| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/06460/И |
| Дугаар | 191/ШШ2025/08687 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/08687
2025 10 14 191/ШШ2025/08687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- *******,*******,******* тоотод байрлах, Х******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******,*******,******* тоот, Б******* ХХК-д холбогдох,
түрээсийн гэрээний үүрэг, ашиглалтын зардалд нийт 176,079,753 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Гэрч Б.Г, З.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Хануул дүүрэг, 15-р хороо МНтаур 325 м.кв талбайг өмчилдөг тул түрээслэх зорилгоор 2024-8-26-ны өдөр хариуцагч Б******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан, 232 м.кв талбайн сарын түрээсийн төлбөр 29,716,000 төгрөгөөр байхаар тохиролцож, менежментийн зардлыг тохирч 2024-9-27-н өдрөөс 2025-9-27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 2024-9-27-ны өдрөөс 2024-12-27-ны өдөр хүртэлх 3 сарын төлбөр 89,148,000 төгрөгийг шилжүүлж, 2025-2-3-ны өдөр 30,000,000 төгрөг төлөөд өнөөдрийг хүртэл түрээс болон ашиглалтын зардал төлөөгүй тул гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд хандсан. Түрээсийн төлбөр шаардсан 6 албан бичиг хэрэгт авагдсан байгаа, төлбөр төлөгдөөгүй тул 2025-6-2-нд гэрээг цуцалж, төлбөрийн талаар тооцоо нийлснээр 2025-6-02-ны өдөр оффисын талбайг хүлээж авсан. Түрээсийн талбайг хүлээж авахад хариуцагч нь 34,5 метрийн урттай тусгаарлагч хана хийсэн байсан, тухайн ханийг хариуцагч 3 сая төгрөгөөр үнэлсэн тул үүнийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон байгаа. Одоо 2024-12-27-ны өдрөөс 2025-6-2-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 113,444,300 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Гэрээний дагуу тооцсон алданги нь 2024-12-30-ны өдрөөс 2025-02-3-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 0,5 хувиар тооцож 34,916,300 төгрөг, 2025-02-4-ний өдрөөс 2025-6-2-ны өдрийг хүртэлх 143 хоногийн алданги 0,5 хувиар тооцож 18,475,600 төгрөг нэхэмжилж байгаа. Ашиглалтын зардал болох 8,022,58 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнд цахилгааны 2025-01-31-ний өдрөөс 2025-02-27-ны өдөр хүртэлх хугацааны зардал 92,923.97 төгрөг, 2025-02-27-ны өдрөөс 2025-03-31-ний өдрийг хүртэлх хугацааны зардал 107,172.96 төгрөг, 2025-03-31-ний өдрөөс 2025-04-30-ны өдрийг хүртэлх хугацааны зардал 674,227 төгрөг, 2025-04-30-ны өдрөөс 2025-5-30-ны өдрийг хүртэлх хугацааны зардал 78,317.15 төгрөг,
Эйр кондейшн, агаар салхилалт тоолуурын зардалд 2025-01-31-ны өдрөөс 2025-02-27-ны өдрийг хүртэлх хугацааны 253,511.11 төгрөг, 2025-02-27-ны өдрөөс 2025-3-31-ний өдрийг хүртэлх хугацааны 524,997.64 төгрөг, 2025-3-31-ны өдрөөс 2025-4-30-ны өдрийг хүртэлх хугацааны агаар салхилтын тоолуурын төлбөр нэхээгүй, 2025-4-30-ны өдрөөс 2025-5-31-ны өдрийг хүртэлх хугацааны агаар салхилтын тоолуурын зардалд 111,113.88 төгрөг, халуун хүйтэн усны 2025-01-31-ны өдрөөс 2025-02-27-ны өдрийг хүртэлх хугацааны зардал 10,666.60 төгрөг, дулааны зардал 202-01-31-ны өдрөөс 2025-02-27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 604,785 төгрөг, 2025-02-27-ны өдрөөс 2025-03-31-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөр 5400 төгрө, дулааны төлбөр 604,785 төгрөг, 2025-03-31-ний өдрөөс 2025-4-30-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөр 5400 төгрөг, дулааны төлбөр 604,785 төгрөг, 2025-4-30-ны өдрөөс 2025-5-31-ний өдрийг хүртэлх хугацааны зардал 19,438.88 төгрөг, дулааны зардал 302,392.6 төгрөг тус тус нэхэмжилж байгаа гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ байгуулсанд маргахгүй, 2024 оны 9-р сард 89 сая төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн, тухайн үед м.кв талбайг 92,000 төгрөөгөөр тохирсон, 2025 оны 2-р сард 30 сая төгрөг төлсөн байгаа. Төлбөр хийгдээгүй байгаад 2025-3-22-ны өдрөөс нэхэмжлэгч нь манай түрээсэлж байсан оффисын хаалганы кодыг сольсноор бид ажиллах боломжгүй байдалд хүрсэн, тухайн үед гадаадаас хүмүүс ирээд уулзалт хийх шаардлагатай байсан тул нэхэмжлэгч компанид 2 хоног ашиглах хүсэлт тавиад хоёр хоног оффисын өрөөг онгойлгож өгсөн, үүнээс хойш төлбөрийн маргаан үүссэн байгаа. Манай компани 2025-3-22-ны өдрөөс хойш тооцсон түрээсийн төлбөрийг алдангийн төлбөртэй нь хасаж өгөөч гэдэг байр суурьтай байгаа, энэ цаг хугацаанд бид тухайн өрөөг ашиглаагүй, бусад шаардлагыг зөвшөөрч байгаа, зардлыг төлнө, нэг сарын түрээсийн төлбөрийг хасаж тооцож, үүнд тооцсон алдангийн төлбөрийг хасуулах хүсэлттэй байгаа гэв.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, ,, байршилтай 645.93 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х******* ХХК бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-5/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Тийг нэг жилийн хугацаатай томилсон 2025-6-30-ны өдрийн 25/30 дугаартай итгэмжлэл /хх-6/, 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан 25/04 дугаартай түрээсийн гэрээ /хх-7-9/, Б******* ХХК-ний гэрчилгээний хуулбар /хх-10/, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан дугаартай түрээсийн гэрээ /хх-11-15/, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн оффисын талбай хүлээлцсэн протокол /хх-16/, Б******* ХХК-ний Х******* ХХК-д хаягласан 2025-4-22-ны өдрийн 25/14 дугаартай албан бичиг /хх-17/, Х******* ХХК-ний Б******* ХХК-д хаягласан 2025-4-14-ний өдрийн 25/18 дугаартай албан бичиг /хх-18/, 2025-04-01-ний өдрийн 25/14 дугаартай албан бичиг /хх-19, 23/, 2025-4-9-ний өдрийн 25/17 дугаартай албан бичиг /хх-20/, 2025-4-14-ний өдрийн 25/18 дугаартай албан бичиг /хх-21/, 2025-6-10-ны өдрийн 25/24 дугаартай албан бичиг /хх-22/, 2025-5-02-ний өдрийн 25/22 дугаартай албан бичиг /хх-24/, Х******* ХХК-ний нэхэмжлэх /хх-25, 30/, Б******* ХХК-ний тооцоо нэртэй хүснэгт /хх-26/, Х******* ХХК-ний дансны хуулга /хх-27-29/, Х******* ХХК-ний санхүү гэсэн тэмдэг дарсан тоолуурын заалт бүхий хүснэгт /хх-31-34/ зэрэг баримтуудыг гаргасан.
3б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-47, 64/, төлөөлөгчөөр Б.Э томилсон 2025-8-7-ны өдрийн 25/51 дугаартай итгэмжлэл /хх-48/, төлөөлөгчөөр Б.Б томилсон 2025-9-23-ны өдрийн итгэмжлэл /хх-63/ зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 113,444,300 төгрөг, алдангийн төлбөрт 54,613,394.5 төгрөг, ашиглалтын зардалд 8,022,058.39 төгрөг, нийт 176,079,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2024 оны 8 дугаар сарын 26, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулсан түрээсийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, түрээсийн объектын ашиглалтын зардлыг төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түрээсийн гэрээ байгуулсан, маргахгүй, 3 сарын түрээсийн төлбөр төлж, барьцаа төлбөрт нэг сарын түрээсийн төлбөр төлсөн, 2025-3-22-ны өдрөөс нэхэмжлэгч нь манай түрээсэлж байсан оффисын хаалганы кодыг сольсноор бид тухайн талбайг ажиллах боломжгүй байдалд хүрсэн тул нэг сарын түрээсийн төлбөрийг, нэг сард тооцсон алдангийн төлбөрийн хамт хасуулах хүсэлттэй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгчийн өмчлөлийн объект болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, -н 14 давхарт 323 м.кв оффисын талбайг түрээслүүлэх, түрээсийн объектын талбайг 323 м.кв-аар тооцох ба мкв үнэ 92,000 төгрөг, түрээсийн сарын төлбөр 29,716,000 төгрөг, түрээсийн төлбөрт менежментийн зардал орсон ба түрээсийн төлбөрийг нэхэмжлэлийн дагуу түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэх, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг 2024-9-15-ны өдөр түрээслүүлэгч талд төлөхөөр, түрээсийн эхлэх хугацааг 2024-9-27-ны өдрөөс 2025-9-27-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, түрээсийн засварын хугацаа гэрээний эхлэх хугацаа буюу 2024-8-27-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай байхаар талууд тохиролцсон байна /хх-11-15/.
Талууд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 25/04 дугаартай түрээсийн гэрээгээр түрээслүүлэгчийн өмчлөлийн объект болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, -н 14 давхарт 323 м.кв оффисын талбайг түрээслүүлэх, түрээсийн объектын талбайг 323 м.кв-аар тооцох ба мкв үнэ 80,000 төгрөг, түрээсийн сарын төлбөр 25,840,000 төгрөг, түрээсийн төлбөрт менежментийн зардал орсон ба сар бүрийн 10-ны дотор түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэх, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг түрээслүүлэгч талд төлөхөөр, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшиж буй талбай дээр хувилж тооцох ба уг талбайн төлбөр болох 12,000 төгрөгийг -н Бат Би Ди ХААБ ХХК-тай гэрээ байгуулан тусад нь төлнө, түрээсийн эхлэх хугацаа 2025-02-3-ны өдрөөс 2026-02-03-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байхаар талууд тохиролцсон байна /хх-7-9/.
Х******* ХХК-ний Тээвэр хөгжлийн банкны дугаартай дансанд 2024-9-27-ны өдөр 29,716,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга хэсэгт Б******* ХХК барьцаа төлбөр гэж бичигдсэн /хх-27/,
Хаан банкны дугаартай дансанд 2024-8-27-ны өдөр 80,000,000 төгрөг, 9,148,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга хэсэгт түрээсийн Б******* ХХ, үлдэгдэл Б******* ХХ гэж, 2025-02-03-ны өдөр 30,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга хэсэгт Б******* ХХ гэж бичигдсэн байна /хх-29, 28/.
Нийслэлийн , Стадион оргил /17011/, байршилтай 645.93 м.кв талбайтай, оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х******* ХХК бүртгэгдсэн байна /хх-5/.
Оффисын талбай хүлээлцсэн 2025-6-02-ны өдрийн протоколд Б******* ХХК-ийн ерөнхий менежер З.Х компанийхаа түрээслэсэн оффисын талбайг хүлээлгэн өгөхөөр ирсэн, ... Б******* ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5-р хороо, NM tower 14 давхарт хаягтай, 323 м2 оффисын талбайг түрээслэх тоот гэрээг манай Х******* ХХК-тай 2024-8-26-нд нэг жилийн хугацаагаар байгуулсан, ...гэрээг Б******* ХХК-ний саналаар 2025-6-02-ноор тасалбар болгож, оффисын талбайг хүлээн авлаа гэж бичигдэж Х******* ХХК-г төлөөлөн захирал Б.Ц, Б******* ХХК-г төлөөлөн ерөнхий менежер З.Х, оффис менежер З.А гэж гарын үсэг зурсан байна /хх-16/.
Б******* ХХК-ний 2025-4-22-ны өдрийн 25/14 дугаартай Х******* ХХК-нд хаягласан албан бичигт ...манай байгууллага татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаатай холбоотойгоор яаралтай бичиг баримын бүрдүүлэлт хийх, хариуцсан албан тушаалтнууд нь оффисын байранд ажиллах хэрэгцээ шаардлага үүссэн тул 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд оффисын байрыг нээж өгч ажиллах боломж бололцоогоор ханган бидний ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү. Манай компани нь оффисын үлдэгдэл түрээсийн төлбөр болон алдангийг түрээсийн гэрээнд заасны дагуу 2025-5-01-ний өдрийн дотор бүрэн барагдуулж, оффисын байрыг хүлээлгэн өгөх болно гэжээ, тухайн албан бичигт Ад хүсэлтийн дагуу шийдвэрлэе 2025-4-22 гээд гарын үсэг зурсан байна /хх-17/.
Х******* ХХК нь 2025-4-01-ний өдрийн 25/14 дугаартай, 2025-4-9-ний өдрийн 25/17 дугаартай, 2025-4-14-ний өдрийн 25/18 дугаартай, 2025-6-10-ны өдрийн 25/24 дугаартай албан бичгүүдийг Б******* ХХК-нд хаяглаж түрээсийн төлбөр төлүүлэхээр шаардлага хүргүүлсэн байна /хх-18-25/.
Х******* ХХК санхүү тэмдэг дарсан, гарын үсэг зурагдаагүй цахилгаан шат, агаар сэлгэлтийн тоолуурын заалт, халуун хүйтэн усны тоолуурын заалт, дулааны төлбөр гэж бичигдсэн хүснэгтийг гаргасан байна /хх-31-34/.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Г-с ...Х******* компанид нягтлан бодогч ажилтай, хариуцагчид удаа дараа шаардлага хүргүүлэхдээ Х гэдэг хүнтэй холбогдож хүргүүлж байсан, тэр хугацаанд захирлууд кодыг нь соль гэж хэлсэн, захирал нэг удаа ороход хариуцагч компанийн менежер Х гарч ирсэн байдаг, тэгээд төлбөр тооцоогоо хийгээгүй байж гэдэг асуудал гаргаад би Хтой уулзахад кодыг хэн ч солих боломжтой гэж хэлж байсан, манай компанийн хариуцагчийн оффисын хаалганы кодыг хэзээ сольсон талаар мэдэхгүй, эднийх түрээсийн оффист 2024 оны 10-р сараас хойш байрласан, 8-р сарын сүүлд гэрээ байгуулж 3 сарын төлбөрөө төлсөн байдаг, Х гэдэг хүнд төлбөрийн нэхэмжлэх өгдөг байсан, сүүлд Э гэдэг хүн ирж уулзаад тооцоо нийлсэн, хэдий үес энэ компани гарсан болохыг мэдэхгүй байна, мэйлээр нэхэмжлэхээ авна гэдэг байсан тул мэйлээр явуулж, менежер Хт хэлж байсан гэж,
гэрч З.А-с Х******* компанид оффис менежер ажилтай, Б******* ХХК 2025 он гарснаас хойш төлбөрөө хийгээгүй тул удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан, төлбөр мөнгөө төлөхгүй байсан тул би хаалганы кодыг нь сольсон, эднийхийг оруулахгүй байх үүрэг хүлээсэн боловч захирал нэг удаа орж ирээд 14-н давхар хаалга нээгдэж байна гэж хэлсэн, яваад очиход Х гэдэг залуу хүүхэдтэйгээ орсон байсан, яагаад код сольсон байхад орж байгаа юм гэхэд өөрөө сольсон гэж хэлсэн. Оффисын талбайд хэд хэдэн удаа Х орсон байсантай таарсан, энэ үйл явдал нь 2025 оны 4-р сард болж байгаа. Б******* ХХК-ний оффист хэдэн хүн ажилдаг байсныг мэдэхгүй, Х гэдэг ажилтныг харж байсан гэж тус тус мэдүүлсэн.
5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигч талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, -н 14 давхарт байрлах 323 м.кв оффисын талбайг хариуцагч түрээслэх, мкв үнэ 92,000 төгрөг, түрээсийн сарын төлбөр нь 29,716,000 төгрөг байхаар, уг төлбөрт менежментийн зардал орсон, түрээс эхлэх хугацааг 2024 оны 9-р сарын 27-ны өдөр байхаар харилцан тохиролцсон байна.
Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан 25/04 дугаартай түрээсийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, -н 14 давхарт 323 м.кв оффисын талбайг хариуцагч түрээслэх, мкв үнэ 80,000 төгрөг байх, түрээсийн сарын төлбөр 25,840,000 төгрөг, түрээсийн төлбөрт менежментийн зардал орсон, түрээсийн эхлэх хугацаа 2025-02-3-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байх, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшиж буй талбай дээр хувилж тооцох ба уг талбайн төлбөр болох 12,000 төгрөгийг -н Бат Би Ди ХААБ ХХК-тай гэрээ байгуулан тусад нь төлөх үүргийг түрээслэгч хариуцахаар талууд тохиролцсон байна.
Хариуцагч Б******* ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 29,716,000 төгрөгийг Х******* ХХК-нд барьцаа төлбөрт шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчаас түрээсийн төлбөрт 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 80,000,000 төгрөг, 9,148,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар тогтоогдож, талууд уг үйл баримтад маргаагүй /хх-27-29/.
Х******* ХХК-иас 2025 оны 4-р сарын 01-ний өдрийн 25/14 дугаартай албан бичгээр түрээсийн төлбөрөө төлөх, оффисын үйл ажиллагааг хааж, дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулахыг, 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн 25/17 дугаартай албан бичгээр түрээсийн төлбөр төлөөгүй, шаардлагыг удаа дараа хүргүүлээд хариу ирээгүй тул гэрээг цуцалж, дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулахыг, 2025 оны 4-р сарын 14-ний өдрийн 25/18 дугаартай албан бичгээр түрээсийн төлбөр болон алданги нийлсэн 172,326,960 төгрөгийг төлөхөөр тохиролцоонд хүрсэн, заасан хугацаандаа төлбөрийг шилжүүлэхийг, 2025 оны 6-р сарын 10-ны өдрийн 25/24 дугаартай албан бичигт оффисын талбайг протокол үйлдэн хүлээн авсан, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхэд хандахыг мэдэгдсэн мэдэгдэл албан бичгийг хариуцагч Б******* ХХК-нд хаяглаж хүргүүлсэн байна /хх-18-25/.
Хариуцагч тал шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн гэрээ байгуулсан болон түрээсийн төлбөр төлөөгүйд маргахгүй, түрээсийн төлбөрөөс суугаагүй хугацааны төлбөр, түүнд тооцсон алдангийн төлбөрийг хасуулах хүсэлттэй гэх тайлбарыг хуралдаанд гаргаж байна.
Зохигчдын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан 25/04 дугаартай гэрээний агуулгаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Хэргийн баримтаар талуудын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан дугаартай түрээсийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусаж, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 25/04 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан байх боловч оффисын талбай хүлээлцсэн протоколыг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь дээрх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
6. Түрээсийн төлбөрт шаардсан 113,444,300 төгрөгийн тухайд:
2024 оны 8-р сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний 4.3-т мкв талбайн үнийг 92,000 төгрөг, гэрээний 4.5-д түрээсийн сарын төлбөр 29,716,000 төгрөг, гэрээний 5.1-д түрээс эхлэх хугацааг 2024 оны 9-р сарын 27-ны өдөр байхаар тус тус тохиролцсон байх тул хариуцагч нь түрээс эхлэх 2024 оны 9-р сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацааны түрээсийн төлбөрт 89,148,000 төгрөгийг 2024 оны 8-р сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлж төлсөн байна /хх-29/.
Харин 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс дараагийн түрээсийн гэрээ байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 1 сар 5 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 34,668,665 /29,716,000:30=990,533х5хоног=4,952,665/ төгрөг байх бөгөөд хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдөр 30,000,000 төгрөг төлснийг дээрх дүнгээс хасаж тооцоход хариуцагч нь 2024 оны 8-р сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт 4,668,665 төгрөгийг төлөхөөр байна.
2025 оны 02-р сарын 3-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 4.3-т мкв талбайн үнийг 80,000 төгрөг, гэрээний 4.4-т түрээсийн сарын төлбөр 25,840,000 төгрөг, гэрээний 5.1-д түрээс эхлэх хугацааг 2025 оны 2-р сарын 3-ны өдөр байхаар тус тус тохиролцсон байх тул хариуцагч нь 2025 оны 02-р сарын 03-ны өдрөөс оффисын талбай хүлээлцсэн протокол үйлдсэн 2025 оны 6-р сарын 02-ны өдрийг хүртэлх 3 сар 27 хоногийн түрээсийн төлбөрт 100,775,991 төгрөг /323мквх80,000=25,840,000:30=861,333х3сар,27хоног/-ийг төлөх үүрэгтэй байна.
Талууд оффисын талбай хүлээлцсэн протоколыг 2025 оны 6-р сарын 2-ны өдөр үйлдсэн энэ талаар хариуцагч маргаагүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 2025 оны 4-р сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтдээ 2025 оны 5-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд оффисын байрыг нээж ажиллах бололцоогоор хангуулах тухай хүсэлтийг гаргасан байх тул 2025 оны 02-р сарын 3-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацааг 2025 оны 6-р сарын 2-ны өдрөөр тооцсон, хариуцагч тал энэхүү баримт, цаг хугацаанд маргаагүй.
Иймд хариуцагч 2025 оны 02-р сарын 3-ны өдрийн гэрээний үүрэгт 100,775,991 төгрөг төлөхөөр байх боловч түүний 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр барьцаа төлбөрт шилжүүлсэн 29,716,000 төгрөгийг дээрх төлбөрөөс хасаж тооцвол 2025 оны 02-р сарын 03-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 71,059,991 төгрөг, 2024 оны 8-р сарын 26-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,668,665 төгрөг, нийт 75,728,656 төгрөгийг хариуцагчаас түрээсийн төлбөрт гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,715,644 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Алдангид шаардсан 54,613,394.5 төгрөгийн тухайд:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.
Талуудын хооронд 2024 оны 8-р сарын 26-ны өдөр, 2025 оны 02-р сарын 03-ны өдөр тус тус байгуулагдсан түрээсийн гэрээний 4.8-д түрээслэгч түрээсийн төлбөрийн хугацааг нэхэмжлэх илгээсэн өдрийн ажлын 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж харилцан тохиролцсон байна.
Хариуцагч тал дээрх гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 4-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр, түүнд тооцсон алдангийн төлбөрийг хасуулах тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйд зохигчид маргаагүй, түрээсийн оффисын талбайг 2025-6-02-ны өдөр хүлээлцсэн байх тул хариуцагч тал түрээсийн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй бөгөөд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөх нэмэлт үүрэг байдаг онцлогтой. Тиймээс гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, буруутай тал болох хариуцагч нь алдангийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Хэргийн баримтаар хариуцагч нь 2024 оны 8-р сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт 89,148,000 төгрөгийг 2024 оны 8-р сарын 27-ны өдөр төлсөн буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх 3 сарын хугацааны төлбөрийг хугацаандаа төлсөн байх боловч 2024 оны 12-р сарын 28-ны өдрөөс 2025 оны 01-р сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны төлбөрийг гэрээний 4.8-д зааснаар нэхэмжлэх илгээсэн өдрийн ажлын 3 хоног буюу 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр байх боловч 2025 оны 02-р сарын 3-ны өдөр төлсөн тул 2 өдрийн алдангид 346,686 төгрөг /гүйцэтгээгүй үүрэг 34,668,665х05%173.343x2/-ийг төлөхөөр байна.
Харин 2025 оны 02-р сарын 03-ны өдрийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул оффисын талбайг хүлээлцсэн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 117 хоногоор алданги тооцоход /100,775,991х05%`503.880х117=58,953,960/ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтэрч байх тул түрээсийн төлбөрийн гүйцэтгээгүй нийт үүрэг 75,728,656 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 37,864,328 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс үлдэх 16,749,066.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Ашиглалтын зардалд шаардсан 8,022,058.39 төгрөгийн тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх дүнд цахилгаан, цэвэр бохир ус, дулаан, агаар сэлгэлтийн тоолуурын зардал багтсан гэж тайлбарлаж, хамаарах цаг хугацааг 2025 оны 01-р сараас 2025 оны 5-р сарын 31-ний өдөр гэж тодорхойлж, хэргийн 31-34-р талд авагдсан хүснэгт бүхий баримтыг дээрх зардлын дэлгэрэнгүй задаргаа тооцоо гэж зааж байх боловч тухайн баримтуудад Х******* ХХК санхүү гэсэн тэмдэг дарсан, тооцоог гаргасан гарын үсэг зурагдаагүй, тухайн хүснэгтэд байх зардлын тооцоог хариуцагч компани хариуцах үүрэгтэй болохыг нотолсон баримтгүй байна.
Талуудын 2024 оны 8-р сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 4.5-д түрээсийн төлбөрт менежментийн зардал орсон, гэрээний 4.6-д түрээсийн төлбөрт ус, цахилгаан, дулааны төлбөрүүд ороогүй бөгөөд түрээслэгч бүрэн хариуцна гэж, 2025 оны 02-р сарын 3-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 4.5-д түрээслэгч нь ашиглалтын зардал болох ус, цахилгаан, дулаан агааржуулалтын төлбөрүүдээ бүрэн хариуцна, Энэ төлбөрийг Бат Би Ди ХААБ ХХК-ний дансанд шилжүүлэх, гэрээний 4.3-т нийтийн эзэмшлийн талбайг эзэмшиж буй талбай дээр хувилж тооцох ба уг талбайн төлбөр болох 12,000 төгрөгийг Бат Би Ди ХААБ ХХК-тай гэрээ байгуулан тусад нь хийхээр талууд тохиролцсон байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь дээрх ашиглалтын зардлыг Бат Би Ди ХААБ ХХК-г төлөөлөн шаардах эрхтэй болох нь тухайн төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс төлсөн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн ашиглалтын зардалд шаардсан 8,022,058.39 төгрөгийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагчийн түрээсэлсэн 323 м.кв талбайд ногдох ашиглалтын зардлыг төлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ шаардлагад холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
9. Дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б******* ХХК-иас 2024 оны 8-р сарын 26, 2025 оны 02-р сарын 3-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 75,728,656 төгрөгийг, алдангийн төлбөрт 37,864,328 төгрөг, нийт 113,592,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 62,486,769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,038,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 725,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б******* ХХК /РД-/-с 113,592,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК /РД-/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 62,486,769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,038,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 725,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ