эрхээр нэвтэрч бүрэн хянах боломжтой байхад хянаагүй, шүүхэд төлөөлөх эрхээ сэргээлгэх хүсэлтээ 2023 онд гаргасан атлаа маргаан бүхий акт гарах хүртэл хүсэлтээ шийдвэрлэгдсэн эсэх талаар тодруулаагүй, гишүүнчлэлийн хураамж төлөх үүрэг үүссэн байхад төлөөгүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн байхад сонсох ажиллагаанд очоогүй, тайлбар мэдүүлгээ өгөөгүй, өөрийн цахим шуудангийн хаяг дүүрсэн эсэхийг нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагчийг ...өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх сэргэсэн болон гишүүний хураамж төлөх үүрэг үүссэн талаар мэдээгүй, сонсох ажиллагаанд ирж тайлбар, баримт ирүүлэх, оролцоог хангах талаар хуулийн дагуу мэдэгдээгүй гэж буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2, 14 дүгээр зүйлийн 14.1.15, 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг тус тус баримтлан Ж.Б*******оос Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд холбогдуулан гаргасан ...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хуульч Ж.Б*******ын дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР