Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 226/МА2022/00012

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26-ны өдөр            226/МА2022/00012                                   Хэрлэн сум

 

 

 

 

“Х” ХХК-ийн

БӨТТийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.Б-, Б.Э- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00012/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, Х.Т-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 157/ШШ2022/00015 дугаар шийдвэртэй “Х“ ХХК-ийн БӨТТийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-, Б.Э- нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 34.628.55985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ы гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Э.Ө-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Б- нь “Х” ХХК-ийн БӨТТөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1430012755 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч Ч.Б-ийн “Х” ХХК дахь дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 37.182.99967 төгрөг, зээлийн хүүд 29.041.94982 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9.34882 төгрөг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийг төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 81 хоног хугацаа хэтрүүлээд байна. “Х” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430012755 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 31.567.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүү 2.210.54785 төгрөг, нийт 33.777.54785 төгрөгийг зээлдэгч Ч.Б-, хамтран зээлдэгч Б.Э- нараас гаргуулж өгнө үү,

2. Зээлдэгч нар нь сайн дураараа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Э.Ө- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 41 хоногийн хугацааны зээлийн хүү 851.012 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Банк зээлдэгч нарын хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх арилжааны банкнуудтай адилхан зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараар 3 удаа чөлөөлж, энэ хугацаанд зөвхөн хүү төлүүлэх байдлаар шийдвэрлэж өгч байсан. Ингээд зээлийн хүүний төлөлтүүд хуримтлагдаж зээлдэгч Ч.Б- нь банкны барьцаанд байсан машиныг чөлөөлүүлж 30.000.000 төгрөгөөр худалдан борлуулж зээл төлсөн ба зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар буюу 12.500.000 төгрөгийн зээлийн хүү төлөгдөж, үлдсэн 17.500.000 төгрөг нь үндсэн зээлэнд төлөгдсөн. Зээлийн барьцаанд зээлдэгч нар нь хоёр орон сууц барьцаалсан. Зээлээ сайн дураараа төлөхгүй тохиолдолд эдгээр барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Б-, Б.Э- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. “Х“ ХХК-ийн БӨТТөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай автомашин худалдан авах зорилгоор авсан. Зээлийн гэрээний зориулалтын дагуу БНХАУ-аас LBZF56JBOEA018652 тоот арлын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн “BEIBEN ND33140” маркийн том оврын автомашиныг Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Төмрийн хүдрийн уурхайгаас хүдэр зөөх зориулалтаар авсан. Уг машиныг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичилтийн боомтоор оруулж 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн зээлийг 2020 оны 02 дугаар сар хүртэл хэвийн төлсөн бөгөөд 41.250.000 төгрөгийн зээл үлдэх үед машины мотор цохиж цаашид ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул Говьсүмбэр аймаг дахь “Пе” ХХК-иар засвар хийлгэсэн бөгөөд засварын үнэ 6.000.000 төгрөг болсон. Уг машиныг “Х” ХХК доторх “Т” даатгалд гэнэтийн осол аюулаас сэргийлж даатгуулсан ба даатгалын төлбөр гаргах боломжгүй байсан тул банктай тухайн зээлийн үлдэгдлийг хааж нэмж зээл хийх тохиролцоонд хүрч 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийг шилжүүлж машинаа авсан. Тухайн үед улс, орон даяар “Ковид-19” өвчний улмаас хил гааль болон дотоод тээврийн ажлууд бүрэн зогссон тул орлого тасалдаж санхүүгийн хүндрэлд орсон. Гэвч тухайн зээлийн хүү болон үндсэн төлөлтийг боломжоороо төлж нийт 66.225.000 төгрөг төлсөн нь тухайн зээлийг бүрэн төлсөн гэх үндэслэлтэй юм.

2. Уг зээлийг төлөгдсөн гэж үзэж байна. Учир нь барьцаанд байсан машиныг худалдаж 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкнаас 30.000.000 төгрөг шилжүүлж зээлийг хаасан.

3. “Ковид-19” цар тахлаас хамаараад үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Тухайн нөхцөл байдал илэрхий болсноос хойш хүү тооцох ёсгүй байсан ба нэмэлт гэрээ хийж хугацаа сунгах замаар хугацааны эцсийн нийт хүүг төлбөр дээр нэмж төлбөр хийх бүрт төлүүлж байсан нь хүүгийн хуримтлалыг бий болгосон. 2024 онд дуусах зээлийн хуримтлагдсан хүүг нэхэмжилж байгаа тул төлөх боломжгүй.

4. Хамтран зээлдэгчийг чөлөөлж ХААН банкнаас цалингийн зээл авахыг удаа дараа санал болгосон боловч зөвшөөрөөгүй. Автомашинаа зарж өөр орлогогүй, ажилгүй болсон нь хуримтлагдсан хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд дэлхий даяар гарсан “Ковид-19” цар тахал нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, хөл хорионы онцгой үе байсныг үндэслэн Монгол Улсад мөрдөгдөж буй Ковидын тухай хууль /дахин сунгасан/ бусад төр засгийн тогтоолыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 157/ШШ2022/00015 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 463 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 34.628.55985 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн БӨТТд олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн БӨТТөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351.812 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Б-, Б.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 351.812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг дараах үндэслэлээр хангаагүй байна. Үүнд:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус баримтална” гэж тус тус заасан байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгүүлэх мэдүүлэг гаргах, мэдүүлгэнд хавсаргах баримтын талаар, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд бүртгүүлэх гэж буй барьцааны гэрээний агуулгын талаар тус тус зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ гэрээ болон мэдүүлэг нь хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шалган баталгаажуулсны үндсэн дээр уг эрхийг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар тэмдгийг гэрээний хуудас бүр дээр дарах, эсхүл яг барьцаалж буй хөрөнгийн мэдээллийг агуулж буй гэрээний хэсэг дээр дарах эсэх нь улсын бүртгэлийн эрх  хэмжээний асуудал юм.

Банкны хувьд 1430012755-01 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд тухайн гэрээний салшгүй хэсэг болох талуудын гарын үсэг, тэмдэг дарсан гэрээний хавсралтад барьцаалж буй хөрөнгийн мэдээлэл, байршил, гэрчилгээний дугаар, эрхийн улсын бүртгэлийн дугаар, талбайн хэмжээ, үнэлгээ зэрэг мэдээллийг агуулсан хэсэгт улсын бүртгэгч тэмдэг дарсан нь уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “хуульд заасан эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж, мэдүүлэг гаргагчид буцаана” гэж заасныг үндэслэн банкийг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 6.5-д “гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасныг үл харгалзан гэрээний хавсралт нь гэрээ биш мэтээр тайлбарлан гэрээнд биш, гэрээний хавсралтад л улсын бүртгэгчийн дарагдсан тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн БӨТТ хариуцагч Ч.Б-, Б.Э- нарт холбогдуулан “үндсэн зээлийн төлбөрт 31567000, зээлийн хүүд 2210547, нийт 33777547 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч.Б-, Б.Э- нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Зээлийн хүү болон үндсэн төлбөрт нийт 66.225.000 төгрөгийг төлсөн учир зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна, 2024 онд дуусах зээлийн хуримтлагдсан хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн БӨТТ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү” гэснийг “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг, нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй, хариуцагч этгээд ч шаардлагын хүрээнд хариу тайлбар нотолгоо гаргах эрхтэй байдаг.

 

Түүнээс гадна нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул “Х“ ХХК-ийн БӨТТийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331093 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 157/ШШ2022/00015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331.093 /гурван зуун гучин нэгэн мянга ерэн гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.БОЛОРМАА

                              ШҮҮГЧИД                                        С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                         

                                                                                        Я.АЛТАННАВЧ