| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0089/э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 96
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч: С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б ургийн овогтой С-ийн С-д холбогдох эрүүгийн 1835001680108 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЙ83092653, Б ургийн овогтой С-ийн С.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.С нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт хохирогч О.Б-ийн толгойнд чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.С нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт хохирогч О.Б-ийн толгойнд чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Б-ийн: “2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын төвөөс гэрлүүгээ харих гээд колонкоос бензин аваад гудамжаар явж байтал манай ойролцоо айл саахалт байдаг С гэх залуу тааралдаж “ намайг аваад яваач” гэхээр нь суулгаад явж, Б-ны дэлгүүр орсон. Тэнд С гэдэг залуутай тааралдсан. Тэгээд бид нар ярьж байгаад С өөрийнхөө мотоцикльтой, бидэнтэй хамт явахаар болсон. Тухайн үед С 2,5 литрийн савтай нэг пиво, С 2.5 литрийн савтай хоёр ширхэг пиво авсан. Тэгээд бид гурав сумын төвөөс гараад явж байгаад замд зогсож С, С тус бүр 1 пиво задалж гурвуулаа хувааж ууж дуусгасан. Тэгээд цаашаа яваад Э гэдэг айлд очоод С тэр айлын захисан зүйлсийг оруулж өгчихөөд тэднийхээс гарч яваад Улиастай бригадын наад талд С авч явсан нэг пивоо уух гэхэд өвөрт нь байсан пиво байхгүй байсан. Тэгээд С “буцаж яваад пивоо хайж олж авна” гэхээр нь би “Явж чадахгүй, гэртээ очоод буцаж сум руу явах ёстой” гэж хэлэхэд С уурлаж , бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон. Маргалдаж байгаад С босоод явчихаар нь би түүнийг бие засах гэж байгаа юм байлгүй гэж бодоод сууж байтал С гэнэт миний араас миний толгой руу хэд хэдэн удаа цохитол С бид хоёрыг салгасан. С тухайн үед надад “С чамайг чулуугаар цохичихлоо. Толгойноос чинь цус гарч байна” гэхээр нь би босоод ганцаараа цааш эргээд мотоциклоо асаагаад шууд гэртээ харьсан. Гэрт очиход манай аав, ээж хоёр миний дээл хувцас цус болсон байсныг хараад “Чи яасан юм” гэж асуухаар нь би “Мотоцикльтой явж байгаад уначихлаа” гэж худлаа хэлээд өөрийнхөө толгойноос гарсан цусыг цэвэрлүүлж байтал удалгүй араас С ирээд “Б-ийг С цохисон” гэж манай гэрийнхэнд хэлчихсэн. Тэгээд аав, ээж хоёр сумын төв рүү ярьж дуудлага өгөхөд эмч болон цагдаа нар ирээд С бид хоёрыг сумын төвд авч ирсэн. Шөнийн 02 цагийн үед сумын эмнэлэг дээр очсон бөгөөд мэс заслын эмч Б үзээд оёдол тавьсан. Эмч надад : “Толгойд чинь 3 хэсэг том язралт үүссэн байна, мөн жижиг язралтууд байна, 12 оёдол тавьсан” гэж хэлсэн.
Бид нэг багийн нэгнээ сайн мэддэг хүмүүс юм. С надаас уучлал гуйж надад учирсан хохирол, зардал мөнгийг бүгдийг төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр эв зүйгээ олчихсон тул одоо гомдох гомдол байхгүй. Миний хувьд шүүх хуралд сууж нэхэмжлэх зүйл, ямар нэгэн санал гомдол байхгүй. Малын ажил их, зав муутай байгаа учраас шүүх хуралд очиж чадахгүй гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
гэрч Н.О-ын “Миний хүү Б 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд \яг цагийг нь сайн санахгүй байна\ мотоцикльтой гэртээ ирсэн. Ирэхдээ архи уучихсан согтуу байсан бөгөөд толгойны хэсэгт хоёр гурван газар арьс нь язраад цус гарчихсан, нүүр нүд хэсгээр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Толгойны цусыг нь усаар угааж арчиж цэвэрлээд юу болсон талаар өөрөөс нь асуух гэсэн боловч тэр орилоод юу болсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд бид нар сумын эмнэлэг рүү утсаар ярьж мэдэгдэхэд шөнө дуудлагын эмч нар ирж Б-ийг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед Б-ийн толгойны цусыг арчиж цэвэрлээд дуусаж байтал манай гэрийн саахалт айлын хүн болох С манайд орж ирээд “Сумын төвөөс Б бид хоёртой С дайгдаж хамт ирж яваад бид гурав замдаа пиво хувааж уусан, тэгтэл Б, С хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж, С газраас чулуу авч Б-ийн толгой руу хэд хэдэн удаа цохихоор нь би салгасан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
гэрч Д.А-ийн өгсөн “....хүү Б 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд мотоцикльтой, архи уучихсан согтуу ирсэн бөгөөд тухайн үед түүний толгойны хэсэгт хоёр, гурван газар арьс нь язраад цус гарчихсан, нүүр нүдний орчим хэсгээр хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд толгойны цусыг нь арчиж цэвэрлэх үед цус гарч гоожиж байсан, сумын эмнэлэг рүү утсаар ярьж мэдэгдсэн. Шөнө дуудлагын эмч нар ирж Бийг эмнэлэг рүү авч явсан. Тухайн шөнө С гэдэг залуу манайд орж ирээд “Сумын төвөөс Б, С бид гурав замдаа пиво хувааж уугаад юм ярьж байгаад Б, С хоёр хоорондоо хэрэлдэж С газраас чулуу аваад Б-ийн толгой руу хэд хэдэн удаа цохитол толгойноос нь цус гарсан. Тухайн үед би дундуур нь орж салгасан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
гэрч С.Б-ийн өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай эрхлэгч эмч над руу утсаар яриад “Улиастай багийн төвд хүн зодуулж толгойноос нь цус гоожоод тогтохгүй байна гэсэн дуудлага ирлээ. Чи дуудлаганд яваад ир” гэхээр нь би эмнэлгийн машинаар явж очиход О овогтой Б гэдэг залуу хүнд зодуулсан байдалтай толгойгоо цагаан даавуугаар боочихсон, өөрөөс нь архи үнэртсэн байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд би Б-ийг үзээд өвчин намдаах эм тариа хийгээд толгойг нь бинтээр боогоод сумын төвд эмнэлэг дээр авч ирж боолтыг тайлж үзлэг хийж үзэхэд толгойны 2 хэсэгт 4-5 см орчим хагарсан, гүн нь ясандаа тулчихсан байдалтай байсан тул шарханд нь анхдагч цэгцлэлт хийж цэвэрлээд нийт 12 оёдол тавьсан. Тухайн үед юу болсон талаар Б-ээс асуухад “Надтай хамт явсан хүн замд намайг зодчихлоо” гэж хэлсэн бөгөөд хэн гэдэг хүн цохисныг асуугаагүй юм. Б-ийн биед өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй учир дахин аймаг руу шинжилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгч, эм бичиж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
гэрч Ж.С-ийн өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би сумын төвд өөрийнхөө мотоцикльтой орж ирээд Улиастай баг руу мал эрж хайхаар явах гэж байгаад Улиастай багийн иргэн Б, С хоёртой тааралдсан. Тухайн үед тэр хоёр мотоцикльтой явж байсан бөгөөд тэр хоёртой уулзаад хамт явахаар болцгоосон. Бид гурав явах замдаа би өөрийнхөө авч явсан 2.5 литрийн савтай “Боргио” нэртэй пивийг задалж ууж дуусгаад цааш явж байгаад С-ын авч явсан 2.5 литрийн савтай 1 ширхэгийг пивийг ууцгаасан. Тэгээд явж байгаад сумын төврүү С-д юм захиж явуулсан гэх Э гэх айлд очиж С тэр айлд захисан зүйлийг нь өгөөд цаашаа явж байгаад Б, С хоёр зогсчихсон. Тэгэхээр нь би тэр хоёрын хажууд очиж уулзахад С надад “Миний авч явсан нэг пиво өврөөс унаад гээгдчихсэн байна. Буцаж явах гэтэл Б буцаж явахгүй гэнэ” гэж надад хэлсэн. Тэгээд С Б-тэй хэрэлдэж маргалдаад сууж байгаад босоод газраас чулуу аваад шууд Б-ийн толгой руу уг чулуугаараа хоёр, гурван удаа цохитол Б-ийн толгойноос цус гоожсон, би С-ыг Б-ээс салгаж холдуулсан. Тэгээд Б босоод чулуу авч С-ыг цохих гэхээр нь би болиулаад зогсож байтал Б мотоциклоо унаад гэрлүүгээ явж, С бид хоёр хоцорсон. Би С-ыг гэрт нь хүргэж өгчихөөд шөнө дунд Б-ийн гэрт очиход Б-ийн аав, ээж нь намайг хамт явсан эсэх болон юу болсон талаар асуухаар нь би “С, Б хоёр маргалдаж байгаад С Б-ийн толгой руу нь чулуугаар цохисон” гэж хэлсэн. Бид гурав тухайн үед их олон удаа зогсож пиво уусан бөгөөд С Б-ийн толгой руу нь чулуугаар цохиж цус гаргахад би их айсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №320 дугаартай: “Үзүүлэгч О.Б-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун зулайн хуйханд 3 хэсэг газарт язарсан шарх, зүүн зулай, духанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. О.Б-ийн биед урьд нь хамар муруйлттай байсан байна. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 10/,
шүүгдэгч С.С-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын төвд манай багийн иргэн Б-тэй тааралдаж уулзаад хамт гэрлүүгээ явахаар болж түүний мотоцикльтой сундалдаж явсан юм. Тухайн үед С гэдэг залуу өөрийнхөө мотоцикльтой бид хоёрыг дагаж явж байсан. Би замдаа худалдаж авсан хоёр ширхэг 2.5 литрийн “Боргио” нэртэй пивныхоо нэгийг задалж бид гурав хувааж уучихаад цааш явж байгаад С авч явсан нэг пивоо задалсан. Уг пивийг мөн гурвуулаа хувааж уучхаад цааш явааад надад сумын төв рүү юм захиж явуулсан Э гэдэг айлд очиж би тэдний захисан зүйлийг нь оруулж өгсөн. Тэгээд цааш явж байгаад зогсож би үлдсэн 1 пивоо задалж уух гэтэл өвөрт байхгүй байсан учраас Б-т “Чи миний пивыг авч өвөрлөсөн үү, надад байхгүй байна. Буцаж пивоо хайж олж авмаар байна” гэж хэлснээс болж Б бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би газраас чулуу аваад Б-ийн толгой руу гурван удаа цохисон. Намайг Б-ийн толгой руу чулуугаар цохисоныг С л харсан. С бид хоёрыг салгасан бөгөөд тухайн үед өөр хүн байгаагүй. Би Б-тэй уулзаж уучлалт гуйж бид хоёр эвлэрч, гарсан хохирол мөнгийг нь бүгдийг нь барагдуулсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй болсон бөгөөд Б надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хохирогч О.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтлийг шүүгдэгч С.С нь хохирогчтой маргалдах явцдаа учруулсан талаар хохирогч О.Б, гэрч Ж.С нар мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч О.Б мөрдөн байцаалтад “С.С-оос нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогтой С-ийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнжэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН