Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 98

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,   

       Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И ургийн овогтой Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1835001670109 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Засгийн газрын Авто баазын жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо Хилчин хотхон 11-73 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОК92070415, И ургийн овогтой Ц-ийн Б.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.П-гийн: “ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би мотоцикльтой явж байтал манай сумын  У / хоч нэр / гэх залуу тааралдаад “Намайг айлд хүргээд өг” гэж хэлсэн юм. Би түүнийг мотоцикльдоо суулгаад сумын төвийн гол гудамж өгсөөд явж байтал гуанзны үүдэн дээр Б өөрийнхөө машин дотор сууж байгаад намайг дуудахаар нь яваад очсон чинь Б надад “Би халтар үрээнийхээ үнийг авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи үнийг нь авчихсан биздээ” гэж хэлэхэд Б “ би хотоос чиний 3 адуу ачиж ирсэн, түүнийхээ хөлсийг авъя” гэж хэлэхээр нь би “Чамд 150.000 төгрөг өгсөн. Одоо чи дахиад авахаар байвал авахгүй юу” гэж хэлэхэд  Б “Чи худлаа ярьж байна” гэж хэлээд машиндаа ороод сууж байгаад надад “Миний адуунаас адуу алга болвол О-ийн Б та хоёрыг ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдаас нь салаавч өгсөн юм. Тэгсэн чинь Б бууж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохичихоод машиндаа сууугаад явчихсан юм. Тэр үед  миний хамарнаас цус гарч байтал У цаас авч ирж өгсөн юм. Тэгээд би “Баруун гол” дээр очиж хамраа угаасан боловч цус тогтохгүй байсан тул эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн юм. Тухайн үед ойр орчимд Б-ийн  машин дотор М, Т /хоч нэр нь/ нар, миний хажууд У байсан юм. Б бид хоёр урьд өмнө нь хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаагүй юм. Одоо надад нэхэмжлэх зүйл,  гомдол санал байхгүй байна. Надад эм тариа, толгойны зураг авахуулсан төлбөр гээд нийт 30.000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг Б  төлж барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,    

                  хохирогч Х.П-гийн дахин өгсөн “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б надаас уучлалт гуйсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй. Мөн Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,                

                  гэрч Ц.М-ын “....Архи ууж байхдаа Ө ах гуанзанд хуушуурны захиалга өгсөн тул би Б-ийн  машиныг бариад гуанзны гадна бид гурвуулаа очсон. Тэгээд Ө ах бид хоёр машинаас буугаад гуанзанд ороод хуушуураа авах гэж байхад гуанзны гадна Б манай сумын залуу болох П-г дуудаж ирээд уулзаж байсан. Удалгүй Б, П хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Ө ах бид хоёрыг гуанзнаас гараад ирэхэд Б, П хоёр маргалдаж, зодолдоод дууссан байсан тул  Б, Ө ах бид гурав машиндаа суугаад явцгаасан юм. Би яг Б, П хоёрыг зодолдож байгааг нь хараагүй. Намайг гуанзнаас гараад ирэхэд П-гийн зүүн шанаа хэсгээр нь шалбарсан байдалтай цус гарч байсан юм.  Б, П хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Тухайн үед Б, П хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, халамцуу байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

                  гэрч Т.Ө-ын өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр М бид хоёр манай гэрт машин засаж байхад Б ирсэн. Тэгээд бид гурав манайд нэг шил “Улаанбаатар” гэх нэртэй 0.5 литрийн архи уучихаад манай гэрээс гараад гуанзанд хоол идэхээр явсан. Тухайн үед Б өөрийнхөө “Приус-20” маркийн машинтай манайд ирсэн бөгөөд гуанзруу явахдаа  Б-ийн  машиныг М барьж явсан. Тэгээд М бид хоёр гуанзанд хоол идэх гээд байж байтал гуанзны гадаа  Б нь П-тэй маргалдаж байсан. Тэгээд байж байгаад М бид хоёр гуанзнаас гарахад П-гийн хацарнаас нь цус гарч байсан бөгөөд бид хоёр тэр хоёрыг салгаад явуулсан юм. Би Б, П хоёр юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй. Тухайн үед Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. П нь ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,          

                   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №320 дугаартай: “Үзүүлэгч Х.П-гийн биед гэмтэл учирсан байна. Зүүн хацарт язарсан шарх, хамрын таславчны муруйлт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн нүдний алимны салст, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 2015 оны 09 сард хүзүүндээ гэмтэл авч эмчлүүлэн групп тогтоолгосон байна” гэх дүгнэлт /хх-ийн 12/,                               

       шүүгдэгч Ц.Б-ийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Т ах, М ах бид гурав гуанзан дээр очоод би гуанзны үүдэн дээр машин дотроо сууж үлдээд тэр хоёр хоол авч ирэхээр гуанз уруу орсон юм. Тэгж байтал миний машины хажуугаар П гээд надад морины үнэ өгөх ёстой залуу мотоцикльтой зөрөхөөр нь би түүнийг  хашгирч дуудахад  буцаад хүрээд ирсэн. Тухайн үед П ах, Д гэдэг залуутай хамт явж байсан бөгөөд би П ахтай уулзаад “Та миний морины мөнгийг хэзээ өгөх гэж байна” гэхэд П ах надад хандаж “Чи мориныхоо үнийн өрөнд надаас бугуйл авсан биз дээ” гэхээр нь би “Та юу яриад байгаа юм бэ. Би таны адууг Улаанбаатар хотоос ачиж ирж өгсөн биздээ. Тэр бугуйлыг чинь адуу ачиж ирсэн хөлсөндөө авсан гэж бодсон. Тэгвэл та адуу ачиж ирсэн хөлс мөнгөө өгчих” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Мөн би П ахад хандаж “Тэгвэл миний адуунаас алга болох юм бол О-ийн Б та хоёрьг ална шүү” гэж хэлээд машиндаа суух гээд эргэтэл П ах “Амжих уу” гээд надруу салаавч гаргасан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд П ахын хажууд дөхөж очоод баруун гараа зангидаж байгаад П ахын зүүн нүд, хамрын орчимд гараараа 2 удаа цохичихоод явчихсан бөгөөд П ахын хамарнаас цус гараад үлдсэн юм. Би П ахаас хийсэн хэргийнхээ талаар уучлалт гуйж эмчилгээний зардалд 80.000 төгрөг бэлнээр өгч, 12.000 төгрөгийн эм тариа авч өгсөн юм. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.          

     Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Х.П-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтлийг шүүгдэгч Ц.Б нь хохирогчтой маргалдах явцдаа учруулсан талаар хохирогч, гэрч нар мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.                            

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.            

                  Хохирогч Х.П мөрдөн байцаалтад “Ц.Б надаас уучлалт гуйсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй. Мөн Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй талаар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн газарт хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.

                  2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                 

                  Шүүгдэгч Ц.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.                      

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 620.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв               

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч И ургийн овогтой Ц-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 620 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнжэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН