Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

 

 

 

 

 

 2024        11        27                                        2024/ДШМ/60

 

С.Гд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Ц,  

Шүүгдэгч: С.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.О,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор С.Гд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагаан мээрэн овогт Сын Г, 000 оны 00 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр  0 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РГ000/.

С.Г нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00 тоотод хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 00 тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цагаан мээрэн овогт Сын Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Сын Гыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 8 (найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 490 дугаарзүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Гаас 739,800 /долоон зуун гучин ес найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От олгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь 8 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдолдоо: “...Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогч Ч.Отэй эвлэрсэн, учруулсан хохирол төлбөрөө төлж өгөхөө ч илэрхийлсэн.  Би хууль сайн мэдэхгүйгээс болж анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Шүүхээс энэ учир байдлыг сайн тайлбарлаж өгсөн бол би өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд хохирогч Ч.От учруулсан 739,800 төгрөгийг төлж өгөх боломжтой байна. Иймд шүүхээс надад хохирогчид төлбөр төлөх, өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх боломж зэргийг хангаж өгөөгүйд гомдолтой байна. Хэрэв дээрх эрхийг минь хангаж өгсөн бол би ийм хүнд ял авчихна гэж бодоогүй. Хэргийг хянаж оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, өмгөөлөгч авах эрхийг нь зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг хийсэн минь үнэн учраас би учруулсан хохирлоо төлсөн учир надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаартай яллах дүгнэлтээр С.Гыг 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбаг 00 тоот хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбаг 00 тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсхүл эргэлзээтэй эсэхийг хянаж дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Гыг 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбаг 00 тоот хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр, эргэлзээ бүхий нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Тодруулбал Прокуророос “Ашид билгүүн” ХХКомпанийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/8625, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/9142 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч С.Гыг бусдын 5 тооны хонины гулууз махыг хулгайлсан үйлдлийг шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлтдээ дурджээ.

Гэтэл дээрх ТХҮ-924/9142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хэдэн ширхэг хонины махыг үнэлж байгаа талаар тодорхой заагаагүй. Мөрдөгчийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолд хонины мах 3 ширхгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээчид даалгасан байхад шинжээч 58.850 кг хонины махыг 459,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Шинжээч нь хэдэн ширхэг хонины мах үнэлж байгаа талаар дүгнэлтдээ тодорхой тусгаагүйн дээр 3 ширхэг хонины махтай хамт хулгайд алдагдсан гэх 2 тооны хонины махыг ТХҮ-923/8625 дугаартай дүгнэлтдээ нэг бүрийг нь 18 килограммаар тооцож 140.400 төгрөгөөр үнэлжээ.

Мөн хохирогч Ч.О 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...би 1 хонины махаа 18 кг бодоод зах зээлийн ханш нь 8000 төгрөгтэй байгаа учир нэгийг нь 14,000 төгрөгөөр үнэлээд хоёулаа нийлээд 280,000 төгрөгөөр үнэлж байна.”, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...би 5 хонины мах хулгайд алдсан юм...” гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзвэл 1 хонины махыг дундажаар 18 килограмм буюу 140,000 төгрөг гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,      2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

                              ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                                Н.БАЯРХҮҮ