| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2238000000641 |
| Дугаар | 2024/ДШМ/59 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ДШМ/59
2024 11 13 2024/ДШМ/59
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Э/цахим/,
Яллагдагч: Б.М,
Яллагдагч Б.Мын өмгөөлөгч: Ц.Г /цахим/, Д.Б, Л.Б /цахим/,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/646 дугаар захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурор Ц.Аын гаргасан эсэргүүцлээр Б.М, Д.Т нарт холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Ц овогт Бийн М, 00 оны 00 дугаар сарын 000-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн М сумын 00 дугаар багийн 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЭ0000/.
2.Монгол Улсын иргэн, Ш овогт Дийн Т, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 00, эхнэр, 00 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн М сумын 00 дугаар баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар: РГ00/.
Яллагдагч Б.М нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 00 дугаартай хэрэгт гэрч Д.Нын өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Үлэмж” төвд байрлах өөрийн ажлын байрандаа тус хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчоор тогтоогдсон Д.Мг хэргийн үйл баримтын талаар “...Нт мөнгө аваачиж өгөөд авахгүй болохоор нь буцаагаад аваад явсан, тэр мөнгөө ойн хандивт өгөх гэж байсан юм...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
мөн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 000 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Бийн өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2022 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Ц.Бийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.Мг хэргийн үйл баримтаар талаар “...эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
мөн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Э.Мн биед учирсан гэмтлийг тодорхойлсон дүгнэлтэд нэмэлт шинжээч томилуулах” хүсэлтийг мөрдөгчид буюу хууль сахиулагчид гаргаж, хүсэлтдээ Э.Мн эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуурамч гэдгийг мэдсээр байж нотлох баримтаар Д.Тоор дамжуулан хавсаргуулан өгч, эрүүгийн 000 дугаартай хэрэгт хавсаргуулж, хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан,
Яллагдагч Д.Т нь 2022 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 000 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Бийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.Мг хэргийн үйл баримтаар талаар “...эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
мөн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Э.Мн биед учирсан гэмтлийг тодорхойлсон дүгнэлтэд нэмэлт шинжээч томилуулах талаар” хүсэлтийг Б.М нь мөрдөгчид буюу хууль сахиулагчид гаргаж, хүсэлтдээ Э.Мн эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картыг нотлох баримтаар хавсарган өгснийг хуурамч гэдгийг мэдсээр байж аваачиж өгч, эрүүгийн 000 дугаартай хэрэгт хавсаргуулж, хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/646 дугаар захирамжаар яллагдагч Б.М, Д.Т нарт холбогдох эрүүгийн 000дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Б.М, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 000дугаартай хэрэг дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын Дээд шатны прокурор Ц.А эсэргүүцэлдээ: “...Хэргийг буцааж шийдвэрлэсэн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Захирамжийн тодорхойлох хэсэгт:“...Яллагдагч Б.М, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагч Б.Мын ажлын компьютерт үзлэг хийх ажиллагаа явуулахдаа мэргэжлийн түвшинд хийсэн эсэх нь эргэлзээтэй байна...” гэсэн ба шүүх ямар нотлох баримтад үндэслэн мөрдөгчийн үзлэг хийх ажиллагааг мэргэжлийн түвшинд хийгдээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцэхгүй байна.
Яллагдагч Б.Мын эзэмшлийн компьютерт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хийсэн ба шүүхээс тус ажиллагааг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа дурдаагүй байна.
2.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан ба яллагдагч Б.Мыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2000 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Бтийн өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2022 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Ц.Бтийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх зорилгоор тус хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.Мг хэргийн үйл баримтын талаар мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэсэн нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхойгүй, мөн учруулсан хохирол, хор уршиг тодорхойгүй байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр хэрэг 2022 оны 8 дугаар сард үйлдэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг нарийвчлан тогтоох боломжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хугацаа тоолох үндэслэлээр гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 2022 оны 8 дугаар сар гэж тогтоосон болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг нь гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан эсхүл өгүүлсэн шууд санаатай, идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг атал шүүхээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тодорхойгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.
З.“Эрүүгийн 000дугаартай хэрэгт Б.Мг хохирогчоор тогтоосон боловч хохирогчоор тогтоосон тогтоол хэрэгт авагдаагүй. Харин эрүүгийн 000 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоосон тогтоол авагдсаныг энэ хэрэгт шууд хохирогч мэтээр оруулж ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт нь тодорхой, ойлгомжтой байх гэсэн заалтуудыг зөрчсөн, Д.М нь 1 хх-н 62, 63, 81, 84 хуудаснуудад мэдүүлэг өгсөн байх боловч эрүүгийн 000дугаартай хэрэгт мэдүүлэг өгсөн эсэх, эрүүгийн 000 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон учраас мэдүүлэг өгсөн эсэх нь тодорхойгүй байна” гэжээ.
Эрүүгийн 000дугаартай хэрэгт Д.Мг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан ба түүнийг бүртгэлийн 1010 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор тогтоож, мөрдөгчөөс тогтоол гарсан энэ талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд байгаа атал шүүхээс огт тогтоол байхгүй мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ. Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 646 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийг буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Яллагдагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, ...надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шалгаагүй, хавтаст хэргийн бүрдэл дутуу, нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн 000дугаартай хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... миний үйлчлүүлэгч “Э.Мг ...зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэх гэмт хэргийг 8 дугаар сарын хэдний өдөр, хаана, яаж үйлдсэнийг тогтоогоогүй, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд компьютерт тусгай мэргэжлийн хүнээр үзлэг хийлгэх шаардлагатай учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Яллагдагч Б.М нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 000дугаартай хэрэгт гэрч Д.Нын өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Үлэмж” төвд байрлах өөрийн ажлын байрандаа тус хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчоор тогтоогдсон Д.Мг хэргийн үйл баримтын талаар “...Нт мөнгө аваачиж өгөөд авахгүй болохоор нь буцаагаад аваад явсан, тэр мөнгөө ойн хандивт өгөх гэж байсан юм...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 000 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Бийн өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2022 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Ц.Бийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.Мг хэргийн үйл баримтаар талаар “...эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, мөн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Э.Мн биед учирсан гэмтлийг тодорхойлсон дүгнэлтэд нэмэлт шинжээч томилуулах” хүсэлтийг мөрдөгчид буюу хууль сахиулагчид гаргаж, хүсэлтдээ Э.Мн эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуурамч гэдгийг мэдсээр байж нотлох баримтаар Д.Тоор дамжуулан хавсаргуулан өгч, эрүүгийн 000 дугаартай хэрэгт хавсаргуулж, хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан,
Яллагдагч Д.Т нь 2022 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 000 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Бийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.Мг хэргийн үйл баримтаар талаар “...эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Э.Мн биед учирсан гэмтлийг тодорхойлсон дүгнэлтэд нэмэлт шинжээч томилуулах талаар” хүсэлтийг Б.М нь мөрдөгчид буюу хууль сахиулагчид гаргаж, хүсэлтдээ Э.Мн эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картыг нотлох баримтаар хавсарган өгснийг хуурамч гэдгийг мэдсээр байж аваачиж өгч, эрүүгийн 000 дугаартай хэрэгт хавсаргуулж, хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үнэлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахих” үүрэгтэй.
Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдал, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоох учиртай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй байна. Тодруулбал,
1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Мын “Э.Мг ...зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэх гэмт хэргийг 8 дугаар сарын хэдний өдөр, хаана, яаж үйлдсэнийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэх үндэслэл болно.
Нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул дээрх байдлыг заавал тогтоох шаардлагатай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоолох журмыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” ойлгохоор тодорхой заасан. Иймд дээрх зохицуулалтаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
3.Яллагдагч Б.Мыг Д.М, Э.М нарыг, яллагдагч Д.Тыг Э.Мг “...зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл хэрэгт Д.М, Э.М нарын эрүүгийн өөр өөр дугаар бүхий хэрэгт хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгснийг нотлох баримт авагдсан байх ба харин яллагдагч нарт холбогдох эрүүгийн 000дугаар хэргийн хувьд тэдгээр нь ямар оролцогч /гэрч, хохирогч аль нь/ болох нь тодорхойгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
4.Прокурорын зөвшөөрлөөр яллагдагч Б.Мын ажлын компьютерт үзлэг хийх ажиллагаа явуулахдаа компьютерийн мэдээлэл хадгалж болох хэсэг бүрт үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй байх ба энэ талаар үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн “...үзлэг хийх ажиллагаа явуулахдаа мэргэжлийн түвшинд хийсэн эсэх нь эргэлзээтэй” гэсэн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/646 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ