Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 226/МА2022/000013

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26-ны өдөр            226/МА2022/00013                                   Хэрлэн сум

 

 

 

 

ТБ-ны Х салбар-ын

 нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С-д

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00013/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-,

Хариуцагч Л.С-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2022/00110 дугаар шийдвэртэй ТБ-ны Х салбар-ын нэхэмжлэлтэй хариуцагч Л.С-д холбогдох “Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 7.452.84289 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ТБ-ны Х салбар-ын захирал Б.Ю- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч З-, Л.С- нар нь ТБ-ны Х салбар-аас

-2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №882 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №250000506112 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 2.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай,

-2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №738 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 2.387.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай,

-2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1267 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 1.500.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 60 сарын хугацаатай буюу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Үндсэн зээлдэгч З- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч Л.С-гаас зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан, төлбөрөө төлөх талаар мэдэгдлийг зээлдэгчид өгч утсаар холбогдох болон биечлэн уулзаж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах талаар шаардлага тавьж байсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч “Т” ХХК-д хохирол учруулж байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6.2.1 болон 6.2.5 дахь заалтад заасны дагуу банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар

1. Үндсэн зээл- 7.273.29343 төгрөг,

2. Үндсэн хүү-163.141.36 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүү-408.10 төгрөг, нийт 7.436.84289 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж-133.939.49 төгрөгийг хамтран зээлдэгч Л.С-гаас гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн зээл 7.273.293 төгрөг, үндсэн хүү 163.141.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.10 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 16.000 төгрөг, нийт 7.452.84289 төгрөгийг Л.С-гаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.С- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний хань З- нь Хэнтий аймаг дахь Төрийн банкнаас цалингийн зээлийг нэхэмжлэлд дурдагдсан цаг хугацаанд авсан нь үнэн бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох байсан боловч З- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Миний бие өөрөө олон төрлийн зээлтэй, ганцаараа ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг тул дээрх 7.452.84289 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар дээрх цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэгч З-т хамааралтай байсан бөгөөд түүнийг нас барснаар цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Цалингийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь нас барсан тохиолдолд гэрээнээс үлдсэн төлбөрийг Төрийн банкны зээлийн эрсдэлийн сангаас гаргаж төлөх ч зохицуулалт байдаг. Иймд миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2022/00110 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.С-гаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7.436.842 /долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ-ны Х салбар-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний хөлс 16.000 /арван зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.С-гаас 134.195 /нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун ерөн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ-ны Х салбар-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 245 /хоёр зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Л.С-гийн талийгаач нөхөр З- нь ТБ-ны Х салбар-аас 4 удаагийн зээлийн гэрээний үүрэг хүлээж зээл авсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цалингаа барьцаалж нэмэлтээр 1.500.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгохоор зээл авч З- нь өөрийнхөө цалингаар гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж байсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш 3 сарын хугацаанд түүний эхнэр Л.С- нь цалингийн зээлийн гэрээний үүргийг биелүүлж зээлийг цаг тухай бүр нь төлж байсан боловч амьдралын боломжгүй байдлаасаа болж талийгаач нөхөр З-ын цалингаа барьцаалан авсан зээлийн үлдэгдэл болох 7.452.84289 төгрөгийг төлж чадахгүйд хүрээд байна.

Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.С- гарын үсэг зурсан боловч банк Л.С-гаас зээлийн гэрээний үүрэг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэхгүй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлдэгч З- нь ТБ-ны Х салбар-аас 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн хооронд нийт 4 удаагийн цалингийн зээл авсан буюу ТБ-ны Х салбар-аас дээрх зээлийг олгосон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээнүүд, зээлийн гэрээний тодорхой нөхцөлүүд, З-ын цалингийн зээлийг төлж байсан дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Зээлийн гэрээний 5.1.7-д зээлдэгч З- нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.1.5-д зээл буцаан төлөх хуваарьт хугацааг зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард зээлээ төлнө гэж заасан байна. Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаар барьцаалж зээл авсан нь З-т хамааралтай, хамтран зээлдэгч Л.С- нь хаана, ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй, цалин орлогоо барьцаалаагүй хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй тул Л.С-д хамааруулах боломжгүй юм.

Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх учир энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авсан тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Зээлдэгч З- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Иймд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгчийг нас барснаар дуусгавар болох ёстой юм.

 Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог тул зээлийн гэрээний үүрэг нь З-ын хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг тул Төрийн банкны Хэнтий  салбарын үндсэн зээлийн төлбөрт 7.273.293 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 163.141.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 408.10 төгрөг, нийт 7.452.842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 251 дүгээр зүйлийн 251.1.1-д заасныг баримтлан ТБ-ны Х салбар-аас хариуцагч Л.С-гаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7.436.842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Л.С- нь цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ТБ-ны Х салбар-т гаргасныг банк шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Л.С- нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж оролцсон бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ТБ-ны Х салбар-аас хариуцагч Л.С-д холбогдуулан “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7.452.842 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л.С- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа “манай нөхөр зээлийг цалингаасаа төлдөг байсан, өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан тул би төлөхгүй” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ТБ-ны Х салбар- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Зээлдэгч Ч.З- Л.С- нар нь ТБ-ны Х салбар-аас 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ хийж нэмэлт зээл 2.000.000 төгрөгийг 1.7 хувийн хүүтэйгээр 50 сарын хугацаатай, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нэмэлт зээл 2.387.000 төгрөгийг 1.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нэмэлт зээл 1.500.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэгцээндээ зориулан 60 сарын хугацаатай буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн. Ч.З- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч Л.С-гаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 7.452.842 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №882 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж 10.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай зээлж, гэрээний үлдэгдэл 9.510.000 төгрөг дээр нэмж 2018 оны 02 дугаар сард  2.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сард 2.387.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 1.500.000 төгрөгийг тус тус зээлсэн болох нь барьцаат зээлийн гэрээнүүд болон гэрээний эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудаар нотлогджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ТБ-ны Х салбар- нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог тул хариуцагч Л.С-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэгийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэхүү бичгийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Зээлийн гэрээнд Ч.З- болон түүний гэр бүл эхнэр Л.С- гарын үсэг зурж, зээлийг гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор авсан болох нь тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2022/00110 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.195 /нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

                                                                    ШҮҮГЧИД                                       С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                Я.АЛТАННАВЧ