Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 93

 

 

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,

            Хохирогч: Х.Э,

            Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Х-ын Б-т холбогдох эрүүгийн 1835000000098 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 11ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаангом сумын “Аз” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 12-04 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЮ95031110, Б ургийн овогтой Х-ын Б.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Х.Э-ын дагзны баруун хэсгийн хуйханд үсний халцрал, хуйханд улайлт зэрэг гэмтлийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Шүүгдэгч Х.Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

           Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 05 дүгээр сарын 01-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт хохирогч Х.Э-ын толгойнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Э-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт : “ Би өөрийн нөхөр Б-ийн хамт Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байх манай аавын гэрт амьдардаг юм. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай найз Б цэргээс ирээд бид нар найзуудаараа тэмдэглэхээр болсон юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 01-ний орой Н-ийн гэрт Н, Н, Х, манай нөхөр Б, Н-ийн эхнэр С, Б бид нар цуглаад урд өдөр нь дэлгүүрээс авсан 750 грамм 2 шил архи, 0,5 грамм 1 шил архи, 2,5 литр 3 сав пиво авч ирээд хоол унд хийгээд идэж байтал Н-ийн аав, ээж нь хөдөөнөөс ирнэ гэхээр нь бид нар өөр газар луу явахаар болсон. Мөн тухайн үед жаахан хүүхдүүд байсан учир хүүхдүүдийн хажууд архи ууж хэрэггүй гэж ярилцаад эрэгтэйчүүд манай нөхрийн ажилуулдаг Аз автозасварын газар луу явсан юм. Манай нөхөр Б-ийн автозасварын газар луу Б, Н, Х, Б, Б, Б нар 21 цагийн орчим 3 шил архи, 2 пиво аваад явсан юм. Н-ийн гэрт С, Н бид гурав хүүхдүүдтэйгээ үлдээд байж байтал Н эрчүүд нөгөө засварын газраа байгаа болов уу? очиж үзье гэхээр нь С нөхөр Н рүү утсаар ярихад Н машинтайгаа ирээд бид гуравыг хүүхдүүдтэй аваад явсан. Н, С бид нар Н-ийн гэрт ууж байгаад үлдсэн 750 л нэг шил архийг хувааж уусан. Тэгээд бид нар засварын газар дээр ирэхэд эрчүүд бүгдээрээ байсан. Тэгээд бид нар архи пиво ууж байтал манай нөхөр Б согтсон шинжтэй байхаар нь би тэд нартай явахаа болиод нөхрөө аваад явна гэж бодоод үлдсэн юм. Автозасварын газар дээр Б, Б, Н бид нар үлдсэн юм. Б, Н, Б нар үлдсэн архиа ууж байхад нь би нөхрөө ямархуу байгааг нь мэдэхээр засварын газар луу ороход манай нөхөр Б нэлээн согтчихсон намайг хараад нөгөө эмэгтэйчүүдтэй хамт яагаад яваагүй юм, энд юу хийж байгаа юм гээд над руу уурлаад босоод иртэл Б, Н хоёр боль гээд татаад  суулгачихсан юм. Тухайн үед би хүүхдээ Б-ын машин дотор унтуулчихсан байсан учир засварын газраас гараад машин дотор ороод хүүхдээ хөхүүлчихээд дахин юу болж байгааг мэдэхээр засварын газар луу ороход манай нөхөр намайг хараад одоо хүртэл яваагүй байгаа юм уу?, чи яах гээд энд байгаад байгаа юм архи уух гээд байгаа юм уу? гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгж байгаад намайг засварын газраас гарахад Б миний араас ирээд миний толгой арын хэсгээс буюу баруун чихний ард талын үснээс баруун гараараа атгаад авсан. Тэгэхээр нь миний хуйх өвдөөд ёолоход Б, Н хоёр намайг салгахаар ирээд Б-ийг миний үснээс тавиулах гэхэд Б миний үснээс тавихгүй байсан ба тэгтэл Н, Б нар Б-ийг миний үс тавиулах гээд ноцолдож байтал Б миний үснээс атгасан чигээрээ татаад миний баруун чихний ард талын хэсэг үсийг зулгаагаад тасалчихсан. Тухайн үед миний толгойн хуйх хэсэг өвдөж би уйлсан юм. Тэгж байтал Н, Б нар эргэж ирээд намайг авч яваад манай гэрт хүргээд энэ явдлыг манай ээж мэдчихсэн юм. ...Манай нөхөр урд өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сард Аз нэртэй засварын газарт ажилласнаас  хойш бага багаар архи уугаад байдаг болсон. Яагаад архи уусныг асуухад машины будаг хийгээд хорыг нь тайлах гээд архи уусан гэж надад хэлж байсан. Түүнээс биш архи хэтрүүлэн хэрэглэж байсан удаагүй, мөн архи уусан үедээ намайг болон хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй болно. Одоо надад өвдөж зовиурлах зүйл байхгүй. Манай нөхөр Б надаас уучлалт гуйж надтай эвлэрсэн, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргээс болж би их зүйлийг ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, 

            гэрч Б.Б-ын  : “ Би 2018 оны 5 дугаар сарын 01-ний орой гэртээ байтал надруу 21 цагийн орчим манай найзууд болох Б, Н нар залгаад Б-ийн авто засвар дээр хүрээд ирээч Б цэргээс халагдаад ирчихлээ гэж хэлэхээр нь би Улаангом сумын 12-р багт байх Б-ийн авто засварын газар дээр очсон юм. Намайг тэнд очиход Н, Б, Б, Б нар байсан. Бид нар тэнд 3 шил архи, 3 том сав 2.5 л пиво хувааж уусан бөгөөд тэнд байж байтал шөнө 23 цагийн үед Н Б хоёрын эхнэр болох С, Э нар утсаар яриад дуудаад байсан тул бид нар очиж Э, С, Н нарыг хүүхдүүдтэй нь хамт аваад буцаад засварын газартаа ирсэн юм. Тэгээд архиа ууж байтал Э Б-ийг архи их ууж байна гээд уурлаад байсан. Э бид нарыг Б-ийн авто засварын газар архи ирж ууж байхад утсаар яриад байсан ба бид нарыг засварын газар дээрээ архи ууж байтал шөнө 00 цаг өнгөрсөн тул эмэгтэйчүүд хүүхдүүд явахаар болоод эхлээд Н, С нар хүүхдтэйгээ явчихсан тэгтэл Э тэнд хоцорчихсон байсан учир Б Э-ыг эмэгтэйчүүдтэй хамт явсангүй гэж Б, Э хоёр маргалдаад гражны гадна хэрэлдэж байгаад гэнэт Б Э-ын үснээс үсдээд авсан. Тэгтэл Э орилохоор нь Н бид хоёр салгаад авах хооронд Б, Э-ын үснээс зулгаад татчихсан юм. Тэгээд Э үснээс татаж зулгаалаа гэж орилоод уйлж байсан. Тэгээд би өөрөө нэлээн согтсон байсан учир Б-ийн машинд ороод унтчихсан юм. Б эхнэртэйгээ маргалдаад үсийг нь зулгааж байхад Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Б урд өмнө Э-тай хэрэлдэж маргалдаж байсныг хараагүй. Би Б-той 10 жилийн найзууд юм. Б-той найзлаад 8 жил болж байгаа ба тэрээр төлөв даруу, илүү дутуу зан аашгүйг залуу юм. Б нь амьдралын төлөө өөрийн чадах чинээгээрээ хөдөлмөрлөж байгаа залуу өөрөө хувийн засвар хөлсөлж ажиллуудаг бөгөөд мөн өөрөө хувийн Карина маркийн машинтай юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,      

            гэрч Ж.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед Э-ыг ямар шалтгаанаар үлдсэн эсэхийг нь мэдээгүй. Тэгээд бид нар пиво уугаад дуусаж байтал дахин Э бид нар дээр ирэхэд Б уурлаад “энд байсан эмэгтэйчүүд бүгдээрээ явчихсан байхад чи ганцаараа энд үлдлээ , архи уух дуртай байгаа юм уу? гээд Э-тай маргалдаж байгаад Э-ын дагзны хэсгийн үснээс гараараа барьж аваад татсан, тэгээд Э орилоход Б бид хоёр салгах гэхэд  Б эхнэрийнхээ үснээс тавихгүй байсан ба Б бид хоёр Э, Б хоёрыг салгах хооронд Б эхнэрийнхээ толгойн арын хэсгийн үснээс атгаж  татаад зулгаачихсан юм. Тэгтэл Э үс зулгааж тасаллаа гээд орилоод уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би Н-ийг дуудаж Э-ыг хүүхэдтэй нь өгч явуулсан юм. Б нь эхнэрийнхээ үснээс зулгааж татсанаас өөрөөр эхнэрээ зодож цохисон асуудал байхгүй болно. Би Б-той 5 дугаар ангиасаа эхэлж найзалж эхэлсэн бөгөөд бид хоёр хамтдаа 3 дугаар 10 жилд  сурдаг байсан. Б нь төлөв даруу, ноомой ямар нэгэн илүү дутуу зан аашгүй залуу юм. Б энэ жилээс Аз нэртэй засварын газарт орсон бөгөөд авто засварын газар ажилд ороод архи дарс бага хэмжээгээр хэрэглээд байх шиг байсан, гэхдээ архи уучихаад эхнэр хүүхдээ зодож байсныг нь би хараагүй, мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

            гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2018 оны 5 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчим намайг ажил дээр байтал манай найз С над руу утсаар яриад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход С-ийн гэрт манай найз Э хамт байсан ба намайг тэдний гэрт байтал Сийн нөхөр Н, Э-ын нөхөр Б нарын найз цэргээс ирсэн гээд  Б, Б, Н, Х нартай хамт ирээд хоол унд идэж ууж аваад Бийн автозасвар явна гээд явсан. Тэгээд шөнө 23 цагийн орчим С тэднийг хаана явж байгааг  мэдэхээр нөхөр Н рүү яриад эмэгтэйчүүд бас очмоор байна гэж хэлэхэд Н, Б, Б, Б нар ирээд С, Э бид нарыг аваад буцаж граж дээрээ очоод бид нар бүгдээрээ тэнд 1 том пиво, 2 шил архи уусан юм. Тэнд 1 цаг орчим болоод С “хүүхэд уйлж байна” гэхээр нь Б бид гэрт нь хүргэсэн.  Тэгээд  буцаад иртэл Б Э-ыг үснээс нь зулгаагаад үсийг  таслаад хаясан байсан. Тэгээд юу болсныг Э-аас асуухад “ Б намайг эмэгтэйчүүдтэй хамт явсангүй, чи дуртайдаа үлдсэн”  гэж хэлээд маргалдаад миний үснээс зулгааж тасалсан гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

            гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн : “.....тэндээ суугаад тэд нар архи пиво ууж байтал С-ийн хүүхэд нь уйлаад Н, Б, бид нар хүргэж өгөхөөр явсан. С-ийг хүргэж өгчихөөд Б-ийн авто засварын газар хүрээд иртэл Э уйлж суусан. Юу болсныг асуухад Э Б хоёр хоорондоо маргалдаад Э-ын үснээс Б татаад зулгаагаад хаячихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Н бид хоёр Э-ыг аваад явах гэтэл хүүхдээ Б-оос авч явна гэсэн. Гэтэл Б хүүхдээ машиндаа хийгээд цоожилсон. Тэгээд Н бид хоёр Э-ыг аваад гэрийнх нь гадна очиж тэр 2-ыг буулгачихаад би харьсан юм. ... Тухайн үед Э, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

            Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №329 дугаартай: “Иргэн Х.Э-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Дагзны баруун хэсгийн хуйханд үсний халцрал, хуйханд улайлт, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч Х.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт : “...Тэгээд үлдсэн архи пивоо Б, Н, Н, С, Э бид нар ууж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад эмэгтэйчүүд хүүхдүүдээ аваад гэртээ харихаар гарсан. Тухайн үед манай эхнэр Э бас тэд нартай явахаар гарсан. Тэд нарыг явуулчихаад Б, Н бид нар архиа уугаад сууж байтал манай эхнэр гаднаас ороод ирэхээр нь миний уур хүрээд “харанхуй шөнө болж байхад нялх хүүхдээ аваад явахгүй, яагаад үлдэж байгаа юм”  гээд эхнэр лүүгээ уурлаад босоход манай найз Н, Б нар боль гээд татаж суулгасан, тэр үед манай эхнэр Э гражаас гараад явчихаар нь би явж байгаа юм гэж бодсон. Гэтэл эхнэр хэсэг хугацааны дараа дахин ороод ирсэн ба явахгүй байгаад байхаар нь миний уур хүрээд эхнэртэйгээ маргалдаад бид дөрөв хамт гражны гадна гараад би эхнэртэйгээ маргалдаж байгаад дөхөж очоод эхнэрийнхээ баруун талын чихний арын хэсгийн үснээс баруун гараараа татаад автал манай эхнэр орилоход манай найз Б, Н хоёр миний гарыг тавиулах гэж надтай ноцолдож байх хооронд би эхнэрийнхээ үсийг татаад зулгаачихсан юм. Тэгтэл манай эхнэр орилоод уйлаад байсан ба энэ үед Б, Н нар машинтай ирээд манай эхнэрийг аваад явсан юм. Х.Э-ын үсийг ямар шалтгаанаар татсан бэ гэвэл тухайн үед эмэгтэйчүүдтэй хамт яваагүй, мөн нялх хүүхэдтэй байж явахгүй байгаад байхаар нь миний уур хүрээд эхнэр Э-тай маргалдаж байгаад үснээс татсан. Би урд өмнө өөрийн эхнэр Э-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Харин гэр бүлийн асуудлаас болоод маргаан гарч байсан нь үнэн. Би өөрийн эхнэр Э-аас уучлалт гуйж эвлэрсэн тул Э надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний шөнө хохирогч Х.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтлийг шүүгдэгч Х.Б хохирогчтой маргалдах явцдаа учруулсан талаар хохирогч Х.Э, гэрч Б.Б, Ж.Н нар мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Х.Э, шүүгдэгч Х.Б нар гэр бүлийн гишүүд буюу эхнэр нөхөр болох нь хэрэгт авагдсан  хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / № 108/001606/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байх боловч  түүний үйлдэл нь байнгын давтагдсан шинжтэй биш, өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжгүй байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж дүгнэв.       

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                

Хохирогч Х.Э-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн нэхэмжлэх зйүл, гомдолгүй талаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан хүсэлт / нотариатаар гэрчлүүлсэн гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

2. Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б-ийн зан байдлын талаар гэрч Д.Б-ийн “ Манай хүргэн Б 3 жилийн өмнө манай охин Этай танилцаж манай гэрт 3 жил амьдарч байна. Манай гэрт амьдарч байхдаа архи дарс уудаггүй, эхнэр хүүхдээ зоддоггүй хүүхэд байсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сараас хойш ааш зан нь хувираад байх шиг санагдсан. Гэхдээ манай гэрт байсан хугацаандаа эхнэрээ зодож байгаагүй юм. Манай хүргэн Б нь авто засварын газар түрээслүүлж ажиллаж байгаа . Манай охин Э нарийн боовны цехэд хэвлэгч хийдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч Л.Б-ийн “Б-ийн гэр манай гэр хоёр нэг хашаанд амьдарч байгаа. Бага наснаасаа аав ээжийн гар дээр хүмүүжсэн, айлын 4 хүүхдийн 2 дахь хүүхэд бөгөөд улмаар сургуульд орж 2011 онд Цогцолбор 1-р сургуулийн 9-р анги төгссөн. Б нь төлөв даруу, ухаантай, ажилсаг, ажилд сэтгэлээсээ ханддаг, юмын хийж бүтээе гэсэн сэтгэлгээтэй хүүхэд юм. Б нь техникийн талдаа эв дүүтэй залуу юм. Б нь 2015 онд Э гэдэг охинтой танилцаад улмаар хамт амьдарч байгаа бөгөөд 2017 онд нэг хүүхэдтэй болсон. Б нь урд нь барилгын компанид ажиллаж байгаад 2018 оны өвлөөс эхэлж авто засварын газар түрээслэн ажиллаж байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р талд/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдал болон улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                    

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1. Шүүгдэгч Б ургийн овогтой Х-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

        4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ,

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН