Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/00746

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/00125 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, түүний өмгөөлөгч П.Цолмонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, түүний өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ц ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд нэгж талбарын +++ дугаар бүхий 414 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмших болсон. Тухайн газрын эзэмших эрхийг Ю  ХХК нь 600,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авахаар тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Газрын эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг талууд хэрхэн төлөх талаар төлбөр төлөх гэрээг байгуулж харилцан тохиролцсон. Энэ гэрээнд зааснаар Ю  ХХК 200,000,000 төгрөгийг гэрээ баталгаажуулсны дараа бэлэн мөнгөөр төлөхөөр, үлдэгдэл 400,000,000 төгрөгийг газар эзэмших эрхийг Ю  ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, түүнийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гарснаар тус газарт орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлж, тэрхүү барилгын 2-6 дугаар давхарт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцнаас дотор засал хийгдээгүй 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцон нийт 307,69 м.кв талбайг Ц ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцож, хариуцагч гэрээ баталгаажсаны дараа урьдчилгаа 200,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа газар эзэмших эрхийг шилжүүлэхээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Нийслэлийн газрын албанд хүргүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаар шийдвэр гарч газар эзэмших эрх Ю  ХХК-ийн нэр дээр шилжсэн. Газар эзэмших эрх хариуцагч Ю  ХХК-ийн нэр дээр шилжиж, гэрчилгээ гараагүй байхад урьдчилгаа төлбөрт төлсөн 200,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буцаан хариуцагч талд шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрт төлсөн 200,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг буцаан төлсний дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас захирамж гарч газар эзэмших эрх хариуцагч талд албан ёсоор шилжсэнээр талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний дагуу Ц ХХК нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүссэн. Анх тохиролцсоноор Ю  ХХК шилжүүлэн авсан газар дээр тансаг зэрэглэлийн орон сууцны барилга барьж, тухайн барьсан барилгаас тодорхой талбайг шилжүүлэх байсан боловч барилгын ажлаа эхлүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар санаачлага гаргахгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00142 дугаар шийдвэрээр талууд гэрээний үүргээ тус тус ялимгүй зөрчсөн байх тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхээс нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, татгалзах үндэслэлгүй гэж дүгнэсэн тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардсан.

Хариуцагч компани 600,000,000 төгрөгөөр тохиролцож газрын эрхийг шилжүүлэн авсан боловч урьдчилгаа 200,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 400,000,000 төгрөгт шинээр баригдах барилгаас нийт 307,69 м.кв талбайг тооцон шилжүүлэн өгөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй.

Талуудын хоорондох төлбөр төлөх гэрээний 1.3 дахь заалт зөвхөн амлалт бөгөөд үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн, гэрээнд заасан үндсэн төлбөр болох 600,000,000 төгрөг зөвхөн газрын үнэ болно. Гэрээгээр төлбөрийг бэлэн бус хэлбэрээр төлөхөөр заасан ч хариуцагч анх тохиролцсон нэг м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцон 307,69 м.кв талбайг өгөхгүй, харин одоогийн зах зээлийн ханшаар тооцож шилжүүлнэ гэдэг тул талууд тохиролцож чадаагүй болно. Иймд мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр 450,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн, 5 дугаар хороонд байрлах Ц ХХК-ийн эзэмшлийн орон сууцны зориулалттай 414 м.кв талбайг Ю  ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Мөн талууд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр эрх шилжүүлэгч Ц ХХК-ийн эзэмшилд буй Сүхбаатар дүүргийн, 5 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай 414 м.кв талбайг эрх хүлээн авагч Ю  ХХК 600,000,000 төгрөгөөр худалдан авах эрх шилжүүлэгч Ц ХХК дээрх газрыг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Эрх шилжүүлэн авагч Ю  ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөгийг Ц ХХК-д шилжүүлсэн. Улмаар гэрээ байгуулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн боловч Ц ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул талууд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт хэмээх гэрээг тус тус байгуулж нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон. Энэ гэрээний 1.1.1-т шилжүүлсэн 200,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эрх шилжүүлэн авагчид буцаан төлөх, 1.1.3-т 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр багтаан газрын эрхийг бүрэн шилжүүлэх, тухайн газар дээр баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан өгөхөө зөвшөөрч баталсан, мөн гэрээний 1.1.4-т хэрэв энэхүү гэрээний 1.1.3-т заасан үүргээ 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр багтаан хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үндсэн гэрээний 1.2.2-т заасан 307,69 м.кв талбайг шилжүүлэн авах эрхээсээ 100 хувь татгалзана хэмээн тохиролцсон. Мөн гэрээний 1.2-т эрх шилжүүлэгч үүргээ биелүүлж барилга баригдаж эхлэх тохиолдолд эрх шилжүүлэн авагч 1.1.1-д заасан буцаан авсан 50,000,000 төгрөгийг эрх шилжүүлэгчид буцаан өгч, хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ хэмээн тус тус тохиролцсон. Гэвч Ц ХХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар тохирсон хугацаанд гараагүй тул энэ гэрээний 1.1.4-т заасны дагуу шаардах эрхээ бүрэн алдсан. Талуудын байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 560 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх, хянавал хэсэгт хариуцагчийн дурдаад буй 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр болохыг дурдсан болно. Иймд Ц ХХК шаардах эрхээ бүрэн алдсан.

Гэрээгээр анхнаасаа архитектор төлөвлөлтийн даалгавар гаргахаар тохиролцсон байтал энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, талуудын хоорондох 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 1.1.3-т заасан хугацааг хэтрүүлсэн тул мөн гэрээний 1.1.4-т зааснаар шаардах эрхгүй болсон тул 600,000,000 төгрөг зөвхөн газрын үнэ гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн, хэрэгт баримтаар газар эзэмших эрхийг хугацаанд нь шилжүүлсэн баримт авагдсан ч тухайн газартай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байсан тул бодитоор газрыг эзэмших, ашиглах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю ХХК-аас 450,000,000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газрын эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөлтийн гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан дүгнэсэн үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00142 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 560 дугаар магадлалаар дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрх шийдвэр нь талуудын хооронд байгуулагдсан Төлбөр төлөлтийн гэрээнүүдийн зүйл заалт, болон гэрээний зүйл, шаардах эрхийн талаарх маргааныг шийдвэрлэсэн үйл баримт биш бөгөөд тус шийдвэрээр гэрээ хүчин төгөлдөр эсэх, цуцлах үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэсэн. Түүнчлэн, талууд дээрх шаардлагын хүрээнд маргалдахдаа гэрээний зүйл шаардах эрхийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газрын эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөлтийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжийг мөн төлбөрийг зарим хэсгийг 307,69 м.кв шилжүүлэхээр тохиролцсон нь арилжих гэрээний шинжийг тус тус агуулсан тул дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ц ХХК нь мөнгө төлбөр буюу 450,000,000 төгрөг шаардах эрхгүй юм.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн төлбөр төлөлтийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.1.3-т 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөрт багтаан газрын эрхийг бүрэн шилжүүлж, тухайн газар дээр баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан өгөхөөр хүлээн зөвшөөрч баталж байна гэж, 1.1.4-т хэрэв гэрээний 1.1.3-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 307,69 м.кв талбайн 50 хувийг шилжүүлэн авах эрхээс татгалзана. Хэрэв 1.1.3-т заасан үүрэг, амлалтаа 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөрт багтаан биелүүлээгүй тохиолдолд 307,69 м.кв талбайг шилжүүлэн авах эрхээсээ 100 хувь татгалзана гэж заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь архитектор төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөх үүргийг хугацаа хэтрүүлсэн тул шаардах эрхээ 100 хувь алдсан гэж маргасан бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээдэг. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхээ алдсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт ...талуудын хоорондох гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэ, төлсөн төлбөр, үүргийн хэрэгжилтийн байдлын талаар дахин дүгнэх шаардлагагүй... гэж дурдсан. Гэрээний үнэ 600,000,000 төгрөг, 150,000,000 төгрөг төлсөн гэдэгт талуудын хэн аль нь маргаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу тайлбарласан, зөрчигдсөн зүйл байхгүй. Талууд 307,69 м.кв талбай өгөх эсэх талаар олон удаа уулзалт хийсэн. Уг хэмжээний талбайг өгөх боломжгүй гэдэг тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Талбай өгөх боломжгүй, барилга нь баригдаагүй учраас мөнгө шаардсаныг буруутгах үндэслэлгүй. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн учраас гэрээний төлбөрийг төлөхгүй гэж маргадаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргахад Ц ХХК оролцоогүй. Барилгын тухай хуульд заасны дагуу захиалагч буюу Юу Би рийл эстэйт ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулах, батлуулах ажиллагааг явуулах ёстой. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргаж өгөөгүй гэж газар эзэмших эрхийн үнийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэв. Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй байна.

1.    Хэргийн үйл баримтын талаар.

1.а. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөрт багтаан газрын эрхийг бүрэн шилжүүлж, тухайн газарт баригдах барилгын архитектор төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул шаардах эрхээ алдсан ... гэж маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц ХХК нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, орон сууцны зориулалттай 414 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхээ Ю ХХК-д шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэгч авагч нь гэрээний төлбөрт 600,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, мөн талууд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн нэртэй гэрээг тус тус байгуулсан байна. (хх-ийн 9-13)

 

Зохигчид уг гэрээний 1.2.1-т зааснаар Талууд үндсэн гэрээг баталгаажуулсны дараа 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийг бэлэн мөнгөөр урьдчилгаа болгон өгнө гэж, 1.2.2-т зааснаар Эрх шилжүүлэгч нь шилжүүлэн өгч байгаа газрыг эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн, түүнийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ эрх шилжүүлэн авагчийн нэр дээр гарч, эрх шилжүүлэн авагч тус газар дээр орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлж, тэрхүү барилгын 2-6 дугаар давхарт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцнаас дотор засал хийгдээгүй 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцон 307,69 м.кв талбайг 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан холимог гэрээний харилцаа үүссэн байх тул тухайн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээний гүйцэтгэлтэй төсөөтэй арилжааны гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц ХХК нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, орон сууцны зориулалттай 414 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхээ Ю ХХК-д шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэгч авагч нь гэрээний төлбөрт 600,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн, хариуцагч нь гэрээний үнэд 150,000,000 төгрөг төлсөн байгаагаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

1.в. Ц ХХК нь Ю ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 16, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00142 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 560 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 26-34)

 

Уг шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаар захирамж гарч газар, эзэмших эрхийн гэрчилгээ 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ю ХХК-ийн нэр дээр гарсан, уг газар дээр орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан, Ю ХХК гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 600,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөг төлсөн талаар дүгнэсэн байна. (хх-ийн 29)

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөрт багтаан газрын эрхийг бүрэн шилжүүлж, тухайн газарт баригдах барилгын архитектор төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул шаардах эрхээ алдсан гэх тайлбар болон гомдол үндэслэлгүй болно. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний 1.2.2 дахь заалт буюу тухайн газарт баригдах барилгын 2-6 дугаар давхарт нийт 307.69 м.кв талбайг 1 м.кв-ыг 1,300,000 төгрөгөөр буюу 400,000,000 төгрөгт тооцон шилжүүлэх хариуцагчийн хүлээсэн үүрэг биелэгдээгүй, тухайлбал газарт барилга баригдаагүй, мөн 307.69 м.кв талбайг гэрээгээр тохирсон нөхцөлөөр нийлүүлэх боломжгүй талаар хариуцагч тайлбарласан байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас 450,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Ю ХХК-аас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 450,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/00125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН