| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2338000000453Т |
| Дугаар | 2024/ДШМ/61 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/61
2024 11 27 2024/ДШМ/61
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Э, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч: Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох 000Т дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Бын Б, 000 оны 00 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд 0 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн /регистрийн дугаар РВ000/.
Б.Б нь Б.Этай бүлэглэн 00 оны 00 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 0 дугаарбагт байрлах “Ц” захын хашаанаас Б.Эийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар дархад ургийн овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хамтран, гүйцэтгэгчээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс иргэний нэхэмжлэгч Д.Нод 75,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Д.Нод 75,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч иргэний нэхэмжлэгч Д.Ноос мэдүүлэг авахдаа Б.Б гэдэг хүнээс мэдүүлэг авсан, харин мэдүүлгийн дор Д.Н гэж гарын үсэг зурсан байх бөгөөд Б.Бтэй хохирол төлөхөөр 00дугаартай утсаар холбогдоход би мотоцикль аваагүй гэсэн болно.
...Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр зохицуулсан энэ заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй, өмнө нь гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой хохирлыг төлөөгүй гэх үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Б.Б нь гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой 75,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, ...зэргийг харгалзан, эдлэх ялыг нь багасгаж 6 сарын хорих ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Үүнээс хойш архи дахиж уухгүй, архи ууснаас болж ийм хэрэг үйлдсэн, өөртөө маш их харамсаж байна. ..Иймд надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчид хамгийн хүнд шийтгэлийг оногдуулсан байгаа учраас оногдуулсан ялыг зургаан сар болгон багасгаж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Б.Б нь Б.Этай бүлэглэн 00 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 0 дугаарбагт байрлах “Ц” захын хашаанаас Б.Эийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:
1.Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан ял, албадлагын арга хэмжээнээс ямар төрөл, хэмжээг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ныг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хх-ийн 139-р тал/, мэдүүлэг авсан /хх-ийн 140-р хуудас/ байх ба иргэний нэхэмжлэгч “..хоёр эрэгтэй хүн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. ...150,000 төгрөгөнд зарна гэсэн. ...мотоциклийг авсан. ...Би 150,000 төгрөгөө нэхэмжлэх саналтай байна.” гэж мэдүүлсэн байна. Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэлгүй.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.Э
Б.СОСОРБАРАМ