| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0084/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 172.2., 175.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Э.Б, Ж.Ж
Орчуулагч Б.Ө
Шүүгдэгч О.Н, Ж.З, Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах сум дундын прокурорын газрын прокуророос /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.М, /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О.Н, Ж.З нарт холбогдох эрүүгийн 201710010070 тоот хэргийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Х нэртэй эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд оршин суух, Д овогт О.Н,
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод төрсөн, эрэгтэй, анхан дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын Юү Чүан хороололд оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Хан-уул дүүрэгт түр оршин сууж байгаа, Ж.З,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 11 сарын 11-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ц.М,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Ж.З нь Ц.М, О.Н нартай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 03 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд зүйлсийг 06-85 ДГО улсын дугаартай автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн,
Шүүгдэгч Ц.М нь Ж.З, О.Н нартай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 03 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд зүйлсийг 06-85 ДГО улсын дугаартай автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн,
Шүүгдэгч О.Н нь Ж.З, Ц.М нартай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 03 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд зүйлсийг 06-85 ДГО улсын дугаартай автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Х нэртэй зочид буудлын ресторанд зүс таних О.Н гэгч ахаас ууттай, боодолтой зүйлсийг 300 юаниар аваад /тухайн үед дотор нь машины эд зүйл, 1-2 судар, тогосны өд байгаа гэж хэлсэн/ улсын хилээр гаргаж өгөхөөр болсон. Тэгээд би өөрийн танил дүү М-н 06-85 ДГО улсын дугаартай Хятад жийп маркийн автомашинд тэдгээр зүйлсийг нуугаад маргааш өдөр нь улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад тагнуулын алба хаагчдад баригдсан. Би О.Н-г сайн танихгүй, өмнө нь 1-2 удаа миний машинд суугаад Эрээн хотоос Замын-Үүд суманд орж ирсэн. Тэр үед би ахыг “наашаа цаашаа явбал надад хэлж байгаарай” гэж хэлээд утасны дугаараа өгчихсөн байсан юм. Тэрнээс би О.Н-с эд зүйлс аваад улсын хилээр нэвтрүүлж байсан удаа байхгүй. Хил гарсны дараа О.Н ахтай утсаар холбогдоод түүний хаана байгаа газар нь хүргэж өгөх ёстой байсан. О.Н надад өөрөө өгсөн бөгөөд тухайн үед Н-той хамт явж байгаа бололтой нэг Өвөрмонгол эрэгтэй байсан, гэхдээ би тэр хүнтэй огт юм яриагүй, надад ойртоогүй салсан. О.Н надад эд зүйлсээ өгөхдөө “энэ миний бараа байгаа юм аа, хил гаргаад өгвөл хэдэн төгрөг болох вэ” гэж надаас асуухаар нь “би сайн хэлж мэдэхгүй байна аа” гэхэд “гаргаад өгчихвөл очиж байгаад мөнгөө ярилцъя” гэж хэлсэн, тэгэхээр дээрх эд зүйлс нь О.Н-н эд зүйлс юм болов уу гэж бодсон гэв.
-Шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 сарын 15-ны өдөр миний хувиараа ажиллуулдаг Урт цагааны зүүн талд байдаг “Х” гэдэг нэртэй лангуун дээр Б гэх залуу Ж.З-д дамжуулаад өгөөрэй гэж хэлээд 1 ш судар, торон дотор хийсэн модон хайрцагтай эд зүйлсийг надад өгөөд явсан. Тэгэхээр нь би С-н утас руу залгаад “чамд хүн өнөөдөр манай дэлгүүр дээр юм авчирж өглөө, энийг чинь яах юм вэ” гэтэл “чи орой манай гэрт ирэхдээ аваад ирээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед өгсөн зүйлийг нь сонирхоогүй торыг нь задалж үзээгүй. Ингээд би 19 цагийн үед ажлаа дуусгаад С-н амьдардаг Хан-Уул дүүргийн Улаанбаатар сувиллын урд талд байрлах орон сууцны 3 давхарт оруулж өгсөн. Энэ явдлаас 2 хоногийн өмнө нь С бид хоёр Эрээн хот руу хамт гараад цааш Хөх хотоос хөөргөний чулуу аваад сийлбэр хийлгэхээр явъя гэж ярилцаж байсан бөгөөд 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 08 цагийн үед хот хооронд явдаг таксигаар Замын-Үүд рүү гарсан. Тэгэхэд С нөгөө надаас авсан зүйлээ барьчихсан хүнд өгнө гэж байсан. Ингээд бид 2 замдаа хоол унд идэнгээ Замын-Үүд сум руу тайван явсан ба өдөр 14-15 цагийн үед орж ирэхээр нь жолоочоос нь “хаана ямар цэвэрхэн буудал байна тэнд буулгачих” гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь Х нэртэй зочид буудлын гадаа ирээд “энэ буудал” гээд заахаар нь С бид 2 эхэлж ресторан руу орсон, гэтэл С намайг “утас руу залгаад энэ эд зүйлийг хүнд нь өгчихье, чи нэг яриад өгөөч” гэхээр нь өөрийнхөө утсаар залгасан чинь нэг эрэгтэй хүн утас авсан. Тэгэхээр нь би “та М гэж хүн мөн үү, мөн бол Замын-Үүд сумын Х зочид буудлын ресторанд ороод хүрээд ирэх үү, хотоос юм аваад ирчихсэн байна аа” гээд ярьтал “за, за одоо яваад очъё” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд С бид хоёр хүйтэн ундаа авч уугаад сууж байтал гаднаас зүс таних Эрээн рүү хүн тээвэрлэдэг жолооч залуу орж ирсэн, тухайн үед ресторан дотор бид хоёроос өөр хүн сууж байгаагүй бөгөөд М намайг хараад шууд ирэхээр нь гараараа даллаад дуудсан. Тэгсэн С М-д 300 юань өгөөд хотоос авчирсан эд зүйлээ өгч байсан ба миний хувьд М-г 300 юаниар Эрээн рүү ачаа барааг нь гаргаж өгөх гэж байгаа юм байна даа гэж дотроо бодсон. Үүний дараа М гээд залуу ачаа бараагаа аваад буудлаас гарахаар нь С бид хоёр ундаагаа ууж дуусгаад араас нь гараад 16 цагийн үед улсын хилээр гарсан. Ингээд БНХАУ-ын Эрээн хотын Өүлян нэртэй зочид буудалд нэг хоноод маргааш өдөр нь Хөх хот руу явах вагоны билетээ авах гээд Эрээн хотод амьдардаг, хувьдаа машинтай зүс таних Х гэх 40 орчим насны Өвөрмонгол залууг С утсаар дуудсан. Тэгээд удалгүй Х буудалд орж ирэхээр нь машинаар нь вокзал явах гэж байтал С намайг “нөгөө ачаа өгсөн залуу Эрээн рүү хэзээ орж ирэхийг нь асуугаадхаач” гэхээр нь сүлжээ ордог газарт очиж зогсоод М-н утас руу 2-3 удаа залгасан боловч утас нь дуудаад авахгүй байсан, тэгээд С бид хоёр Хөх хот руу явах 13 цагийн суудлын билет 2 хүнийхийг аваад буцаад сүлжээ ордог газарт очиж зогсоод М руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгсэн Х М-н хятад дугаарыг мэддэг бололтой өөрийнхөө хятад дугаараас залгасан чинь М утсаа авсан, гэтэл Х өөрөө утсаар ярихгүй “ах та ярь” гээд надад утсаа өгөхөөр нь би М-с “чи Эрээн рүү хэзээ гарч ирэх гэж байна аа, наад ачааг чинь авах хүмүүс нь хүлээгээд байгаа юм шиг байна” гэтэл “ахаа би Эрээн рүү өнөөдөр гарч чадахаа байлаа, манай аав Чойрт амьдарч байгаад нас барчихлаа, та буцаж орж ирээд юм аа авчхаж чадах уу” гэхээр нь “өө яасан харамсалтай юм болоо вэ, ах нь буцаад хил гарч чадахгүй нь ээ, Хөх хот руу явах билетээ авчихсан, Хөх хот руу одоо шууд явлаа, наад эд зүйлсээ наанаа найдвартай газар үлдээгээд явчихгүй юу даа” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би нөгөө хоёртоо учир байдлыг тайлбарлаад хэлсэн чинь Х гэнэт “одоо яах билээ, энэ лав нэг учир гарлаа шүү, би нэг жолоочоос асууж үзье” гэхээр нь С бид хоёр суудлын цагийг хүлээнгээ буцаад буудалдаа ирсэн. Ингээд 1 цагийн дараа Х С рүү утсаар залгаад “Монгол хил дээр машин баригдсан гэнээ, М байж магадгүй юм шиг байна” гэхээр нь би С-д санаа зовоод “яасан зөндөө үнэтэй юм байсан уу” гэтэл С “миний юм бишээ Х, Ө хоёрын юм байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С-д уурлаад “хүний бараа яах гэж авч явдаг юм бэ, баригдсан залуу чинь бид хоёрын ачаа бараа гээд гааль дээр хэлж байгаа шүү дээ, чи ч гайгүй Хятад хүн байна, харин би Монгол хүн учраас буцаад Монгол руугаа орохоор асуудал үүснэ” гэтэл “тэр хамаагүй ээ, бид хоёр ямар өөрсдөө бараа аваад явж байсан биш дээ, Х, Ө хоёр өөрсдөө учраа олох байлгүй дээ” гэсэн. Миний хувьд улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлье гэсэн ямар нэгэн зорилго, ашиг хонжоо хайсан зүйл байгаагүй ээ, Хятад найзыгаа хүнд юм өгүүлэх гэж байгаа юм байна гэж туслаад дээрх эд зүйлийн гадна талд бичигдсэн утасны дугаар руу яриад хэлсэн төдий зүйл болсон. Тэрнээс би М гээд залууг танихгүй, урьд нь нэг удаа машинд суугаад гарсан, С-г тэр залууд 300 юань өгөхөөр нь ингээд болчихдог юм болов уу гэж бодсон гэжээ. /2-р хх-ийн 88-90/
-Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.
-Шүүгдэгч Ж.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 дугаар сарын эхээр би БНХАУ-ын Хөх хотод байхдаа Х, Ө нартай хоолны газар уулзсан. Тэгсэн чинь Ө надад “би Улаанбаатар хотоос нэг судар авсан юм. Тэгээд чи байнга Улаанбаатар хот руу явдаг ш дээ, миний найз Б гэх хүн Н-д судар аваачиж өгнө. Тэрийг чи аваад Н-той хамт Замын-Үүдэд ирээд судар дээр бичсэн утасны дугаар руу залгаад тэр хүнд өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 03 сарын эхээр очоод Монголд 7-8 хоног болоод байж байхад Н надад хятад руу явах чухал ажил байна, тэгээд хоёулаа хамт явъя, надад орчуулга хийгээд өгөх хүн хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид хоёр ярилцаад Замын-Үүд рүү гарах өдрийн өмнөх орой Н надад “танайд модон хайрцаг болон 1 судрыг үлдээчихье, маргааш хамт явах юм чинь” гэж хэлээд манайд үлдээсэн. Тэгээд 2017 оны 03 сарын 16-ны өглөө 6-7 цагийн хооронд Замын-Үүд рүү явах жижиг машинд Н бид хоёр сууж яваад Замын-Үүдэд өдөр 14 цагийн үед ирсэн. Тэгээд Замын-Үүдэд ирчээд нэг буудалд ороод хоолны газарт нь орсон. Тэгээд хоолны газарт ороод Н судар дээр байсан утасны дугаар руу залгасан. Удалгүй нэг залу орж ирсэн. Тэгээд бид хоёрын сууж байсан ширээн дээр ирж суухаар нь би монгол хэл сайн мэдэхгүй болохоор ширээнээс босоод гарсан. Тэгээд гадаа зогсож байхад Н над руу залгаад “чамд мөнгө байгаа юу” гэж надаас асуухаар нь “надад 300 юань байна” гэсэн чинь Н “ороод ирээ” гэж хэлсэн. Тэгээд хоолны газарт буцаж ороод 300 юанийг Н-д өгөөд буцаад гарсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу хоолны газраас гараад явсны дараа Н гарч ирээд бид хоёр 15 цаг өнгөрч байхад Замын-Үүд боомт дээр ирээд Эрээнд очоод хоноод маргааш өдрийн 1 цаг 30 минутад Хөх хот руу явах галт тэргэнд сууж явсан. Тэгээд галт тэргээр явахаас өмнө нөгөө хоолны газарт орж ирсэн залуу залгаад “манай аав өнгөрчихлөө хүрч ирээд судар, модон хайрцгаа аваад яваа” гэж хэлсэн. Бид хоёр буцаад Монгол руу оролгүй галт тэргэндээ сууж цааш явсан. 1 судар байсан нь БНХАУ-ын Хөх хотод байдаг Ө гэх найзын маань юм. Модон хайрцаг нь Х гэх Өвөрмонгол хүнийх байгаа юм. Тэр модон хайрцаг дотор ямар нэгэн зүйл байгаагүй. Ө, Х гэх хүмүүсийн эд зүйлс нь 1 судар, 1 модон хайрцаг л байгаа. Харин үлдсэн эд зүйлс нь минийх ч биш, Ө, Х нарынх ч биш гэхээр Н-н эд зүйл, Н ажиллуулдаг дэлгүүрт иймэрхүү эртний эдлэл зөндөө байдаг. Би тэр модон хайрцгийг сэгсэрч үзсэн дотор нь ямар нэгэн эд зүйл байгаагүй. Би Ө, Х нар руу залгаад тухайн эд зүйлс нь хэнийх болохыг тайлбарлаад хэлээд өгөхийг хүсэхэд эхлээд холбогдож байгаад сүүлдээ вичатаа устгаад надтай холбогдохоо больцгоосон. Намайг Х буудлын гадаа зогсож байхад Н над руу залгаад “чамд мөнгө байна уу” гэж асуусан. Тэгээд би “300 юань байна” гэсэн чинь “ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би 300 юанийг Н-д өгөөд буцаад гарсан. Тэгэхээр Ц.М-д 300 юанийг Н өгсөн гэсэн үг юм. Би М-д 300 юань өөрөө өгсөн зүйл байхгүй гэжээ. /3-р хх-ийн 34-35/
-Шүүгдэгч Ж.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.
-Иргэний нэхэмжлэгч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны соёл, урлагийн газрын төлөөлөгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Монгол улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлсийг 2 жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох лицензийн дагуу улсын хилээр нэвтрүүлдэг, тухайн эд зүйлсийг арилжааны зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Энэ нь 2014 оны 05 сард батлагдсан мөн оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Ц.М, О.Н нар нь 6 ширхэг эд зүйл болох “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар нийт 6 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байна. Дээрх 6 ширхэг эд зүйлсийг улсын нэгдсэн санд бүртгүүлж, улсын хилээр түр нэвтрүүлэх лиценз авсны дараа үзэсгэлэнд оролцуулах, палеонтологи, археологийн судалгаа шинжилгээнд оруулах, сэргээн засварлах, язгуур зориулалтаар ашиглах зорилгоор хуулийн дагуу түр хугацаагаар нэвтрүүлэх ёстой байтал ямар нэгэн зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсэн байна. Мөн дээрх эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхдээ засгийн газраас батлагдсан Соёлын өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу зохих хадгалалт, хамгаалалт аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх ёстой байтал дээрх хүмүүс 6 ширхэг эд зүйлсийг улсын бүртгэлийн санд бүртгүүлэлгүй, улсын хилээр нэвтрүүлэх лиценз аваагүй байж тээврийн хэрэгсэлд нууж улсын хилээр нэвтрүүлсэн байна. Иймд дээрх хүмүүсийн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн 6 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг хил дээр саатуулж улсын хилээр гаргалгүй хамгаалсан байх тул хохирсон зүйл байхгүй харин эдгээр зүйлсийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлж өгнө үү. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 195-199/
-Иргэний нэхэмжлэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би 2016 оны 9-10 сарын хооронд З гэдэг залуугаас 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд машиныхаа гэрчилгээг нэр дээрээ солиулах гэсэн чинь 300.000 төгрөгийн торгуультай байсан юм. Тэгээд дараа больё доо гээд одоог хүртэл нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа юм. 2008 онд үйлдвэрлэгдсэн. 2008 оны 01 сард Монголд орж ирсэн Замын-Үүд Эрээний хооронд ачаа зөөдөг машин. Явах эд анги нь хэвийн. Гадна тал муу. ....2017 оны 06 сард машинаа хүлээн авсан гэжээ. /1-р хх-ийн 236-237, 3-р хх-ийн 162/
-Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Өнөөдөр өглөө найз Б-н хамт Сайншандаас 25-98 ДГО улсын дугаартай автобусаар 10 цагт ирсэн. Тэгээд 3-н хаалт руу очсон чинь М машинтайгаа Эрээн рүү гарах гээд зогсож байсан. Тэгээд Б М-тай уулзаад автобусаа вокзал дээр тавьчхаад хүрээд ирье гэсэн. Тэгээд автобус вокзал дээр тавьчхаад 3-н хаалт дээр очсон чинь М хил рүү орсон байсан. Тэгэхээр нь араас нь машинд сууж очоод М-н машинд суугаад Эрээн гарахаар болсон. Хил дээр очоод мэргэжлийн хяналт, гааль болон хилийн цэрэгт шалгуулаад штампаа даруулаад гарсан. М-н машинд Б, Т, М, би мөн нэг ах байсан. Тэгээд машинаа шалгуулаад би жолоочийн хажууд сууж байсан чинь машинд хамт сууж байсан танихгүй ах ууттай зүйл барьж ирээд хөлөн дундаа хийчих гэж байсан. Тэгээд бид явах гэж байсан чинь хүмүүс ирээд манай машиныг саатуулсан гэжээ. /1-р хх-ийн 241/
- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би Э-той Сайншандаас өглөө 7 цагт сум хоорондын зорчигч тээврийн автобустай гараад 10 цаг Замын-Үүдэд ирсэн. Тэгээд автобус маань 3-н хаалт дээр очиж эргээд Замын-Үүдийн вокзал руу явдаг. Яг эргэж байх үед Э “М явж байна” гэхээр нь би буугаад М-н машин руу очсон. Тэгээд “бид 2 урагшаа гарж материал авах гэсэн юм. Суугаад явчихъя” гэсэн чинь “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд Э вокзал дээр автобусаа тавиад би мөнгөө солиулчхаад 3-н хаалт дээр очсон чинь М хил рүү явсан байсан. Тэгээд нэг машинд суугаад араас нь очсон чинь хил рүү арай орох болоогүй очерлоод зогсож байсан. Тэгээд бид хоёр М-н машинд суусан. Машинд нь жолооны руль дээр М, түүний хажууд ах хүү, тэгээд хойд талд нь Т сууж байсан. Тэгээд бид хоёр нэмэгдэж суусан. Хил дээр очоод штампаа даруулахаар бид нар бууцгаасан. Тэгээд штампаа даруулчхаад гараад ирсэн чинь М “машинаа гааль, мэргэжлийн хяналтад шалгуулчихсан, нэг бичиг аваад тэгээд гарна” гэж байсан. Тэгээд Т машиныг нь урагшлуулах гэсэн чинь нэг хүн ирээд “зогс” гээд машиныг саатуулсан. Тэгээд бид нарыг машинаас буулгаад М-н машиныг шалгасан. Тэгсэн чинь машины багажаас 2 ширхэг урт хар өнгийн гялгар уутаар баглаж боосон зүйл гарч ирсэн. Дараа нь харсан чинь судар байсан. Дахиад өөр зүйлүүд гарч ирсэн байсан, тэд нарыг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 243/
- Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би тухайн өдөр өөрийн 67-42 ДГО улсын дугаартай автомашинд амортизатор болон кабелын утас авахаар Эрээн рүү гарахаар явж байсан. Тэгээд өглөө 9-10 цагийн хооронд М руу залгаад “урагшаа гарч байгаа юу? Хаана байна вэ?” гэж асуусан чинь “3-н хаалт дээр очерт байна. Хүн алга, хүрч ирээд суувал суу” гэж хэлсэн. Тэгэхээр нь явж очоод М-н жолоодож явсан цагаан өнгөтэй хятад жийп машинд суусан. Машинд суухад М жолооны ард, хажууд нь нэг залуу сууж байсан. Тэгээд гурвуулаа 3-н хаалтаар гарч 2-н хаалт дээр очерлож байтал М болон миний найз болох Э, түүний найз гээд намхан залуу ирсэн. Тэгээд тавуулаа болоод хил рүү ороод мэргэжлийн хяналтын шалгалтын шугам дээр зогсоод М үлдээд бид 4 буугаад зорчигчийн заал руу штампаа даруулахаар орсон. Тэгээд гаалиар шалгуулаад штампаа даруулаад хамгийн түрүүнд нь гараад ирсэн. М ч машинаа шалгуулаад дууссан байсан. Бид 4 машинд суугаад Эрээн рүү гарахад Монголын хилийн шалгалтаас гарах гэж байхад хүмүүс саатуулсан. Тэгээд цогцолборын урд байдаг шар барилгын урд очиж зогсоогоод бид нарыг буулгаад М-н машинд үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийж шашны эд зүйлс гарч ирж байсан. Машины арын сандлын доороос хоёр ширхэг хар уутаар ороосон дөрвөлжин хавтгай судар гач ирсэн. Тэгээд жолоочийн суудлын доод талаар хоёр ширхэг хар уутаар ороосон цөгц, зураг гарч ирсэн. Өөр утасны дугаар бичсэн жижиг хайрцаг, цагаан уутаар ороосон зураг гарч ирсэн байсан. Мөн нэг авдар гарч ирсэн, ууттай байсан. Тэр авдрыг ил авч явж байсан. Жолоочийн хажуу талын сандлын урд байсан. Ууттай авдар бол жолоочийн хажууд байсан. Тэгээд үзлэг хийгдээд судар, бурхан гаргаж ирсэн байсан. Нууж авч явсан байсан гэжээ. /1-р хх-ийн 247-248/
- Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 08 цагийн үед намайг М-н гэрт унтаж байхад М намайг сэрээгээд “ах одоо босоорой, хил гаръя” гэхээр нь нүүр гараа угаагаад хувцсаа өмсөөд гэрээс нь гарах гэж байтал орны хажуу талд байсан цэнхэр өнгийн гялгар ууттай дөрвөлжин хайрцгийг хар өнгийн гялгар уутаар ороосон 2 ширхэг хавтгай хэлбэртэй зүйлсийн хамт “аваад гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би эдгээр зүйлсийг бариад гэрээс нь гарсан чинь М гялгар уутаар ороосон хавтгай хэлбэртэй хоёр зүйлийг машиныхаа арын суудлын хонхорт хийгээд шалавчаа дээгүүр нь тавьсан. Тэгээд намайг “хайрцагтай зүйлээ аваад урд талын суудалдаа суучих” гэж хэлсэн. Ингээд бид 2 М-н ээжийнх нь гэрээр орж өглөөний хоолоо идээд замаараа 100 юань Т банкаар солиулаад 3-н хаалтан дээр очтол М-н найз гэх үл таних нэг залуу “хил гарчихъя” гээд замаас суусан. Тэгээд цааш яваад 2-н хаалтан дээр ирэхэд дахиад М-н найз гэх 2 үл таних залуу машинд суугаад “хил гаргаад өг” гэж гуйсан. Үүний дараа М тээврийн хэрэгслээ жолоодон мэргэжлийн хяналтын талбай дээр машинаа шалгуулах гэж байрлуулсан бөгөөд бид нар машинаас буугаад зорчигчийн хяналт шалгалтаар орох гэж байхад М намайг “та наад урдаа байгаа тортой зүйлээ рентгенээр аваад гарчих” гэхээр нь юу ч бодолгүй машинаас аваад рентген хаалгаар гаргаад цааш хил гарах гэж байтал тагнуулын ажилчдад саатуулагдсан. Миний хувьд М-н автомашинд байсан эд зүйлсийг юу гэдгийг огт мэдээгүй бөгөөд намайг рентген хаалгаар бариад гарчих гэхээр нь л бариад гарсан, тэрнээс би улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн зүйл байхгүй гэжээ. /2-р хх-ийн 187-188/
- Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би БНХАУ-ын Хөх хотод сурч байхад Ө гэх нэртэй Өвөрмонгол оюутан байдаг байсан. Бусад хүмүүсийг танихгүй. 2016 оны намар Ө Монгол улсад магистрт суралцангаа ирээд уулзаж байсан. Тэгээд 2017 оны 01.02-р сараас хойш утас нь холбогдохгүй буцаад явсан байх. “Х” нэртэй дэлгүүр хаана байдгийг мэднэ. Орж гардаг ямар шалтгаан байгаа гэвэл би судалгаа шинжилгээ хийдэг тул орж гардаг юм. Би тухайн дэлгүүрт ямар нэгэн эд зүйл өгсөн зүйл байхгүй. О.Н, Ж.З нартай уулзахад бэлэн, нүүрэлдэж байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний бие алт, мөнгө, шүр, сувд гэх мэт зүйл сонирхдоггүй харин өөрийн ажил мэргэжилтэй холбоотой судар сонирхож үздэг гэжээ. /2-р хх-ийн 184-186/
- Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би О.Н гэж хүнийг танина Урт цагаанд байдаг “Х” дэлгүүрт лангуу ажиллуулдаг юм. Би энэ хүнийг таньдаг болоод 6-7 жил болж байна. Хөөргөний наймаа хийж байгаад анх танилцаж байсан. БНХАУ-ын иргэн С гэдэг хүнийг танина. Энэ хүн Нарантуул зах дээрээс хуучин хөөрөг, шүр зэргийг сонирхоод яваад байдаг хятад хүн байна. Энэ хүнийг таньдаг болоод 5-6 жил болж байна. Х, Ө, М гэж хүмүүсийг танихгүй. Н хууль бус зүйл хийж байгаад баригдах юм бол намайг гэж хэлнэ гэж бодоод миний утасны дугаарыг бичсэн байх гэж бодож байна. Би Н гэж хүнд ямар нэгэн зүйл өгч байгаагүй. Эдгээр зүйлсийг би мэдэхгүй байна урьд нь харж байгаагүй зүйлс байна гэжээ. /2-р хх-ийн 202-203/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-104/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 105-109/
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115-119/
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 120-124/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 127-138/
-Шүүгдэгч Ц.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 162/
-06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 228-230/
-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 231/
-2017 оны 03 сарын 17-ны өдөр 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн баримт /1-р хх-ийн 234/
-Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны шинжээчийн 3 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 12-14/
-Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын 3 дугаартай тэмдэглэл /2-р хх-ийн 15-24/
- 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн шинжээчийн үнэлгээ /2-р хх-ийн 27/
-Утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 210-250, 3-р хх-ийн 1-5/
-Шүүгдэгч Ц.М-н урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 50, 60/
-2010 оны 116 тоот Шийтгэх тогтоол /3-р хх-ийн 53-59/
- Шүүгдэгч О.Н-н урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний үнэлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /3-р хх-ийн 69-71/
-Шүүгдэгч Ж.З урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Е серийн паспорт /3-р хх-ийн 76-77/
-Шүүгдэгч Ж.З-ны Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай баримт /3-р хх-ийн 79-84/
-Хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 166-167, 169/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор шүүгдэгч Ч.М-г шүүгдэгч Ж.З, О.Н нартай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 03 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд зүйлсийг 06-85 ДГО улсын дугаартай автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдэлд нь /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд зүйлсийг 06-85 ДГО улсын дугаартай автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг өөрөө хийсэн болох нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч байхаар хуульчилсан. Иймд шүүгдэгч Ц.М-г Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж дүгнэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.З, О.Н нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 03 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар нийт 6 ширхэг эд зүйлсийг шүүгдэгч Ц.М-д өгч, эдгээр эд зүйлсийг нууж хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт татан оруулсан,
Шүүгдэгч Ц.М нь шүүгдэгч Ж.З, О.Н нараас Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар нийт 6 ширхэг эд зүйлсийг авч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 03 сарын 17-ны өдөр 06-85 ДГО улсын дугаартай автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны соёл, урлагийн газрын төлөөлөгч Ч.Н-н “...Монгол улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлсийг 2 жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох лицензийн дагуу улсын хилээр нэвтрүүлдэг, тухайн эд зүйлсийг арилжааны зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Энэ нь 2014 оны 05 сард батлагдсан мөн оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Ц.М, О.Н нар нь 6 ширхэг эд зүйл болох “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байна” гэх мэдүүлэг, гэрч Ж.Г-н “...М намайг сэрээгээд “ах одоо босоорой, хил гаръя” гэхээр нь нүүр гараа угаагаад хувцсаа өмсөөд гэрээс нь гарах гэж байтал орны хажуу талд байсан цэнхэр өнгийн гялгар ууттай дөрвөлжин хайрцгийг хар өнгийн гялгар уутаар ороосон 2 ширхэг хавтгай хэлбэртэй зүйлсийн хамт “аваад гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би эдгээр зүйлсийг бариад гэрээс нь гарсан чинь М гялгар уутаар ороосон хавтгай хэлбэртэй хоёр зүйлийг машиныхаа арын суудлын хонхорт хийгээд шалавчаа дээгүүр нь тавьсан. Тэгээд намайг “хайрцагтай зүйлээ аваад урд талын суудалдаа суучих” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.М-н “...цогцолборын урд байдаг шар барилгын урд очиж зогсоогоод бид нарыг буулгаад М-н машинд үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийж шашны эд зүйлс гарч ирж байсан. Машины арын сандлын доороос хоёр ширхэг хар уутаар ороосон дөрвөлжин хавтгай судар гарч ирсэн. Тэгээд жолоочийн суудлын доод талаас хоёр ширхэг хар уутаар ороосон цөгц, зураг гарч ирсэн. Өөр утасны дугаар бичсэн жижиг хайрцаг, цагаан уутаар ороосон зураг гарч ирсэн байсан. Мөн нэг авдар гарч ирсэн, ууттай байсан. Тэр авдрыг ил авч явж байсан. Жолоочийн хажуу талын сандлын урд байсан. Ууттай авдар бол жолоочийн хажууд байсан. Тэгээд үзлэг хийгдээд судар, бурхан гаргаж ирсэн байсан. Нууж авч явсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...штампаа даруулчхаад гараад ирсэн чинь М “машинаа гааль, мэргэжлийн хяналтад шалгуулчихсан, нэг бичиг аваад тэгээд гарна” гэж байсан. Тэгээд Т машиныг нь урагшлуулах гэсэн чинь нэг хүн ирээд “зогс” гээд машиныг саатуулсан. Тэгээд бид нарыг машинаас буулгаад М-н машиныг шалгасан. Тэгсэн чинь машины багажаас 2 ширхэг урт хар өнгийн гялгар уутаар баглаж боосон зүйл гарч ирсэн. Дараа нь харсан чинь судар байсан. Дахиад өөр зүйлүүд гарч ирсэн байсан” гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-104/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 105-109/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг үйлдээгүй шүүгдэгч Ж.З-ны хүнд өгөх ёстой байсан эд зүйлсийг Замын-Үүдэд өгсөн гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Ж.З болон Ц.М-н мэдүүлэг, гэрч П.Б-н “Х нэртэй дэлгүүр хаана байдгийг мэднэ. Орж гардаг ямар шалтгаан байгаа гэвэл би судалгаа шинжилгээ хийдэг тул орж гардаг юм. Би тухайн дэлгүүрт ямар нэгэн эд зүйл өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 184-186/, гэрч П.Б-н “Би О.Н гэж хүнийг танина Урт цагаанд байдаг “Х” дэлгүүрт лангуу ажиллуулдаг юм. Би энэ хүнийг таньдаг болоод 6-7 жил болж байна. Хөөргөний наймаа хийж байгаад анх танилцаж байсан. БНХАУ-ын иргэн С гэдэг хүнийг танина. Энэ хүн Нарантуул зах дээрээс хуучин хөөрөг, шүр зэргийг сонирхоод яваад байдаг хятад хүн байна. Энэ хүнийг таньдаг болоод 5-6 жил болж байна. Х, Ө, М гэж хүмүүсийг танихгүй. Н хууль бус зүйл хийж байгаад баригдах юм бол намайг гэж хэлнэ гэж бодоод миний утсаны дугаарыг бичсэн байх гэж бодож байна. Би Н гэж хүнд ямар нэгэн зүйл өгч байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202-203/ зэргээр үгүйсгэгдэж байна. Түүнчлэн шүүгдэгч О.Н нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрийн буруутай үйлдлээс болж шүүгдэгч Ц.М-г гэмт хэрэгт холбогдуулсан гэж мэдүүлж байгаагаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.
Эд мөрийн баримтын хувьд:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар нийт 6 ширхэг эд зүйлс нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарагдаж байгаа нь Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны шинжээчийн 3 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 12-14/, түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын 3 дугаартай тэмдэглэл /2-р хх-ийн 15-24/-ээр, мөн Монгол улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлсийг 2 жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох лицензийн дагуу улсын хилээр нэвтрүүлдэг, түүнчлэн дээрх эд зүйлсийг арилжааны зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог болох нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан болох нь иргэний нэхэмжлэгч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны соёл, урлагийн газрын төлөөлөгч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарагдаж байгаа “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар нийт 6 ширхэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй байна. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй боловч эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн мөнгө бүхий металл аяга 8 ширхэг, голдоо нар, сар, чандмань дүрстэй дөрвөлжин хэлбэртэй металл 1 ширхэг, төмөр гуутай дотроо цэнхэр өнгийн бурхан 1 ширхэг, төмөр гуутай дотроо суваргатай зураг 1 ширхэг, Очирваань бурхан 1 ширхэг /суурь нь салдаг/, жижиг шар өнгийн цөгц 1 ширхэг, дөрвөн талдаа хээтэй том цөгц 1 ширхэг, жижиг металл сав 1 ширхэг /мөнгөлөг өнгөтэй тагтай/, хөөргөний иж бүрдэл 12 ширхэг эд зүйлсийн эзэмшигч нь тогтоогдохгүй байгаа учир улсын орлого болгох, видео бичлэг бүхий 2 ширхэг СД, 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн /1-р хх-ийн 234-д хавсаргадсан/ цагаан хуудас зэргийг тус тус хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Ц.М, О.Н, Ж.З нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ бусдын эзэмшлийн буюу иргэний нэхэмжлэгч Э.М-н өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь иргэний нэхэмжлэгчийн болон шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр /2-р хх-ийн 27/ үнэлэгдсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.М-д /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Д овогт О.Н, Ж.З, Б овогт Ц.М нарыг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан түүх соёлын дурсгалт зүйлсийг бүлэглэн улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол улсын /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар шүүгдэгч Ц.М-н 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар шүүгдэгч О.Н, Ж.З нарын 100.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хурааж, тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, О.Н, Ж.З нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх соёлын дурсгалт зүйлс болох “Тамганы хайрцаг”, “Богд Зонхов”, “Балданлхам бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, “Сундуй” гэх нэртэй 2 ширхэг судар нийт 6 ширхэг эд зүйлсийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд шилжүүлж,
-түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй мөнгө бүхий металл аяга 8 ширхэг, голдоо нар, сар, чандмань дүрстэй дөрвөлжин хэлбэртэй металл 1 ширхэг, төмөр гуутай дотроо цэнхэр өнгийн бурхан 1 ширхэг, төмөр гуутай дотроо суваргатай зураг 1 ширхэг, Очирваань бурхан 1 ширхэг /суурь нь салдаг/, жижиг шар өнгийн цөгц 1 ширхэг, дөрвөн талдаа хээтэй том цөгц 1 ширхэг, жижиг металл сав 1 ширхэг /мөнгөлөг өнгөтэй тагтай/, хөөргөний иж бүрдэл 12 ширхэг эд зүйлсийг улсын орлого болгож,
-видео бичлэг бүхий 2 ширхэг СД, тээврийн хэрэгслийн /1-р хх-ийн 234-д хавсаргадсан/ цагаан хуудас зэргийг тус тус хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, О.Н, Ж.З нараас тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
7. /2002/ Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч О.Н, Ж.З нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.М, О.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б